sonin.mn
 Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа Б.Ууганбаярын гурван настай охин У.Маргад нь тархины үрэвсэл хэмээх хүнд өвчнөөр шаналсаар байна. Энэхүү бяцхан охиныг БНСУ-д яаралтай мэс засал хийлгэх эмч нарын зөвлөгөө, саналыг ирүүлсэн бөгөөд эмчилгээний зардалд 450 сая орчим төгрөг нэн шаардлагатай байгаа аж. Иймээс Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хандаж, “Сайн үйлсийн аян”-д нэгдэх уриалгыг мөрдэс нэгт дайчин нөхөд нь гаргаад удаагүй байгаа юм.
 
Одоогоор Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн болон Тусгай хүчний цэргийн командлалын бие бүрэлдэхүүн нэг өдрийн цалингаа хандивласан талаарх мэдээлэл ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албанд ирээд буй. Дээрх уриалгыг дэмжин, БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй хурандаа О.Заяат захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн 4250 ам.доллар хандивлажээ. Мөн мөрдэс нэгт офицерынхоо гэр бүлийг дэмжин, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 20 гаруй штабын ажилтан, ажиглагч офицеруудын зүгээс 5 сая 855 мянган төгрөгийг ирүүллээ.
 
Энэхүү цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдаас ирүүлсэн мөнгөн тусламжийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг өчигдөр дэд хурандаа Б.Ууганбаярт хүлээлгэн өглөө. Ийнхүү уг “Сайн үйлсийн аян”-д нэгдэж, чин сэтгэлийн гараа сунгасан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэнхэр дуулгатнууддаа талархал илэрхийлж, цаашдын албанд нь улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.
 
Монголын нийт ард түмэн, түүний дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дунд аливаа өвчин эмгэгт шаналсан нэгэндээ сэтгэлийн ихээхэн дэм үзүүлж, тэдэнд амьдрал хайрласан бодит жишээ маш олон байна.
Тиймээс “Сайн үйлсийн аян” цаашид ч үргэлжилж байгаа бөгөөд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээх ардын үгийг бэлгэшээн, энэхүү аянд идэвхтэй хамрагдахыг Та бүхэнд дахин уриалж байна.