sonin.mn
Чулуунжавын бичсэн энэ номыг би гурван удаа уншлаа. Эхний удаа уншаад “Юм юмны тухай өгүүлсэн, гэхдээ шүүмжлэх өнгө аястай өгүүлсэн, онол ба таамаглал ихтэй, ёстой л үхрийн бөөр шиг алаг, сонихон ч гэмээр ном юмуу даа” гэж бодлоо. Гэвч дахин нэг эргэж хармаар санагдаад хоёр дахиа уншлаа. Тэгээд “Байгалийн хувьслын товч түүхийн философи ухаарал өнөөдөр үнэндээ иймэрхүү л юм даа” гэх сэтгэгдэлтэй үлдлээ. Харин гурав дахиа уншаад “Ер нь өөр судлаачийн иймэрхүү ном байдаг билүү гэсэн бодол төрж бага зэргийн эрэл хийсэн юм.”
 
Намайг Москвагийн Их сургуульд суралцаж байх үед Ф.Энгельсийн “Диалектика природы” номын талаар философийн багш маань ярьж байсныг ч эргэж саналаа. Хожуу нь Зөвлөлтийн ШУА ба Болгарын ШУА хамтарч бэлтгэсэн “Ленинская теория отражения в свете развития науки и практики” гэсэн нэртэй хоёр боть ном 1981 онд хэвлэгдсэн байсныг бас саналаа. Би Москвад номын дэлгүүр дотор уг хоёр ботийн гарчгийг хэд хэдэн удаа уншсан юм. Өөр юу байдаг билээ гэхлээр миний мэдэх төсөөтэй ном санаанд ер орохгүй байлаа.
 
 
Энэ, XXI зууны 20-иод оны үеийн байгалийн шинжлэх ухаануудын ололтууд, нээлтүүд дээр тулгуурлан “Байгалийн хувьслын товч түүх, уг товч түүхийн философи ухаарал, тайлбарыг бичих” зорилтыг орчин үеийн философичид өмнөө тавих л ёстой. Монголын философичид, физикчид, онолчид ч энэ талын ажил, судалгаанд оролцох ёстой. Ингэж ухаараад би дахиад л Чулуунжавын номыг эргэж нэг харлаа. Тэгээд уг номын бүлэг, зүйлүүдтэй уялдуулан дараах санаануудыг хэлж байна.
 
 
 
Нэгдүгээр бүлгийн тухайд
 
Манай гариг дээр амьдрал, амьд байгаль үүссэн талаарх мэдээ, баримтыг түшиглээд ихэнх философичид “Худгийн мэлхийний үлгэр”-ээр оржээ. Аль аль нь материас, химийн элементүүдээс бүтдэг амьгүй болон амьд байгаль хоёулаа л мөнхөд байсан ба байх гэх санаа, дүгнэлтийг тэд орхигдуулжээ. Хэмжээгүй их орон зай, цаг хугацаа, материйн хувьслын цаг, наргүй орчин, нөхцөлд амьгүй ба амьд матери хоёулаа л мөнхөд байсан гэж үзэх нь танин мэдэхүйн ач холбогдлоор илүү бололтой. Матери үүсээгүй, бүтээгдээгүй болохоор, мөн эхэлсэн цэг, төгсөх цэг гэж үгүй учраас, манай дэлхий ба хүмүүс бид орчлон ертөнцийн хувьд “Худгийн ёроол ба мэлхий” төдийхөн болох тул орчлон дахины их асуудлуудад зөвхөн л манай гариг дахь “байгалийн хувьслын түүх”-ийн үлгэрээр явцуурч, хязгаарлагдмал байр сууринаас хандах нь учир дутагдалтай юм. Манай галактик дээрх үйл явц мэт нь орчлон ертөнцөд мөн л хязгааргүй олон удаа давтагдсан байх учиртай. Ингэхлээр хүмүүс бидний хувьд амьгүй матери ч мөнхөд байсан, байх мөн амьд матери ч мөнхөд байсан, байх нь үнэн юм. Бид ийм байр, сууринаас, иймэрдүү онол-аргазүйн үүднээс материйн мөнх оршлын асуудалд хандах нь зөв болно.
 
Бид өөрийн галактик доторхоо таньж дуусгах яагаа ч үгүй байна. Бас таньж мэдсэнээ бусад галактик доторхтой харьцуулж, жишиж үзээ ч үгүй байна. Бид материйн хувьслын өнгөрсөн түүхийг мэдэхгүй, өнөөх байдлыг нь орчлон дахины хэмжээ, түвшинд юу болохыг хэлж ч чадахгүй.
 
Орон зай, цаг хугацааг бодит хэмжээгээр нь хэзээ ч таньж, тэмтэрч, хэмжиж, бүхлээр нь дүрслэн, зураглан үзүүлж чадахгүй. Ингэхлээр амьд матери мөнхөд байсан, байгаагүй талаарх дүгнэлтийг шалгах боломж ч үгүй юм. Гэвч амьд матери зөвхөн л манай галактикийн үзэгдэл, түүний цаг хугацааны бүтээгдэхүүн гэж үзэж, дүгнэх нь буруу хэмээх судлаачийн санааг дэмжих нь зүйтэй санагдлаа. Наад зах нь л органик молекул, хадны хаг мэтийн бүдүүлэг биет, спортой бактери, вирус мэт нь орчлон дахиндаа ямагт л мөнхөд байсан бололтой. Амьтай ба амьгүй хоёрын алинд нь ч хамааруулан үзэж болох, “хэн ч биш, юу ч биш” нь хэдийд ч, хаана ч байжээ. Одоо ч хаанаас ч болов олдсоор байгаа билээ.
 
Бидний танин мэдэх гэж оролдож буй материаллаг ертөнц маань биднээс өмнө ч хязгааргүй ихээр өөрчлөгдсөөр байж, ирээдүйд ч мөн өөрчлөгдсөөр үлдэх болно. Материйн өөрчлөгдөх шинж нь мөнх юм. Ингэхлээр “хязгааргүй орчлонгийн дундах нэг өчүүхэн бага орон зайнд (магадгүй мөн өчүүхэн бага цаг хугацаанд) өнөө оршин буй хүмүүсийн хувьд “амьд ба амьгүй матери аль аль нь мөнхөд зэрэгцэн оршдог” гэж үзэх нь онол- аргазүйн хувьд харьцангуй зөв бололтой.” Судлаачийн ингэж үзсэн нь харьцангуй үнэн юм. Хүмүүс бид зөвхөн л харьцангуй үнэнийг харьцангуй зөвөөр танин мэдэх чадавхтай билээ. Нэг мөр эцэслэн таних боломж” ер нь хязгааргүйн хувьд, хязгааргүй хувьслын дунд, хязгааргүй орчлон ертөнцийн хаа нэгтээ дэх нэг л цэгийн хувьд байх учиргүй биш үү?... тэгээд ч энэхүү орчлон хорвоод хил ба зах гэж үгүй, бас төв цэг ба ер нь алив нэгэн хэмжүүр гэж үгүй, өдгөө буй бүхэн нь ч хоосон чанартай, өнгөрөөсөн түүхэн ул мөр нь ч хоосон чанартай, ирээдүйд бүрэлдэх бүхэн нь ч хоосрон үлдэхийн нигууртай юм шүү дээ!
 
 
Хоёрдугаар бүлгийн тухайд
 
Энэ бүлгийн 6 зүйлд өгүүлэгдсэн бүхэнтэй маргах аргагүй юм. Өгүүлсэн, бичсэн логикт нь хууртаад байна уу даа? гэж би өөрийн бодлоо ч цэгнэж үзлээ. Үгүй юмаа. Бүх санаа, дүгнэлтүүд нь цаанаа, доороо хөрс ба үндэстэй санагдлаа. “Хүний үүсэл ба тархалтын философи” гэсэн зүйлд өгүүлэгдэж буй санаа, дүгнэлт нэг бүр нь энэ зуундаа багтаад баримтуудаар нотлогдох л болов уу.
 
Гуравдугаар бүлгийн тухайд
 
Хүний ухааныг задлах, аль нэг байдлаар өөрөө ч үл мэдэн автсан хязгаарлалтаас нь гаргах, чөлөөлөх хэмжээний чансаатай ном ховордсон энэ үед “философи сэтгэлгээний товч тойм”-ыг өгүүлэнгээ уламжлалт, хэвшсэн зүйлүүдийг шүүмжилсэн нь таашаал өгөхөөр болжээ. Өрнө ба Дорнын танихуйн уламжлалт онцлогийг ч зөв олж харжээ.
 
Дөрөвдүгээр бүлгийн тухайд
 
Энэ бүлгийн 1-5-р зүйл шинэ, шинэлэг санаа, дүгнэлтээр баян, шүүмжилсэн бүхэн нь үндэстэй, эргэж нягтлахыг шаардсан, XXI зууны 20-иод оны өндөрлөгөөс үзэхүл олон олон эргэлзээ төрүүлсэн зүйлүүдийг зөв өнцгөөс авч үзсэн, залуу судлаачдад шинэ, сонин санаа өгөхүйц зүйл олонтой байна. Хомосапиенс хаана үүссэн, байгаль-цаг уурын ямар нөхцөлд үүссэн, хаанаас хаашаа хэрхэн тархсан талаарх урд өмнөх үзэл, баримтлалуудыг үнэхээр л эргэлзээнд оруулчихжээ. Хомс баримт, эргэлзээтэй материалд тулгуурласан дүгнэлтүүдийг эргэж шалгах нь гарцаагүй болж байна. Манай түүхчид, археологчид, антропологичид, генетикчдийн өмнө олон асуудал дэвшүүлэн тавьжээ.
 
Энэ номыг англи, орос, хятад испани, франц хэлээр орчуулан тараах аваас бусад орны судлаачдад сонирхогдох нь гарцаагүй. Энэ тухай бодох нь чухал байна.
Залуу судлаачдын хувьд заавал унших ёстой номын жагсаалтанд энэ номыг оруулж тэдний сэтгэл, оюуныг энэ номд өгүүлэгдэн буй бүхнээр өдөөж, сэдрээж, сэрээж өгөх хэрэгтэй. Бусдад шинэ, сонин санаа, сэдэл төрүүлэхэд энэ номын бүлэг, зүйл нэг бүр нь өдөөгч болж ашиглагдаж болохоор санагдлаа. Залууст сайн нөлөө үзүүлэх номын тоонд энэ ном орох нь эргэлзээгүй.
 
 
Энэ цагийн монгол хүний оюун санааны амьдрал жилээс жилд л мухар сүсэг, элдэв шашны бүдүүлэгдүү урсгалд автсаар байгаа нь нууц биш юм. Чухамхүү ийм нөхцөлд шинэ, залуу судлаачдын ухааныг задлах, танин мэдэх хүрээ, хязгаарыг нь тэлэх, өмнөх зууны элдэв хязгаарлалтыг гэтлэн давахад Чулуунжавын бичсэн энэ мэт ном маш их хэрэгтэй байна.
 
 
 
Дэлхийн түүхийн философи болон Монголын түүхийн философиар Чулуунжавын бичсэн монографиуд үндсэндээ хэргээ хийчихлээ. Монголчуудын эх түүхийн бичлэг өмнөх төөрөгдөл, мухардлаас гарах үйл явц өргөн фронтоор өрнөж багагүй хурдаар урагшлаж байна. 1990 оноос хойш Чулуунжавын бичиж нийтлүүсэн судалгааны өгүүллүүд, зарим нь 5-9 удаа хэвлэгдэж тараагдсан монографиуд дээрх үйл явцад тун ч их нөлөө үзүүллээ.
 
Би нөхрийгөө магтах, сурталчлах гэж энэ бүхнийг хэлж байгаа биш, яг л хэрэг дээрээ бодит үнэн ийм байна. Юм үнэнээрээ байх нь л сайхан гэдэг дээ. 
"Байгалийн хувьслын товч түүх”, түүний “философи ухаарал” хоёрыг зэрэгцүүлэн агуулсан энэ ном XXI зууны эхэн үеийн Монголчуудын философи сэтгэлгээний түүхэнд нэгэн сонирхолтой хуудас болж үлдэх нь маргаангүй. Энэ чиглэлийн судалгааг цаашид үргэлжлүүлэн авч явах залгамж үеийг Философийн хүрээлэн бодлогоор бэлдэх хэрэгтэй. Нэгэнт тавигдсан энэ суурин дээр тулгуурлан өрнөх оюуны баялгийн үйлдвэрлэлд урьдчилан амжилт хүсье!
Монголд философийн шинжлэх ухаан, философи сэтгэлгээ хөгжиж байгаа л юм бол цаг үеийнхээ байгалийн шинжлэх ухааны ололтуудыг нэгтгэн дүгнэх, улмаар цааш цаашдын зүг чигийг заасан онол, таамаглалуудыг философичид дэвшүүлэх л учиртай. Энэ бол оюуны баялгийн үйлдвэрлэлийн хэрэгцээ, шаардлага юм. Учир иймд өнөөдрийн энэ хэлэлцүүлэгт би хувьдаа их олзуурхаж байна, Та бүхэнд талархаж байна.
 
 
Философич, сэтгэл судлаач Ж.Сандагдорж