sonin.mn
Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Г.Ганболдын хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын бүтээл “Аялгуу”-г эвэр бүрээ хөгжмөөр эгшиглүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд ихэд тархав. 
“Зэвсэгт хүчин хугацаат албаны дайчдадаа зөвхөн цэргийн хэргийн мэдлэг олгож, эх оронч үзэл хүмүүжилтэй иргэн хүнийг бэлтгэхээс гадна авьяас чадварыг нь өнгөлөн тодруулж байгаад талархаж байна” гэсэн сэтгэгдэл дүүрэн. Авьяаслаг байлдагчийг ирээдүйд шилдэг хөгжмийн зохиолч, хөгжимчин болно гэцгээсэн нь түүнд том урам зориг өгөв. Байлдагч Г.Ганболдтой төсөрхөн ярилцлаа.
 
Таны авьяасын тухай, сонирхлын тухай ярилцлагаа эхлүүлье...
 
-Баярлалаа. Намайг Гантулгын Ганболд гэдэг. Эхээс гурвуулаа, айлын том. Аав С.Гантулга, ээж Б.Энхтуяа хоёр маань Төмөр замд ажилладаг, замчин хүмүүс. Хоёр дүү маань сурагч. Хөгжмийг сонирхож эхэлсэн минь сурагч байхаас эхлэлтэй. Учир нь миний аав хөгжим их сонсох дуртай, сайхан аялгуу бүрийг хүүхдүүдээ сонсгодог. Өөрөө хөгжим тоглож чадахгүй ч сэтгэл бадраасан хүчтэй аялгуу болон тайвшрал төрүүлэх зөөлөн эгшигт их дуртай. Энэ нь хөгжимд дуртай болгож хүмүүжүүлсэн гэсэн үг. Зургаадугаар ангиасаа Монгол Улсын Консерваторийн харьяа Ерөнхий боловсролын сургуульд сурч төгсөөд үргэлжлүүлэн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуульд нь хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцаж байгаа. Нэгдүгээр дамжаанаасаа цэргийн албанд татагдсан л даа. Манай багшийг Б.Баасансүрэн гэдэг, хөгжмийн их өндөр боловсролтой хүн. Багш маань намайг эвэр бүрээ хөгжмөөр дагнан хичээллүүлсээр 7 жил өнгөрсөн байна.
 
 
Эвэр бүрээ хөгжмийнхөө талаар танилцуулахгүй юу?
 
-Эвэр бүрээ хөгжим нь анх уриа дуудлагын хэлбэрээр ашиглагдаж байсан гэж үздэг. Ялангуяа цэргүүдийг цугларалтад дуудахдаа ашигладаг байсан ч гэдэг. Анх Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Л.Мөрдорж 1956 онд үндэсний хөгжмийн зэмсгийг мэргэжлийн түвшинд сайжруулах, хөгжмийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх зорилгоор тухайн үеийн хөгжим урлаач нарт үндэсний уламжлалт хэлбэр дүрстэй, өөрийн гэсэн өвөрмөц дуу эгшиглэгээтэй үлээвэр хөгжмүүдийг хийж бүтээх саналыг тавьснаар эвэр бүрээ үүссэн гэж үздэг юм.
 
 
Бусад хөгжмийн зэмсгийг ихэвчлэн үйлдвэрийн аргаар хийж боловсруулдаг бол эвэр бүрээг зөвхөн гар аргаар уран дархан хийдэг гэдгээрээ онцлогтой. Эвэр бүрээ нь үлээх хэсэг, их бие, амсар, зэмсгийн хайрцаг, 29 нүх цоолбор, хавхлагаас бүрддэг ба 10 хуруугаараа зэрэг хөгжимдөж тоглоно.
 
 
 
Таны мөрөөдөл?
 
-Эвэр бүрээ хөгжмөө олон улсад таниулахыг хүсдэг. Мэдээж сайн хөгжмийн зохиолч, хөгжимчин болж байж үүнийг хийнэ. Тэгэхээр би цаг алдалгүй хичээх ёстой. Хэдийгээр цэрэгт ирээд сонирхлоороо хичээллэх цаг хумигдсан ч Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удирдлагууд дэмжиж, онжавууддаа хөгжмөө тоглож өгөх боломж олгодогт нь маш их баярладаг. Манай онжавууд “Үхрийн эвэр шиг этгээд хөгжим юм” гээд их гайхдаг шүү. Үндэсний гэдэг онцлог нь өөрөө гадаад төрхөөрөө илэрхийлэгдэж байгаа нь тэр.
 
Эрхэм байлдагч Та өөрийгөө тодорхойлооч гэвэл?
 
-Эх орны хүү. Тангараг өргөсөн цэрэг эр. Үүний цаана маш олон санаа агуулагдана. Эх орны үнэ цэнийг ойлгох, эр цэрэг байхын жаргалаас эхлээд л.
 
Эх орон гэж таны бодлоор?
 
-Эх орон гэж бидний амьсгалах агаар, амьдран суугаа газар. Саяхан цэргийн дарга нар энхийг сахиулах ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм.
 
 
Тэр танилцуулгад Өмнөд Судан улсын хүүхэд багачууд цэвэр усны төлөө хэрхэн тэмцдэг, эрх чөлөөт амьдралыг хэрхэн хүсдэг талаар сонсоод эх орноороо бахархаж, монгол хүн бол төрсөндөө их баярласан шүү.
 
 
Энэ завшааныг ашиглаад хайртай аав, ээж, дүү нар, багш нар, найз нөхдөдөө мэнд дэвшүүлээд “Хүү нь эх орны төлөөх сайхан дурсамж бүтээж  байна. Сайхан дурсамжаар дүүрэн явна аа” гэж хэлье.
 
 
Ахлах дэслэгч Д.БОЛОР