sonin.mn
Ж.Батзандан, Л.Болд нарын үүсгэн байгуулсан ШИНЭ намынхны бичиж, хэвлүүлсэн "Шинэ хувьсгал" номын 9-р бүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Ес. ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ
 
Монголчууд бол тэнгэр заяатай, тэнгэр шүтлэгтэй, тэнгэрт ойрхон амьдардаг, тэнгэрлэг өвөг дээдсийн үр сад билээ. Монголын тэгш өндөрлөг бол энэ ертөнцийн нэгэн гайхамшигт тогтоц мөн. Монголын тэгш өндөрлөгийг баруун талаас нь Алтайн нуруу, хойд талаас нь Соёны нуруу ба Хэнтийн нуруу, зүүн талаас нь Их Хянганы нуруу, өмнөд талаас нь Монголын Их Говь нь бүслэн хааж, борооны үүл, ус чийг огт нэвгрэхгүй байхаар зохилджээ. Тиймээс Монгол орон маань энэ дэлхийн хамгийн нарлаг улс болжээ. Өөрөөр хэлбэл үүл бараг хуралддаггүй тул өдөр шөнөгүй цэлмэг тэнгэртэй байх нөхцөл бүрдсэн бөгөөд “Цэв цэнхэр нутаг минь” хэмээн дуулахаар бид огшдог биз ээ.
 
Гайхалтай дуу, шүлэг, урлагийн бүтээл, ном зохиол туурвисан хүн бүхэн нь онгод буусан тухай ярьж, өөдлөхгүй нэгнийгээ “тэнгэр нь хаячихсан” байна хэмээн оношлох нь квант физикийн суурь ойлголттой ягштал таарч байна. Хүн амьдрах эрчим хүчнийхээ 20-25 хувийг нойр хоолноос авдаг. Харин 75-80 хувийг зөвхөн байгаль дэлхий, нар сар, сансар огторгуйгаас авдаг байна.
 
Монгол хүн нар, сар, од, эрхсийн эрч, элч, эрчис, элчис, долгис, гэрэл, цацраг, дулаанаас хамгийн их энерги авдаг. Усны цэвэр нь өндөрт байдаг, ургамлын тансаг нь өндөрт ургадаг, шувуудын хаан нь өндөрт үүрлэдэг, хүний дээд нь өндөрт төрдөг. Нар эрчимжих болгонд Монгол хүн гэгээрч, Монгол Улс сэргэн манддаг жамтай. Нар идэвхжиж, Монгол хүн гэгээрч, Монголын залуус дэлхийг шуугиулж эхэллээ. Ертөнц төгс зохицолд оршиж, бүх зүйл шалтгаан, үр дагаврын шүтэн барилдлагад оршдог болохыг хэн хүнгүй мэднэ. Тийм бол “Хувьсгал” ном нь Монгол оронд яг цагаа олж төрсөн байх учиртай. Энэ ном Монгол хүнд ухамсрын жигүүрээ дэлгэхэд нь туслах зорилгоор бичигдсэн.
 
Энэ номын 18 хувьсгал хийгдсэнээр, Монгол хүний амьдрал хялбаршиж, улмаар ёс суртахуунлаг, сүнслэг, оюунлаг, бурханлаг байдалтайгаа холбогдох цаг завтай болно гэдэгт итгэж байна. Тиймээс энэ номыг амьтай, сүнстэй, энергитэй, ард түмнээ уриалан дуудах чадвартай бичихээр, бид бүхэн ихэд хичээлээ. “Шинэ Хувьсгал” ялснаар Монгол Улсад ёс суртахууны их тэсрэлт болж чадна. Улмаар Монгол Улс сэргэн мандаж чадна. Монгол хүн бүр гэгээрэл өөд тэмүүлж чадна. Үндэсний хувьсгал ялалтад хүрэхэд 5 хүчин зүйл маш чухал болохыг бид мэддэг болсон. Нэгд: Хувьсгалт үзэл санаа, Хоёрт: Хувьсгалт нам, Гуравт: Хувьсгалын удирдагч, Дөрөвт: Хувьсгалт Үндсэн хууль, Тавд: Хувьсгалыг ард иргэдийн олонх дэмжих гэсэн шат дамжлагаар л хувьсгалт ялалтад хүрнэ.
 
Нэг. Хувьсгалт үзэл санаа. 
 
Үзэл санааг төрүүлэх, үзэл санааг түгээх, үзэл санааг хэрэгжүүлэх замаар дэлхий ертөнцийг өөрчилдөг. Шинэ үзэл санаа төрөн гарсны ачаар XV зуунд Европ дахин сэргэн мандаж чадсан билээ. Германы бизнес эрхлэгч Гутенбергийн зохион бүтээсэн төмөр бартай хэвлэлийн машинаар, 1455 онд “Библи” хэвлэсэн нь Европт хэвлэгдсэн анхны ном байв. 1470 онд Парист, 1476 онд Лондонд хэвлэлийн машин суурилуулж, Европ дахин гэгээрч эхэлсэн байна.
 
1483 онд Марко Пологийн “Аяллын тэмдэглэл” ном нь Венецэд хэвлэгдэн гарснаар, Монголын эзэнт гүрний тухай хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг Европ дахинд хүргэсэн байна. Номыг хэр хурдан хэвлэн тарааж чадна, төдий чинээ шинэ санаа түгэн дэлгэрч, хувьсгалт өөрчлөлтүүдийг өдөөж байлаа. 1500 он гэхэд Европт 20 сая ном хэвлэгджээ. 1517 онд “Мартин Лютерийн 95 сэдвийг маш их хэмжээгээр хэвлэж, 7 хоногийн дотор Герман даяар тарааж, 1 сарын дотор Европ дахинд 129 тарааж чадсанаар, Европ дахин шашинт төрийн дарангуйллаас салж, төр ба шашин хоёрыг эгнэгт салгаж чадсан байна.
 
Европын сэргэн мандалт ийнхүү эрчээ бүрэн авчээ. Ер нь ном бол бүх хувьсгалын гол уриа дуудлага болж байсан, хойшид ч тийм байх болно. Мартин Лютерийн “Библи”, Адам Смитийн “Үндэстний баялаг”, Монтескьегийн “Хуулийн амин сүнс”, Америкийн “Тусгаар тогтнолын тунхаг”, Маратын “Боолчлолын гинж”, Францын “Хүний эрхийн тунхаг”, Марксын “Коммунист тунхаг”, Лениний “Төр ба хувьсгал”, Гитлерийн “Миний тэмцэл”, Кейнсийн “Хөдөлмөр эрхлэлт”, Хаекийн “Боолчлолд хүрэх зам”, Фрийдманы “Хувь заяагаа сонгох нь” гэх мэт олон олон ном зохиолууд дэлхийн түүхэнд хувьсгалт өөрчлөлт авч ирсэн. Чехийн Михал Клима 2015 онд “Тоталитари дэглэмээс гажуудсан ардчилал руу” хэмээх ганц ном бичээд л Чех Улс 2017 оноос олон намын системд шилжиж чаджээ. Ардчилсан төр өөрчлөлтөд ямагт бэлэн байдаг юм шүү дээ.
 
Чехийн төр нь ардчилсан төр мөн байна. Гайхалтай хэрэг. Швейцарьт 100 мянган хүн гарын үсэг зураад л 1999 онд цоо шинэ Үндсэн хууль баталчихсан. Швейцарийн ард түмэн засгийн бүх эрх мэдлийг жинхэнэ утгаар нь атгадаг юм байна. Ямар биширмээр улс орон бэ?
 
Дэлхий дээр ялж чадсананхны хувьсгалууд асар хүнд замыг туулж, асар их цаг хугацаа зарцуулсан байдаг. Хувьсгалчдын үзэл суртлын гол зэвсэг бол зөвхөн ном, сонин, плакат, ухуулах хуудас байв. Зөвхөн ном, сонингоор үзэл санаагаа түгээж, хувьсгалаа ялалтад хүргэхэд дор хаяж 20 жил шаардагдаж байлаа. Харин радио гарч ирснээр, ном, сонин, радио гурваар үзэл санаагаа түгээж, хувьсгал хийхэд хамгийн багадаа 10 жил шаардагдах боллоо. Харин телевиз бий болсноор, ном, сонин, радио, телевиз дөрвөөр үзэл санаагаа түгээж, хувьсгал хийхэд ердөө хэдхэн сарын хугацаа хэрэгтэй болжээ. Энэ хувьсгалын жишээ бол 1990 оны Ардчилсан хувьсгал бөгөөд ялалтад хүрэхэд ердөө 3 сар хагасын хугацаа зарцуулсан юм. (1989 оны 11 сарын 28-ны өдрөөс 1990 оны 3 сарын 9-ны хооронд)
 
 
Харин ном, сонин, радио, телевиз, сошиал гэх 5 мэдээллийн хэрэгсэл нийлбэл, хэдхэн долоо хоногийн дотор хувьсгал ялалтад хүрч чаддаг болжээ. Ийм жишээг Арабын хувьсгал, элдэв өнгөт хувьсгалаас харж болно. Тунисийн хувьсгал ердөө дөрөвхөн долоо хоног дотор Ерөнхийлөгч Бен Алигийн дэглэмийг түлхэн унагаснаар төгссөн билээ. (2010 оны 12 сарын 17-ноос 2011 оны 1 сарын 14-ны хооронд өрнөжээ.) 
 
Тэгэхээр өнөөгийн нөхцөлд ямар нэг үзэл санааг үндэсний хэмжээнд түгээх ажил нь их амархан зүйл болжээ. Хэрэв аливаа үзэл санаа үнэхээр аугаа бөгөөд ард түмний үзэл санаатай яг таг авцалдах юм бол тэрхүү үзэл санаа нь хувьсгалт үзэл санаа болон хувирдаг ажээ.\
 
Хоёр. Хувьсгалт нам.
 
Өөрчлөлтөд огт ордоггүй МАНАН дэглэмийг үндсээр нь булга зулгааж хаях хувьсгалт үйл хэргийг өөртөө авах нам байна уу? Аз болоход, дандаа хувьсгалч, шинэчлэгч иргэд нэгдэн нийлж байгуулсан “Шинэ нам” буюу “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” нам бидэнд байна. Бүр талархалтай нь “Шинэ нам”-ын ерөнхий зөвлөлийн гишүүд “Шинэ хувьсгал” гэх номыг хамтран биччихсэн байна. Шинэ намынхан “Баялгийн хувьсгал” ярьж, “Эрдэнэс Тавантолгой компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай” хуулийн төсөл өргөн барьсан учраас л УИХ-аас хөөгдчихөөд байгаа билээ. Шинэ намынхан МАНАН дэглэмийн эсрэг хувьсгал хийх ёстой гэж байнга ярьдаг учраас л ард түмний нам мөн. Шинэ намыг үүсгэн байгуулагчид 2005,2008,2019 онуудад хувьсгал хийхээр оролдож, МАНАН дэглэмтэй эрс тэмцсээр ирснийг та бүхэн мэдэж байгаа. Улс төрийн намгүйгээр хувьсгал ялалтад хүрэх огт бололцоогүй тийм нийгэмд бид амьдарч байна. Харин шинэ хувьсгал хийхээр, шинэ Үндсэн хууль боловсруулж, шинэ Монголыг байгуулахаар, шинэ үзэл баримтлал боловсруулж чадсан “Шинэ нам” шиг өөр улс төрийн хүчин Монгол Улсад байна уу? Бүх хямралт байдлыг засах арга зам, шийдлийг мэдэж буй улс төрийн хүчнийг дэмжих замаар л хувьсгал өрнөдөг билээ.
 
Гурав. Хувьсгалын удирдагч.
 
Яаралтай хувьсгал хийх ёстой гэдгийг ойлгосон хувьсгалын удирдагчгүйгээр хувьсгал ялалтад хүрдэггүй. Аз болоход Монголын ард түмэн Жалбасүрэнгийн Батзандан гэгч хувьсгалын удирдагч заяажээ. Хувьсгалын удирдагчийг хэр зэрэг том удирдагч вэ? гэдгийг таньж мэдэх 5 шалгуур байдаг. Онолч, уран илтгэгч, зохион байгуулагч, манлайлагч, зүрх зориг гэсэн 5 шалгуурыг төгс хангасан Ленин багш гайхалтай хувьсгалын удирдагч байлаа. Ленин багш бол онолоо өөрөө бичиж, тэрхүү онолоо уран илтгэлээр дамжуулан ард түмэндээ ярьж ойлгуулж, хаант засгийг түлхэн унагаж чадахуйц коммунист намыг зохион байгуулж, ард түмнээ хувьсгалт үйл хэрэгт манлайлан чиглүүлж, шорон цөллөгт явж, амь насаа алдахаас айхааргүй зүрх зоригтой нэгэн байжээ.
 
Өнөөдрийг хүртэл Монгол Улсад маань энэ 5 шалгуурыг төгс хангасан хувьсгалын удирдагч төрж байсангүй. Гэтэл их хувьсгалчийн энэ 5 шалгуур Ж.Батзандан найзад маань төгс заяажээ. Хувьсгалын удирдагч бол төрмөл шинж чанартай байдаг.
 
Ленин, Троцкий, Сталин, Кастро гээд бүх хувьсгалчид аль хүүхэд насандаа хувьсгалт үйл хэрэгт оройлон оролцож, улмаар 21-хэн настай байхдаа бүгд л цөллөгт явж байсан түүхтэй. Тэгвэл Батзандан маань хар нялхаасаа хувьсгалт хөдөлгөөн удирдаж, дарангуйлагчдыг сөрөн зогсож, иргэний нийгмийн үзэл санааг түгээж, эрх чөлөөний туг сүлд болж, ард түмнээ сайн сайхан өөд байнга уриалан дуудаж, тэднийг нэгтгэн босгож, 2 удаа улс төрийн нам байгуулж, шоронд орж, цаазаар авахуулах ял сонсож, УИХ-ын гишүүн болж, хүний өөрийн луйварчидтай тууштай тэмцэж, үргэлж үнэн зөвийн талд зогсож, байгалийн баялгийг иргэн бүртээ өмчлүүлэхийн төлөө тэмцэж, сонгуулиа луйвардуулж, 2024 оны сонгуулийг дуустал, албадлагаар шахуу гадаад улсад цөлөгдөн амьдарч байна шүү дээ. Н.Энхбаярыг хаан байхад түүнийг эсэргүүцэн босож чадсан хүн бол зөвхөн Ж.Батзандан л байсан шүү дээ. Тавантолгойн хувьцааг иргэн бүртээ үнэ төлбөргүй өмчлүүлье гэсэн хуулийн төслийг зөвхөн Ж.Батзандан л өргөн барьж байсан шүү дээ. Гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн өндөр албан тушаалд нэр дэвшихийг хориглох хуулийн төслийг зөвхөн тэр л санаачилж байлаа. Офшорын эсрэг хуулийн төслийг зөвхөн тэр л санаачилж байлаа. Эрдэнэтийн 49 хувийг луйвардсан гэмт хэрэгтнүүдийн эсрэг Ж.Батзандан л оройлон тэмцэж байлаа. С.Зоригийг хөнөөсөн гэж хилсээр ял шийтгэгдсэн иргэдийг суллуулахын төлөө мөн л Ж.Батзандан маань оройлон тэмцэж байлаа. Тиймээ тэр бол төрмөл тэмцэгч, төрмөл хувьсгалч мөн. Тэр бол үнэхээрийн ард түмэнч хүн билээ. Хүмүүс нэгддэггүй. Хүмүүсийг зөвхөн нэгтгэдэг юм. Гарамгай удирдагч төрж байж л Монголчууд биднийг нэгтгэж чадах билээ. Орчин цагийн Монголчууд бидний дундаас тод гялалзах, хувьсгалын удирдагчаа дэмжигтүн! Гэхдээ юуны түрүүнд Батзандангийнхаа үг хэлийг нь сонс, үзэл бодлыг нь ойлго, үйл хөдлөлийг нь хар. Тэгвэл Батзандан гэдэг хүний зөв бурууг та шүүж чадна. Тиймээс улсын үндэс болсон ард түмэн та бүхэн минь энэ номыг уншиж, Батзандан гэх эх оронч хүүгийнхээ үзэл бодолтой танилцаж, түүний хувьсгал хийх олон жилийн хүсэл мөрөөдлийг нь ойлгож хувьсгалын дараах Монгол орноо төсөөлөгтүн!
 
Дөрөв. Хувьсгалт Үндсэн хууль Улс төрийн систем, улс төрийн дэглэм, улс төрийн тогтолцоо, улс төрийн байгууламжийг зөвхөн Үндсэн хуулиар л халж чадна.
 
Үндсэн хууль бол төр байгуулдаг хууль юм. Ямар улс байхыг зөвхөн Үндсэн хууль л шийднэ. 1992 оны Үндсэн хуулиар МАНАН дэглэмийг байгуулсан. Харин шинэ намын санал болгож байгаа Үндсэн хуулиар улс төрийн нам гэгч байгууллагыг төрийн дээрээс авч хаяна. Байгалын баялгийг ард түмний өмч болгоно гэх мэтээр “Хувьсгал” номын 18 хувьсгалыг бүрэн төгс ялалтад хүргэх юм. Тэгэхээр цоо шинэ Үндсэн хууль баталж байж  л МАНАН дэглэмийг устгана. Өөр арга байхгүй. Гэхдээ цоо шинэ Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгаар батална. Ард түмэн шинэ намын санал болгосон Үндсэн хуулийг дэмжихгүй, батлахгүй бол тэр нь ард түмний бүрэн эрх билээ. Хэрэв ард түмэн шинэ Үндсэн хуулийг маань дэмжихгүй бол бид ухуулга сурталчилгаагаа хийсээр, иргэдийнхээ тайван амгалан амьдралын талд зогссоор, ард түмнээ хүлээсээр байх болно.
 
Тав. Хувьсгалыг ард иргэдийн олонх дэмжих.
 
Мартин Лютерийн үзэл санааг 7 хоног дотор Герман даяар түгээн дэлгэрүүлж, 1сарын дотор бүх Европ даяар түгээж чадсан шиг үйл явцыг бид өрнүүлж, “Хувьсгал” номыг Монгол орон даяар түгээж чадвал юу болох вэ? “Fact fulnees” номыг авахыг хүссэн Америкийн их дээд сургуулийн бүх оюутнуудад Билл Гейтс үнэ төлбөргүй тараан өгчээ.
 
Билл Гейтс шиг манай номыг түгээх хүсэлтэй хүмүүс Монгол Улсад хэдэн арваараа гараад ирвэл юу болох вэ?
 
Номын үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор
 
“Хувьсгал” номын зохиогч бүр илтгэл лекц тавиад унавал юу болох вэ? Ард түмэн амнаас ам дамжин хувьсгалын ухуулга хийгээд унавал юу болох вэ? Хэрэв энэ номыг уншсан хүн бүр хувьсгалч болоод эхэлбэл юу болох вэ? Манай үзэл санаа Корона вирусээс ч хурдан түгж чадна гэсэн үг. Хэрэв уншсан хүн бүр фэйсбүүк дээр, өдөрт ганц өгүүлбэр бичээд эхэлбэл юу болох вэ? Фэйсбүүк тэр чигээрээ хувьсгалаар амьсгалж таарна шүү дээ. Хэрэв манай Монголын 130 мянган компанийн захирлууд 10 ном худалдан авч, ажилчиддаа хувьсгалын үзэл санааг түгээгээд эхэлбэл юу болох вэ? Ном уншсан хүн бүр ах дүү, амраг садан, анд найз нартаа аман ухуулга хийгээд унавал юу болох вэ? 
 
Нийгэм эсэж шуугина шүү дээ. Хэрэв МАНАН дэглэмийг биежүүлж байгаагаа ухаараад, төрийн албан хаагчид маань ард түмнийхээ талд орчихвол юу болох вэ? Хэрэв 2 намын гишүүд болон 2 намыг дэмжигч ахмадууд маань энэ номын үзэл санаатай нэгдвэл юу болох вэ?  Шууд л үндэсний хувьсгал болох биш үү. Ард түмний олонхи дэмжсэн хувьсгалыг “Үндэсний хувьсгал” гэж нэрлэхгүй юм бол өөр ямар хувьсгалыг “Үндэсний хувьсгал” гэж нэрлэх юм. Ард түмний олонхийн хүсэл сонирхолд шахагдсан МАНАН дэглэмийн удирдагчид хувьсгалын үзэл санааг хүлээгээд авчихвал юу болох вэ?
Ард нийтийн санал асуулга зохион байгуулаад, шинэ Үндсэн хуулиа батлаад авбал юу болох вэ?
 
Тэр дороо л үндэсний хувьсгал ялчих биш үү?
 
Хэрэв үнэхээр ард нийтийн санал асуулгыг МАНАН-гийн төр засаг дэмжвэл, ард түмэн МАНАН дэглэмийнхнийг өршөөх хэрэгтэй. Бүр цаашилбал бүх хоригдлуудыг ч гэсэн бүгдийг нь өршөөх хэрэгтэй. Муу нийгэмд, муу юм хийхгүйгээр аятайхан амь зуух боломж байдаггүй юм. МАНАН дэглэм гэдэг чинь үнэндээ ард түмний л үр хүүхэд шүү дээ. Ард түмэн өөрсдийн үр хүүхдийнхээ алдаа дутагдлыг нь нэг удаа уучлах ёстой. МАНАН дэглэмийг уучилж байгаа бол бүх гэмт хэрэгтнээ бас уучлах нь зүйн хэрэг. Гарцаагүй байдалд шахагдаж, хүнд нөхцөл байдалд орсон учраас, алдаа завхрал гаргасан бүх хүнийг өршөөх ёстой. Бид цөөхүүлээ. Нэг ч гэсэн эрдэнэт Монгол хүний амь, бие, эрх ашигт аюул, занал учруулж болохгүй. Тиймээс “Их Уучлал”, “Их өршөөл” зарлах ёстой. Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Шинэ нам татан буугдана. АН, МАН ч таган буугдана. Улс төрийн бүх намууд татан буугдана. Монгол Улс олон намын системд шилжин орно. Энэ цагаас эхлэн улс төрийн нам гэх байгууллага нь дахин хэзээ ч төрийн дээр гарч чадахгүй болсон байна. Ирээдүйн тухай мөрөөдөл төдий зүйл байсан бидний гайхамшигтай сайхан төсөөлөл бүрэн биеллээ олоход тун ойртжээ.
 
Одоо Монгол орны минь ирээдүй уншигч таны гарт байна. Та бүхэн энэ номоос Швейцараас баян иргэнтэй улс орон болох итгэл найдварыг авсан. Та бүхэн энэ номоос Америкаас илүү ардчилсан Үндсэн хуулийн төслийг уншиж танилцсан. Та бүхэн энэ номоос Японыг гүйцэж чадах нотолгоог олж авсан. Та бүхэн энэ номоос Алтан төгрөгтэй болох супер мөнгөний онолыг уншиж гайхширсан. Та бүхэн энэ номоос Их Монгол Улсаа сэргээн мандуулах асар том мөрөөдлөө сэргээсэн. Ийм сайхан мөрөөдөл үнэн байх ёстой.
 
Ийм сайхан мөрөөдөл Монголчууд бидний зорилго болох ёстой. Учир нь жинхэнэ хувьсгал нь талбай дээр биш, харин тархинд явагддаг юм байна. Сүхбаатарын талбай дээр өрнөж, улс төрчид үр шимийг нь хүртдэг, өнгөцхөн хувьсгалыг бид дахиж хийхгүй. Харин бид ард түмний минь үзэл санаа болон биежиж, шинэ Үндсэн хуульд зарчим болон баталгаажиж, иргэн бүр үр шимийг нь хүртсэн жинхэнэ хувьсгалыг хийнэ. Зөвхөн оюун санааны хувьсгал хийнэ гэдгээ Шинэ нам батлан тангараглаж байна. Тийм ээ! Монголын цаг ирж байна. МОНГОЛЫН ИХ АМАР АМГАЛАН, МОНГОЛЫН ИХ СЭРГЭН МАНДАЛТ АЙСУЙ. Мөнх хөх тэнгэр Монгол орныг минь ивээх болтугай !!!