sonin.mn
Монголчууд энэ дайны тухай оросын талын мэдээлэл хангалттай хүлээн авч байгаа тул  мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины хэд хэдэн сайтад бичигдсэн халуун сэдвийг тайлбаргүй хөрвүүлэн сонирхуулъя. Энэ бол sonin.mn сайтын байр суурь биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  
 
 
Түүх урвуугаар давтагддаг гэдэг. 1941 оны түүх одоо давтагдаж байна. 1941 оны зуны тэр нэгэн шөнө Нацистын Герман Зөвлөлт Холбоот Улс руу гэнэт халдан довтолж Аугаа их эх орны дайн эхэлсэн. Үүр шөнөөр 03-04 цагт германы нисэх хүчин Зөвлөлтийн хотуудын аэродром, Улаан армийн нисэх хүчин, цэргийн дэд бүтцийг гэнэт халдан сөнөөж их цэргээ хил давуулсан. Тэгвэл ОХУ яг энэ түүхийг давтаж 2022 оны 2 дугаар сарын 23-ны үүрээр 03-04 цагт Украины цэргийн дэд бүтцүүд, командын байрууд, цэргийн байрлал, агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийг гэнэдүүлэн цохиж дараа нь их явган цэргээ давшуулсан. 1941 он, 2022 оны дайн эхэлсэн түүх яг давтагдаж байна.
 
Зөвлөлтийн ард түмний эх оронч сэтгэлийн бахархал болсон Брестийн цайзын түүх яг тэгэхэд түүхэнд мөнхөрсөн. Зөвлөлт Белоруссын хилийн энэ хотын эртний цайзад Улаан армийн анги байрлаж байгаад гэнэт дайнд орсон. Цайз бүслэлтэд орж, бараг намар хүртэл хамгаалан байлдаж, ухарч давшиж, германы цэрэгт хохирол учруулж байлдсаныг Зөвлөлтийн бүх хүн ард нэгд нэгэнгүй мэддэг. Тэр тухай уран зохиол, уран сайхны кино олон хийгдсэн. Украинчууд Брестийн цайзыг маш сайн мэддэг. Бахархдаг.
Брестийн цайзыг германы верхамт эзэлж авч чадахгүй, агаараас олон удаа балгас болтол нь бөмбөгдөөд амжилт олдоггүй, үүнд вермахтын командлал аргаа барж Гитлертээ хэлэх үггүй цөхөрч байсан түүх эсрэгээрээ өнөөдөр Украины Мариуполь хотын Азовын төмөрлөгийн үйлдвэрт тохиолдож байна.  Оросын командлал дээд ерөнхий командлагч Путинийхээ өмнө ёстой нэг үгээ барж, үйлээ үзэж байна. 
 
 
Азовын төмөрлөгийн үйлдвэр өнөөдөр яг Брестийн цайз болчихоод байна. 1941 оны нацист германы вермахтын цэргийн үүргийг өнөөдөр XXI зуунд Оросын арми гүйцэтгэж байна. Брестийн баатруудын дүрд XXI зуунд Азовын төмөрлөгийн үйлдвэрийн хамгаалагчид тоглож байна.  
 
 
 
Оросоос Украинд өдүүлсөн дайн 56 дахь хоногтоо үргэлжилж, өнөөг хүртэл Оросын зэвсэгт хүчин стратегийн ганц ч ялалт байгуулж чадалгүй байлдсаар байна. Дайны 2-р үе шат эхэлсэн өдрөө л Харьковын хавьд Оросын цэрэг томхон ялагдал хүлээж ухран Оросынхоо хилийг давж орлоо. Харьковын ойролцоох олон тосгон суурин чөлөөлөгдлөө. 
Мариуполь хот бүрэн бүслэгдээд, дараа нь 95% эзлэгдээд байгаа боловч 56 дахь хоногтоо Азовын төмөрлөгийн үйлдвэрийн хамгаалагчид тулалдсаар, бага зайд давшсаар, цөхрөлтгүйгээр оросын цэргүүдэд хохирол учруулсаар байна. Украин даяар Мариуполийн баатрууд, эх орны хөвгүүд гэж нэрлэж байна. Харин оросын суртал ухуулга Азовын неонацистуудыг устгах төгсгөлийн үе шат гэж ярьсаар улиг боллоо.  Азовын неонацистууд нь жирийн ард түмнээ буу тулган барьцаалаад амьд бамбай болгон байлдаж байгаа мэтээр оросын үзэл сурталчид ярьдаг боловч оросуудад бууж өгч амь гуйх сэтгэлтэй нэг ч украин хүн Азовын төмөрлөгийн үйлдвэрийн хорогдох байранд байхгүй гэдэг нь тодорхой болж байна. Тэд амьд гарвал Украин руугаа зугтахаас биш төрөлх хотыг нь үнгс нурам болготол сүйтгэчихсэн оросууд руу очиж аврал эрэхгүй. 
 
Хүмүүнлэгийн коридор гаргаж Украины эзлэгдээгүй хот руу явуулах талаар хэлэлцэж, дэлхий нийтэд тэгэхийг Орост шахаж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй, ердөө тав зургаан мянган хүн гаргасан дүнтэй байгаа. ОХУ-ын тавьж байгаа шаардлага бол Азовын дайчид зэвсгээ хураалган бууж өгөх, украин иргэд нь Оросын цэргийн гаргаж өгсөн коридороор Оросын хяналтад байгаа бүс нутаг руу гарах явдал гэжээ. Оросын хяналтад байгаа хот тосгодод украин иргэдийг хоол хүнс, эм эмчилгээгээр шахан дарамталж ОХУ-ын иргэн хүчээр болгож, болж өгвөл ДНР, ЛНР-ийн адил “Ардын бүгд найрамдах улс” болж Украин эх орноосоо өрх тусгаарлахыг шахаж шаардана. Ингүүлж чадвал Орос нь энэ дайндаа ялсан болж таарна. Ингүүлэхийн тулд Оросын арми эзэлж авсан нутагтаа суртал ухуулга, тулган шаардлага, хавчилт, урвуулах, мөнгө амлах, баривчлах, хүн хулгайлах бүхий л аргыг хэрэглэж байна. 
 
 
 
Мариуполийн эзлэгдсэн нутгийн иргэдийг паспортжуулах ажил оросууд эхлүүлсэн. Тэднээр Азовын дайчдыг санаатайгаар гүтгүүлэн Оросын ТВ-ийн сувгуудаар үзүүлж, болж өгвөл тийм мэдээлэл дэлхийд цацах бодлого барьж байгаа ч Оросын суртал нэвтрүүлэгт итгэх хүн алга.  
 
 
Мариуполийн Азовын цайз Брестийн цайзын адил дахиад хэд ч хоног тэсэх нь тодорхой. Орос нь эзэлж авч чадахгүйгээ хорсоод Мариуполь хотыг балгас болтол нь бөмбөгдсөн, хотын 95 хувь балгас нуранги болсон, газартай нь тэгшил гэсэн шийдвэр дээрээс ирсэн, иймд энэ хотыг сэргээх ажил маш их өртөгтэй тусна. Барилга байшин, хот гудамж бол сэргээгдэнэ. Харин дайны хөлд, оросын сум бөмбөгөнд алтан амиа алдсан тэр олон мянган орос, украин хүний эрдэнэт амь хэзээ ч нөхөгдөхгүй.
 
 
Брестийн цайзын түүх Оросын эсрэгээр Азовсталь үйлдвэрийн балгас дээр бичигдсээр байна.
 
Орос, украин хэлнээс түүвэрлэн орчуулсан Д.Номиндарь