sonin.mn
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Танк эсэргүүцэх артиллерийн батарей 2022 онд “Дотоод сургалт”-ыг анхлан санаачлан зохион байгуулж байна. Энэ нь “Байлдагч байлдагчаасаа суралцъя” гэсэн санаагаар мэдлэг, ур чадвараа бусадтайгаа хуваалцах тухай юм. Мэдээж ангийнхаа цэргийн сургалт бэлтгэл, соёл хүмүүжлийн бус цагаар дайчид нэгэндээ сэтгэл зүй, бие бялдрын хүмүүжил олгох, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, цэрэг-эх оронч үзэл, харилцааны соёлтой, эерэг хандлагатай иргэн болоход нь тусалж байна.
“Дотоод сургалт” нь цэрэг-эх оронч хүмүүжил, амьд гарах арга ухаан, бие бялдрын хөгжил, цэрэгжилт ба цэргийн дүрэм, хувь хүний хөгжил, хөгжмийн боловсрол, англи хэл, япон хэл гэсэн нийт 8 хичээлээс бүрдэнэ. Сургалтыг удирдан явуулж байгаа дайчидтай танилцлаа. Бүгд л зааж байгаа хичээлээрээ их, дээд сургуульд мэргэшин суралцаж байгаа, чамгүй олон уралдаан тэмцээнд тэргүүлж байсан манлайлагчид байна. Бас дээр нь өөртөө итгэлтэй байдал, бусдыг удирдах чадвар, нүүр хагарсан нь эрхгүй ялгарах санж.
 
 
Түрүүч У.Батхүү гэхэд “Бие бялдрын хөгжил” сэдвээр нөхдөдөө сургалт явуулах бөгөөд сагсан бөмбөгийн I, гар бөмбөгийн II зэрэгтэй, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд багш-дасгалжуулагч мэргэжлээр суралцдаг, хоёрдугаар дамжааны оюутан. Спортын төрлүүдээр Чингэлтэй дүүрэг болон нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд олонтаа түрүүлж байсан тэрээр онжавууддаа “Дасгал хөдөлгөөн бол эрүүл амьдралын үндэс” гэдгийг байнга сануулж, бие бялдраа хэрхэн хөгжүүлэх, эрүүл чийрэг амьдрах хэвшлийг өөртөө яаж бий болгох талаар хичээлээрээ түлхүү заадаг байна.
Дараагийн эрхэм бол түрүүч Э.Бат-Очир, дэд түрүүч Д.Мөнхмишээл нар. Тэд “Цэрэгжилт ба цэргийн дүрэм”-ийн багш нар. Түрүүч Э.Бат-Очирын хувьд Өмнөговь аймгийн Сэврэй сумынх. Бусдынхаа адил гар бөмбөгийн II зэрэгтэй, спортод элэгтэй, цэргийн хүн болохыг хүсдэг залуу. Аймгийнхаа Политехникийн коллежид хүнд машин механизм мэргэжлээр суралцаж төгссөн, цэргийн зарлан ирэхэд нь хамгаас их баярласан гэнэ. Тэрээр “Цэрэг хүний юугаараа ялгарах ёстой вэ гэхээр цэрэгжилтээрээ. Цэрэгжилттэй байдал нь тэдний гадаад чимэг. Харин ёс зүй, ухамсар, хариуцлагатай байдал нь тэдний дотоод чимэг” гэж тодорхойлсон. Түрүүч маань Сэврэй сумандаа аж төрөн суугаа хайрт аав А.Энхбаатар, ээж Б.Батцэцэг, гурван сурагч дүүдээ мэнд дамжуулсныг үүгээр уламжилъя.
 
 
Түүний хичээлийн хамтрагч дэд түрүүч Д.Мөнхмишээл харин Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийнх. 2021 онд Төмөр замын дээд сургуулийг машинист мэргэжлээр суралцаж төгссөн, сагсан бөмбөгийн I зэрэгтэй, дүүргийн болон нийслэлээс зохион байгуулсан цэрэг-спортын “Дөл” тэмцээний 2017, 2018 оны мөнгөн медальтан. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхдаа 6 удаа цэрэг-спортын “Дөл” тэмцээнд оролцож, медалиудыг өнгө өнгөөр хүртсэн нь цэргийн албанд дурлах шалтгаан болсон гэнэ. Цэрэгт ирэхээсээ ч өмнө цэрэгжилттэй байсан нь өнөөдөр бусад нөхдөдөө хичээл заах хөшүүрэг болж. Хугацаат цэргийн албанаасаа халагдаад аавынхаа япон автомашины сэлбэг зардаг бизнесийг нь үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй яваа гэнэ лээ.
 
 
Онжавууддаа “Хувь хүний хөгжил”-ийг ярьдаг залуус дэд түрүүч Б.Сэдэд, дэд түрүүч А.Ангараг нар. Хоёр багш саяхан сурагчдынхаа зорилгыг тодорхойлж, түүндээ хүрэх арга замын талаар ярилцсан байна. Хүсэл сонирхлыг нь хурцалж, хүрэх замаа зөв тодорхойлж сургах нь тэдний гол зорилго. Тийм ч учраас танхимын сургалтаас гадна биечлэн уулзаж, нөхөрсөг зөвлөгөө өгөхийг хичээдэг тухайгаа ярих нь чин сэтгэлийнх байв. Дэд түрүүч Б.Сэдэд Монгол Улсын Боловсролын их сургуульд газар зүйн багш мэргэжлээр суралцдаг, хоёрдугаар дамжааны оюутан. Эзэмшиж буй мэргэжилтэйгээ хамаатуулан амьд гарах ухааныг зааж, эх орныхоо үзэсгэлэнт байгалийн талаар мэдээлэл өгдөг байна.
 
 
Харин дэд түрүүч А.Ангараг Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд хүний нөөц, нийгмийн ажилтан мэргэжлээр суралцдаг, гуравдугаар дамжааны оюутан бөгөөд “Хүний хамгийн гол баримтлах зарчим бол итгэл үнэмшлээ алдахгүй байх юм. Итгэл үнэмшлээ алдвал бүгдийг алдсанд тооц. Өөртөө итгэлгүй хүн юу ч бүтээж чадахгүй. Бид ч нөхдөдөө энэ чиглэлээр хичээлээ заадаг” гэж байна. Өөрөө ч тун нээлттэй залуу юм. Оюутан болох жил нь аав нь хүндээр гэмтэж, нэг жил сургуулиасаа завсардаж асарсан гэнэ. Хааяа тэтгэврийн аав, ээж хоёрыгоо яаж байгаа бол гэж боддог, гэхдээ алзахгүй байх, халагдаж очоод алган дээрээ бөмбөрүүлнэ гэсэн нь дотно сайхан сонсогдох. Дэд түрүүч А.Ангараг бас монгол бичгийг төгс эзэмшсэн залуу байна. 2014-2016 онд “Миний монгол бичиг” улсын уралдаанд 3 удаа мөнгөн медаль, тус жилүүдэд болсон “Монгол бичгийн уншлага”-д 3 удаа алтан медаль хүртсэн гэнэ. Шатар, даамаар III зэрэгтэй гээд авьяас чадвар чамгүй их ажээ.
 
 
Дараагийн дайчин “Хөгжмийн боловсрол”-ын багш, ахлах байлдагч Э.Содболд. Тэрээр хөгжмөөр багаасаа хичээллэж ирсэн, морин хуур, төгөлдөр хуур, аман хуур болоод гитарын бүх төрлүүдээр тоглож чаддаг байна. СУИС-ийн уртын дуулаачийн хоёрдугаар дамжааны оюутан. Түүний дуулах дуртай уртын дуу нь “Эрдэнэ засгийн унага”, “Хөөрхөн халиун”, “Хулст нуур”. Артиллерчдын баяр ёслолын ажиллагааны өмнө уртын дуугаар эхлүүлдэгтээ баярлаж явдаг, онжавууд төдийгүй ангийнхаа офицер, ахлагч нарт чөлөөт цагаараа гитар зааж өгдөг аж. Одоогоор нэг дэд ахлагч, хоёр онжав нь гитар тоглож сурсан нь ихээхэн урам зориг өгсөн гэнэ. Ахлах байлдагч маань дунд сургуулийн сурагч байхдаа соробан сампинаар хичээллэдэг байсан бөгөөд 2016 онд энэ төрлөөрөө Малайзад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2018 онд Дубайд болсон олон улсын тэмцээнээс хүрэл цомыг тус тус хүртжээ. Гам бөмбөгийн I зэрэгтэй, ангийнхаа 2021 оны тэргүүний байлдагчаар тодорсон дайчин юм.
 
 
Төгсгөлд нь онцлох эрхмүүд бол ахлах байлдагч Э.Сүхбат, байлдагч Ч.Доржжанцан нар юм. “Дотоод сургалт”-аар Э.Сүхбат япон хэл заадаг бол Ч.Доржжанцан англи хэл заадаг. Ахлах байлдагч Э.Сүхбат 2021 онд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн, оюутан байхдаа бие дааж англи, япон хэлийг сурсан нэгэн. Япон улсын Засгийн газраас зохион байгуулсан япон хэлсний түвшин тогтоох шалгалтад N3 түвшнээр тогтоогдсон гэнэ. Түүний мөрөөдөл эзэмшсэн мэргэжилтэйгээ холбогдуулан дипломат орчуулга хийхийг зорьж байгаа, үүнийхээ төлөө ч өөрийгөө бүрэн дайчилна гэж байв. Байлдагч Ч.Доржжанцангийн хувьд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан. Мөн л англи хэлээ бие дааж сурсан, өдгөө онжавуудаа англи хэлний суурьтай болгох зорилго тавиад байгаа ажээ.
Ийнхүү тэд нэг нэгэндээ чаддаг бүхнээ зааж, батарейны захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Базаррагчаа ч эрхэм дайчдаа даргын ёсоор захирч, ахын ёсоор дэмждэг нь андашгүй байв.