sonin.mn
Монголын бурхан шашинтны шинэ төвөөс мэдээлэл хийж, Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаарх саналаа илэрхийллээ.
 
Тодруулбал тус төвийн тэргүүн З.Санждорж: “Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн есдүгээр зүйлийн 3-т “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэж заасан учраас уг хуулийн төслийн нэршил буруу байна. Одоо мөрдөгдөж “Төр, сүм хийдийн хоорондын харилцааны тухай хууль” гэсэн нэршлийг өөрчлөхгүйгээр зөвхөн уг хуулийн зүйл, заалтыг өнөөгийн шаардлагад нийцүүлэн боловронгуй болгож шинэчлэн найруулах нь зүйтэй гэж бодож байна. Мөн Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 15/-д “Монгол Улсын иргэн нь шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан учраас иргэнд энэ эрхийг баталгаатай эдлүүлнэ гэж салбар хуулиар зохицуулах ямар ч шаардлагагүй.
 
Хоёр.Уг хуулийн төслийн олон зүйл, заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтууд болон суурь зарчмыг зөрчиж байна. Үүнд:
1.Хуулийн төслийн зургадугаар зүйлийн 6.2.1-д “Монгол Улсын төр нь шашнаас ангид бөгөөд аливаа нэг шашин, шашны урсгал, чиглэлийг төрийн, эсхүл албан ёсны шашин гэж тогтоохгүй байх” гэж заасан хирнээ төслийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д “монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэх үүднээс уламжлалт шашны тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчлох”, 37.3-т “Энэ хуулийн 37.1.5-д заасан харилцааг зохицуулсан журмыг шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн өргөн мэдүүлснээр, ... Монгол Улсын Ерөнхийлөгч батална” гэж тус тус заасан нь нэгдүгээрт, төр нь шашны үйл хэрэгт хутгалдан орж байгааг, хоёрдугаарт, аливаа нэг шашин, шашны урсгалыг төрийн болон албан ёсны гэж үзэхгүй гэсэн зарчимтайгаа зөрчилдөж байна.
 
Түүнчлэн Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан тул төслийн дээрх заалтууд нь Ерөнхийлөгчид эрх олгох хүрээнд хамаарахгүй байна.
 
2.Төслийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Шашны байгууллагыг үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрээс хамаарч орон нутгийн болон төвлөрсөн гэж ангилна”, 8.3- т “Орон нутгийн шашны байгууллагыг 18 насанд хүрсэн 10-аас доошгүй монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулж болно”, 8.4-т “шашны ижил урсгал, чиглэлд хамаарах 10-аас доошгүй орон нутгийн шашны байгууллага сайн дурын үндсэн дээр нэгдэж төвлөрсөн шашны байгууллага байгуулж болно” гэж тус тус заасан байна. Энэ нь нэгдүгээрт, шашны байгууллагыг хүчээр шаталсан тогтолцоотой нэг нь нөгөөдөө захирагддаг төрийн байгууллага шиг болгох санаа агуулсан байна. Хоёрдугаарт, шашны байгууллага нь хэнээс ч хараат бус, зөвхөн өөрийнхөө зорилгод нийцсэн үйл ажиллагааг бие даан явуулахыг хорьж, боймолсон байна. Гуравдугаарт, одоогийн байдлаар манай ихэнх сумдад 10 ба түүнээс дээш лам хуварга, номлогч байхгүй. Одоо тэгэхээр энэ хууль батлагдвал 10 хүрэхгүй лам, хуварга, номлогчтой сүм, суурингийн сүм, хийдүүдийг татан буулгаж таарах нь. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хүмүүсийг мөргөл, залбирал, буян үйлддэг газаргүй л болгох гээд байна. Энэ чинь л ёстой нөгөө үндсэн хуульд заасан хүний шүтэх эрхийг боймлоход чиглэгдсэн байна. Дөрөвдүгээрт, Монголын бурханы шашинтны тэргүүн хамба ламаас өгсүүлээд олон лам хуваргууд шашны байгууллагыг төвлөрсөн удирдлагатай болгож өгөөч гээд гуйгаад, лобийдоод байгаа юм уу?
 
3.Төслийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Сүм, хийд, дацан, төв зэрэг тодотголыг шашны байгууллага оноосон нэрэндээ хэрэглэж болох бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдснээс хойш 50-аас багагүй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа төвлөрсөн шашны байгууллага нэрэндээ МОНГОЛ, МОНГОЛЫН, ҮНДЭСНИЙ, НИЙТИЙН, НЭГДСЭН гэсэн үг болон эдгээр үгнээс үүссэн бусад нийтийг төлөөлсөн утга бүхий үг ашиглах эрхтэй” гэж заасан нь нэгдүгээрт, зарим сүм, хийдэд давуу байдал олгох, заримд нь хязгаарлалт тогтоож ялгаварлан гадуурхах байдлыг бий болгосон байна. Хоёрдугаарт, төслийн энэ заалт нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчиж байна.
 
4.Төслийн 40 дүгээр зүйлд Шашны асуудал эрхэлсэн зөвлөл хэмээх асар их эрх мэдэлтэй, орон тооны ажлын албатай субъектыг хуульчлаад оруулаад ирсэн. Энэ төслийн 7 дугаар зүйлийн 7.7, 7.11, 9 дүгээр зүйлийн 9.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5, 11,6, 11.7, 13 дугаар зүйлийн 13.6, 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 26.4, 34 дүгээр.зүйлийн 34.4, 37 дугаар зүйлийн 37.3, 38 дугаар зүйлийн 38.4, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3,'40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйл, 43 дугаар зүйл-бүхэлдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын ахалсан Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн үйл ажиллагаа, бүрэн эрхтэй холбоотой заалтууд тусгагдсан байна. Эндээс узэхэд төр нь шашнаа удирдан чигүүлж үйл ажиллагаанд нь оролцож байхаар болсон байна. Нөгөө төр, шашин хоёр ангид байх ёстой гэсэн зарчим чинь хаачихсан бэ?, Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, мөн зүйлийн 2-т "Төрийн байгууллага шашны, ... үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” гэсэн заалтуудыг хуулийн төслийн дээрх зүйл заалтууд зөрчиж байна.” гэв