sonin.mn
Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ы холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
 
Хоёр талын харилцааны тухай
 
Өчигдөр Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд хатагтай Батцэцэгтэй утсаар ярив. Гадаад хэргийн сайд нар Орос-Монголын бодит хамтын ажиллагааны цаг үеийн асуудал, мөн олон улсын тавцанд болон бүс нутгийн харилцааны хүрээнд гадаад бодлогоо илүү нягт уялдуулан зохицуулах боломжийг авч хэлэлцэв. Ярианы үеэр хоёр талын иж бүрэн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болж өнгөрсөн Орос болон Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалтын хүрээнд хүрсэн тохиролцоог аль болох хурдан хэрэгжүүлэхээр бүхий л хүчин чармайлтаа гаргах болно гэдгээ хоёр сайд баталж хэлсэн.
 
Өнгөрсөн долоо хоногт «Орос ба Монгол Улс: Шинэ бодит байдал дахь түншлэл» олон улсын форум гэсэн томоохон арга хэмжээ болсон.
Илтгэгчид манай хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв, төслүүдийг авч хэлэлцлээ. Монгол болон Оросын 300 гаруй бизнес эрхлэгч өөрийн бүтээгдэхүүнийг танилцууллаа.
Үүсээд буй олон улсын нөхцөл байдалд Орос Улс эдийн засаг болон тээвэр логистикийн маршруутуудаа түлхүү зүүн зүг рүү чиглүүлж эхлээд байгаа, тийм учраас Монгол болон Оросын бизнесийн хооронд үр ашигтай харилцаа тогтоох нь онцгой чухал юм.
 
Евразийн эдийн засгийн комиссын интегралчлал, макро эдийн засгийн зөвлөлийн гишүүн Сергей Глазьев тус форумын үеэр үг хэлэхдээ Монгол Улсыг Оросын нэн чухал стратегийн ач холбогдолтой түнш гэж нэрлэв. Тэрээр Монгол Улс бол Евразийн эдийн засгийн комисстой 2015 онд Хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулсан анхны улс болсныг санууллаа.
 
Тэр үеэс эхлэн ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагаа явуулж, Орос болон Монгол Улсын эдийн засгийн хэлхээ холбоог өргөжүүлэх бодит асуудлыг хэлэлцдэг. Глазьевын хэлснээр Европын Холбоо бидний буруугаар биш Оростой хийх худалдаанд саад тотгор бий болгож, Орос Улс энэ Холбоотой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл үүссэн байгаа энэ үед Монгол Улсад Оросын худалдаа, эдийн засгийн харилцаа холбооны шинэ тогтолцоонд оролцох завшаан тохиолдож байна.
 
Оросын Холбооны Улсын Эдийн засаг хөгжлийн орлогч сайд Дмитрий Вольвач бол Монголын экспортын уламжлалт бүтээгдэхүүн Оросын зах зээлд эрэлт хэрэгцээтэй болох бүрэн боломжтой гэж тэмдэглэсэн. Энэ нь юуны түрүүнд арьс шир, ноолууран бүтээгдэхүүн, хивс, мах, махан бүтээгдэхүүн, малд хамаарна. Орос бол Монгол руу хийгдэж байгаа эрчим хүч, металл, мод, машин техник, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнсний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны ажиглагч орон гэсэн статустай болох боломжийг илүү анхааралтай авч үзэж, энэхүү холбооны хүрээнд яг ямар үйл ажиллагаа, ямар ямар чиглэлээр явагдаж байгааг бие даан судлах боломжтой гэдгийг Вольвач онцлон тэмдэглэв.
Орос болон Монгол Улсын хооронд төлбөр тооцоог үндэсний валютаар хийх тал дээр үргэлжлүүлэн ажиллахаар болсон.
 
Боловсролын салбарын хувьд Буриад Улсын их дээд сургуулиудыг түшиглэн түлхүү Монгол оюутнуудад зориулсан сургууль хоорондын орчин үеийн кампусыг байгуулах тухай санал дэвшүүллээ. Энэ төслийг Оросын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны зардлаар хэрэгжүүлэх боломжтой гэсэн.
 
Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг ч дурдахгүй байж болохгүй. 2021 онд Буриад Улсад 22 мянган гадаадын иргэн эмнэлгийн тусламж авч, тэдний дотор 680 хүн Монгол Улсын иргэд байжээ. Мөн Буриад Улсад төвд анагаах ухааныг сонирхдог бөгөөд энэ салбарт Монгол Улстай хамтран ажиллах маш их боломж бий. 
Ирэх долоо хоногт нэг томоохон арга хэмжээ болно. Энэ нь ОХУ-ын Красноярскийн хязгаарын Засаг даргын Монгол Улсад хийх айлчлал юм. Айлчлалын хүрээнд Монголын удирдлагууд, яамд, төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах олон уулзалт товлогдсон байгаа. Айлчлалын үр дүнгийн тухай тусгай хэвлэлийн бага хурлыг 6 дугаар сарын 8-нд 15 цагт Русский домын буюу РЦНК-гийн хэвлэлийн клубд хийнэ. Красноярскийн хязгаарын Засаг дарга А.В.Усс сэтгүүлчидтэй уулзахдаа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, шинжлэх ухаан техник, боловсрол, эрүүл мэндийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагаатай холбоотой асуултад хариулна. Сонирхсон бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг энэ арга хэмжээнд оролцохыг урьж байна.
 
Гадаад бодлогын асуудал
 
2022 оны 5 сарын 28-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гол удирдах байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулган болж өнгөрлөө. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байж чадсангүй. Украин Улсад болон хөрш орнуудад нь эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал доройтсонд Орос Улсыг буруутгасан нэг талын баримталсан, улс төржсөн тогтоолыг Украины төлөөлөгчид Барууны зарим орнуудын дэмжлэгтэйгээр шахаж батлуулсан. Оросын тал бол Дэлхийн эрүүл мэндийн ассамблейг өөрт нь улс төрийн дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглахаа зогсоохыг уриалж, тус Байгууллагатай цаашид нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
 
Мөн Олон улсын олимпийн хороо Оросыг олон улсын спортоос хасах бодлогоо үргэлжлүүлж байгааг бид харж байна. Тэрний ээлжит жишээ бол Олон улсын олимпын хорооны дарга Т.Бахын саяхан хийсэн мэдэгдэл. Уг мэдэгдэлдээ тэрээр 2024 онд Париж хотод болох Олимпын наадамд оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээнд Оросын тамирчид оролцох эсэх нь улс төрийн байдлаас хамаарах болно гэж хэлсэн. Олимпын наадамд Оросын тамирчдыг оролцуулахгүй байх нь тэдний эрхийг бүдүүлгээр зөрчинө. Бахын илт алагчилсан, улс төржсөн шийдвэр бол Олон улсын олимпын хорооны дүрэм, Олимпын харти болон, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн спортын салбарын тогтоолд харшилж байна. Орчин үеийн олимпын хөдөлгөөний гол зарчим болох спорт улс төрөөс ангид байдаг гэсэн зарчим зөрчигдөөд байна.
 
Украины Зэвсэгт хүчний цэргүүд болон үндсэрхэг үзэлтэй бүлэглэлүүдийн дайчид өөрийн орны энгийн ард иргэд болон Донбассын бүгд найрамдах ардын улсын иргэдийн эсрэг гэмт үйлдэл үйлдэж, Киевын эрх баригчид нийгмийн дэд бүтцийг цэргийн зорилгоор ашиглаж байгааг Оросын Батлан хамгаалах яам тогтоосоор байна. Радиояриаг чагнасны үр дүнд олж авсан найдвартай мэдээллийн дагуу Киевын эрх баригчид дахиад нэг хүнлэг бус өдөөн хатгалгыг үйлдэх гэж байгаа.
 
Ойрын хугацаанд АНУ-аас алсын тусгалтай пуужингийн системийг Шостка гэдэг суурин газарт нийлүүлж, үүгээр Украины Зэвсэгт хүчний тушаалаар зэвсэгт бүлэглэлүүдийн дайчид тус хотын энгийн иргэд амьдардаг дүүргүүдээс Оросын Холбооны Улсын хил орчмын бүс нутаг руу цохилт өгөхөөр төлөвлөж байна.
Украинд үүссэн хямрал бол хүний гараар дайтах гэсэн АНУ-ын хэрэгжүүлж байгаа зарчмын тод илрэл болохыг дахин сануулмаар байна. Өөрийн цэргүүдийг өөр орны нутаг дэвсгэрт ашигласан АНУ-ын амжилтгүй туршлага Америкийн хувьд өрсөлдөгчдийн сул дорой болгохоор өөрийнх биш, харин бусад улс орны хүчийг ашиглах хэрэгтэй гэсэн дохио болсон. Одоогийн байдлаар энэхүү нэг бус удаа ашигласан тактикийг Цагаан ордон Украинд хэрэгжүүлж байна. Вашингтон Москватай шууд сөргөлдөөн хийхээс зайлсхийж Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах ажлыг удаашруулах, Оросын Холбооны Улсад эдийн засгийн болон нэр төрийн аль болох том хохирол учруулах зорилгоор Киевын эрх баригчдад зэр зэвсгийг ихээр нийлүүлж байгаа юм.