sonin.mn
Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй хүнлэг бус харьцахаа больцгооё” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр: "Над дээр ирж байсан 2, 3 үйлчлүүлэгч бий. Тэд юу гэж ярьж байсан бэ? гэхээр сэтгэл гутарч, стрессдсэн хүмүүс хий хоосон зүйл харах тохиолдол байдаг.
 
 
Гэтэл тухайн хүний сэтгэл зүйн байдлыг үнэхээр эмгэгтэй байгаа эсэхийг нь тодорхойлохгүйгээр чи манай өвчтөн гэж аваад эмнэлэгт хэвтүүлсэн байгаа юм. Тэр эмэгтэй эмнэлгээс гарна гээд эсэргүүцэхэд нь чи эндээс гарна гэж юу байхав дээ, энд байх ёстой гээд ортой нь хүлсэн байгаа юм.
 
 
Үүнээс болоод тэр эмэгтэй давхар сэтгэл зүйн гэмтэл авчихсан. Мөн түгшүүрийн эмгэгтэй нэг эрэгтэй СЭМҮТ-д очоод хэвтэхэд  нэг хүн хажууд нь шөнөжин ширтээд суучихсан байгаа юм. Үүнээс болоод уг эрэгтэй айгаад эмнэлгээс гарья гэсэн боловч гаргаагүй. Ер нь СЭМҮТ-ээс гарах ямар ч эрхзүйн орчин байхгүй. Чи тэнд орсон л бол заавал хононо. Чамайг гарья гэсэн ч гаргахгүй тохиолдол зөндөө байна. Энэ тухайгаа ярих орон зай ч алга. Хэрэв энэ тухайгаа ярих юм бол чамайг галзуу солиотой гэнэ. Мөн бүлэг хүчингийн хэрэгт орсон талаараа ярих гэсэн охиныг харлуулсан тохиолдол их байна. Гэтэл ер нь хүн тухайн үеийн сэтгэлзүйн байдлаасаа болоод ямар ч зан, ааш гаргаж болно шүү дээ. Бид бүгд л уурлаж бухимддаг. Гэтэл өөрийг нь ойлгохгүй, тухайн үед гаргасан үйлдлийг нь хараад л энэ солиорчихож, галзуурчихаж гэдгээ бид болих хэрэгтэй. Сэтгэцийн өвчин гэхээр л галзуурсан, солиорсон гэж харахаа болимоор байна. Тэдгээр хүмүүсийн дуу хоолойг хүргэж, хүмүүнлэг хандаасай гэж хүсэж байна.
 
 
Мөн хар тамхи, мансууруулах бодис хэрэглээд хүмүүс шоронд орж байна. Тэр хүн шоронд ороод энэ эмгэгээсээ салаад, эдгээд гараад ирэх юм гэж үү? Хэзээ ч тийм зүйл болохгүй. Харин ч тэр зүйлийг хэрэглэдэг хүмүүсийн хүрээлэлд орж, найз нөхөд ихтэй болно. Шоронгоос гарч ирээд түүнийгээ хэрэглэх нь л ихэсдэг. Энэ хүмүүсийг яагаад одоог хүртэл хорьж шийтгээд байгаа юм бэ?
 
 
Донтолт гэдэг бол өвчин шүү дээ. Бөөр нь юм уу, ходоод нь өвдсөн хүнийг шоронд хийдэггүй биз дээ? Яг үүнтэй адилхан. Сэтгэл гэдэг өөрөө өвддөг эрхтэн. Тийм учраас бид сэтгэлзүйн өвчтэй, сэтгэл нь гэмтсэн, эмгэгтэй хүмүүсийг муухай, бузар, гэмт хэрэгтэн, арчаагүй, дорой гэж харахаа болих хэрэгтэй. " гэв.
 
 
 
 
М.Чой