sonin.mn
Монгол Улсын Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ урлагт зүтгэсэн 50 жил, багшилсан 30 жилийн ойг тохиолдуулан түүний шавь нарын санаачилгаар Хүндэтгэлийн тоглолтыг 2022 оны 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд "UB Palace”- ын Их танхимд толилуулах гэж байна.
 
Дуучин Ш.Чимэдцэеэ нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Хоолой” хэмээх газар төрж, өссөн бөгөөд 15 настайдаа урлагийн үзлэгээр сумынхаа клубт анх удаа “Жаахан шарга”-ыг дуулж, сумаасаа шалгаран аймагт, аймгаасаа Зүүн бүсэд, тэндээсээ шалгарч, улсын нийслэл Улаанбаатарын тайзнаа дуулсан байна. Урлагийн хүн, дуучин болох их зам түүний хувьд ингэж эхэлжээ. 1975 онд хожмын цуутай дуучид болох С.Сүглэгмаа, Б.Лхамжав, С.Нэргүй, Ж.Нансалмаа, Г.Тэрбиш, Ш.Чимэдцэеэ нарын хамт дууны курст сурч төгсөөд, Сүхбаатар аймгийнхаа Соёлын ордонд гоцлол дуучнаар ажиллаж, дуулалт жүжгийн гол дүрүүдийг бүтээн, хөгжим тоглон урлаг соёлыг түгээн дэлгэрүүлсээр 1986 онд Соёлын тэргүүний ажилтан, 1991 онд Монгол Улсын гавьяат жүжигчин болсон байна.
1993 онд тэрээр Улаанбаатар хотноо ирж “Морин хуурын чуулга” анх байгуулагдахад гоцлол дуучнаар орж ажилласан бол 2003 оноос Хөгжим бүжгийн коллежид багшилж шавь сургалтаа эхлүүлсэн юм. Энэ хооронд тэрээр “Алтан Овоо”, “Ижий буурал гол”, “Аптан хөхийн оргил”, “Дарь уул, Ганга нуур мину”, “Алтан Овоо минь өршөө”, “Тэнгэрийн нулимс шиг аялгуу”, “Хязгааргүйн чинадаас” цомгуудаа гаргаж, бие даасан 60 гаруй тоглолт хийж, хандивын тоглолтод оролцсон нь тоогоо алдсан байна. Ганц жишээ хэлэхэд,
 
 
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм үлдээгүй 1990- ээд оны хүнд үе, урлаг соёл уналтад орсон амаргүй нөхцөлд улсын төсөв бүрдүүлэх үүрэг авч, улсаа бүтэн тойрон тоглолт хийж байв. Монгол түмний их шүтээн Мэгжид Жанрайсаг бурханыг бүтээх хандив цуглуулахад Соёлын сангийн элч дуучны үүргийг нэр төртэй биелүүлж байсан зэргээс үзэхэд тэрээр улсаа өргөж, ард түмнээ тэтгэсэн дууны урлагийн зүтгэлтэн юм.
 
 
Урлагийн тэнгэрүүдэд ивээгдсэн Ш.Чимэдцэеэ бүр жаахнаасаа шүлэг бичсэн авьяаслаг яруу найрагч. Өөрийн шүлгүүдээс “Тэнгэр ээж минь өршөө”, “Дуунд залбирсан тавилан”, “Тавилан” зэрэг дуу бүтээж, өөрөө дуулж амьдруулсан нь олонд түгсэн. Түүний анхны шүлэг 1988 онд Сүхбаатар аймгийн яруу найрагчдын “Алтан Овоо” түүвэрт хэвлэгдсэнээс хойш “Дууны шуранхайд шүлэг төрнө” \2008 он\, “Тэнгэрийн цэцэрлэгээс” \2013 он\, “Би бясалган дуулагч” \2019 он\ шүлгийн түүврүүдээ уншигчдын гар дээр тавьжээ.
Ш.Чимэдцэеэ зөвхөн уран бүтээлч бус, дарьгангын өв соёлын тээгч, түүнийгээ судалгааны эргэлтэд оруулж “Дарьганга дууны хэл соёлын судалгаа” нэг сэдэвт бүтээлээрээ докторын зэрэг хамгаалсны зэрэгцээ Монгол Улсаа уртын дууны ноттой болгосон эрдэмтэн, судлаач. Өдгөө түүний зохиосон нотоор ар, өвөр Монголын уртын дуучид уртын дуугаа сурч байна. Дарьганга судлалтай холбоотой өөр нэг зүйлийг онцолбоос, дэлхий дээр 300 гаруй үндэстний хэл устсан атал 2010 оны хүн амын тооллогоор дарьганга хүний тоо цөөрсөн нь хэл устах аюул хаалга тогшиж буй дохио болохыг сэрэмжлүүлж тэрээр “Дарьганга хэл аялгууны толь бичиг” гаргаж байсан юм. Түүнчлэн
 
 
Дэлхийн монголчуудад зориулан өөрийн зохиосон дүрс нот, өрнө дахины нотоор нотлон крилл болон худам монгол бичгээр “Тэнгэр мэт” хэмээх ном гаргасан Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, академич бол Шарын Чимэдцэеэ юм.
 
 
Үүгээр зогсохгүй “Жаахан шарга” хэмээх дарьганга, үзэмчин урт богино 108 дууг судлан цуглуулж түүх, домгийн хамт Японд хэвлүүлж, сүүлд худам монгол, крилл монгол, англи, хятад хэл дээр дахин хэвлүүлсэн ном нь монгол судлалын өв санд хүндтэй байр суурийг эзэлнэ. Хурдлуулах моринд марзай, гийнгоо дуудахын утга тайллын судалгаа, мөн тэр тухай Монголын үндэстэн ястнуудын гийнгоо марзайн судалгааг хийж, өөрөө марзайлж гийнгоолон бичүүлсэн цомог, монгол эхийн бүүвэйн дууны утга тайллын судалгаа, бүүвэйн дууг нутаг нутгийнхаар судлан өөрийн хоолойгоор бүүвэйлж бичүүлсэн цомог зэрэг бүтээлүүдээрээ ардын урлагийг судлах, сурталчлах ажилд чухал хувь нэмрийг оруулсан гэж мэргэжпийн судлаачид дүгнэсэн байдаг.
 
Тэрээр мөн Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Орос, Герман, Англи, Франц, Швейцарь, Америк, Польш, Канад, Голланд, Чех зэрэг 40 гаруй орноор аялан тоглож, Японы Suntory hall alcoros, АНУ carnegle hall, Нью-Иорк хотын НҮБ-ийн танхим, Германы Берлин филармони, Францын Юнеско зэрэг дэлхийн алдартай тайзнуудад дуулсан их талын энгүй хоолойтон, Монголын нэгэн бахархал юм.