sonin.mn
Хүний амьдрал баяр, гуниг, зол жаргалын туйл гэлтэй. Он жилээр нь яривал энэ хорвоог онож мэндлээд нэгэн жарныг туулахдаа адал явдал, алдаа онооны дэнсэн дээгүүр дэнжигнэж явсан өдрүүд ч байх. Гэхдээ зөв мөртэй, чин эрмэлзэлтэй байсан цагт хувь тавилан өөрөө алгаа дэлгээд угтдаг жамтай аж. Ийм л ухаарлыг амьдралаараа харуулсан эрхэмтэй дуу хуур, шүлэг, яруу найраг сүлэлдсэн халуун яриа өрнүүлж, амьдралынх нь арвин их “боть”-ийн бүлэг болгоноос багахан хэсгийг таслан авч сийрүүллээ. Түүнтэй танилцуулахын өмнө багахан тодотгол хийхэд, урлаг, улс төрд хос морьтой давхихдаа аль алинд нь зөв жим гаргасан гавьяаг онцлох нь зүй. 
 
Т.АРИУНААТАЙ ӨРСӨЛДӨЖ ЯВСАН ҮЕ
 
 
Манай сонины “Амьдралын тойрог”-ийн зочин Соёлын тэргүүний ажилтан, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Соёлын төвийн дарга Ц.Батхуягийг эчнээ таних хүн олон. Тэрбээр хаа нэгтээ эгэл даруухнаар найруулж, жүжиглэж, дуулж, хөгжимдөж явдаг. Харин хийж бүтээсэнтэй нь харьцуулбал, өөрийнх нь хэлснээр нээрэн л ил гардаггүй гавьяат гэдэгтэй санал нийлнэ.
 
Ц.Батхуяг Баянхонгор аймгийн Бууцагаан сумынх. 1962 онд хорвоод мэндэлж, цэцэрлэгт орсон цагаасаа л айлуудаар орж гарахдаа ахтайгаа хамт “Дэгээ төмөр шиг хоёрын тоо, Биеийн амрыг хараад бичсэн хичээлээ давтдаггүй бол бидний дуулахыг сонсоорой  бичээд авсан ч болно шүү, Сайхан тав руу зугтаарай” гээд цангинатал дуулж битүүхэндээ багачуудыг эрдэм номд шамдан сурах ухуулгын ажлыг хийж явжээ. Анги дэвших тусам авьяас нь тодорч хүн бүхэн хүсээд ч орж чаддаггүй Харшийн сүлд модны наадамд нэгдүгээр ангидаа урилгаар очихдоо олон үндэстэн ястны үзүүлбэрт Монгол хүүгийн дүр бүтээж  “Хөрслөг монгол орны боровтор царайтай” хөвгүүд гээд уншиж байсан нь одоо ч түүний сэтгэлд тодхон. Мөн 50 дугаар сургуулийн дунд ангийн сурагч урлагийн үзлэгт Асрах төвийн хүүхдүүдийн цахилгаан хөгжмийн хамтлагийн гоцлол дуучнаар “Эх орон танаа” дууг дуулахдаа гавьяат жүжигчин Т.Ариунаатай ан мана өрсөлдөж явсан удаатай. Мөн хоёулаа улсад шалгараад дуулж явсан үе ч бий. Дараа нь 45 дугаар сургууль руу шилжиж “Алтан хараацай” хамтлагт дуулсан гээд түүний хүүхэд нас авьяас билэг, гэгээн хүслээр цалгиж өнгөрчээ. Харин 10 жилээ төгсөөд 1980 онд Хилийн цэргийн сургуульд орохоор шалгалт өгтөл оноогоороо ард орсон хүүхдийг элсүүлж, Ц.Батхуягийг хасахад урам нь хугарч найзуудтайгаа гүйж яваад цэрэгт татагдсан тухайгаа “Тэр дор нь цэрэгт аваад явчихсан. Гэрийнхэндээ хэл дуулгаж чадаагүй. Улиастайд карантинд 45 хоночихоод Артлерын хороонд хуваарилагдаад байтал аав минь ирсэн. Тэр хооронд намайг баахан хайлаа гээд ирэхэд араас нь хараад уйлаад хоцорч билээ. Их л өрөвдөж билээ. Уг нь сургалтын ангийн цэргүүд зургаан сар болоод төгсдөг. Би карантинд байхдаа хамтлаг байгуулаад гитартай дуулсан юм. Гэтэл дуулдаг цэргийг явуулахгүй гээд намайг үндсэн салбарт үлдээчихсэн” гэлээ. Дараа нь цэргээс халагдаад Кино драмын ангид шалгалт өгтөл мэргэжлээрээ тэнцчихэж. Онолын шалгалтаа өгөх гээд очтол Г.Доржсамбуу найруулагч “Цэрэндоржийн Батхуяг гэж байна уу. Энэ жил цэргээс халагдсан юм байна. Нэг жил ажил хийчихээд ирээрэй” гэж. Тухайн үед иймэрхүү нугалаа гарч байсан  үе таарч. Ингэж хоёр дахь удаагаа мэргэжлээрээ сурах боломжоо өөрийн муугаар биш цаг үеийн бичигдээгүй хуулиар алдахдаа жүжигчин болох эрмэлзлэл нь бараг л унтрах дөхжээ. Гэхдээ л түүнд дараагийн хаалга нээгджээ.  Учир нь "Өнөр бүл" кинонд “Чиний уруул дээрх мэнгэ чинь сайхан зохиж ээ” гэж Цэрмаад хэлдэг Баяжихын Пүрэв бол түүний нагац ах юм. Тухайн үед драмын театр ажиллаж байхад нь нагац ах дээрээ яваад очтол шууд л хөтөлж аваачаад Хүүхэлдэйн театрын дагалдсан жүжигчнээр оруулжээ. Ингэж л Хүүхэлдэйн театрын дарга "Өглөө" киноны Данзангийн дүрд тоглосон А.Чойсантай уулзсанаар түүний уран бүтээлийн гараа эхэлсэн юм билээ. Удалгүй театрынхаа Эвлэлийн хорооны дарга болж дэвшихэд, Драмын театрын эвлэлийн хорооны даргаар Ардын жүжигчин Д.Цэрэндагва ажиллаж байв. Тэд хоорондоо өрсөлдөж “Чөлөөт цаг-100 минут” нэвтрүүлэг хийхэд Ц.Батхуягийн найруулсан гараар хууль сурталчилсан нэвт­рүүлэг тэргүүн байр эзэлж байсан чамгүй хүүхэлдэйчин байв.
 
 
Театрт оронгуутаа “Хүн чулуу”, “Сүүлэн хүү мөр хөөсөн нь” жүжиг “Хүрэн морь” найраглалд гол дүр мөн  хошин шогийн тоглолтод тоглож шал­га­раад Польш руу олон улсын хүүхэлдэйчдийн фестивальд оролцоод алтан  медальтай ирсэн хүүхэлдэйн дүрийг амилуулагч юм. Энэ нь театрын жүжигчнээс илүү чадвар шаардсан нарийн мэргэжил бөгөөд Чехэд сургууль төгсөөд ирсэн найруулагч Б.Алтан-Очиртой гар нийлэн ажиллаж байжээ.
 
 
 
Тэрбээр “Гар өөрөө ярьдаг. Хүүхэлдэйн жүжигчдийн мэргэжил ердөө л энэ. Хүүхэлдэйн театр, цирк хүүхдүүдийн хүмүүжилд асар өндөр үүрэгтэй. Гэтэл өнөөдөр маазарч бай­вал л баярладаг болж” хэмээсэн юм.
 
ТАВАН ОДТОЙ ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН
 
 
Чингэлтэй хайрхны энгэрт аниргүйхэн аж төрж буй Ц.Батхуягийнх багахан хэмжээний урлаг, соёлын төв гэж хэлж болохоор. Өргөө гэртээ шанз, ятга, гитар, морин хуур, хуучир гээд үндэсний хөгжмийн зэмсгүүдийг өрсөн нь аргагүй л урлагийн гэр бүл гэдгийг нь батална. Түүний гэргий О.Түвшинтөгс ч урлагийн хүн. Ер нь хоёр талаасаа удамтай. Ц.Батхуягийн аав, ээж хоёулаа хэвлэх үйлдвэрт ажиллаж ирсэн. Харин төрсөн эгч Ц.Эрдэнэчимэг бүжигчин, нөхөр нь Л.Цагаанравдан нарын хүү олны хэлж заншсанаар дуучин Ноён бондгор аж. Нагац ах нь жүжигчин Б.Пүрэв, ээж мөн нь уртын дууг сайхан дуулдаг хүн байжээ. Эхнэрийнх нь аав жүжигчин Осор, эгч нар нь зураач, хөгжимчид байдаг бол төрсөн ах нар нь нэрт балетчин О.Батсайхан, гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, Фантастик продакшны жүжигчин, найруулагч Б.Тамир, жүжигчин Б.Одончимэг, найруулагч Б.Хансүндэр гээд хөвөрнө. Харин манай нийтлэлийн баатар Ц.Батхуяг хоёр хүү, нэг охинтой. Том хүү нь “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин Б.Амарбат, бага хүү Б.Одбаяр 25 дугаар телевизийн Их хотын үдэш нэвтрүүлэгчийн хөтлөгч хийж, охин Б.Номин хувцас дизайнер гээд хэдэн үеэрээ урлагт тод мөртэй яваа аж. Энэ тухай “Ямар сайндаа л гэр бүлээрээ СУИС-д орлоо гэж байхав дээ. Ач зээ нараас ч эхнээсээ урлаг соёлоор сойх хүүхдүүд гарч ирж байна” хэмээн гэрийн эзэд хошигносон юм. Тэд “Хүүхдүүдийн сайн сайхныг аав, ээж мэддэг. Түүнээс хүүхэд өөрөө муу хүн болдоггүй юм.
 
 
Насан туршийнх нь хүмүүжлийг аав, ээж л олгодог. Тиймээс хүүхдийг сургууль хүмүүжүүлсэнгүй гэж ярьж болохгүй” гэлээ.
 
 
 
Тэдний амьдралд мартагдашгүй дурсамж, өнгө нэмсэн үе бол Ц.Батхуяг Хүүхэлдэйн театрт ажиллаж эхлээд удаагүй байтал гэргий нь Соёлын ажилтны ангийг төгсөөд Батсүмбэрт хуваарилагдсан зурвасхан хугацаа. Гэр бүлээ даган яах аргагүй хамт шилжихээр болж ажлаас гарах өргөдлөө өгтөл “Ленинград руу хүүхэлдэйн найруулагчийн ангид явуулна. Шинэ боловсон хүчин хэрэгтэй” гээд халгаагүй гэнэ. Тэгэхээр нь Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны  танилдаа үнэн учраа хэлж “Таван одтой илгээлтийн эзэн” гэсэн хос бичиг хийлгэж авчээ. Малчин тариаланчдыг л илгээлтийн эзнээр явуулж байснаас биш хөгжмийн багш, клубын эрхлэгчид ийм ойлголт байгаагүй аж. Ингэж л хоёулаа хөдөөгийн клубт хөгжим, драмын дугуйлан байгуулж нэгдүгээр зэргийн клуб болгон ажиллуулжээ. Ц.Батхуяг “Октябрийн баярын концертын үеэр ардын хувьсгал яаж мандсан бэ гэдгийг харуулахдаа Ленин багшийн сургаал, Сүхбаатар жанжныг гаргаж ирж драмын хэлбэрээр хийсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа. Анх удаа хийсэн гэхэд түүхэнд тэмдэглэгдэхээр боллоо гээд хүмүүс магтаж байлаа шүү дээ. Орой нь наадмын талбайд тракторын гэрэлд мотор асааж байгаад цахилгаан хөгжим тоглож үдэшлэг хийсэн. Ийм маягаар урлаг, уран сайхныг хөдөөд сурталчилсан даа. Социалист уралдаан дүгнэхэд ард нь “Малчдаа та нарт баярлалаа” гээд л дуулж явлаа. Энэ нь ажил хийх эрч хүчийг өгдөг” гэж ярилаа. Ийнхүү хоёр жил хөдөөд урлаг, уран сайхныг хөгжүүлж явжээ. Тэгж байтал Хүүхэлдэйн театрт Ленинградын найруулагчийн ангийн хуваарь ирж явах болсноо хэлэхэд Төв аймгийн Соёлын хэлтэс болон Үйлдвэрчний эвлэлийн дарга нар “Таныг явуулахгүй. Их сайн ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн соёлын найруулагчийн анги гэж бий. Дараа жил энэ ангид явуулья” гээд аваад үлджээ. Дараа жил нь болоход элсэлт дууссан гэсэн байна. Энэ үгийг сонсоод Ц.Батхуяг шууд давхиж ирээд гэрээ ачаад хот руу ирэхэд “Үлгэрийн далай” чуулга тосч авчээ. Тэр үед бараг л бүхнийг тэгээс эхэлсэн талаараа  “Үлгэрийн далай чуулгад юм юм л сурсан. Ерөөлч, магтаалч хийж үзлээ. Зургуулаа 60 хоног хөдөө бригад болоод яваад иртэл бараг хүүхдүүд маань танихаа больсон байсан. Санаж бэтгэрч бишүүрхээд ирэхгүй. Эхнэр хүүхдүүдээ аваад цэцэрлэгийн багш хийнэ. Ингэж аж төрж байгаад нэг өдөр Туяа ресторанд тоглолт хийж байтал хилийн цэргийн Х.Энхбаяр дэслэгч хүрч ирснээ “Найрал дуунд авья” гэснээр 1987 онд Хилийн цэргийн ансамбльд орсон доо. Удалгүй найрал дууны ангийн дарга боллоо. Манай эгч Эрдэнэчимэг тэнд гоцлол бүжигчин байсан. Наадмын нэгдсэн тоглолт дээр хадам ах балетын О.Батсайхан гайхуулна. Хүмүүс ч биширдэг байлаа” гэв. Харин 1993 онд Хилийн цэргийн ансамблийг татан буулгахад хүсэлтээ өгч гараад чөлөөт уран бүтээлч болжээ. Энэ үед ажлынхаа зай завсраар наймаа хийж явсан ч үе бий. Харин чөлөөт уран бүтээлч болоод цирк, Хүүхэлдэйн театрын аль алинтай нь нийлж тоглоно. Концерт хөтөлнө. Гавьяатуудтай хөдөөгүүр олон ч удаа тоглолтоор явж байжээ.
 
С.ЗОРИГ АГСНЫ ҮЙЛ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ЯВСАН ҮЕ
 
 
Ц.Батхуягт итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байж түүнийгээ улс төрийн бодлого болгож, сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө зорьж тэмүүлж явсан үе бий. Тэр үе бол  2000 он. Улс төртэй холбогдсон тухайгаа “Гэнэт улс төрийн “өвчин” хөдөлж Иргэний зориг ногоон намыг С.Оюун, Ц.Ганхуяг дарга нартай үүсгэн байгуулалцсан.
Ц.Батхуягт итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч байж түүнийгээ улс төрийн бодлого болгож, сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө зорьж тэмүүлж явсан үе бий. Тэр үе бол  2000 он. Улс төртэй холбогдсон тухайгаа “Гэнэт улс төрийн “өвчин” хөдөлж Иргэний зориг ногоон намыг С.Оюун, Ц.Ганхуяг дарга нартай үүсгэн байгуулалцсан. С.Зоригийг их үнэлж, хүндэтгэж ирсэн. Нас барсных нь дараа үйл хэргийг нь бүтээхээр нам байгуулах гэж байгааг нь сонсоод очиж бүртгүүлэхэд талархалтай хүлээж авч Чингэлтэй дүүргийн намын дарга боллоо. Намын хороогоо байгуулахдаа 200 мянган төгрөг, хивстэй өрөөгөө тохижуулж байлаа шүү дээ. Онгироо ч байж. Ер нь аль шатны сонгуульд ИЗНН л АН-ын саналыг хувааж ирсэн хүчтэй өрсөлдөгч. Багагүй хугацаанд улс төрд явсан.  Ингэж явахдаа улс төр ямар бохир, шударга бус юм гэдгийг мэдэрсэн дээ. Нам дотор ялгаа гарч, зөв шударга хүмүүсээ дэмжихгүй болоод ирэхээр нь больё гээд 2017 онд улс төрийг орхисон. Миний бодлоор маш сайн ажиллаж байгаа боловсон хүчнээ л дэмжих ёстой. Намууд зөв шударга залуучуудаа гаргаж ирэхгүй бол наагуур нь дандаа уран ярьдаг худалч хүмүүс байдаг юм байна гэдгийг олж харсан. Тэгээд 2013 онд урлагийн ажлаа хиймээр байна гээд намын даргадаа хандахад Дуурь бүжгийн эрдмийн театрт аж ахуйн даргаар томиллоо. Тэгэж байхдаа тайз засагч, үйлчлэгч, цэвэрлэгч гээд арын албанаас 10 гаруй хүний материалыг авч албан ёсоор хөөцөлдөж байгаад СТА цолоор шагнуулсан юм. Түүнийгээ өөрөө гардуулж өгснөөс болж даргын урдуур орлоо гээд ажлаас халагдсан л даа. Ар талын ажилчид хамаг шагнал урамшууллаас орхигддог. Түүнийг нь нээж өгөхийг зорьсон хэрэг. Тэдгээр хүмүүст ч хэрэгтэй. Ингэж дуурийн театраас явсан” гэлээ.
 
Тэгж байтал намын дарга Байгаль орчны яамны сайд байсан болохоор Цэнгэг усны газарт хэлтсийн даргын албыг хэсэг хашиж байгаад дараагийн сайдын үед улс төрийн томилгоогоор ажлаа өгчээ. Дараахнаас нь буюу 2014 оноос Зэвсэгт хүчний 310 дугаар анги буюу материал хангалтын төв баазад өнөөдрийг хүртэл Соёлын төвийн даргаар ажиллаж байна. Чамгүй хугацаанд ажиллахдаа ангиудын хэмжээнд байр эзэлдэггүй байсныг нь анх удаа дэд байрт оруулах зэргээр уран бүтээлийн олз омог арвин байна. Соёл хүмүүжлийн ажилд онцгой анхаарчээ. “Амрыг эрье. Сайхан амарсан уу гэж мэндэлсэн л бол тэр хоёр хүн хэрэлдэхгүй. Энэ харилцаа, хандлага манай ангид хэвшсэн. Тэтгэвэрт гарах нас болсон ч “Үргэлжлүүлээд ажиллаад өгөөч” гэж гуйсан учраас дуртай ажлаа хийж, уран бүтээлээ туурвисаар л явна” гэж байна. Ангид ирсний дараа төр засаг ч үнэлж Алтангадас, Хөдөлмөрийн гавьяа, СТА цолоор шагнажээ. Харин хороо, Хилийн цэргийн чуулга, Зэвсэгт хүчний 310 дугаар анги гээд гурван байгууллагаас гавьяатад тодорхойлчихоод байгаа гэж гэргий нь ярилаа. 
 
 
Түүний хэлснээр “Би ил гардаг гавьяат биш. Дандаа ард түмэнтэйгээ ажилладаг. Хороо, дүүргийн бүхий л концерт, байгууллагуудын ойн хурал, зөвлөгөөнийг найруулж ирсэн. Ахмадын баярын концертыг олон жил найруулж, тоглож өглөө. Ингэхдээ мөнгө төгрөг авдаггүй. Амьдралд мөнгө чухал биш. Сэтгэл, зүтгэл, эрмэлзэл байхад болно. Дээр нь ард түмэн, халуун дулаан хамт олонтой байхад болдог доо. Энд тэнд их ч юм хийж явсан. Мөнгө цаас авахдаа биш чадалтай юм хийж өгөх хэрэгтэй. Заавал тайзан дээр ил гарч, олны дунд од болохдоо биш. Хайлаастын хаанаас ч асуухад намайг мэднэ. Ер нь маш чадвартай хүн л үнэлж чаддаг. Урлагийн гайгүй гэгдэх хүмүүс намайг үнэлдэг шүү” гэснээр бидний хугас өдрийн хөөрөлдөөн өндөрлөлөө. 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин