sonin.mn
Хүн бүхэн гавьяа байгуулах боломжтой. Харин хүний амь аврах үйлс ажил мэргэжлийн онцлогоос хамаарах хэдий ч чин сэтгэл, зүтгэл бол түүнийг бүтээх хамгийн том шалгуур юм. Тиймдээ ч хүн ардын амар тайвны төлөө ямар ч болзолгүйгээр зүтгэсэн. Өөртэйгээ ижил олон мянган аврагчдын алдар гавьяаг мөнхөлсөн эгэл баатраар бахархсан, омогшсон өдрүүд он дамжин үргэлжилж байна. Ийм л нэгэн эгэл аврагчдын төлөөлөл, гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяатыг “Монгол Улсын төлөө” буландаа онцоллоо. 
 
ГАЛ СӨНӨӨГЧДИЙН ДУНДААС 100 ЖИЛИЙН ТҮҮХЭНД ТӨРСӨН АНХНЫ ГАВЬЯАТ
 
Бүгд Найрамдах улс тунхаглаж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу шинэ оны босгон дээр Төрийн тэргүүний зарлигаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг  “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан бахархам үйл явдал өнөө ч хуучраагүй байна. Шинэхэн гавьяатын энгэрт өнөөдөр ч одон медаль нь гялалзсаар бидэнтэй уулзлаа. Тэрбээр Төрийн ордны есөн хөлт, цагаан тугийн өмнө Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авахдаа “Гал сөнөөгч бүрийн энгэрт гавьяат цол зүүлээ” гэж дотроо хэлжээ.
 
 
Ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг онцгой байдлын байгууллагын ес дэх, гал сөнөөгчдөөс төрсөн анхны гавьяат болж буй юм. Өөрөөр хэлбэл, гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн түүхэнд галын машинаас “төрсөн” анхны гавьяат гэж хэлж болно. 
 
 
 
Эх орны баруун хязгаар Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн айлын отгон хүү онцгой байдлын  албатай холбогдоод 20 жил болж буй. Хүнсний коллежид суралцдаг залуу найзынхаа ажил дээр очиж аврагч болохоор шийдсэн тэр л өдрөөс хойш мөрдэстэй байгууллагад сэтгэл, зүтгэлээ зориулж явна. Энэ хугацаанд Гал түймэртэй тэмцэх ууган анги, төв байгууллага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байгаа талаараа “Энэ жил гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ой тохиож байгаа. Би албандаа орсны 20 жил гуравдугаар сарын 15-нд болно. Энэ хугацаанд шантрах үе байсныг нуухгүй ээ. Гэхдээ албанаасаа няцах, дуудлаганаасаа буцах талаар бодож байгаагүй. Галын дуудлаганд ганцаараа яваад бүхнийг хийхгүй. Баг, хамт олны минь хичээл зүтгэл шингэсэн юм шүү. Бид дасгал сургуулилт, бэлтгэл бэлэн байдлаа байнга хийнэ. Хоолой хошуу, багаж хэрэгслээс эхлээд бүх зүйлээ бэлтгэнэ. Таван гал сөнөөгч нэг баг болж дуудлаганд явдаг. Ер нь хүний амь, эд хөрөнгө аварч хамгаална багийн ажиллагаа байдаг” гэж даруухан өгүүлэх.
 
Д.Эрдэнэбилэг ажиллах хугацаандаа ахуйн гал түймрийн  3120 удаагийн дуудлагаар ажиллаж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 5.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Ингэхдээ 1975 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган өөрийн биеэр 684 хүнийг, тасгийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж 2162 хүнийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан талаар түүнийг гавьяатын тодорхойлолтод бичсэн байв. Өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлэхдээ хэдэн сараар ч хамаагүй гал унтрааж явсан үе бишгүй бий. Тухайлбал, “Бөмбөгөр” худалдааны төв, “НИК”-ийн шатахууны агуулах,  Залаатын амны “Голын эрэг амралтын газрын байр, МАХН-ын байр, цаасны үйлдвэр, төмрийн үйлдвэр, “Уран зургийн галерей”, Саруул худалдааны төв, Сандей Плаза,  Багшийн хөгжлийн ордон, “Дашваанжил” ХХК-ийн  борлуулалтын төв, Е Март худалдааны төв, “Говь Кашмер”-ийн үйлдвэр  гээд улс, нийслэлийн хэмжээнд гарсан томоохон гал түймрүүд дээр тэр л ажиллаж байв.  Тийм ч учраас албаараа бахархаж явдаг тухайгаа “2005 онд галын дуудлагаар Баянхошууны Хөтөл дээр шөнө дунд очиход нэг эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ гал өртсөн байсан. Үүднээсээ шатаж эхэлсэн учраас хаалгаараа гарах боломжгүй утаа галанд боогдчихсон нэлээн хүнд нөхцөл угтсан. Юуны түрүүнд хүмүүсийг аюулгүй болгоё гээд цонхоор нь ороод гурвууланг галаас авч гарч ирж түргэн тусламж дуудсан. Гал сөнөөгч болоод удаагүй шинэхэн ч байлаа. Ах нар мундаг ажиллалаа гэж магтаад. Гурван хүний амь аварлаа гэж шуурхай албаны бүрэлдэхүүн баяр хүргэсэн. Тэр дуудлагаас анги руугаа буцах зам хамгийн гоё. Галынхаа машинд бөөнөөрөө ангийнхаа дууг дуулаад явж байсан үе намайг эргэлт буцалтгүй энэ албанд оруулсан даа. Дуудлаганд явах болгондоо амжихгүй бол яана аа гэж яардаг. Дуудлага болгоны ард хүний амь, эд хөрөнгө бий шүү дээ. Сүүлд зайрмагны үйлдвэр шатахад 24 цаг тасралтгүй үүрэг гүйцэтгэсэн. Өглөө ээлж хүлээж авахдаа дуудлаганд яваад маргааш өглөө нь галаа унтраагаад ээлжээсээ бууж байлаа. Унтраана л гэж зүтгэхээс биш унтрахгүй байх вий гэж бодох эрхгүй. Тийм ч боломжгүй. Ой хээрийн түймэрт 2002 онд Улаанбаатарыг тойроод 40 гаруй хоног яваад ирэхэд хот гоё болчихсон юм шиг санагдсан” хэмээсэн. Энэ бол түүний арын албаа гэргийдээ даатгаад ажлын төлөө явсан он жилүүд юм.
 
Шинэхэн гавьяаттай яриа өрнүүлэх зуур онцгой байдлын байгууллага 16, 20 давхар байшинд гарсан галыг хэзээ унтрааж чаддаг болох вэ гэж сөргүүлэхэд  “Монгол Улсын хэмжээнд 12 давхарт гарсан галыг унтраах багаж төхөөрөмжтэй. Гэхдээ онцгой байдлын байгууллагын техник хэрэгсэл гэхээс илүү тухайн байгууллагын аюулгүй байдал, чадавхи стандарт чухал. Давхар болгондоо төвийн устай холбоотой гидрант хошуу байх ёстой. Энэ стандартаа баримталсан бол аврагчид очоод ойролцоо тархсан гал түймрээс эхлээд нэмэлтээр хошуугаа дэлгэж ажилласнаар хэдэн ч давхрыг унтрааж чадна” гэж тайлбарласан юм.
 
ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН МОНГОЛ УЛСЫН РЕКОРД ЭЗЭМШИГЧ
 
 
 
Ахлах ахлагч Д.Эрдэнэбилэг дан ганц гал унтраах ажилдаа гарамгай биш. Тэрбээр  2004, 2006, 2008, 2010, 2014,  2016, 2018 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд баг хамт олноороо амжилттай оролцож тэргүүн байр эзэлж, 2006 онд улсын рекорд тогтоосон  Монгол Улсын спортын мастер цолтой тамирчин аврагч юм.
 
 
 
Д.Эрдэнэбилэг Отгон, Лхагвацэдэн багш нарынхаа удирдлагад гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэжээ. Гал унтраах чиглэлийн бүх байгууллагын гал сөнөөгчид таван төрлөөр уралддаг тэмцээний долоон удаагийн хошой аварга. Гал унтраах техникийн спортод дөрвөн давхар руу авирах довтолгооны шат, саадтай 100 метр, 100 метр багаараа гүйж даалгавар гүйцэтгэхээс гадна багийн долоон гишүүн байлдааны тархалт хийнэ. Энэ бүгд зөвхөн секундээр хэмжигддэг аж. Үүнд 18 жил гүйхдээ нийслэлийн долоон удаа, улсын аваргын алт, мөнгө хүрэл медальтай. Өөрөөр хэлбэл, энэ тэмцээн аврагчдад  практикт гал унтраах хамгийн том дадлага сургуулилт, ур чадвар эзэмшүүлдэг гэнэ.
 
Д.Эрдэнэбилэг 2006 онд дөрвүүлээ Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна. 4*100 метрийн гал унтраах техникийн төрөл өмнө нь нэг минут байсныг 59.30 болгож шинэчлэн тогтоожээ. Өөрөөр хэлбэл, гал унтраах аравдугаар ангиас дөрвүүлээ 100 метр гүйхдээ замдаа шатаа барьж байшин, самбар давах, хошуугаа залгах зэргээр саад туулж, эцэст нь гал унтраах бүх үйлдлийг 59 секунд 30 дольд багтаажээ. Ийм л онцгой байдлын шилдэг алба хаагчдын төлөөлөл төрдөө гавьяа зүтгэлээ үнэлүүллээ. Мөн 20 жил хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хамт олонтойгоо хуваалцсаар, түгээсээр явна. Энэ мөчид ч өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж галын улаан машинтайгаа нийслэлийн хаа нэгтээ дохиоллоо хангинуулсаар, хэн нэгний эрдэнэт амийг авран хамгаалсаар яваа. Түүний зорилго, хүсэл болох  “Улс орон, ард иргэд амгалан тайван байгаасай” гэсэн үгээр өндөрлөе. 
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин