sonin.mn
УБ-аас аймгийн төвүүд хүрсэн холбооны шугамаар дижитал дата дамжуулах боломжтой эсэхийг шалгасан үе 1978-1979.
 
Статистикийн Төв Газар (СТГ)-ын харъяанд байсан ч статистикиийн мэдээний боловсруулалт хийхийн зэрэгцээ дата боловсруулах, хадгалах үйлчилгээг МУ-ын байгууллага, иргэдэд зориулан явуулдаг Тооцоолон Бодох Төв (ТБТ)-ийн Тооцоолох Техникийн Засварын Газар (ТТЗГ)-ын дарга И.Жүгдэрнамжилын боловсруулж ТБТ-ийн дарга Л.Дүвжирээр батлуулсан төлөвлөгөөний дагуу, ТБТ-ийн инженер-электрончид 1978 оны сүүлээс эхлэн Холбооны Яамны ЛАЦ (одоогийн төв шуудангийн 2-р давхарт байсан сэлгэн залгах төв)-д 300 бод (бит/с) хурдтай модемийн хамт Hewlett Packard компанийн дата тестер суурилуулж УБ-с 18 аймгийн төв, мөн Эрдэнэт, Дархан хотуудын ЛАЦ хүртэлх телефон сувгуудаар тоон өгөгдөл дамжуулах боломжтой эсэхийг нь шалгаж эхлэв. Шалгалтыг нэг инженер-электронч аймгийн төв орж холбооны станцын сувгуудын УБ-ын модемтой холбоотойд нь модемоо залгаад “залгалаа” гэж хэлэхэд нь ЛАЦ дээр жижүүрлэж байсан инженер дата тестерээс 300 бодоор өгөгдөл дамжуулаад буцааж авч харьцуулж үр дүнг нь тэмдэглэх замаар шалгалт явуулж байв. Өдрийн цагаар залгагч нар хажуугаас гарнитур (микрофон бүхий чихэвч) залгаад “байна уу” гээд алдаа үүсгээд байсан тул ачаалал хамгийн багатай үе буюу шөнө, үүрээр хэмжилтээ хийж байлаа. УБ-ын талд хэмжилт хийх инженер шууд ЛАЦ дотор хонож хэмжилт хийн, үр дүнг бүртгэдэг байсан тул тэр үед гэр бүлгүй байсан үүнийг бичигчид энэ үүрэг ногдсон. ЛАЦ дотор шөнө бүр сууж байдаг байсан Гонгор гэдэг ахмад инженер үүнийг бичигчид их тус болдог байж билээ. Гонгор гуай энэ тэжээлийн хэсэг, тэр кросс, энэ ялгаварлах систем гм-ээр зогсуурууд, тэдгээрийн доторхи төхөөрөмжүүдийг тайлбарлана. Аймаг руу явсан ТБТ-ийн инженер аймгийн төвийн ЛАЦ-д шөнийг өнгөрөөдөг байв.
 
Судалгааны үр дүн нэлээд удаж гарсан нь 2 аймаг руу инженер явуулаагүй удсантай холбоотой. Тэр үеийн УБ-аймаг хоорондын холбооны шугам, хэдий багана дамжсан төмөр утсан шугам харагддаг байсан ч, энэ нь эсэргүүцэл багатай атлаа бөх, хөнгөн, зэвэрдэггүй, удаан эдэлгээтэй гм шинж чанарууд шингээсэн металл байв. Холын аймгуудын шугамыг боронзон кабелиар сольж дууссан байсан ба үүгээр, өдөр ч гэсэн 300 бодоор өгөгдөл дамжуулахад гарах алдааны магадлал бага (сая битэд 1-с бага алдаатэй гэж протоколд орсон) байсан тул УБ-Дорнод төдийгүй, УБ-Баян-Өлгий, УБ-Увс хооронд ч 300 бит/с-н модем ашиглаж дижитал дата дамжуулах боломжтой гэж урьдчилсан дүгнэлт гарсан тул И. Жүгдэрнамжил дарга, аймгуудаас ТБТ-ийн мэйнфрэймд шууд хандах туршилт хийх зорилгоор модем, терминал захиалсан.
 
УБ-т дижитал дата дамжуулах бодитой туршилт хийсэн нь: 1979-1980
 
Инженерүүд 1979 оны эцэст Герман Улс (БНАГУ)-с 1 сая ам доллар орчмоор худалдаж авсан, IBM360-ийн соц орнуудын хуулбар, ЕС-1040 мэйнфрэймийн иж бүрдэлд ирсэн 2ш модем ЕС-8006, дисплей бүхий терминал AP-64-г бодитоор туршиж үр дүнг СТГ-т танилцуулах ёстой болов. Бид эхэлж KRS4201 (энэ нь нэг талдаа модем залгах AS-8 нэртэй 3 асинхрон адаптертай, нөгөө талдаа IBM360-ийн мультиплексор сувагт холбогдох AS-4 нэртэй 1 адаптертай, МПД-4 нэртэй холбогч процессор болж ажилладаг мини компьютер байв)-н нэг AS-8 адаптерт АP-64 нэртэй, дисплей бүхий терминалыг шууд болон хос ЕС-8006 модемоор датасентер дотроо холбож, KRS4201-ын ассемблер хэл дээр AP-64-тэй мэдээлэл солилцох программ бичсэнээ ажиллуулж шалгав. Дараа нь AP-64-ийг өөр өрөөнд байрлуулан УБ-ын АТС-ээр дамжуулж зөвхөн KRS4201-тай, мөн түүгээр дамжуулж IBM360-тай холбох туршилт хийв. Үүний тулд KRS4201 дээр IBM360-аас ирсэн мэдээллийг АР-64 холбогдсон AS-8 порт руу “шиддэг” программ бичиж ажиллуулж орхиод, IBM360-ийн инженерийн пульт дээр санах ойн нэг хэсэгт бичсэн датаг KRS4201 руу явуулдаг жижиг программ бичиж, циклдүүлэх замаар ТБТ-ийн байранд өгөгдөл дамжуулж туршихад асуудал гараагүй, хэвийн байв. IBM360 нь IBM OS/360 үйлдлийн системтэй байсан ба алсаас мэдээлэл дамжуулах дэд систем дагалдаж ирсэн нь BTAM (basic telecom access method) нэртэй байв. ТБТ-ийн системийн админ Даваасамбуу BTAM-ыг ашиглаж AP-64-с IBM360-д мэдээлэл оруулах, гаргах туршилт хийхэд нь бас асуудалгүй байв. Гэвч ТБТ-д алсаас мэдээлэл оруулах хэрэглээний апп байсангүй, апп хөгжүүлэх гэхэд 1 терминал, түүнд холбоотой 1 дисплей байсан тул энэ ажил хойш тавигдсаар, 1983 онд МЕРА-100 (энэ нь дисплей, хэвлэгч, соронзон кассетийн санах ой, 1200/2400 бодын модем бүхий мини компьютер) ирснээр дахиж сөхөгдсөнгүй. 2 жил орчмын хугацаанд модемийн технологи сайжирснаас, хамгийн удаан нь байсан ч, хямд гэдгээр нь сонгосон ЕС-8006 модем хүртэл 600/1200 бодын буюу тест хийсэн 300 бодын модемтой маань харьцуулбал 2-4 дахин өндөр хурдтай болсон байлаа. 1980 оны 9 сарын 26-нд Санхүү, Нягтлан Бодох, Бүртгэлийн Ажилтны Улсын II Зөвлөлгөөний үеээр одоогийн ҮЭ-ийн СТО-ны 2-р давхарт байрлуулсан AP-64 теминалыг, 2 телефоны 4 кабель ашиглан, дуплекс горимоор, СТГ-ын ТБТ-ийн IBM360-тай холбож мэдээлэл дамжуулснаар төв компьютерт телефоноор, манай, ихэвчлэн шон дамжин татагдсан кабель шугам (Германы ФЕБ Роботроны мэргэжилтнүүдийн ахлагч Рёр 1979 оны 7 сард, манай телефоны кабелийн системтэй танилцаад, “дата дамжуулахад найдвартай биш, хатуу гальваник шинж чанартай” гэж хэлж байснаас эргэлзээ төрж байсан юм), АТС-үүдийг дайруулан тоон өгөгдөл дамжуулж, мөн тэндээс авч болох юм байна гэсэн итгэл төрөв. Тоон мэдээлэл дамжуулсан тухай материал [2]-д. 
 
УБ-т дижитал дата дамжуулсан туршилтын үр дагавар
 
II зөвлөлгөөн дээр үзүүлсэн туршилтын үр дүн төлөөлөгчдөөр дамжин яамд, үйлдвэрийн газруудын дарга, ня-бо, эдийн засагчдын чихэнд хүрч, байгууллага дээрээ мини компьютер, эсвэл терминал суурилуулаад модемоор ТБТ-ийн мэйнфрэймтэй холбогдчихвол ТБТ-д биеээрээ мэдээллээ авчирч өгөх, үр дүнг ирж авах шаардлагагүй болж цаг хожино гэж тооцон, байгууллагууд 1980 оны 9 сараас буюу Зөвлөлгөөн дуусахтай зэрэг СТГ-т санал дэвшүүлж байснаар, эхний удаа МУ-ын 18 аймгийн төв (тэр үед 18 аймагтай байв), Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудын статистикийн товчоод, зарим яам, улсын төлөвлөгөөний комисс (УТК), шинжлэх ухаан, техникийн улсын хороо (ШУТУХ), ШУА, ноосны үйлдвэрийн нэгдэл, арьс, ширний үйлдвэрийн нэгдэл, мах, гурилын комбинат гм олон ажилчинтай үйлдвэрийн газруудаас 50-д нь миникомпьютер суурилуулаад ТБТ-ийн IBM360-д холбох, түүн дээр ажиллуулах мэдээлэл боловсруулах хэд хэдэн эпликэшн, мэдээллийн сан удирдах систем зэргийг тусгасан жагсаалт гаргав. Ихэнх үйлдвэрийн газрын мэдээллийг боловсруулах эпликэшнийг хэдийн ТБТ-д бүтээгээд соронзон зөөгчүүд дээр, тэдний динамик өгөгдлийн хамт хадгалж сар, улирал, жилийн шинэ мэдээллээр баяжуулж, мөн боловсруулалтыг нь хийж өгдөг байсан.
ТБТ нь мини компьютер суурилуулж, сүлжээнд холбох яамд, үйлдвэрийн газар, статистикийн товчоодын жагсаалтаа СТГ-аараа дамжуулан Сайд нарын Зөвлөл (СнЗ)-д буюу ЗГ-таа өргөн дэвшүүлсэн. Гэтэл СнЗ жагсаалтыг Улсын төсөвт оруулсангүй. Үүний учир УТК-ийн дэргэд үнэ нь 15 сая шилжих рубль (20 сая дөхүү ам доллар)-ийн өртөгтэй Датасентер байгуулах, дотор нь IBM370 (ЕС-1045) систем суурилуулж 1983 онд ашиглалтад оруулах зорилготой байснаар удалгүй тайлагдав. Төрд дахин нэг Датасентер огт хэрэггүй байсан нь тэр төв 8 жилийн дараа хаагдсанаар батлагдсан. Энэ өндөр үнэтэй датасентер өдөрт 8 цаг ажиллаж, бусад үед зогсдог байсан нь датасентерийн ажлын байж болшгүй горим. БНМАУ-ын СнЗ аймаг, байгууллагуудад компьютер авч нэгдсэн сүлжээнд холбох СТГ-ын хүсэлтийг үндэслэлээ сайжруулаад НҮБ-д явуул хэмээн буцаагаад СТГ-т даалгасан байсан. 50 мини компьютер, өндөр хурдтай телепроцессор, 50 хос модем, мэдээллийн сан удирдах систем зэргийг агуулсан жагсаалтаа СТГ-ын дэргэд ажиллаж байсан НҮБ-ийн төслийн нэгжид өгөхөд тэд НҮБ-ийн стандарт төслийн хэлбэрт оруулаад АНУ-д байрлах НҮБ-ийн төв байр руу шуудангаар явуулаад нэлээд удав. 
1981 оны эцэст СТГ-т НҮБ-ийн миишн (ирэхээс нь өмнө цахилгаан дээр mission ирж явна гэж бичсэн байсныг хүн үү, ачаа юу гэдгийг ялгах гэж бид удаан маргалдаж билээ) ирж (тэр нь 2 мэргэжилтэн байсан) жагсаалтыг маань мөр бүрээр лавлаад, ТБТ-ийн дата сентерт орж үзээд, Төв аймагт дата тестер суурилуулж суваг шалгаад, зарим үйлдвэрийн газраар орж ярилцаад явсан. 1982 оны хаврын нэг өдөр, СТГ-ын дэргэдэх НҮБ-ийн төслийн багийн ахлагч Quittner (Унгар улсын иргэн) манай төслийг батлагдсан гэж хэлсэн гээд статистикчид, ТБТ-ийнхэн маань их хөөртэй байв. Жагсаалтыг сонирхоход зөвхөн статистикийн нэгжүүдэд суурилуулах төхөөрөмжүүд тусгагдаад, яамд, УТК, ШУА, үйлдвэрийн газруудад тавигдах компьютерүүд хасагдсан байсан ч энэ нь нэг талаасаа дэвшил байлаа. Олон улсад тендер зарлах, санал ирүүлсэн улсуудад очиж танилцах, үнэлгээ хийх, гэрээ байгуулах гм ажлууд эхлэв. Энэ ажилд инженерүүд оролцоогүй. 
ШУА-д суурилуулах төхөөрөмж хасагдсан байсан ч, тэд манай мэйнфрэйм, мэдээллийн санг алсаас ашиглах зорилгоосоо ухраагүй. ШУА-иас ирүүлсэн, IBM360-р бодуулах ажлуудыг ТБТ-ийн Электрон машин ашиглалтын хэлтэс (дарга нь Ш. Соодой гуай байв) 3-р ээлжинд хуваарилдаг байснаас, тэдний программист Цэнд-Аюуш, ... нар ТБТ-д шөнө ирж ажилладаг байв. Тэд энд хийгдэж байсан туршилт, ашигласан төхөөрөмж зэргийг сайн мэддэг байсан тул захиргаандаа алсаас хандах терминал авъяа, түүгээрээ ТБТ-ийн IBM360-д төдийгүй гадаадын санд хандаж байя гэсэн санал тавьж байсан байх. 
 
УБ-с Москвагийн мэдээллийн санд хандсан туршилт, гарсан үр дагавар
 
Удалгүй ШУА-ийн Эрдэм шинжилгээний мэдээллийн хэлтсийн ЭША Ш.Батмөнх (сүүлд доктор, профессор болсон) агсан ирж танайд байгаа техник ашиглаад маш их мэдээлэлтэй Москвагийн Нийгмийн ухааны мэдээллийн төв (ИНИОН)-ийн мэдээллийн санд алсаас хандаж болох юм биш биз, тэд сандаа хандахыг зөвшөөрсөн, туршаад болж байвал бид тоног төхөөрөмж захиална, манай эрдэмтэд шаардаад байна гэв. Би тэр үед IBM360-ийн төв процессор, дата дамжуулах систем зэргийг хариуцаж байсан тул Ш.Батмөнх агснаас техникийн шаардлага ямар байхыг лавлахад дараахи мэдээлэлтэй цаас харуулж билээ. Үүнд:
Телефон шугамд 2 утсаар буюу 1 дугаараар холбогдоно (гар коммутацаар);
Дугаар цуглуулахгүй, залгагчаар Москвагийн дугаартай холбуулсан байна;
Асинхрон буюу старт-стопын горимтой модем ашиглах;
Модемдавтамжийн модуляцитай байх;
Стоп бит-ын урт 1.5 бит;
Хурд 600 бод;
Үсэг тоон гар бүхий, С2 интерфейстэй дисплей ашиглах;
Мэдээллийн санд usename, password ашиглаж нэвтрэх;
Сан ашиглах командууд судалсан байх.
ИНИОН-ы мэйнфрэйм: Hewlett Packard Model 3000
 
Би эдгээрийг үзээд Москвагийн компьютер дээрх мэдээллийг эндээс уншдаг болчихвол жинхэнэ дэвшил гэж бодоод “ТБТ-ийн захиргаанд хандаж зөвшөөрөл авна уу” гэхэд минь Ш.Батмөнх “жагсаалтад байгаа үзүүлэлтэд нийцэх тоног төхөөрөмж танайд байна уу, тэгвэл хандаж болно” гэв. Нарийвчилж судлаад хариу хэлъе, УБ-Москва хооронд телефон суваг авч байж туршина тэр их үнэтэй, хэн төлөх вэ гэж асуухад минь Ш. Батмөнх “төлбөрийг ШУА гаргана” гэв.
Дээрх жагсаалтын HP3000 гэдэг нь чухал биш, толгой мэйнфрэймүүд ямарч байж болно, харин дисплей гэсэн нь бэрхшээл үүсгэж болох байсан тул дисплей бүрээ шалгав. ТБТ-ийн инженер-электронч О.Батсүх агсан (2004 онд нас барсан), инженер-электронч А. Батмөнх (одоо ШУТИС-ын Др., Проф.) нартай ярилцаж та хоёрын мини компьютер ЕС-1010-ийн пультийн VSD52100 дисплей C2 (RS-232, гэхдээ 25 контакттай) интерфэйстэй байна, түүнд модем залгаж туршилт явуулах хэрэг гарч магадгүй боллоо, задалж шалгана уу гэхэд техникийн баримт бичиг, схемийг нь үзээд хэлье гэцгээв. Би дисплей, дот матрицан принтер зэрэгтэй нэлээд ухаалаг терминал АP-64-д залгаастай Унгарын ORION компанийн дисплейг шалгахад зөвхөн коаксиаль кабелийн оролттой байв. Мэдээлэл бэлтгэдэг дисплей овоо олон, бүр 12ш байсан ч, тэд мөн л коаксиаль оролттой харагдав. Ганц найдлага пультийн 24 цагаар ажиллуулдаг VSD52100 дисплей болов. 
А. Батмөнх, О. Батсүх нар VSD52100 дисплейг, өдрийн цайны цагаар, задалж шалгаад С2-ын контактууд нь доторхи электрониктой холбогдсон, асинхрон горимд шилжүүлж, хурдыг нь 600 болгон бууруулах, стоп битийн тоо, хэмжээг өөрчлөх горимуудтай болохыг олж мэдэв. Би IBM360-тай ирсэн ЕС-8006 модемийг задалж үзэхэд хурдыг 150, 300, 600, 1200 бит/с-ийн аль нэг болгох гэвэл харгалзах контактыг холбож гагнахад дээрх шаардлагад нийцэхээр байв.
 
Ш.Батмөнхийг дараа ирэхэд нь шаардлагатай үзүүлэлттэй модем, дисплей манайд байна, дисплей нь 24 цагаар ашиглагддаг, модем бол чөлөөтэй, одоо ТБТ-ийн даргатай уулзана уу гээд явуулав. ТБТ-ийн захиргаанаас туршилт хийх тухай даалгавар бидэнд өгөгдөлгүй хэд хоносны дараа Ш.Батмөнх маань дахиад л ороод ирэв. Тэр “Та нар өөрсдөө туршаад өгөөч” гэсэн хүсэлттэй болчихсон байв, учир нь ТБТ-ийн дарга Л. Дүвжир туршилт хийхийг зөвшөөрөөгүй байж. Л. Дүвжир даргад нөлөөлсөн байгууллага нь Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам (НАХЯ) байсан байх (Г.О.). 2022 оны 2 сард энэ сэдвээр тухайн үед ТБТ-ийн электрон машин ашиглалтын хэлтсийн дарга байсан Ш. Соодой гуайтай ярилцахад “тэр үед ШУА-иас академич, доктор, проф П. Хорлоо гуай ирж энд байгаа дисплейг Москвагийн ИНИОН-ы компьютертэй холбох туршилт хийх тухай хүсэлт тавьсан, гэхдээ түүнтэй хамт НАХЯ-ны тагнуулын албаны мэргэжилтэн бас байсан, тэр энэ ажлыг хийлгэх дургуй юм байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн, тэдэнтэй дахиж уулзаагүй” гэж билээ. Дата дамжуулах туршилт хэд, хэдийг хийгээд байсан надад Москвад буй компьютертэй мэдээлэл солилцох туршилт хийх гэдэг маш сонирхолтой байсан тул үзээд алдмаар байсан ч, сул дисплей байгаагүй тул Ш.Батмөнхөд “инженер-электронч О.Батсүх, А.Батмөнх нарын хариуцдаг ЕС-1010-ын пультийн консоль дисплей л техникийн шаардлага хангаж байна, даан ч тэрнийг хэдийд ч зогсоодоггүй юм гээд түүн рүү хартал “мэдлээ” гэчихээд л гүйхээрээ шахуу гарав. Удалгүй О.Батсүх маань намайг дуудуулахаар нь очтол “энэ туршилтыг нууцаар хийе, Ш.Батмөнх бид хоёр дунд сургуулийн нэг ангийн хоёр, би дисплейг чөлөөлөх арга олно” гэв. О.Батсүх бид хоёр ТБТ-ийн хэдэн зуун төхөөрөмжөөс зөвхөн модем, дисплей 2-ыг л ашиглана, энэ 2 цахилгаан их идэж байгууллагыг хохироохгүй, дотоод систем рүү холбогдохгүй, ТБТ-ийн захиргаанд байтугай инженер, программ зохиогчдод ч мэдэгдэлгүй хийчихье гэж ярилцаад туршилт хийх шийдвэр гаргачихав. Тэр үед ТБТ 3 ээлжээр ажилладаг буюу тоног төхөөрөмжийг 24х7 цагаар, бүтэн сайнд ч зогсоолгүй ажиллуулдаг байсан үе. ЕС-1010-ийн хувьд 12 дисплей дээр нь операторууд мэдээлэл шивнэ, тэд нормоор, цагт ~6000 тэмдэгт зөв шивж байж цалингаа бүтэн авна, хэдэн цагаар саатуулахад л наад зах нь тэдний орлогод сөрөг нөлөөтэй. Консоль дисплейд чөлөө огт гарахгүй. Харин урьдчилан сэргийлэх техникийн үйлчилгээ хийх зорилгоор хэд хоногийн өмнө хүсэлт тавьбал, бүтэн сайнд системийг зогсоож болох зохицуулалт ТБТ-ийн журамд байсан. Бид гурвуул энэ журмын заалтад дөрөөлж бүтэн сайнд IBM360 мэйнфрейм, ЕС-1010 зэрэгт графикт бус үйлчилгээ хийх шаардлага гарлаа гэж зөвшөөрүүлж, ажиллагсдыг ирүүлэхгүй болгоод ШУА-н ЭША Ш.Батмөнхөд 1982 оны 4 сарын 18-нд, 15 цагт (Москвад ажил эхэлж систем админ ирж амжсан байна гэснээс) туршилт эхлүүлъе гэсэн санал дэвшүүлэв. 
 
Дотроо түгшүүртэй байсан би О.Батсүхтэйгээ туршилтын талаар санал солилцов. Мэйнфрэймүүд, мөн МУ-ын дижитал архивын соронзон туузан зөөгчүүд зогсууруудад, операторуудад авч ашиглахад нь хялбар болгох үүднээс ил өлгөсөн нь хэдэн мянгаараа ярайж байдаг Датасентер рүү гадны хүнийг оруулдаггүй тул Ш.Батмөнхийг хамгаалалтын цагдаа ажлын бус цагаар нэвтрүүлэхгүй нь тодорхой байсан тул түүнийг205-р өрөөнд “орчуулга хийхэд зөвлөлгөө авна” гэж цагдаад тэмдэглүүлээд оруулна гэж төлөвлөсөн санагдана. 2-р давхарт гарсан тохиолдолд түүнийг энэ давхарт байх Датасентер рүү аваад орчих боломжтой. Цагдаа 1-р давхарт тул харахгүй, өгсөж ирж шалгахгүй л бол мэдэхгүй үлдэх магадлал өндөр байсан. 
Үүнийг бичигч ЕС-8006 модемоо хоёуланг задалж шаардлагатай горимуудыг тохируулаад КRS4201-ийн пульт дээр жижиг программ бичиж тэндээс AP64 рүү модемуудаар дамжуулан дата явуулж шалгахад 600 бодоор явж байсан тул ажиллагаа, тохируулга хэвийн гэж үзэв. Модуляци нь амплитудын биш, давтамжийнх байсан. Мөн 25 хөлтэй С2 интерфейсийн кабель (RS-232), утаснаас салаалах телефоны утас олж бэлтгэв.
 
ШУА-ийн ЭША Ш.Батмөнх 4 сарын 18-нд үдээс өмнө Москвагийн ИНИОН-ы HP3000 мэйнфрэймтэй холбоотой модемийн ... дугаартай ТБТ-ийн ЕС-8006 модемд холбох 27550 гэсэн дугаар (энэ дугаарыг өнөөдөр ч энэ датасентер байсан байранд ашиглаж байна, гэхдээ урдаа 3-тай болсон)-ыг холбуулах,операторуудын ашигладаг телефоны 29940 гэх дугаар (асуудал гарвал үүгээр Москвагийн талын мэргэжилтнүүдтэй ярьж зөвлөлдөх байв)-ыг Москвагийн Датасентерийн ээлжийн инженерийн дугаартай холбуулах зэрэг захиалга өгөх, төлбөрийг төлөх, мэдээллийн сангийн админ зэргийг энэ цаг үед Москвад ажил дээр нь байлгах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авав. УБ-Москва хоорондын 1 минутын ярианы тариф 70 гаран төгрөг байсан нь ~USD21/Мин болж байсан санагдана.
 
О.Батсүх маань хамтарч орчуулга хийнэ гэдэг үндэслэлээр байх, ямар ч гэсэн 1982 оны 4 сарын 18-ны бүтэн сайнд Ш.Батмөнхийг цагдаагийн хамгаалалттай СТГ-ын байрны үүдээр албан ёсоор нэвтрүүлж чадаад 2 давхарт гаргаад ирэв. Бид дөрвүүл 330 КвМ талбайтай Датсентер рүү орж, хаалгаа дотроос нь цоожлоод, тохируулгуудаа эцэслэн шалгаад VSD52100 дисплейг ЕС8006 модемд, модемийг 27550 дугаартай утасны кабельд залгаж, төхөөрөмжүүддээ тэжээл өгч дахин нягтлаад Ш.Батмөнхдөө БЭЛЭН гэж хэлэв. Ш.Батмөнх ЛАЦ руу залгаж 27550 дугаарыг Москвагийн ... дугаартай залгах захиалга өгөгдсөн байсан, одоо залгана уу гэв. Асуудал гарвал Москвагийн сисадминаас зөвлөлгөө авна гэж миний найдсан 29940-ыг ИНИОН руу залгуулаагүй нь түгшүүр төрүүлж билээ, гэхдээ ярих шаардлага гараагүй.
 
 
 СТГ-ын ТБТ-ийн оператор Нарантуяа консол VSD52100 дисплей дээр миникомпьютер ЕС-1010 системд команд өгч байна. 1980 он. 1982 оны 4 сарын 18-нд СТГ-ын ТБТ (одоогийн ЗГ-ын III байр, 2-р давхар, сургалтын танхимын хойд хэсэгт, ҮСХ)-с Москва дахь ИНИОН-ы HP3000 мэйнфрэймтэй холбогдож мэдээллийн санд нь хандахад энэ дисплейг ашиглав.
 
VSD52100 дисплейг зүүн урдаас нь харсан байдал
 
Бид VSD52100-ийн гар дээрх return товчийг байн, байн дарж байтал, их удалгүй дисплей дээр UN, PW нэхсэн бичиг үсэг бүр нь нэг, нэгээрээ аажуухан цувсаар гарч ирэв. 600 бод буюу бит/с гэдэг секундэд 60 орчим тэмдэгт гэсэн үг. Тэр үед тоон мэдээлэл дамжуулахад тэмдэгтийг 7 битээр кодлоод, контрол бит 1, стоп, старт тус бүр 1 бит, нийлээд 10 орчим бит болгож явуулдаг, хүлээж авдаг байв. График дэглэм ашигладаггүй байсан үе. Текстийг хэр зэрэг хүлээж авсан тухай мэдээгээ ACK, NACK зэргээр, тухайлбал алдаатай байсан бол NACK явуулж тэр текстийг давтан дамжуулах гм-ээр бодит хурд багасч болно. UN, PW бөглөөд Return товч дарсны дараа орос хэл дээр меню гарав. ЭША Ш.Батмөнх зааврын дагуу командуудыг нь ашиглан сангаас мэдээлэл хайх туршилт хийв. Хариу их удалгүй ирж байсан нь одоогийн УБ хотын төвийнхний интернеттэй харьцуулбал маш удаан байлгүй яахав, гэхдээ энэ нь цаана хүнгүй байхад мэдээллийн сантай харилцаад, тэнд байгаа агуулгаас аль нэгийг нь өөрөө сонгоод татан авч Москвагаас 6000 км зайтай Улаанбаатарт байгаа дисплей дээр уншиж болж байсан нь онцгой үйл явдал байв. Би модемоо шаардлагын дагуу бэлтгэсэндээ, О.Батсүх, А.Батмөнх хоёр дисплейгээ зөв тохируулсандаа баяртай байв. Бид журам зөрчсөнөө ойлгож байсан ч, Москвагийн HP3000 мэйнфрэймтэй холбогдож чадсан гэхээсээ, мэдээллийн сантай интерактив горимоор харьцах нь хэрэглэгчдэд ямар их боломж олгохыг бодитоор харж авсандаа сэтгэл хөдөлж, цаашид хэрхэн энэ төвшинд хүрэх талаар ярилцаж бодол болцгоосон. Ш.Батмөнх ИНИОН-той тохиролцсон, мөнгө олж Москва хүртэл суваг захиалсан, монголоосоо мэдээллийн сантай харилцаж чадах модем, терминал олж чадсан (МУ-д ийм төхөөрөмж ердөө ганц байсныг тэр олжээ) зэрэгтээ сэтгэгдэл өндөр байсан байх. 27550 дугаарыг Москвагийн дугаараас даруй салгуулсан ШУА-ийн ЭША Ш.Батмөнхтэй хамт СТГ-аас хамт гараад “бид хэнд ч мэдэгдэлгүй амжуулчихлаа” гэж ярьснаа санаж байна. Датасентерт инженер-электронч О.Батсүх, А.Батмөнх нар ЕС-1010-т хийнэ гэж амласан техникийн үйлчилгээгээ бодитойгоор хийхээр үлдсэн, би IBM360-г, цахилгаан маш их (32Квт) хэрэглэдэг тул огт асаалгүй орхисон.
 
Маргааш өглөө нь ажилдаа иртэл ТБТ-ийн тоног төхөөрөмжийг зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаанд ашигласан, зөвшөөрөл авалгүй гадаадын компьютертэй холбогдож мэдээлэл дамжуулсан, гадны хүнийг Датасентерт оруулсан гэсэн үндэслэлээр инженер-электронч О.Батсүх, А.Батмөнх нарт арга хэмжээ авна гэнэ гэцгээж байв. Учрыг лавлатал бүтэн сайнд О.Батсүх, А.Батмөнх хоёр үйлчилгээ хийгээд ЕС-1010-ын тест гүйлгэж байтал НАХЯ-ны тагнуулын албаны офицер Датасентерт орж ирээд ямар зорилгоор гадаадын дугаар руу залгаж ярьсан бэ гэж асуухад нь инженер-электронч О.Батсүх туршилт хийсэн гэдгээ хэлжээ. СТГ-ын хамгаалалтын цагдаа 2 давхарт гарч шалгаад гадны хүн Датасентерт нэвтэрлээ гэж НАХЯ-нд мэдэгдсэн, эсвэл НАХЯ үүргийнхээ дагуу гадаад яриаг хянаж байтал СТГ-т бүртгэлтэй нэг дугаар гэнэт гадаадын дугаартай холбогдсоныг мэдээд тэр офицер ирсэний алин болохыг би тодруулаагүй. НАХЯ-аас удалгүй О.Батсүх, А.Батмөнх, мөн ТБТ-ийн дарга Л. Дүвжир нарт арга хэмжээ ав гэсэн бичиг СТГ-ын даргад ирсэн нь дуулдсан. ТБТ-ийн дарга Л.Дүвжир, СТГ-ын дарга Др. Д. Загасбалдан нар тус бүр ШУА-ийн ЭША Ш. Батмөнхийг дуудаж уулзан тайлбарыг нь бичгээр авсныг санаж байна. Надад ч бас ШУА-с сахилгын арга хэмжээ авсан гэж Ш. Батмөнх агсан надад 2019 онд дурсч билээ. Тэр гурав “Г.Оюунбаяр энд бас байсан” гэж хэлээгүй нь надад нэг талаар аятайхан ч, нөгөө талаар, туршилт хийх гэж зүтгэсэн, тэгэхдээ нууцаар явуулах шийдвэр гаргалцсан хүний хувьд, их эвгүй байдагсан. СТГ-аас ТБТ-ийн дарга Л.Дүвжирт нэг шийтгэл оногдуулсан, ТБТ-өөс инженер-электронч А. Батмөнх, О. Батсүх нарыг ажлаас хөөх сануулга өгсөн гэнэлээ гэж ярьцгааснаас хойш энэ дуулиан бараг мартагдаж байтал уршиг нь 6-р сард, ажлын хажуугаар, гэхдээ ажилдаа ашиглах зорилгоор дижитал осциллоскоп бүтээгээд толгой өндийхгүй суудаг байсан А.Батмөнхөд эхэлж буув. 
 
1982 оны хавар ТБТ-д 2 инженер-электронч орон тооноос илүү байсан юмсанжээ. Яг нэрлэвэл А.Батмөнх, үүнийг бичигч нарыг программист (Харьковын ПДС-г HW, SW хоёулангаар нь төгссөн бид хоёрт алийг нь ч хийсэн болох байв)-аар 1978 онд ажилд аваад инженер-электрончоор ажиллуулж байсан ч, 6 сарын цэрэг татлагаар инженер-электрончийн тоо илүү хэвээр үлдвэл энэ 2-ыг түрүүлж хална, гэхдээ 2 инженер-электронч цэрэгт татагдвал, эсвэл саналаараа явбал энэ 2-ын тушаалыг инженер-электронч болгон өөрчилж орон тооны зөрчилгүй болно хэмээгээд 6 сарын 30 хүртэл ТБТ тэсч байж. Тэр байтугай биерхэг, биеийн хөгжил сайнтай 2 инженерийг цэрэгт явчих магадлал өндөр гэж ярьцгааж байсан нь бараг ёсоор болж яг тэр хоёрыг цэрэг татлагын комисс, Тогтоол-2-ыг үл харгалзан, Таван Толгой руу ачлаа гэсэн мэдээлэл ирэв. Гэтэл 2 хоногийн дараа нөгөө хоёр үсээ хусуулчихсан, инээсээр ажилдаа хүрээд ирснээр жинхэнэ ёсоор, 2 инженерийг 6 сард багтааж халах болов. 4 сарын 18-нд УБ-Москвагийн хооронд тоон мэдээлэл дамжуулах боломжтой гэдгийг батлахад оролцсоноор арга хэмжээ авхуулсан А. Батмөнхөд халсан тухай шууд дуулгаад, намайг халах нэмэлт үндэслэл гаргахдаа миний, 1978 онд гадаадад сургууль төгсч ирээд, анкетдаа, 1938 онд хувьсгалын эсэргүү хэргээр цаазлуулсан (1992 онд цагаадсан) өвөг эцгээ 1948 он хүртэл амьдруулаад, өвчнөөр нас барсан болгосны хүчинд МАХН-ын ТХ-ны боловсон хүчний эрхлэгч Д.Ламжаваас СТГ-т ажиллах томилолт “шударга бусаар” авчихсаныг ТБТ-ийн хүний нөөцийн эрхлэгч Гүррагчаа гуай “илрүүлчихсэн”-ээ олзуурхаад сууж байх үед нь ТБТ-ийн дарга дээр туршлагатай инженер-электронч Ч.Давааням (МУ-ын Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан) халагдах өргөдөл бариад оржээ. Эрдэнэтийн ГОК-д очиж ажиллах болсон гэж үндэслэлээ хэлж. Сайн инженер-электрончоо авч үлдэх гэж хэдий хичээсэн ч “би гарна” гэж зүтгээд дийлдсэнгүй. Ч.Давааням Эрдэнэтийн ГОК-д бүтээлчээр ажиллаж их хувь нэмэр оруулсан, одоо Петровис группийн хөрөнгө оруулагчдын нэг, ТУЗ-ын дарга. Намайг ТБТ-с халагдахаас аварсан хүмүүсийн нэг нь Ч. Давааням юм. Гүррагчаа гуай “нээлт”-ээ түр дарж намайг аврахад оролцсон 5 дахь хүн болжээ. Гэхдээ хорвоод бүх юм баланстай, аспирантурт суралцах өргөдөл өгөөд 2 жил энэ “нээлт”-ээс нь болж “орлох хүнээ бэлтгээгүй” гм шалтгаар хасагддаг байсан минь Москватай мэдээлэл солилцох туршилт нууцаар хийх шийдвэр гаргалцсан, түүнд нь оролцсон атлаа шийтгэгдээгүй, огт гэмгүй инженер-электронч А.Батмөнх, Л.Дүвжир дарга нарт арга хэмжээ авахуулах суурь тавьсан зэргийн жинхэнэ шийтгэл биш ч, сануулга нь байсан биз ээ. ТБТ-ийг 1971 онд 7 хүнтэй байгуулж, одоогийн ЗГ-ын 3-р байрыг Датасентерийн зориулалтаар захиалах шийдвэр гаргуулж, бариулсан, 1982 он хүртэл ТБТ-ийн техник, боловсон хүчин, бусад асуудлыг шийдэж, МУ-ын Төр, ЗГ, бизнесийн өмнө тулгарсан бодлогуудад оптималь шийдэл олох процессийг сар, улирал, жилийн болон нэлэнхүй тооллого, түүвэр судалгаануудын динамик мэдээлэл, математик загварчлал дээр суурилсан эпликэшн олныг бүтээлгэж өндөр хүчин чадалтай компьютерээр дэмжүүлэн МУ-ын хөгжилд ухаалаг хувь нэмэр оруулах ажлыг зохион байгуулсан Л.Дүвжирийг “аврах” хүн байсангүй. ТБТ-д зарим сэлбэг хэт ихээр нөөцөлсөн гэдэг дутагдалилрүүлсэн Ардын Хянан Шалгах Хорооны дүгнэлт гарсны дараа тэр халагдсан. Москватай тоон мэдээлэл солилцохыг хориглож чадаагүй, гадны хүнийг улсын нууц мэдээлэлтэй объектод оруулсан тул арга хэмжээ ав гэсэн НАХЯ-аас ирүүлсэн бичиг, АХШХ-ны дүгнэлт зэрэг нь гаргасан зөрчлийн тоог нь олон болгосон тул шийтгэл нь “үг дуугүй халах” болсон.
 
 
Дижитал эрин эхэлчихээд байхад 1980-аад оны Холбооны Яамны дэд бүтэц, бодлого ямар байв?
1982 оны хавар миний очиж сураг тавихад Холбооны Яам (ХЯ)-ны цахилгаан мэдээ дамжуулах нэгжийнхэн мэдээ алсад дамжуулахдаа телетайп, сувагт арай хэмнэлттэй телексийн цөөн төрлийн аппарат ашиглаж байсан. Зураг 3-т телетайп харуулав. Энд байгаа телетайпуудыг ХЯ-наас 1975 онд авсан гэдгийг 1984 онд буцааж өгөхдөө би мэдэж билээ. ХЯ-нд очиж үзэхэд тэндхийн төхөөрөмжүүд эдгээртэй адил, зөвхөн 2 телетайп 1000 орчим тэмдэгт санах ойдоо хадгалдаг байсан. Тэд дата дамжуулах талаар судалгаа, туршилт хийх даалгавар мэргэжилтнүүддээ өгөөгүй, тэдний төлөвлөгөөнд ч ийм асуудал бас байгаагүй. Туршилт хийе гэхэд тэднийд дататестер, миникомпьютер, терминал, дисплей, модем зэргийн аль нь ч байгаагүй. Олон зуун инженертэй, холбооны үйлдвэр шинжилгээний институттэй байсан ХЯ энэ чухал асуудлыг орхисон байхад МУИС нэг залуу багш (Дамбын Сүхболд, PhD.)-аа тоон мэдээлэл алсад дамжуулах чиглэлээр аспирантурт явуулсан байсныг би хожим, 1999 онд өөртэй нь танилцаж ярилцах үеээрээ мэдсэн билээ. Өөрийн мэргэжилтнүүдээ тоон эринд бэлтгээгүй, тоон эриний тоног төхөөрөмж огт авч байгаагүй ХЯ 1990-ээд онтой золгож байж сувгийн нэлээд өргөн зурвас шаарддаг факс суурилуулчихаад холбооны үйлчилгээг ОУ-ын төвшинд хүргэлээ гэж байв. Харин тэдний инженерүүд аналоги технологийн хувьд өндөр ур чадвартай байсан. Нэг удаа ХҮШИ-д очиж харахад минь тэдний инженерүүд релейний төхөөрөмж, рупор антенн, нягтруулагч засах, “Сайншанд өсгөгч” олноор үйлдвэрлэх зэрэг олон төсөл дээр ажиллаад тун завгүй харагдаж байсан.
 ТБТ-ийн, орон нутгаас статистик мэдээ хүлээж авах оператор Цэрэнханд, Доржханд (суугаа) нар телетайпаар статистикийн мэдээ хэвлүүлж авч байна. 1980 он. ЗГ-ын III байрны 2 давхрын шатны хойд өрөө. Цонхоор Төрийн ордон харагдаж байна. СТӨ байгаагүй.
 
1983 онд аймаг бүрийн статистикийн товчоонд, СТГ санаачлан НҮБ-д хүсэлт тавьсны үр дүнд, Польш улсаас авсан МЕРА-100 нэртэй миникомпьютер (зураг 3) суурилуулаад УБ руу статистикийн мэдээгээ маш богино хугацаанд ямар ч алдаагүй дамжуулдаг болчихлоо гэдгийг мэдсээр атлаа, ХЯ нь ядаж зарим аймаг, сумын төвд компьютер, терминал суурилуулж туршилт хийлгүй аймгийн төв-УБ, УБ-гадаад улсын хооронд шуурхай мэдээ дамжуулж байна хэмээн телетайп тачигнуулсаар байлаа. 1984 онд угсарсан “Оч” [1] микрокомпьютер (дисплейн оронд стандарт ТВ, дискийн оронд мөн нийтлэг дуу хураагч ашиглах тул хямд) BASIC хэл ашигладаг байснаараа МЕРА-100-с давуу байв, учир нь сурах, ашиглахад BASIC нь ASSEMBLER-с хамаагүй хялбар. “Оч” хүчин чадал ихтэй атлаа овор хэмжээ жижиг, хямд байсан ч, олноор үйлдвэрлэх боломжгүй байв, учир нь Англи, АНУ зэрэг орнууд Монгол улсад COCOM-ын дагууэмбарго тавьж өндөр технологийн бүтээгдхүүн, чип нийлүүлэхгүй болсон, түүнийг ИБУИНВУ-ын ЭСЯ чанд хянадаг байлаа. ТБТ-ийн инженер, программ зохиогчид, хэрэв ХЯ-ыхан хүсвэл ЗХУ-д тэр үед дотоодын чипээ ашиглан үйлдвэрлэж байсан Электроника 60, 100 гм-г авч модем залгахад л тоон мэдээлэл дамжуулах, боловсруулалт хийж болох компьютерүүд байна, ЗХУ-с зээлээр авах боломжтой, тэднийг аймаг, сумын төв бүрт телетайпын оронд тавина гэж тооцоо хийвэл ашигтай гарна даа, суваг бага ашиглана, хурд өндөр, суваг муу байвал хурдаа багасгаж чадна, автоматаар давтана, энэ тохиолдолд УТК, СнЗ дэмжиж таараа гэж ярилцдаг байлаа. ХЯ-ны мэргэжилтнүүд ийм санал дэвшүүлдэг байсан гэдэгт эргэлзэхгүй байна, гэхдээ ХЯ-ны аль ч сайдын зөвлөлийнхөн нь зөвшөөрөх шинжгүй хүмүүс байсан гэж надад санагддаг байв.
 
 
 1983 онд аймаг, хотуудын статистикийн товчоодод суурилуулсан 22ш миникомпьютер МЕРА-100 (Г. Оюунбаярын цуглуулга). Өөр нэг хувь Ховд аймгийн музейд.
Телетайп ашиглаж байсныгаа дэвшил гэж тооцож, “үүнийг Герман улсад үйлдвэрлэсэн юм” гэж бахархдаг холбооны инженер ч байв. Холбоочид ХЯ-ны монополь эрхийг тунхаглаж байна гэж бодогдохоор “Байноо, байноо”, “гахай гэдгийн г”, “нохой гэдгийн н” гэх мэтээр цахилгаан мэдээний хэдхэн үг дамжуулахын тулд тэр үнэтэй сувгаар хэдэн арван минут хашгирдаг байж билээ. СТГ-аас холбооны яаманд хандан бүх аймгийн статистикийн товчоо хүртэл 1 суваг өгнө үү, түүнд тэнд суурилуулсан миникомпьютерээ холбоод аймгаас УБ руу, УБ-с тухайн аймаг руу явуулах статистикийн болон бусад мэдээг залгагч дайруулалгүй шуурхай дамжуулж байя гэж хүсэлт тавиад бүтэлгүй болсны дараа, аймгийн МЕРА-100 миникомпьютерээр танай цахилгаан мэдээг ч дамжуулж байя, тэр тоон болон текст мэдээллийг явуулах боломжтой, шивэлт хийх үед өндөр өртөгтэй шугам ашиглахгүй (телетайпын хувьд мэдээгээ урьдчилаад, 5 замтай туузан дээр шивээд дараа нь түүнээ уншуулаад арай богино хугацаанд дамжуулах боломжтой байдаг ч, холбоочид шууд л шивж байдаг байв, тэгээд ч 2400 бодын модем хэд дахин хурдан), нэг залгангуут шивсэн бүх мэдээлэл, цахилгаан мэдээг хэдхэн минутанд явуулчихна, ингэснээр танай бусад шугамууд харин ч чөлөөлөгдөнө гэсэн хүсэлт тавихад “орлого боогдуулах гэж байна” гэж хардан хүлээж авдаггүй, бүр загнадаг байв. Гэтэл ХЯ-ны сайдын “бид ... чиглэлд ... зуун телефон яриа нэг зэрэг дамжуулах чадвартай радио релейний шугам ашиглалтад орууллаа” гэж яриад нээлт хийж байгаа зураг нь сонинд байсхийгээд л гардаг байв. Тэр даруй, ярьсан чиглэлд нь тоон мэдээ дамжуулах суваг түрээслэх гээд ХЯ-нд хүсэлт тавихад “суваг хүрэлцээгүй” гэчихнэ. 
 
Дотоод технологио тоон хэлбэрт 1973 оноос, орон нутагтай мэдээлэл солилцох технологио 1983 оноос тоон хэлбэрт шилжүүлчихсэн ТБТ-ийн мэргэжилтнүүд ХЯ-ны сайд, дарга нар, ЛАЦ-ын залгагчид, тэдний ахлагчдын харьцааны соёлын төвшинг мэддэг болсны хүчинд арав гаруй жилийн турш сар бүр хэдэн арван удаа эвийг нь олж харьцан, графикт мэдээгээ 18 аймаг 3 хотоос, тухай бүр гараар залгалт, салгалт хийлгэж байсан ч хугацаанд нь авч чадаж байв. Харьцааны соёлыг онцолсны учир нь энэ асуудал техникийн гэмтэлтэй дүйцэхүйц сөрөг нөлөөтэй байв, учир нь ЛАЦ-ынхантай маргавал тэд шугамыг тасалчихна. Харьцдаг байсан холбооны ажилтнууд ТБТ-ийнхнийг загнах их дуртай, үүнээсээ ер ичдэггүй байсан нь мартагдаагүй хэвээр. Тэдэнд “үйлчлүүлэгчээ загнах тусам орлого нэмэгднэ” гэж ойлгуулсан байх гэж бодогддог байлаа. Харин статистикийнхан тэдэн рүү дуугаа өндөрсгөсөн тохиолдол огт үгүй. 
 
Гэхдээ ХЯ-ны холболт хариуцсан нэгжийнхэн, ня-бо, дарга нар, бүр сайдыг нь эдийн засгийн өнцгөөс харвал ойлгож болох ч юм шиг. 1983 онд статистик мэдээгээ орон нутгаас телефон, телетайпаар биш тоон технологиор авдаг болсноор холбооны үйлчилгээнд ТБТ-с төлдөг мөнгө, урд жилийнхээс 2 дахин багассан гэцгээдэгсэн. ТБТ-д байнга яригддаг зүйлийн нэг нь энэ байсан тул тоо нь биш, зарчим санаанд байна. 1983 онд хөдөөгийн шугамын чанар сайнгүй, ихэнх модемийг 600 бод дээр явуулдаг, чанараас хамаарч давтан дамжуулалт их байсан, зарим залгагч яриа явахгүй хачин дуу гарч байна гээд файл дамжиж байтал дундаас нь тасалж, эхнээс нь дахин дамжуулдаг байсан явдал багагүй байхад л хэмнэсэн юм билээ. Дараа жилээс нь МЕРА-100 дээр бэлтгэж ТБТ рүү дамжуулсан мэдээ улам их нэмэгдэж байсан ч холбоонд төлдөг мөнгө жил бүр хэвээр байсан гэдэг. Энэ нь радио релей (РР)-ний шугам аймгийн төвүүд рүү хүрч, холбоочид (тэдний талаар гомдол тавьсан хүн ТБТ-д байгаагүй) шугамаа найдвартай ажиллуулдаг болсноос, мөн ТБТ модемийн хурдаа ихэвчлэн 1200 бод, заримыг бүр 2400 бод болгосонтой холбоотой байсан. 1980-аад оны сүүлээр РР Улаангом, Улиастай, Мөрөн зэргээс бусдад хүрч, дээрх аймгийн төвүүдийн шугамыг сайжруулж боронз (шардуу өнгөтэй утас харагддаг байв) болгосон тул модемоо бүгдийг 2400 бод дээр тавьчихсан ч давталт гарахаа больсон байлаа. Статистикийн бүх мэдээ, дээр нь зарим байгууллагын мэдээ (аймгийн банкны мэдээг салгаж аваад төв банк руу нь хүргэж өгснөө санаж байна) модемоор ирж байсан ч жилийн төлбөрийн хэмжээ ер нэмэгдээгүй гэдэгсэн. ТБТ-ийн холболтын тоо нэмэгдсэн (өдөрт хэд дахин залгах ч тохиолдол гардаг байв)-ээс ЛАЦ-ын залгагчдын ачаалал олон дахин өсч, дамжуулсан мэдээний хэмжээ нь 1983 онтой харьцуулахад хэдэн арав дахин нэмэгдсэн байхад ХЯ-ны орлого нь огт өсөөгүй байсныг ХЯ-ныхан маань бараг мөлжлөг гэж үздэг байв. МЕРА-100 дээр шивэгдэж программаар шалгагдсан мэдээ шууд IBM360-д орчихно, тэндээс нь эпликэшн нь аваад нэгтгэчихнэ. ТБТ-д дотоод процессын механикжуулалтын төвшин нэмэгдсээр байсны нэг нь энэ байв.
 
Холбооны гар залгалт нь механикжуулалт илүү нэвтрүүлэх боломжийг ТБТ-д олгоогүй, энэ нь ХЯ-ны, статистикт төдийгүй МУ-ын хөгжилд учруулж байсан саадын зөвхөн нэг нь.1970-90-ээд оны Холбооны Яам, Засгийн Газар ганц статистикийг биш, бүр МУ-ыг дижитал эринээс хэдэн арван жилээр хоцроосон. ЗГ маань ч “төөрөлдөж” 1991 оны нэг өдөр төлөөлөгч томилон IBM360, IBM370, IBM4341-үүдийг унтраалгаж, датасентер цоожлоод хуралд ор гээд, түүн дээр ЗГ-ын, ТБТ-ийг татан буулгасан шийдвэр танилцуулав. ТБТ-ийн дарга ажиллагсдаа халсан тушаал уншив. Бүр аймшигтай зүйл бол программ зохиогчдын 18 жил бүтээсэн 4000 гаруй эпликэшн, 1973 оноос хойш хуримтлуулж, дижитал хэлбэрт оруулсан салбар бүрийн динамик бүхий мэдээллийн сан, соронзон диск, тууз дээрх тоон архив устсан явдал. Учир нь соронзон зөөгчүүд халаалтгүй датасентерт үлдсэн ба хаалгыг нь түгжиж лацадсан тул 1991-92 оны өвөл хөлдөж деформацид орж ашиглах аргагүй болсон юм. СТГ нь аймгаас мэдээлэл авдаг системээ 1991 оны эхэнд IBM360, МЕРА-100 бүхий сүлжээнээс CrossTALK гэдэг PC хооронд мэдээлэл дамжуулдаг систем рүү шилжүүлсэн, 1200/2400-н модемоо 9600, 14400, 33600 бодын модемоор тухай бүр шинэчилж байсан тул 1990-ээд оны инфляциас үүдсэн сувгийн тарифын өсөлтийг технологийн аргаар сааруулж байлаа.
1. аад онд СТГ-ын ТБТ-ийн программ зохиогч байсан доктор Д.Энхбат Монголын Мэдээллийн Харилцаа ББХК (дараа нь Датаком ХХК, Мэйжикнэт ХХК болсон) байгуулж 1993 оноос нэгдсэн гадаад гарц түрээслэн хэрэглэгчид зөвхөн дотоодын сувгийн мөнгө төлөөд гадаадтай харилцах е-мэйлийн үйлчилгээ ашиглалтад оруулаагүй, 1996 онд сансрын өөрийн HUB станц барьж ОУ-ын гарцад холбогдон интернет нэвтрүүлээгүй байсан бол МУ-ын тэр үеийн Төр, ЗГ тоон хоцрогдлыг нэлээд хэдэн жилээр уртасгах байсан юм шүү! (Г.О.)
 
Түүхийн бодитой баримт байсаар атал МУ-ын Төр, Засгийн Газар өнөөдөр ч сургамж аваагүй хэвээр.
Сайд нар, ЗГ, УИХ-ын гишүүд хөдөөд татсан шилэн кабелийг хүлээж авч тууз хайчилж буйгаа сонинд гаргахын зэрэгцээ, радио, ТВ-ээр цацдаг, түүгээр нь дата дамжуулах гэхээр өндөр тариф тогтоох замаар ашиглахыг “хориглодог” нь 1970-90-ээд оны ХЯ, СнЗ, УТТ-ны сайд, дарга, гишүүдийн үйлдэлтэй тун адил! 
Ганц өөрчлөлт нь ямар нэг объектын шав тавихдаа лам нараар ном уншуулдаг болсон явдал!
Одоогийн Засгийн газар, УИХ-ын гишүүд орон нутагт татсан шилэн кабельдаа өндөр тариф тогтоогоод байхад иргэд бүгд хүлээн зөвшөөрсөн үү? 
Үгүй. Хөдөөгийн иргэд, хотын захын хорооллынхон шат шатны засаг дарга, хурлын дарга нартаа байнга “интернетгүй байна, байсных нь тариф өндөр, хурд нь удаан” гэж хэлдэг юм билээ. УИХ, ЗГ энэ байдлыг маш сайн мэдэж байгаа ч, тэдэнд өөр зорилго байна.
 
Дамжуулахын тарифыг бууруулах алтан боломж хэрхэн бүрдсэн тухай
 
2015 онд үүнийг бичигчийн “орон нутгийн өгөгдөл дамжуулахын тарифыг автозам, ЦДШ-тай адил зарчимтай буюу ₮0 болгож, хөдөөд датад суурилсан үйлчилгээ, түүний дотор интернетийг Нийслэлийнхтэй адил үзүүлэлт, тарифтай болгох” тухай санал бүхий албан бичиг боловсруулж Жимобайл ХХК-ийн Ерөнхий Захирал Д. Басбиш (1978-80-аад онд, үүнийг бичигчтэй хамт СТГ-ын ТБТ-ийн программ зохиогч байсан)-д өргөн барихад тэр гарын үсэг зурж МТШХХГ-ын даргад явуулав. МТШХХГ-ын Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга байсан Г. Чинзориг энэ асуудлыг сайн мэдэж, шийдэх арга замыг эрэлхийлж байсны хувьд тэр үед хэлэлцэгдэж байсан МУ-ын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030-д, Жимобайлын албан бичигт байсан дата үйлчилгээ, интернетийн үзүүлэлт, тарифыг Нийслэлийнхтэй адил болгох санаагдараахи томъёоллоор өөрчилж оруулсан нь УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан. Тэр нь ТХ ҮБ-2030-н “2.1.5 Дэд бүтцийн салбар-ын Зорилт 7. I үе шат (2016-2020): . . . интернетийн сүлжээнд холбож, газар нутгийн байршлаас үл хамаарсан ижил үнэ, тарифыг мөрдөж, ...” гэсэн байв. УИХ-ын энэ тогтоолын дагуу МУ-ын ЗГ 2016 оны 2 сарын 29-нд 123-р тогтоол гаргасан ба үүний дагуу 2016 онд шинээр батлагдсан тарифаар, E1 портоор бол баруун аймгуудын тариф 27 дахин, IP портоор бол бүх аймаг, сум 4.7 дахин тус, тус хямдарч ₮80000/мб/с болсон, гэтэл УБ-с АНУ хүртэлх 1 мб/с урсгал, бөөний үнээр ~₮16000, Г. Чинзориг дарга ₮80000-г ч цааш нь бууруулах зорилго тавьсан байсан ч 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа түүнийг халчихав. Г. Чинзориг дарга 19 настай байхаасаа, 2005 оноос, интернетийн үйлчилгээ үзүүлдэг Вайрлеском ХХК (захирал нь сүүлд Жимобайл ХХК-ийн Ерөнхий Захирал болсон Д. Басбиш, ерөнхий инженер нь үүнийг бичигч байв)-д сүлжээний админ байсан тул интернет нь хөгжилд маш их нөлөөтэй үйлчилгээ гэдгийг хар багаасаа, онолоор бус, хэрэглэгчидтэй шууд харьцдаг байсны үндсэн дээр мэддэг байсан нь дээрх саналыг томъёолох, МУ-ын Хуулийн төсөлд тусгуулж, хасах гэсэн оролдлогуудад удаа дараа бодитой үндэслэлүүд гарган няцааж, улмаар батлуулж чаджээ. Түүний КТМС-д сурч байхад нь ТБТ-д 1978-1990 онуудад инженер-электронч байсан Др. Проф С.Байгалтөгс, Др. Проф А.Батмөнх (энд дурьдагдсан) нар багш нь байсан явдал, АНУ-д амжилттай суралцсан зэрэг нь МУ-ын хөгжилд хэрэгтэй шийдэл олоход нь нөлөөлсөн байх!
 
Өндөр тариф 1.7 Их наяд* илүү төгрөгийн тоног төхөөрөмж, программын хэрэгслийг 10 хувиас бага ашиглалттай байлгасаар. Иргэд одоогоор тэсч байна, удахгүй тэсэрч болох юм. Гэхдээ тэслэх хэрэггүй Тус бүрийн ЗД, сонгосон шат, шатны хурлын гишүүд, ялангуяа УИХ-ын гишүүндээ бичгээр саналаа шуурхай өгвөл хялбар шийдэгднэ. УИХ-ын өргөдлийн хороо, 1111 зэрэгт саналаа өгч бас болно.
* Их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын задаргаа, бүлгээр:
Хөдөө, иргэд ААНБ-уудад байгаа суурин компьютер, ноутбуук, Pad, смарт утасны үнийн дүн ₮350 тэрбум. Эдгээрийн зөвхөн 10%-ийн сүлжээнд холбогдох функцүүд ашиглагдана. Сүлжээгүй бол ийм утас суурин утастай адил.
Хөдөөд суурилуулсан холбооны дэд станц, үүрэн холбооны станцын өртөг ₮450 төрбум. Тэд нийт нутаг дэвсгэрийн 10%-д л интернетийн, хангалтгүй үзүүлэлттэйүйлчилгээ хүргэдэг. Тэр станцуудын дата дамжуулах чадварын, дунджаар 10%-с хэтрэхгүйг, дата урсгал өндөр үнэтэйгээс шалтгаалн, ашигладаг. 
Хөдөө тийш татсан 49000 км илүү шилэн кабель, төгсгөлийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн өртөг ₮400 тэрбумаас илүү. Сум руу татсан петабит/с нэвтрүүлэх чадвартай шилэн кабелийн 1%-с багыг ашигладаг. Гадаад руу татсан ~200 gbps урсгал явдаг кабельтай яг адил атлаа хэдхэн мbps-л гүйдэг.
Нийслэлийн датасентерүүд, мөн ОУ-ын Cloud дээр суурилуулсан монголчуудын боловсруулж байрлуулсан эпликэшний өртөг min ₮550 тэрбум. Эдгээрт МУ-ын газар нутгийн дөнгөж 10%-с л хандаж болж байна.
 
Дээрх шалтгаанаар банкууд орон нутагт салбараа нээхээс аргагүй, статистик багийн төвшний мэдээлэл авч чаддаггүй, төрийн үйлчилгээ сумдын төвөөс цааш явдаггүй, тэрбайтугай сонгуулийн хэдэн зуун цэгийн мэдээлэл хугацаандаа ирдэггүй хэвээр. Дата үйлчилгээний тариф буугаагүй, хамралт нь нутаг дэвсгэрийн 10% хүрэхгүй,хурд, үзүүлэлт нь маш муу, номын сангуудын агуулга онлайн биш, SD карт руу номын агуулга хуулах эрх зүйн орчин бүрдээгүй зэргээс хөдөөнөөс УБ чиглэсэн төдийгүй, гэр хорооллоос төв чиглэсэн хөдөлгөөн буураагүй хэвээр. Нутаг дэвсгэр датажаагүй, сургууль, эмнэлэг, бизнес онлайнжаагүй, SnD system нэвтрээгүй нь цар тахлын үед халдвар тарах таатай орчин, улс орны хөгжилд чөдөр, э/з сэргэхэд саад.
 
Цаашид авах арга хэмжээний төсөөлөл
 
2016 онд ХХМТГ-ын стратегийн газрын дарга байсан Г.Чинзоригийн эхлүүлснийг хэрхэн үргэлжлүүлж, гүйцээх вэ гэвэл нэг хувилбар нь орон нутаг руу татсан шилэн кабельд оноосон УБ-орон нутаг хоорондын түрээсийг ₮0 болгох.Энэ нь МУ-ын нутаг дэвсгэрийг ЦЭГ (МУ-ын аль ч цэгээс нөгөөд хүрэх зай тэг, хугацаа бараг тэг) болгохтой адил. Дамжуулахын тарифыг ТЭГ болговол Зай ЦЭГ болно. Ерөнхийлөгч байсан Ц. Элбэгдорж, ЕС байсан Ч. Сайханбилэг нар Дэлхий “хавтгай” болсон талаар ярьдаг байсан, одоо “ЦЭГ” болгох шаардлагатай. Орон нутаг руу татсан өндөр хүчдэлийн шугам, авто, төмөр замын хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг тарифт тусгадаггүйтэй адил болговол үүрэн холбооны операторууд хөдөөд, мал ихтэй, газар тариалан, уул уурхай бүхий нутгийг холбоожуулах төдийгүй, интернетжүүлчихнэ. Хөдөөгийн, хотын захын хороодын интернетийн үзүүлэлт, тариф Нийслэлийнхтэй адил болж, хөгжил хөдөөд хүрснээр, гэхдээ дата үйлчилгээнд хамрагдсан талбай 10% нэмэгдэх бүр ДНБ 2.43% өсдөг гэсэн, бусад том нутагтай, “ядуу” буюу нэг хүнд ногдох ДНБ нь USD12000-с бага орнуудад UTI-с хийсэн судалгааг харгалзвал, 2021 оны гүйцэтгэлээр, жилд дата үйчилгээний хамралтыг 5% нэмэгдүүлэхэд ДНБ (ҮНО) жил бүр ₮486 тэрбумаар өснө. Хөдөөд татсан дөчин мянга илүү км шилэн кабелийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг төсөвт суулгахтай зэрэг энэ асуудал шийдэгднэ. Шилэн кабель татах, ашиглалт, хамгаалалтыг хариуцах аж ахуйн байгууллагыг тендерийн үндсэн дээр хувийн компаниудаас шалгаруулна. Ашиглалт хариуцсан компани урсгалыг портын нэвтрүүлэх чадварын хэмжээгээр бэлэн, аль болохоор их ашиглалттай байлгах бодлого барина. Хэн нэгэн хөдөө, хотын захын хороолол руу ШК татсан байвал, хэрэв түүнийг ашиглах зайлшгүй шаардлага байвал ашиглалтын зардлыг нь жишиг тарифаар төсвөөс өгнө. Төсөвт жилд ~₮40 тэрбум шаардагдах ч, энэ нь ДНБ-г ₮400 тэрбум ба дээш хэмжээгээр буюу өсгөнө. Хэрхэн төсөвт дээрх санхүүжилтийг тусгах вэ?
Үүний тулд Харилцаа холбооны тухай хуулийн 17.2-д “Үндсэн дамжуулах нь Төрийн өмчид байж болно.” гэсэн хоёрдмол утгатай биш, авто зам, эрчим хүчний тухай хуулиудад байдаг шиг “Үндсэн дамжуулах нь Төрийм өмчид байна” гэж оруулах.
 
1982 оны 4 сарын 18-нд Москва-УБ хооронд тоон мэдээлэл дамжуулах боломжтой гэдгийг бодитоор харуулахыг хэт яарсан явдал заримын маань хувь заяанд сөргөөр нөлөөлсөн ч, эерэг зүйл нь илүү байсан. Туршилтын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл мэдээлээгүй, тэднээс байтугай, бие биенээсээ нуусан. Гэхдээ, тун удалгүй, МТ-ийн мэргэжилтнүүд, яамдын нэгжийн дарга нар энэ туршилтын талаар сонсоцгоосон байсан тул бүгд энэ боломжтой юм байна, тоон мэдээлэл дамжуулахад зай бараг хамаагүй, телетайпаас илүү хурдан, 2 талын модем солиод л хурдыг нь нэмээд байх нь гэж ярьцгаадаг болов. Мэдээж юмыг нотолсон гэх юун? гэх мэргэжилтэн ч гарав, энэ нь тэдний зөв байсан, бид стандарт модем ашигласан, БНМАУ, ЗХУ-ын холбооны шугам мөн стандарт үзүүлэлттэй байв. ТБТ-н захиргаа аймгийн товчоодод зориулж авах модемийг 1978-79 онд туршсан 300 бит/с биш, Москватай туршсан 600 бит/с-ын ч биш, 1200/2400 бодын хурдтай байлгая гэхэд туршигдаагүй гэж цааргалалгүй зөвшөөрч 1982 онд ОУ-д зарласан тендерт оруулсан нь сүүлд их нэмэр болсон. 1973-76 онд ТБТ-ийн ерөнхий инженер байсан Ш.Бат-Эрдэнэ (Др. Проф.) 1983 онд ШУТУХ-ийн дарга, СнЗ-ийн орлогч Д.Майдарт Москвад буй асар их бичлэгтэй мэдээллийн санд хандах техникийн боломж байна гэдгийг дахин бодитоор харуулснаар (О.Батсүх, Ш.Батмөнх нар холболт давтан хийв) тэр сангуудад хандах тоног төхөөрөмж, программын хэрэгсэл (хурдтай модем, дисплейнүүд бүхий мини компьютер, систем, эпликэшн) авах, үйлчилгээний нэгж байгуулах шийдвэр гаргуулж, тоног төхөөрөмжийг ШУТУХ-ны 1 давхарт (МТҮП-ийн 1 давхрын баруун хэсэгт) суурилуулан эрдэмтэн, судлаачдыг ОУ-ын мэдээллийн сангаар үйлчилдэг болж бүтээлээ эрс сайжруулахад нь дэмжлэг болсон. 
 
Удалгүй ШУА, ШУТУХ, зарим үйлдвэр өөрсдөө бие даан миникомпьютер, арай хожуу PC зэргийг хямдарч байсан ч, хүчин чадал нь тасралтгүй өсч байсан модемтойгоор эргэлзэлгүй авч, холбооны аналоги шугамаа бүтээлчээр ашиглан дотоод, гадаадын байгууллагатай мэдээлэл солилцон, дижитал эринд дэвшиж, сарын газрыг секундээр товчилсоор ажил төрлөө шуурхай бүтээж, ГЛОБАЛ болцгоож эхлэв. Сайны хажуугаар саар гэгчээр 1989 онд арбитражийн гүйлгээ хийх эрх авсан хэсэг нөхөд Монгол Банкны 1 давхраас ОУ-ын валют арилжааны сүлжээнд холбогдон дилерүүдтэй тоглож тэдэнтэй “хуйвалдан-хожигдохдоо” ОУ-ын сувгийн асар өндөр тарифтай хэдэн зуун цагийн төлбөрийг төсвөөс төлүүлэхийн зэрэгцээ МУ-ын валютын бүх нөөцийг (~USD80 сая) алдахдаа дижитал технологи ашиглаж нэр хүндийг нь түр унагасан. Байгууллага бүр гадаадын түншүүдтэйгээ модем ашиглан шууд холбогдож файл солилцох боломж бий болсон ч, тухай бүр гадаад урсгалыг өөрсдөө төлдөг, өрөвдөлтэй (Холбооны төрийн байгууллага энэ үед унтаж байсантай адил, үүргээ гүйцэтгээгүй) үе 1993 онд, ТБТ-ийн программист асан, доктор Д.Энхбатын ММХ ББХК байгуулж Mail үйлчилгээ явуулах, VSAT суурилуулж өөрийн гадаад гарцтай болж 1996 онд Internet нэвтрүүлэх хүртэл үргэлжилсэн билээ.
 
ДҮГНЭЛТ
 
1974-1996 онд БНМАУ-ын Холбооны Яам, Засгийн газар тоон технологи нэвтрүүлэх эрмэлзэлтэй байгууллагуудыг хавчсан, ДИЖИТАЛ ЭРИН-ээс улсаа хоцроосон бол МУ-ын одоогийн Төр, ЗГ нь хөдөө, гэр хорооллын иргэдэд дата үйлчилгээний УБ-ын барилгажсан хэсгээс хэдэн арав дахин өндөр тариф (мобикомын 99ГБ-ын багц ₮99000, 1 ГБ нь ₮1000, гэтэл Юнивишн, Скаймедиагийн ~₮40 мянгын IPTV багцад 500-600ГБ буюу 1ГБ нь ₮67, яаж байгаа нь энэ вэ?, тэр нь бас бага хурдтай, зөвхөн суурингуудад) тулгаснаараа аж үйлдвэрийн 4-р хувьсгалаас улсаа хоцроож буйн зэрэгцээ, вирус дэгдэх нөхцөл бүрдэхэд “дэмжлэг” үзүүлж, тэмцэхэд “саад” болж байна. 
 
МУ-ын УИХ, ЗГ нь хотын зах, хөдөөгийн иргэдийн хүсэлтийг хэрэгсэхгүй, ОУ-ын ЦХБ (ITU)-ын МУ-д ирүүлсэн Connect-2020, бусад зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол МУ-ын хөгжил эрчимжихгүй, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын суурь бүрдэхгүй, тэрбайтугай Алсын Хараа (АХ)-2050-нд тусгасан жижиг* зорилт ч биелэх магадлал бага гэдэг нь ХҮИ, инфляци өссөөр байгаагийн зэрэгцээ Хүний Хөгжлийн Индекс (ХХИ)-р бид 2015 онд Дэлхийд 90-д байснаа 2020 онд 99 рүү ухарчихсанаас харагдаж байна! [3].
* АХ-2050-д Нэг хүнд ногдох ДНБ-г 2050 онд 15000 ам доллар болгоно гэж заасан нь маш жижиг зорилт. Хүчингүй болсон Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030-д 20 жилийн наана буюу 2030 онд л энэ үзүүлэлтийг 17500 ам долларт хүргэнэ гэж заасан байсан ч үүнийг бичигчийн тооцоогоор багадсан байлаа! 
Та бүтээлч санал дэвшүүлж МУ-ын хөгжилд хувь нэмэр оруулна уу.
 
Ашигласан материал
1. Микрокомпьютер “Оч”-ийн тухай. http://news.zindaa.mn/1ims 
2. ХХИ https://hdr.undp.org/en/content/latest-human-development-index-ranking
 
Г. Оюунбаяр, 93111000, oyunbayar.g@gmail.com
Булган аймаг, Тэшиг сум, Эрин баг. Өндөр настан