sonin.mn
Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Балжиннямтай ярилцлаа. 
 
-Та саяхан “Засгийн газрын “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээний явцыг мэргэжлийн  талаас шинжвэл” гэсэн нийтлэл бичсэн байсан. Одоо ямар дүгнэлт хийж байна? 
 
Засгийн газар Хөрөнгө оруулагчтай тохиролцож, Оюу толгой ордыг хамтран ашиглах талаар байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ(ХөОГ), Хувь нийлүүлэгчдийн гэрээ(ХНГ), 2010 оны үндсэн ТЭЗҮ гэсэн хууль эрх зүйн бүрэн чадамжтай, хүчин төгөлдөр үйлчилж байгаа гурван том баримт бичгийг  гэрээнд оролцогч талууд мөрдөж ажиллах ёстой.
Ер нь бол “Рио Тинто”-ийн ардах эзэд хэн байх асуудал Монголын төр, засагт онцын хамааралгүй, Монголын тал хэнтэй гэрээ хийсэн юм тэр этгээд гэрээгээр харилцан хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн эсэхийг авч үзэж хэлэлцэх ёстой. Гэтэл Монголын тал гэрээ хийгээд, түүнийхээ биелэлтэд хяналт тавих чухал үүргээ мартчихсан. Оюу толгой төслийн хэрэгжилтийг нийтэд нь дүгнэж ярих ёстой байтал зөвхөн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу бидний ярьдгаар “Дубайн гэрээ”-г тойруулж яриад байгаа нь учир дутагдалтай. Одоо хэлэлцээ хийж байх явцад гэрээнийхээ үүргийг дүгнэж дүн тавьсангүй. Хэлэлцээ ийм байдалтай, явцуу хүрээнд явж байгаа нь харамсалтай. Энэ маш буруу.
 
 “Рио Тинто” хэн бэ гэвэл, Монгол Улсын төр засагт хандаж байгаа байдал нь тэдний нүүр царай, ааш араншинг илтгэж буй юм. Банк, санхүүгийн олигархиудтай үйл ажиллагаа нь нэгдчихсэн, Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудын хаана эрдсийн түүхий эдийн хайгуул хийж, ямар орд илрүүлж  байна вэ гэдгийг  ажиглаад сууж байдаг. 
 
Тэгээд тэнд ийм орд, обьект оллоо гэхэд хайгуул хийсэн компанитай нь холбогдож, өөрт нь ашигтай бол түүнд зээл өгч санхүүжүүлэх замаар ордыг ашиглах үйл ажиллагаанд нь оролцож, гаршсан эвгүйхэн  туршлагатай  ийм л компани. Хүний бэлэн юман дээр орж ирээд суучихдаг. Харилцан ашигтай ажиллах ёстой байтал  тухайн баялгийг  эзэн оронд нь өчүүхэн төдий амсуулаад ихэнхийг өөрөө туучихдаг, ийм л үйл ажиллагаа явуулдаг компани юм билээ. Энэ арга ажиллагаанд нь Монголын Засгийн газар эхнээсээ орчихсон, жишээ нь Оюу толгойн орд дээр ийм байдалтай  арав гаруй жил өнгөрч байна. 
 
-Гэрээ ямархуу болсон гэж та үзэж байна? 
 
Гэрээнүүд сайн, муу болсон уу, тэдгээрийн Монгол Улсад хор хохиролтой алдаатай зүйл, заалтуудыг ямар замаар хэрхэн засаж залруулах вэ гэдэг талаар жич яригдах асуудал. Одоо хэлэлцээний нэгдүгээр үе  шатад гэрээ, түүнтэй холбоотой баримт бичгийн биелэлтийг нэгтгэж  дүгнэчихээд цааш явах ёстой атал ингэж явсангүй гэдгийг би өмнө тодорхой дурдсан шүү дээ. Засгийн газартай Хөрөнгө оруулагчийн байгуулсан гэрээгээр өнөөдөр Монголын ард түмэн Оюу толгой ордоос 34 хувийн ашиг, өгөөжийг хүртэж байх ёстой. Гэтэл бидний хүсэн хүлээсэн нааштай үр дүн өнөөг хүртэл гарсангүй. Харин ч өнгөрсөн арав орчим жилийн хугацаанд Оюу толгой ХХК-ийн ил уурхай, баяжуулах үйлдвэр 4.6 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан мэдээ байна. Энэ алдагдлын хэмжээ Монгол Улсын бүтэн жилийн төсвөөс давжээ гэхэд хүмүүс яагаад ийм их алдагдал гаргасан юм бол Оюу толгой ордын баялгаас бидний хүртэх нөгөөх ашиг орлого яав гэж эргэлзэнэ биздээ. Оюу толгой ХХК-ийн энэ асар их алдагдалтай үйл ажиллагааг мэргэжлийн хүмүүс үнэмшиж, итгэхийн аргагүй ноцтой асуудал юм. Оюу толгой ХХК-тай ижилхэн үйл ажиллагаатай “Эрдэнэт” үйлдвэр сүүлийн хоёр жилд  Улсын төсөвт бараг хоёр их наядын орлого орууллаа. Та биднийг, “Эрдэнэт” үйлдвэр 3.3 сая монголчуудыг дэлхийг хамарсан цар тахлын хүнд хэцүү үед дулаан, цахилгаан, усаар үнэ төлбөргүй бүрэн хангаж байна.  
 
Энэ бол Эрдэнэтийн овооны зэс, молибдений гайхамшигтай ордыг нээж, ашиглалтад бэлтгэсэн геологичид, уурхайчид болон өнгөрсөн зууны энэ асар их бүтээн байгуулалтад оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, түүнд шингээсэн хэдэн арван мянган хүний амжилт бүтээл шүүдээ. 
 
Оюу толгойн зэс, алт, мөнгө, молибдений бүлэг орд бол дэлхийн топ ордуудад эрэмбэлэгддэг гайхамшигтай орд гэдийг монголчууд төдийгүй дэлхий даяар мэдэж, Монгол Улсыг таниулж байна. Гэтэл  Монгол Улс өнгөрсөн арав орчим жилийн хугацаанд ОТ ХХК-иас орлогын албан татвар, ногдол ашиг хүртэж чадахгүй, зөвхөн ашигт малтмалын нөөцийн төлбөр 5 хувийг л  төсөвт төлж байхад “Эрдэнэт” үйлдвэр  нөөц ашигласны төлбөр 17-18 хувийг төлж байна. Монгол Улсын хуулийн дагуу яг адилхан үйл ажиллагаа явуулдаг хоёр компанид ингэж ялгавартай хандаж болох уу. 
 
- Оюу толгойн ордоос  Монгол Улсын хүртэх  ашгийг хангуулах арга хэмжээний   тухай тогтоолын төслийг  УИХ батлах гэж байгаа. Үүний өмнө “Рио Тинто”-гоос ирүүлсэн захидлын тухайд та юу хэлэх вэ ? 
 
 Монгол Улсын Их Хурал, Засгийн газар “Рио Тинто”-гоос ирүүлсэн захидлын хувилбарын хүрээнд хашигдаж, түүгээр хязгаарлаж шийдвэр гаргахгүй болов  уу гэж би бодож байгаа. Энэ үйл явцыг нөгөө талаас нь тунгаан авч үзвэл, “Рио Тинто” Монголын төр, засагт өөрийн санаа бодол, зорилгоо тулган хүлээлгэх замаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулах хувилбарыг сонгосон байдал харагдаж байна. Аливаа их бага бизнест оролцогч талууд харилцан ашигтай байх зарчмыг манай түнш умартсан бололтой. Учир юун гэвэл Монголын Засгийн газарт “Рио Тинто”-гоос ирүүлсэн захидлын таван  зүйл заалтыг ингэж ойлгож болохоор  байгаа юм.  “Рио Тинто” уг захидалдаа: “Энэ  бол бидний эцсийн санал шүү” гэж Монголын төр, засагт анхааруулсан байгаа юм. Бүхэл бүтэн туурга тусгаар Монгол Улсын төр засагт ийм ёс зүйгүй, бүдүүлэг байдлаар хандаж болохгүй шүү дээ.
 “Рио Тинто”-гоос Засгийн газарт илгээсэн захидалд дурдсан таван зүйлийн талаар өөрийн санал бодлоо товч төдий NEWS.MN сайтад нийтлүүлсэн болно. Одоо урьдах санал бодолдоо бага зэрэг нэмэлт хийж болох юм. Үүнд:
 Нэгдүгээрт,  Монголын талын 34 хувьд ногдох  2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэнэ гэсэн мөртлөө үүнийг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтад хамааруулахгүй гэж заагаагүй, ногдол ашгийг хэдэн оноос авч эхлэх нь тодорхойгүй байгаа. Энэ 2.3 тэрбум ам.долларын өрийг Оюу толгой төсөлд оруулсан гэх үнэн, худал нь мэдэгдэхгүй  15.0 тэрбум ам.доллараас автоматаар хасагдах ёстой.  
Хоёрдугаарт, “Дубайн гэрээ” буюу далд уурхайн санхүүжилттэй холбоотой бичиг, баримтыг цуцална. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын саналыг бид  хүлээж авлаа, зөвшөөрлөө гэсэн. Энэ гэрээгээр “Рио Тинто”  5.34 тэрбум ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас  өөрийн мэдэлд, дансандаа оруулж авсан. Тэр нь “Дубайн гэрээ” нэрээр явж байгаа. Гэрээг цуцалж байгаа юм чинь энэ  5.34 тэрбум ам.долларыг мөн 15.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гэх дүнгээс хасагдах ёстой.
 Гуравдугаарт, 2023 оны эхний хагас жил хүртэл Далд уурхайг бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулах хүртэлх зардлыг “Рио Тинто” бүрэн хариуцна гэж байгаа. Тэр нь хэдий хэмжээний зардал болохыг тооцож тогтоох нь чухал юм. 2023 оны эхний хагас жил хүртэл гарах зардал, мөн анхны тэсэлгээ, олборлолт хийхэд зориулж 2022 оны нэгдүгээр сард хийх ажлын зардал ч хасагдах ёстой. 
Ажлын хэсэг Оюу толгой төслийн талаарх талуудын хоорондох маргаантай асуудлыг эх суурь түвшингээс нь биш толгойноос нь  эхэлж яриад байна. Эхлээд сууриас нь  бүх үндэс, нотолгоог  гаргаж байж, ажлын хэсгийн түвшинд  асуудлаа хоёр талаас тохирч, бид ийм зүйлүүдийг тохирлоо, цаашид ийм шийдвэр гаргахыг хүсч байна гэдгээ томъёолж танилцуулаад  шат дараатай явах учиртай. Гэтэл манайх эсрэгээр нь  яваад байна. Ийм байж болохгүй. 
 
Хоёр талын Ажлын хэсэг Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт,зардал, санхүүжилт зэрэг нэн чухал асуудлаар харилцан санал нэгдэж, нэгдсэн байр суурьт хүрч, 15.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гэх тоо дүн яг хэд хичнээнээр багасаж хэд болохыг тогтоож тохирох нь зүйтэй санагдана.
 
Тэр тохиролцсон тоо дүн чинь Оюу толгой төсөлд бодитой оруулсан жинхэнэ хөрөнгө оруулалт болж, энэ нь Оюу толгой ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний, тухайлбал экспортод борлуулж байгаа зэсийн баяжмалын өртөг зардалд шууд тусаж, тэндээс та бидний хүсэн хүлээсэн 34 хувийн үр ашиг өгөөж ундран гарах нөхцөл бүрдэх юм. Ийм учраас УИХ, Засгийн газар Ажлын хэсгүүдийн тохиролцсон саналыг хянаж дүгнэлт гаргасны үндсэн дээр эцсийн шийдвэр гаргах болов уу гэж олон нийт хүсэн хүлээж байх шиг бололтой.
 
-Нөхцөл байдал ийм байна гэдгийг мэргэжлийн хүний хувьд, мөн хөндлөнгийн ажиглагч, шинжээчийн байр сууриас та хэллээ. Төр, засаг юуг илүү анхаараасай гэж бодож байна? 
 
Асуудал ийм байгаа учраас  УИХ, Засгийн газар Оюу толгой төсөлтэй холбогдсон асуудалд тал бүрээс нь олон өнцгөөс хандан гүн гүнзгий судалгаа дүгнэлт хийсний үндсэн дээр зөв оновчтой шийвэр гаргах, мөн түрүү үеийнхэн шиг яарч сандарч тавьж туухгүй байх гэж бодож байна. Энэ үйл явцыг Монголын ард түмэн харж байгаа. Мөн энэ асуудлыг судалдаг, мэддэг Монголын уул уурхай, геологийн олон мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, инженерүүд бий. Тэд эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийн төлөө дор бүрдээ анхаарч, судалж ирсэн байгаа шүү дээ. Монголын төр эрдэмтэн, судлаачдаа сонсч нэгдэж хамтарч ажиллах ёстой. 
Сүүлийн жилүүдэд  “Рио Тинто” компанийн зэсийн салбарын үйл ажиллагаа нэлээд хумигдаж байгаа. Тухайлбал, Индонезийн дэлхийн арван топ ордод багтдаг “Грасберг”-ийн зэс, алтны уурхайд  40 хувь эзэмшдэг байсныг Засгийн газар нь шахаад гаргачихсан. “Грасберг”-ийн зэс, алтны ордыг  Индонезийн Засгийн газар эзэмшиж байна. Одоо “Рио Тинто”-гийн 100 хувийн эзэмшилтэй Америкийн Юта мужийн Давст нуур хотоос холгүй орших зэс, алт, молибденийн Bingham Canyon  ордыг 1910 оноос эхлэн 1200 гаруй метрийн гүнд ил аргаар ашиглаж байгаагийн гадна дэлхийн зэсийн ордуудын дотор нөөц болон бүх үзүүлэлтээрээ нэгдүгээрт ордог Чилийн “Escondida”-ийн аварга том ордод Рио Тинто 30 хувь, BHP 57.5 хувь, Японы Мицубиши консорцум 10 хувь, Олон улсын Санхүүгийн корпораци 2.5 хувийг тус тус эзэмшдэг, америкийн Resolution гэдэг орд одоогоор хайгуулын үе шатад байгаа гэж ойлгогддог.  
 
-Хөндлөнгийн аудитын талаар та нийтлэлдээ дурдсан байсан? 
 
 -Хөндлөнгийн аудитыг зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд   хийлгэнэ гэж хязгаарласан юм байна лээ. Энэ аудитыг Оюу толгой төслийн нийт хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хамруулан хийлгэх нь Монгол Улсад ашигтай. Яагаад  энэ аудитыг Монгол Улсын хяналт шалгалтын болон мэргэжлийн аудитын байгууллагаар хийлгэдэггүй юм бэ.  Монголын мэргэжлийн байгууллагууд энэ аудитыг хийх бүрэн боломжтой. Ямар огторгуйн уудам,  сансар хорвоог судлах гэж байгаа биш.  Энэ чинь  Монгол хүний оюун ухаанаас хальсан асуудал огтхон ч  биш шүү дээ. 
 
Т.Эрдмаа
 
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин