sonin.mn
МАХН (МАН) 1988 онд БНМАУ-ын 1960 оноос мөрдсөн үндсэн хуулиа шинэчилж нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга анх гаргасан юм.Энэ бол мөн онд хуралдсан манай Намын Төв хорооны (НТХ) тавдугаар бүгд хурлаас зарласан улс төрийн шинэ зорилт байв. Тус бүгд хурал Үндсэн хуулийг шинэчлэх шалтгаан болон хэрхэн шинэчлэх үзэл баримтлалаа ч томьёолсон. Тухайлбал, Ардын төрийн үйл ажиллагаанд буй болсон ноцтой гажуудал бол БНМАУ-ын төрийн улс төрийн үндэс болсон Ардын депутатуудын хурлын (АДХ) зохион байгуулалт үйл ажиллагаанд хэлбэрдэх, ёс болгох хандлага ихээхэн газар авснаас, тэдгээр төрийн байгууллагууд хуулиар олгосон бүрэн эрхээ гүйцэд эдэлж чадахгүйд хүрсэн явдал юм.Үүнд нөлөөлж байгаа нэг ноцтой шалтгаан бол намын байгууллагууд төрийн байгууллагуудыг элдэв заавар, зөвлөгөөгөөр дарамталдаг, үүний улмаас тэдгээр төрийн байгууллага намын байгууллагын ам харсан байдалд явж ирсэнтэй холбоотой хэмээн үзсэн болно. Төрийн хөгжилд саад болж байгаа энэхүү ноцтой гажуудлыг халж өөрчлөхийн тулд юуны өмнө нийгмийн улс төрийн системд ардчилсан зарчим, ил тод байдлыг өргөтгөх шаардлагатай гэж дүгнэсэн юм.
 
Энэ зорилгоор дараахь зорилтуудыг дэвшүүлэв.
 
Үүнд:
 
Нэг. Төрийн дээд эрх мэдлүүдийг: Төрийн эрх барих, Гүйцэтгэн захирамжлах, Хууль хамгаалах байгууллага хэмээсэн гурван салаа байх, тэдгээр нь тус тусынхаа ажил үүрэгтээ бүрэн эзэн болж, эрхээ бүрэн гүйцэд эдлэх ёстой.
 
Хоёр. Дээрх гурван субьектийн эрх үүргийг хуваарилахдаа:
 
а.Ардын Их Хурал (АИХ) бол нийгмийн улс төрийн системд тэргүүлэн жолоодох эрхтэй байх, ингэхдээ ард түмэн засгийн эрх барихад шийдвэрлэх эрхтэй өргөн оролцох бололцоог олгох хэрэгтэй. Түүнчлэн төрийн бүх шатны ардын депутатуудын хурлын сонгууль явуулдаг зарчмыг ардчилах, тухайлбал, нэг депутатын мандатын төлөө хэд хэдэн хүний нэр дэвшүүлэн чөлөөтэй хэлэлцэн сонгох, хуралд ажлаа шууд тайлагнадаг төрийн зохих шатны байгууллагын эрх баригчдыг тухайн шатны хурлын депутатаар сонгохгүй байх, депутатуудын нийгмийн бүрэлдэхүүнийг тухайн нутаг дэвсгэрийн хөдөлмөрчид, тэндхийн нам, олон нийтийн байгууллагууд өөрсдөө бие даан хариуцах зэрэг асуудлыг АДХ-ын сонгуулийн тухай шинэ хуулинд тусгах шаардлагатай.
 
Төр нь нийгмийн улстөрийн системд тэргүүлэн жолоодох эрхтэй байх хэрэгтэй гэсэн энэ зорилт бол МАХН (МАН) Үндсэн хуулиар олгогдсон удирдан жолоодох эрх эдэлж байсан үед дэвшигдсэн нь нэг ёсондоо тус Нам өөрөө энэхүү онцгой эрхээсээ татгалзахаа илэрхийлсэн санаа байлаа. 
 
б.Гүйцэтгэн захирамжлах байгууллага бол Ардын их хурлын шийдвэрийг биелүүлэгч байх.
в. Хууль сахиулах байгууллага бол бусдын нөлөөнд автахгүй, хараат бус байх, гагцхүү хуульд захирагдах ёстой хэмээн тус тус томьёолжээ.
 
Гурав. Намын V бүгд хурал Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих бүтэцтэй байх ёстой. Үүний тулд Ардын Их Хурал Үндсэн хуулийн хяналтын комиссыг шинээр байгуулж, хуулиуд, АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг, тогтоол, Сайд нарын зөвлөлийн шийдвэрүүд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг тодорхойлж, гажуудлыг арилгуулж байх үндсэн үүрэгтэйгээр ажиллуулах, энэхүү комиссыг АИХ-аас байгуулж, АИХ-ын тэргүүлэгчдээс хараат бусаар ажиллах. Эл санаа шинэ үндсэн хуульд “Үндсэн хуулийн Цэц” хэмээн томьёологдон тусгагджээ.
 
Дөрөв. V бүгд хурал орон нутгийн хурал, засаг захиргааны байгууллагын эрх үүргийн тухай заахдаа: Орон нутгийн хоёр шатны Ардын Депутатуудын Хурал (АДХ)-ын эрх үүргийг эрс дээшлүүлж, хурал нь нутаг дэвсгэрийнхээ амьдралын хамаг асуудлыг шийддэг бүрэн эрхт эзэн нь, харин гүйцэтгэх захиргаа бол түүний шийдвэрийг жинхэнэ хэрэгжүүлэгч шуурхай ажлын алба байхаар өөрчлөн зохион байгуулах.
 
Тав. V бүгд хурал хүний эрхийн асуудлыг тусгайлан авч үзэж энэ чиглэлийн зорилтоо тодорхойлохдоо: Улс төрийн амьдралыг өргөн ардчилах чухал чиглэл бол хүний эрхийг хангах байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагаанд хууль зүй, шударга ёсны зарчмыг бэхжүүлж, ил тод байдлыг хангах, албан тушаалтны, хууль бус ажиллагааны талаар иргэд шүүхэд гомдол гаргах эрхийн тухай хууль, албан тушаалтны учруулсан хохирлыг арилгуулах тухай зэрэг хуулийг тус тус гаргах ёстой гэжээ.
 
Зургаа. Нам төрийн байгуулалтад хийх эдгээр зарчмын бүх өөрчлөлт, шинэчлэлийг эцсийн эцэст хууль тогтоох замаар шийдвэрлэх нь зайлшгүй юм. Үүнийг эш үндэс болгон БНМАУ-ын Үндсэн хуулийг 1990 онд багтаан шинэчлэн найруулж, шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулахын хамт түүний дагуу хууль тогтоомжийг өнөө, ирээдүйн шаардлагын үүднээс хянан үзэж шинэчлэх ажлыг ойрын үед хийж гүйцэтгэх зорилт дэвшүүлсэн юм.
 
Намын Төв Хорооны V Бүгд хурлаас (1988) санаачилсан улс төрийн системийг ардчилан шинэчлэх үзэл санааг шинэ Үндсэн хуулийн агуулгатай харьцуулан ажиглахад энэхүү хоёр баримт бичиг бол хоорондоо харилцан хамааралтай төдийгүй, нэг нь нөгөөгөө залгамжилжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм.
 
МАН-ын V Бүгд хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажил шууд эхэлсэн.
 
Нэг. БНМАУ-ын Ардын депутатуудын хурал (АДХ)-ын сонгууль явуулдаг зарчмыг ардчилан шинэчлэх ажил эхлэв. БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн газраас эрхлэн боловсруулж нийт ард иргэдээр хэлэлцүүлэн “БНМАУ-ын Ардын хурлын депутатуудын сонгуулийн хуулийг” 1990 оны 3 дугаар сард БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн АИХ-ын чуулганаар батлав. Найман бүлэг, 43 зүйл бүхий сонгуулийн энэхүү шинэ хуульд нэг мандатын төлөө хэд хэдэн нэр дэвшигч өрсөлдөх, депутатад нэр дэвшүүлэх эрх бүхий субьектүүд өргөжиж, хөдөө аж ахуйн нэгдлийн бригад, хэсгийн хөдөлмөрчдийн хурал цуглаан, үйлдвэр аж ахуйн газруудын тасаг, цехийн ажилчин, албан хаагчдын болон нам, төр, олон нийтийн байгууллагуудын хурал, цуглаанаас тус тус нэр дэвшүүлэх эрхийг хуульчилсан. Бүх нэр дэвшигчид сурталчилгаандаа төрийн төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ижил нөхцөл боломжтой ашиглах зарчмыг тусгай журмаар баталгаажуулсан.
 
Ингээд Ардын Их Хурлын тэргүүлэгчид 1990 оны тавдугаар сарын 15-нд зарлиг гаргаж, АИХ-ын болон орон нутгийн Ардын хурлын депутатуудын сонгуулийг 1990 оны долдугаар сарын 29-ний өдрийн ням гаригт явуулахаар зарлав. АИХ-ын тэргүүлэгчид сонгуулийн тов тогтоосон энэхүү зарлиг гаргахдаа улс төрийн намуудтай зөвшилцөж, санал нэгтэй шийдсэн болой.
 
Сонгуулийн кампани эхлээд ид явагдаж байтал Монголын Ардчилсан Холбоо, Монголын Ардчилсан намынхан гэв гэнэт “сонгуулийг хойшлуулах, эс зөвшөөрвөл бид сонгуульд оролцохгүй” гэсэн шаардлага тавьж, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Очирбат бид хоёр тэдэнтэй уулзаж, олон цаг учир байдлыг тайлбарлаж, ойлголцохыг хичээсэн боловч тэд огт хүлээж авахгүй болохоор “сонгуулийг хойшлуулж, товыг дахин зарлая, ийм шийдвэр гаргах болсон учир шалтгааныг сонгогчдод тайлбарлая” гэж буулт хийхэд хүрэв. Харин, төдийлөн удалгүй МоАХ, МоАН-ын удирдагчид “Бид сонгууль хойшлуулах саналаасаа татгалзаж байна, өмнө зарласан хугацаанд нь сонгуульд оролцоно” гэж мэдэгдсэн юм. Ингээд 1990 оны долдугаар сарын 29-нд БНМАУ-ын АИХ-ын болон орон нутгийн Ардын хурлын депутатуудын сонгууль нэгэн зэрэг явагдав.
 
Сонгуульд БНМАУ-ын Дээд шүүхэд албан ёсоор бүртгэгдсэн улс төрийн намууд: МАХН (одоогийн Монгол Ардын Нам), Монголын Үндэсний Дэвшлийн Нам (МҮДН), Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам (МЧХН), Монголын Ардчилсан нам (МоАН), Монголын Социал-Демократ Нам (МСДН), Монголын Ногоон Нам (МНН) тус тус бие даан оролцсон. АИХ-ын 430 мандатын төлөө 2413 нэр дэвшигч өрсөлдсөн. Өмнөх сонгуулиудад нэг тойрогт нэг хүн нэр дэвшигдэж, түүний төлөө саналаа өгдөг байсан бол энэ удаагийн сонгуульд нэг тойрогт хамгийн цөөн нь 2-3 нэр дэвшигч, хамгийн олон нь 30 орчим хүн нэрээ дэвшүүлсэн; дунджаар нэг мандатын төлөө 5-6 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн байдаг. Сонгуулийг хуулийн дагуу цэгцтэй сайн зохион байгуулахад сонгуулийн төв, орон нутгийн Комиссын гишүүд, ажилтнууд ихээхэн чармайлттай ажиллаж, хуульд заагдсан эрх үүргээ сайн биелүүлсэн.
 
Сонгуулийн төв Комиссын дарга манай Намын Төв Хорооны гишүүн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, орлогч даргаар нь Намын Төв Хорооны гишүүн, туршлагатай улстөрч, эрдэмтэн Б.Курметбек, Сонгуулийн комиссын нарийн бичгийн даргаар АИХ-ын тэргүүлэгчдийн ажилтан Б.Шарбанди зэрэг нам, захиргааны шударга, туршлагатай ажилтнууд, шинэ нам, холбоодын төлөөлөгчид сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож зүтгэл чармайлт гарган ажилласан. Манай улсад 1950-иад оны эхнээс бүх нийтээр сонгуульд оролцож, сонгогчид саналаа шууд бөгөөд нууцаар өгдөг журам хэвшсэн учраас энэ удаад сонгуулийн тойрог хэсгийн комисс байгуулж ажиллуулах, санал өгөх байр бэлтгэх, санал тоолох зэрэгтэй холбогдолтой бүх ажил цаг хугацаандаа бэлэн болсон.
 
Өөрчлөн байгуулалт, ил тод байдлын үзэл санаагаар зоригжсон манай сонгогчдын улс төр, нийгмийн идэвх өндөр байлаа. Үүнийг АИХ-ын сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 1 сая 71 мянган сонгогчдын 93 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн баримт нотолж байгаа юм. Энэхүү сонгууль бол хуулийг чанд мөрдөж, үнэхээр ардчилсан, чөлөөт уур амьсгалд явагдсан. Энэ бол сонгуульд оролцсон улс төрийн намууд, дотоод гадаадын ажиглагчид, Монголын олон нийтийн үнэлэлт.
 
 
Сонгуулийг манай улс төрийн намуудын олон мянган ажиглагчид болон гадаадын хэд хэдэн орон, олон улсын байгууллагаас ирсэн парламентын гишүүд, дотоод гадаадын олон арван сэтгүүлчид ажиглаж сурвалжилсан.
Тухайлбал, Их Британи Улсын парламентын гишүүн (тус улсын Лейборист намын төлөөлөл) Жон Гилберт “Танай орны бүх шатны ардын хурлын депутатуудын сонгууль их амжилттай, хэвийн явагдаж өнгөрлөө гэж ажиглагчийн хувьд үзэж байна. Сонгуулийн хууль, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тийм явдал гарсангүй, энэ бол тун сайн хэрэг. МАХН (МАН) энэ удаагийн сонгуульд амжилттай оролцож, өөрийн байр суурийг хадгалж үлдэнэ гэдэг нь ойлгомжтой байна" хэмээн Сонгуулийн Төв Комиссын дарга Ж.Гүррагчаатай уулзахдаа өөрийн сэтгэгдлээ ярьжээ. (Үнэн сонин. 1990.08.01).
 
Энэтхэг Улсын ажиглагч, тус улсын парламентын гишүүн Б.Б Теварн манай сонгуулийг ажигласан тухайгаа хэлэхдээ “Танай оронд хөдөлмөрчид улс төрийн өндөр идэвхтэйгээр энэ сонгуульд оролцож байгаа нь бидэнд өндөр сэтгэгдэл төрүүлэв. Тэгж идэвхтэй оролцсон нь танай сонгогч олон төр засгийнхаа бодлогыг дэмжиж байна гэж би ойлгож байна. Энэ сонгууль их сайхан тайван нөхцөлд ямар нэг гажуудал завхрал гаргалгүйгээр явагдаж өнгөрлөө гэж ажиглагчийн хувьд үзэж байна. Эндтхэг орноос ирсэн хүний хувьд танай оронд ардчилал амжилттай хөгжинө гэдэгт итгэл төгс буцлаа. Бас нэг тэмдэглүүштэй зүйл нь МАХН (МАН) ямар ч асуудлыг шийдвэрлэж чадах эрх баригч нам гэдгээ харуулж байна. Түүнээс гадна шинээр үусч буй болсон намуудыг сонгуульд оролцох нөхцөл бололцоогоор бүрэн хангасан нь сайн хэрэг” гэжээ. (Үнэн. 1990.08.01).
 
Тэр үед Монголд айлчилж ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн Ж.Бейкер надтай 1990 оны наймдугаар сарын 2-нд уулзахдаа “Монголд эдүгээ олон намын тогтолцоо бүрэлдэж, ардчилсан сонгуулиа амжилттай хийсэнд сэтгэл ханамжтай байгаагаа” илэрхийлж байв. Нэг үгээр хэлбэл, 1990 оны 7 дугаар сард болсон АИХ-ын болон орон нутгийн ардын хурлын сонгууль бол Монголд сонгуулийн ардчиллын шинэ жишиг тогтоосон түүхэн үйл явдал мөн билээ.
 
МАХН (МАН) энэ сонгуульд амжилттай оролцоход нэгдүгээрт, 1990 оны 4 дүгээр сард МАХН (МАН) Онц их хурлаа намын анхан шатны байгууллага бүрээс төлөөлөлтэй хуралдуулж, ангич зарчмыгхалжардчилсан социалист үзэл санаанд тулгуурласан шинэ программ, шинэ дүрмээ батлан мөрдөж өөрийгөө ардчилах том алхам хийсэн.
 
Хоёрдугаарт, манай орны хөдөлмөрчдийн олонх нь МАХН (МАН) өөрийгөө эрс тууштай ийнхүү шинэчилж байгааг дэмжиж байсан. Өөрөөр хэлбэл, манай намын шинэчлэлийн бодлого ард түмний дийлэнх олонхын санаа сэтгэлд нийцэж байсан.
Гуравдугаарт, МАХН (МАН)-ын өөрчлөн байгуулалт, ардчиллын бодлогын үр дүнд үүсч буй болсон шинэ нам, эвсэл холбоодыг сонгуульд оролцох нөхцөл бололцоогоор бүрэн хангах зэргээр тэдэнтэй зөвшилцөж харилцан ажиллах бодлого баримталсан. Дөрөвдүгээрт, МАХН (МАН) улс үндэстнийхээ эв нэгдлийг хангах, ард иргэдээ амгалан тайван байлгах, улс оронд улс төрийн тогтвортой байдлыг төлөвшүүлэхийг амин чухал зорилтоо гэж үзэж ажилласан зэрэг нь чухал ач холбогдолтой болсон билээ.
 
Хоёр. БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэх ажил бол нэлээд түрүүн эхэлсэн юм. Намын Төв Хороо 1989 оны хоёрдугаар сарын 20-нд “БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс” байгуулж ажилд нь оруулав. Комиссын даргад Ж.Батмөнх (АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга) орлогч даргад Ц.Намсрай (НТХ-ны УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга), комиссын нарийн бичгийн даргад Б.Чимид (АИХ-ын тэргүүлэгчдийн хэлтсийн дарга) зэрэг төр нийгмийн олон салбарыг төлөөлсөн 23 хүн томилогджээ.
 
Намын Төв Хороо энэ тогтоолоороо: МАХН (МАН)-ын өөрчлөн байгуулалтын үзэл баримтлалын үндсэн дээр БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж ард нийтээр хэлэлцүүлэн 1990 оны эхний хагаст багтаан БНМАУ-ын Ардын Их Хуралд оруулахыг комисст даалгасан байна. Комисс ажлынхаа явцын тухай удаа дараа цуглаж зөвлөлджээ. Комиссын нарийн бичгийн дарга Б.Чимид гишүүддээ хийж байсан танилцуулгуудад тэмдэглэснээр, Комисс таван хэсэгт хуваагдан ажиллаж, Намын Төв Хороо (НТХ), Сайд нарын Зөвлөл, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн газрын зохих хэлтсүүд, Нийгмийн ухааны институт, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулиудын холбогдох эрдэмтэд, мэргэжилтэн нарын саналыг авчээ. Тэдгээрээс 60 гаруй санал ирүүлсэн байна.
 
Үндсэн хуулийг шинэчлэх асуудлаар холбогдох эрдэмтэн, мэргэжилтнүүд, Комиссын гишүүд оролцсон хэлэлцүүлгийг хоёр ч удаа зохион байгуулжээ. Үүнээс гадна уг танилцуулгад “Засгийн дээд байгууллагуудын хооронд хөдөлмөр хуваарилах, тэдгээр нь тодорхой тэнцэлтэй байх; хувьсгалын эхний шатны уламжлалыг баримжаалан, нэлээд хүний гаргаж байгаа саналын дагуу Улсын Их Хурлыг “Ардын төлөөлөгчдийн хурал” гэж болох, түүнээс сонгогдож байнга ажиллах Улсын бага хуралтай байж болно" гэх зэрэг санал тусгагджээ. Ийнхүү Үндсэн хуулийг шинэчлэх ажил идэвхтэй эхэлсэн.
 
БНМАУ-ын Ардын Их Хурал (АИХ) 1990 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн чуулганаас гаргасан тогтоолд: (БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага нь ардын их хурал, хууль тогтоох байнгын дээд байгууллага нь Улсын бага хурал байх, Ерөнхийлөгчийн албан тушаал буй болгохоор БНМАУ-ын Үндсэн хуулийн зохих бүлгийг найруулж, төслийг ард нийтээр хэлэлцүүлэхийг АИХ-ын тэргүүлэгчдэд даалгасан байна). Үүний дагуу АИХ-ын тэргүүлэгчид 1990 оны гуравдугаар сарын 29-нд Үндсэн хуулийг шинэчлэн найруулах Комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан.
 
Үүнд, Комиссын даргад АИХ-ын тэргүүлэгчдийн дарга П. Очирбат, орлогч даргад АИХ-ын тэргүүлэгч гишүүн Б.Чймид, нарийн бичгийн даргад АИХ-ын тэргүүлэгчдийн хэлтсийн орлогч дарга Д.Дэмбэрэлцэрэн нарын зэрэг 27 хүн томилогдов. Энэхүү шинэ Комиссын бүрэлдэхүүн өргөжсөн бөгөөд бараг гуравны нэг нь хуульчид байгаагийн дотор дээрх хоёр хуульчаас гадна Х.Балжинням-БНМАУ-ын прокурор, О.Жамбалдорж-БНМАУ-ын Хууль зүй, арбитрын яамны сайд, дэд эрдэмтэн, Б.Пүрэв-Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, дэд эрдэмтэн, Л.Ринчин-БНМАУ-ын Дээд шүүхийн дарга, дэд эрдэмтэн, М. Санждорж-ШУА-ийн Төр эрх зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор. Г.Совд-ШУА-ийн Төр эрх зүйн хүрээлэнгийн захирал, дэд эрдэмтэн, О.Төмөр-Монгол Улсын Их сургуулийн багш, дэд эрдэмтэд болон өмнөх Комиссын хэд хэдэн гишүүн шинэ Комисст улиран ажилласан. 
 
АИХ-ын тэргүүлэгчдийн комисс харьцангуй богино хугацаанд Үндсэн хуулийг шинэчлэх ажлыг шат ахиулсан чухал хэд хэдэн хуулийн баримт бичгийн төслийг боловсруулж ард нийтээр хэлэлцүүлэн АИХ-д оруулжээ. Тухайлбал, АИХ 1990 оны гуравдугаар сард (БНМАУ-ын Ардын хурлын депутатуудын сонгуулийн тухай хууль) тавдугаар сард, (БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль), Улс төрийн намуудын тухай хуулийг тус тус хэлэлцэн баталжээ. Эдгээр хууль бол:
 
А.Ардчилал шинэчлэлийн үйл явцын хамгийн эгзэгтэй үеийн манай улс төр нийгмийн харилцааг зохицуулан, нийгмийн тогтвортой байдлыг
хангаж, 1990 оны ардчилсан хувьсгалыг тайван замаар ялалтад хүргэхэд эрх зүйн нэг бат суурь болсон.
 
Б. Шинэ тутам үүссэн нам, холбоод хуулийн баталгаатайгаар итгэл дүүрэн бодлогоо явуулж, цаашид өсөж дэвжихэд нь тус дөхөм үзүүлсэн нь үгүйсгэж үл болох үнэн.
 
В. Ардчилсан өөрчлөлтийн шинэ нөхцөлд байнга ажиллах, хууль тогтоох парламентын анхны шав тавьж, зохих туршлага, сургамж болсон билээ.
 
1990 оны 9 дүгээр сард Улсын Бага Хурал (УБХ) байгуулагдахад Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлыг тус Бага хурал залгамжлан авсан юм. Улсын бага хурал Үндсэн хуулийг шинэчлэх ажил эхэлснээс хойш тус улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд гарсан өөрчлөлтийг харгалзан БНМАУ-ын шинэ Үндсэн хууль боловсруулах шаардлагатай гэж үзсэн. Ингээд УБХ-аас 1990 оны аравдугаар сарын 4-нд Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах шинэ комисс байгуулав. Тус Комиссын даргаар Ерөнхийлөгч П.Очирбат, орлогч даргаар К.Зардыхан, нарийн бичгийн даргаар Б Чимид, гишүүдээр нь УБХ-ын зарим байнгын хорооны дарга нар болон намуудын төлөөлөгчид зэрэг 16 хүн томилогдон ажилласан.
 
Улсын бага хурлын Комисс ажлаа эхлэхэд нь Үндсэн хуулийг шинээр зохиоход суурь болохуйц бэлтгэл нэгэнт хийгдсэн байсан юм. Тухайлбал, БНМАУ-ын Ардын депутатуудын хурлын сонгуулийн шинэ хууль, Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль болон олон нам, үзлийг зөвшөөрсөн тухай Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт зэргийг дурдахад хангалттай.
 
Эдгээр хууль тогтоомжууд бол шинэ үндсэн хуулийг боловсруулахад үзэл баримтлалын чиг баримжаа болох хэмжээний баримт бичгүүд байсан бөгөөд тэдгээр нь 1990 оны эхний таван сард АИХ-аар батлагдаж мөрдөгдсөн түүхтэй. Ийнхүү ардчилал, шинэчлэлийн үйл хэрэг тууштай урагшлан хөгжихөд хууль зүйн баталгаа нь болсон тэдгээр баримт бичгүүдийг хэлэлцэж дэмжин баталсан БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн үндсэндээ МАХН-ын гишүүд, дэмжигчдээс бүрэлдсэн 300 гаруй депутатууд бол манай дөрөв дэх шинэ үндсэн хуулийг бүтээсэн гавьяаг зүй ёсоор хуваалцах эрхтэй хүмүүс мөн гэдгийг зориуд тэмдэглэе.
 
Манай дөрөв дэх шинэ Үндсэн хууль бол барууны либерал ардчиллын загварыг хуулбарлаж авах гэсэн шургуу зүтгэл оролдлого,нөгөө талаас ардчилсан өөрчлөлтийг Монголынхоо үндэсний онцлог, нүүдлийн соёл иргэншлийн уламжлалыг харгалзан төлөвшүүлэх гэсэн ийм хоёр үзэл, байр суурийн санал зөрөлдөөн,мэтгэлцээний явцад бүтсэн түүхтэй билээ.
 
Шинэ үндсэн хуулийн төсөл боловсруулах УБХ-ын Комиссын 1991 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар боловсруулсан төслөө хэлэлцээд түүнийг эцэслэн засаж найруулах ажлыг гүйцэтгэж УБХ-д оруулахад бэлтгэх үүргийг УБХ-ын дэд дарга К.Зардыхан, УБХ-ын нарийн бичгийн дарга Б.Чимид, УБХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Баяр, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа нарт хариуцуулан гүйцэтгүүлжээ. Ингээд 1991 оны дөрөвдүгээр сарын 19-нд энэхүү бэлтгэсэн төслөө УБХ-д өргөн мэдүүлсэн байна.
 
1990 онд болсон АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан АИХ-ын 430-аад депутат бол төрийн эрх барьж байнга ажиллах Улсын бага хурлыг байгуулж, Монгол Улсын дөрөв дэх шинэ Ардчилсан үндсэн хуулийг нухацтай хэлэлцэж эцэслэн, баталсан түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн, эрхэм хүмүүс мөн. Үндсэн хуулийг ийнхүү эцэслэн баталсан 430 депутатын 82 хувь нь МАН-ын төлөөлөл байсныг тэмдэглэвэл зохино.
Монгол Улсын 1990 оны шинэ үндсэн хууль бол гурван жил гаруй хугацаанд бэлтгэгдэж, ард түмнээрээ ажил хэрэгч хэлэлцүүлэн саналыг нь авсны дээр бусад орны энэ чиглэлийн туршлагыг ч харгалзсаны үндсэн дээр боловсорч бүтсэн түүхэн баримт бичиг юм.
 
 
Монгол Ардын Намын дарга асан, доктор (Ph.D) Г.Очирбат