sonin.mn
Эмэгтэйчүүд ба бизнес эрхлэх эрх чөлөө, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нөлөөллийн бүлэг бодлого үйл ажиллагаа гэсэн сэдвээр УИХ-ын дэд даргын зөвлөх, уг нөлөөллийн бүлгийн зохицуулагч, “Мongol made”-ийг үүсгэн байгуулагч Бадамдоржийн Пунсалмаатай ярилцлаа.
 
-Иргэдийн тэр дундаа эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо буюу бизнес эрхлэх эрх чөлөөг дэмжих шаардлага байна уу?
 
-Монголд өнөөдөр эмэгтэйчүүдэд ажил эрхлэхэд хаалттай хязгаарласан хууль болон соёлын ялгаа уг нь бага. Бид илүү таатай дэмжлэг хүсээд байгаа юм. Эмэгтэйчүүдэд байгалиас өгөгдсөн үүрэг болох үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээд хөдөлмөрлөх цагаасаа, амжилт гаргах боломжоосоо ухралт хийх шаардлага гарч  байдаг. Тэр алдагддаг хугацааг нөхөх боломж байна уу гэдгийг л бид эрэлхийлж байгаа юм.
 
Сүүлийн үеийн судалгааг харахад 10-аадхан жилийн өмнө эрчүүд болон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин ойролцоо байсан бол өнөөдөр энэ түвшин арван пунктээр ухарч, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ердөө л 50 хувьд хүрчээ. Үүний үндсэн шалтгаан нь цар тахал, цэцэрлэг сургуулийн хүртээмж юм. Үүнийг нэмэгдүүлээд ирэхтэй зэрэгцээд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт дагаад өсдөг нь олон улсын судалгаануудаас  харагддаг. Манайд өнөөдөр цэцэрлэгийн насны 220 мянга орчим хүүхэд байгаагаас 120 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж чадаж байгаа. Үүнийг дагаад ээжүүдэд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, хувиараа хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлага гарч буй юм. Тиймээс иргэд гэрээсээ ажил хийж боломж бололцоог эрэлхийлэн, гараас гарт хүргэгдэх худалдаагаар дамжуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэхийг сүүлийн үед илүүд үзэх болсон. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг анзааран, яаралтай худалдааны тухай болон бусад хуульд эдгээр асуудлыг хуульчилж, иргэдэд нийгмийн даатгал бодуулах нэгдсэн тогтолцоо, цаашлаад банкны зээл, ипотекийн боломж бололцоогоор хангах хэрэгтэй байна.
Ингэснээрээ мөн дэлхийн томоохон компаниуд Монголд үйл ажиллагаа нээхээр орж ирэх үед нь албан ёсны зөвшөөрөл олгох замаар улсын төсөвт ч хувь нэмэртэй өөрчлөлт болно гэж харж байгаа.
 
-Үйлдвэрлэгч бус, хэрэглэгч орон гэдгээ өнгөрсөн хоёр жилд бид илүүтэй мэдэрлээ. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд олон ажиллаж байна. Бидэнд үйлдвэрлэгч орон болох боломж бий юү?
 
-Тогтвортой хөгжлийн гол тулгуур бол үйлдвэрлэл шүү дээ. Дэлхийн тэргүүлэх орнууд ийм л замналаар хөгжсөн. Харин сүүлийн үеийн нэг хөгжлийн тренд бол эдийн засгийн томоохон урсгалаа даган зангилаа инновацын хаб бүс болж хөгжих хандлага бий болоод байгаа.
 
Манайд эдийн засгийн бүтцийн харьцаа алдагдсан юм шиг гэж харагддаг. Уул уурхайн нөгөө талд үйлчилгээний салбарууд л эрчимтэй хөгжиж байна. Энэ байдлыг шинжээчид хасагдах үр өгөөж буюу эдийн засаг яваандаа удаашрах, цалин хөлсний хэмжээ буурах байдал ажиглагдана гэж үздэг л дээ.
 
Тэгэхээр энэ байдлыг батлах гэсэн мэт, “ковид” нүүрлээд ид сандралдаж байх үед бид хил, гаалиас хамааралтайгаа бүгд харж, амны хаалтаа ч өөрсдөө үйлдвэрлэхгүй байгаагаа гайхацгаах болсон. Тэгтэл бидэнтэй ижил гараанаас гарсан Вьетнам улс гэхэд өчнөөн тооны амьсгалын аппаратууд үйлдвэрлэж дэлхийд нийлүүлж эхэлсэн жишээтэй. Ийм ялгаатай бодлогын үр дүнгүүд харагдаж эхэлсэн. Эцэст нь үйлдвэрлэгч орон Вьетнам “ковид”-ын цаг үед ч эдийн засгаа 6.9 хувиар өсгөж чадлаа. Цаашид ч тогтвортой өсөх хандлагатай болчихлоо. Бид тэднээс суралцах хэрэгтэй байна.  
 
-Хөгжлийн банктай холбоотой дуулиан шуугиан намжаагүй байна. Гэтэл бичил бизнес, өрхийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч эмэгтэйчүүдэд зээл олдохгүй, олон хаалт, саадтай тулгардаг. Та бизнес эрхлэгчийн хувьд ямар байр суурьтай байдаг бол?
 
-2010 онд 20 хүрэхгүй хувьтай байсан ядуурал 2022 онд 30 орчим хувьтай болсон. Ядуурал хурдацтай өсөөд байгаагийн цаад шалтгаан нь ажилгүйдэл. Судалгаагаар ажилгүйдлийн түвшин найман хувьтай байна. Үүнийг хөдөлмөр оролцооны нь хувиар тооцож, нийт нийгмийн даатгал төлсөн иргэдийн тоог хөдөлмөрийн насны иргэдтэйгээ харьцуулаад үзэхээр 50 хувь нь ажилгүй гэсэн үзүүлэлт гарна. Үлдсэн иргэд нь  халамжийн тогтолцоонд оршиж байгаа, эсвэл өөрөө өөртөө ажлыг байр бий болгож яваа хүмүүс. Тэгэхээр эдгээр хүмүүст олгогдох боломжийг Хөгжлийн банк үгүй хийлээ. Монгол Улс үнэндээ үйлдвэрлэлийн салбараа анзаарахгүй, тоохгүй байгаа юм уу гэхээр үгүй.
 
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, батлан даалтын сан, хөдөө аж ахуйн сан маш олон ажиллаж байна. Хангалтай их төсөл хөтөлбөр явагддаг ч үр дүн нь иргэдэд, жинхэнэ эздэд нь очихгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Яагаад очдоггүй юм бэ гэдгийг асуудал болгож тавиад улс нийтээрээ хэлэлцэж байна. Цаашид яаж ажиллах вэ гэж харахдаа энэ олон сангийн үйл ажиллагааг шилэн, нээлттэй болгох хэрэгтэй. Ингэж байж хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна. Жишээ нь, АНУ-ын Жижиг бизнесийг дэмжих газар, хувийн компаниудыг дэмжих зорилгоор жил бүр Холбооны нөөцийн сангаас 20 тэрбум ам.долларын зээлийн баталгаа олгож байдаг. Мөн Сингапур болон БНХАУ шинээр нээгдэж байгаа компаниудаа эхний таван жил татвар, хураамжаас нь чөлөөлж дэмжлэг үзүүлж шинэ старт-аппуудаа хөл дээр нь босгож авцгаадаг. Бид эдгээр аргуудаас нэвтрүүлэх хэрэгтэй, сайн туршлагууд шүү дээ.
 
-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нөлөөллийн бүлэг байгуулан ажиллуулж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Эмэгтэйчүүдийг дэмжих олон байгууллага байдаг. Эдгээр байгууллагаас нөлөөллийн бүлэг ямар онцлогтой вэ?
 
-УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн санаачилгаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, эрх зүйн орчныг нь таатай болгох зорилгоор “Тэгш оролцоо-Тэнцвэртэй харилцаа” нөлөөллийн бүлэг байгуулсан. Миний бие зохицуулагчаар нь ажиллаж байна. Нөлөөллийн бүлэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь л гол онцлог гэж хэлж болно. Хууль эрх зүйн орчныг ээлтэй болгоход анхаарлаа хандуулж ажиллах юм. Хийж бүтээе, хөдөлмөрлөе, халамжаас заавал хамааралтай биш, бие даасан байя гэсэн эмэгтэйчүүддээ ямар дэмжлэг төрөөс бий болгох бололцоотой вэ гэдгийг бид харж ажиллаж байна.  
 
 
-Нөлөөллийн бүлэг байгуулагдсанаасаа хойших хугацаанд ямар ажлууд амжуулав. Гол анхаарлаа юунд хандуулж байна вэ?
 
-Дээр хэлсэнчлэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг олон асуудлыг судалж, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх юм. Хууль эрх зүйн орчныг яаж ээлтэй болгох вэ, олон улсын туршлага ямар байна вэ гэдэгт бид гол анхаарлаа хандуулж байна. Монгол Улсын онцлогийг шингээсэн эрх зүйн орчныг бий болгоход судалгаа, эдийн засгийн тооцоолуур, хууль эрх зүйн судалгаа хийхээр төлөвлөж байна. Бид нэг сарын хугацаанд бичил бизнес эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч, шууд худалдаа буюу сүлжээний бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Худалдааны хуульд саналаа тусгуулахыг тэд хүссэн.
 
Олон улсын худалдааг хуульчилж өгснөөр татварт нэмэртэй, тэнд ажиллагсад нийгмийн халамж хүртэх, банкнаас зээл авах гээд маш олон хүний амьдралын чанар сайжирна.
 
Харин үйлдвэрлэгч нартай уулзахад нөгөө олон сайхан нэртэй сангаас зээл авч чадахгүй байна. Зээл авах гээд хөөцөлдөхөөр жижиг зүйл дээр унадаг, ухардаг. Бид энэ хүмүүст хүртээмжтэй болгохын тулд юу хийх вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллаж байна. Ээжүүдтэй уулзахад цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлыг хөнддөг. Хэд хэдэн томоохон бүлэг асуудлыг шийдэх ёстой гэж дүгнэн ажлаа төлөвлөн хийж эхэлсэн. Манай нөлөөллийн бүлэгт олон талын мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд хуульд нэр томьёо оруулах нь чухал гэдгийг олон уулзалт, судалгаанаас харж болохоор байна. Эмэгтэй бизнес эрхлэгч гэдэг нэр томьёо ороод ирвэл түүнийг дагалдан зүйл заалт, тогтоомжууд нь гарах юм. Микро эдийн засгийн түвшинд эмэгтэйчүүдэд илүү боломж олгосноороо макро эдийн засгийн олон суурь асуудал шийдэгдэнэ гэж харж байна.
 
-Бизнес эрхлэгч нөлөөллийн бүлгийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах хүсэлтээ хаана, хэрхэн илэрхийлж болох бол?
 
-Шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх замаар бизнес эрхлэх боломж нь өдрөөс өдөрт хумигдаж, саад бэрхшээлтэй тулгарч байгаа эмэгтэйчүүдэд бизнес эрхлэхэд нь эдийн засгийн тэгш боломжоор хангуулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтгэх зорилгыг минь дэмжиж байгаа бүх хүнд нээлттэй. Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтгэх, уулзалт, хуралдаан зохион байгуулж байна. Оролцох хүсэлтээ гаргаж болно. Нөлөөллийн бүлгийн гишүүн болохын тулд цахим бүртгэлд ч хамрагдаж, бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллээр шуурхай хангуулах боломжтой. Бид фэйсбүүкт “Нөлөөллийн бүлэг” гэсэн пэйж хуудас нээн мэдээллээ оруулж байгаа. Бидэнд саналаа ирүүлж, хамтдаа асуудлаа хэлэлцээд, хууль эрх зүйн орчноо ээлтэй болгоё гэж энэ ярилцлагаар дамжуулах уриалж байна.
 
 
 
-Дотоодын савангийн хэрэглээний 50 хувийг хангахаар зорьж эхлүүлсэн “Mongol made” төслийн талаар ярихгүй өнгөрч болохгүй байх.
 
-Монголын бараа бүтээгдэхүүнийг гадаадын орнууд маш их сонирхдог юм билээ. Органик, эко бүтээгдэхүүнтэй орон гэж хардаг. Тийм нүдээр л харж байх шиг, шошгыг нь уншиж үзээд ганц, хоёр химийн орц байхаар буцаагаад өгдөг. Хүнсний бүтээгдэхүүний элсэн чихрийн орцыг хардаг. Дэлхийн улс орнууд химийн бодис, хүнсний нэмэлт, элсэн чихрээс татгалзах хандлагатай болсон нь анзаарагдаж байна. Тухайлбал, Австрали, Зүүн Азийн олон оронд бараа бүтээгдэхүүн ихээр нийлүүлдэг. Яагаад Зүүн өмнөд Азийн орнууд Австралиас хүнс ихээр авдаг вэ гэхээр бүх бүтээгдэхүүндээ элсэн чихэр оруулдаггүй, зөгийн бал хэрэглэдэг юм байна. Манайд ч зөгийн бал, үр тариа гээд бололцоо маш их. Хятад улс гэхэд мэдлэг шингэсэн эдийн засаг гээд технологи руугаа илүү анхаарал хандуулж эхэллээ.
 
Хүнсний салбараа зарим нэг улс оронд даатгахаар бэлтгэж байж болох юм гэж харж байгаа. Бид үйлдвэрлэж, хөрш орнууддаа бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх хэрэгтэй. Ингэхдээ манай бүтээгдэхүүнүүд органик байх ёстой. Гадаад руу гаргах гэхээсээ илүү импортоо бид эхлээд авах ёстой юм байна гэж бодсон. Тэгээд бид савангийн хэрэглээний 50 хувийг хангахаар зорьж ажиллаж байна. 2-3 жил судалгаа хийж, өнгөрсөн жилээс савангийн үйлдвэрлэлээ эхэлсэн. Манай төсөл эхлээд маш хурдан амжилтад хүрчихсэн. Яагаад гэхээр судалгаа, суурьтайд байгаа юм л даа. Манай төслийн дэргэд эрдэмтэн, судлаачдын зөвлөл ажилладаг.
 
Олон жил судалсан зүйлээ манай төсөлд шингээж өгснөөрөө 100 хувь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн чанартай бүтээгдэхүүн ийм л байвал амжилтад хүрэх юм байна гэсэн бодлоо би биелүүлж, шингээсэн. Маш том маркетингийн туршлага дээр тогтсон. Мөн ээж нартаа цех байгуулах боломж бүрдүүлсэн. Ээж нар дундаа нэг тоног төхөөрөмж дээр ээлжлэн ирж ажиллах зарчим нь сүүлийн үед дэлхий нийтэд дэлгэрч тренд болоод байгаа хамтын эдийн засгийн загвар юм л даа. Гол санаа нь нэг тоног төхөөрөмжийн ашиглалтыг олон ээлж ирж ажиллах учраас сул зогсолтыг нь нэлээд бууруулж байгаа гэсэн үг юм. Цех байгуулчихад гурав, дөрвөн хүн нэг ээлжид ажиллаад 1500 орчим саван үйлдвэрлэж байна. Өдөрт энэ цех шиг хамгийн багадаа гурван ээлж ажиллах боломжийг бид бүрдүүлсэн. Нэг тоног төхөөрөмжийн бүтээмжийг ингэж өндөрсгөж байна. Тиймдээ ч төсөл маань амжилттай, хурдан явагдаж байгаа. Олон хүний сэтгэл шингэсэн, гараараа бүтээсэн бүтээл байдаг учраас хэрэглэгчдээс урмын үг их ирэх болсонд баяртай байгаа.
 
-Танай төслийн бас нэг том зорилго бол 1000 эмэгтэйг ажлыг байраар хангах. Өнөөдрийн байдлаар хэчнээн эмэгтэйг ажлын байртай болгоод байна вэ?
 
-Одоогийн байдлаар 100 орчим эмэгтэйг ажлын байраар хангасан. Энэ жилдээ 250-д хүргэнэ. Боломж олдвол илүү олон ээж нарт хүрч ажиллахыг хичээнэ.
 
-Импортын саванг нефтийн бүтээгдэхүүний хаягдлаар үйлдвэрлэдэг гэж үнэн үү. Тийм мэдээлэл уншиж байсан л даа. Та бүхний хийсэн савангийн орцыг сонирхож үзэхэд үнэхээр эко бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ гээд бахархах сэтгэгдэл төрсөн.
 
-Ер бол “Mongol made”-ийн үйлдвэрлэж байгаа саван хүнсэнд хэрэглэдэг өөх, тосноос гаргаж байгаа юм. Хүнсэнд ашигладаг өөх тосыг хэрэглэж байгаа гэдгээрээ дэлхийн худалдааны томоохон сайтуудад ORGANIC SOAP төрөлд багтдаг өндөр үнэтэй бүтээгдэхүүн. Гэхдээ бид импортын савангуудтай өрсөлдөх чадвараа бодон ижил үнээр дотооддоо борлуулж байгаа. Ер нь гадаадаас авчирч буй хэт хямд үнэтэй зарим савангийн эх үүсвэрийг сайн анзаарч харж уншиж үзээд хэрэглэх нь чухал л даа. Химийн бодис, үнэртүүлэгч, хэт хямд тосны бүтэц гээд чанар сул байж болох талтай. Ийм төрлийн савангаар бол хүүхдийн гар, хувцсыг угааж болохгүй. Харшил үүсгэдэг. Цаашид ялихгүй зүйл дээр ч гэсэн харшил нь хөдлөх гээд байдаг болчихдог учраас аль болох органик савангуудаар гар, арьс үсээ угааж байвал эрүүл мэндэд их хэрэгтэй байдаг.
 
-Танд баярлалаа.