sonin.mn
Нутаг ус, газар орны онцлог, хаана, хэзээ, ямар гамшиг, осол гардаг,хэрхэн аврах ажиллагаа явуулах, алба хаагчдаа ямар арга барилаар удирдан чиглүүлэхийг гарын таван хуруу шигээ мэдэх Онцгой байдлын байгууллагын ууган удирдагчдын нэг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнг онцоллоо. Түүнийг төрөлх нутагтаа заяагдсан цөөхөн хурандаа нарын нэг гэж тодотгож болно. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум Хатгал тосгонд төрж өссөн. Найман хүүхэдтэй айлын 7 дахь нь. Эгэл малчин айлын хүүхэд учраас бага нас нь бусдын адилаар хөдөө өнгөрчээ. Арван жилийн сурагч байхдаа цэрэгжилтийн тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, багш н.Дамдинсүрэн нь эх оронч байх, цэрэг хүн байх талаар хичээл, сургалт ордог байсан нь түүнийг цэргийн хүн болох мөрөөдөлд анх хөтөлсөн гэдэг.
 
 
Түүний мөрөөдөл биелэлээ олж, 1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ар талын хангалтийн ангийг төгсөн, Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 204 дүгээр ангийн Хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхлүүллээ. Хорин хоёр настай, шинэ “цэрэг” түүний ажил хариуцлагатай бас барагддаггүй их. Учир нь тухайн үед 204 дүгээр анги нь химийн 203, Артиллерийн 136дугаар ангиудтай цуг байрладаг. Нэг гал тогоонд 700 гаруй цэрэг хооллоно. Ангийн 250 гаруй цэрэг, офицерын хувцасны хангалт, хүнсний ногоо, мал аж ахуйн ажлыг хариуцдаг байв. Энэхүү албан тушаалд 3 жил үүрэг гүйцэтгэн, өөрийн хүсэлтээр 1993 онд ажлаасаа чөлөөлөгдөн, төрсөн нутаг Хөвсгөл аймагтаа ажиллаж, амьдрахаар зорьсон байна.
 
 
Төрийн тусгай байгууллагаас төрийн үйлчилгээний салбарт шилжин улмаар аймгийн татварын хэлтэст мэргэжилтнээр 2005 он хүртэл 12 жил ажиллажээ. Тухайн үед Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжин, анги, байгууллагуудын бүтцэд өөрчлөлт орж шинэчлэлтийн салхи сэвэлзэж байв. Энэ л үетэй зэрэгцэн хурандаа Ё.Пүрэвсүрэн дахин цэргийн амьдралдаа тангараг өргөлөө. Тэрбээр 2005 онд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга албан тушаалд шадар ахмад цолтой томилогдсон нь саяхан мэт. Түүнийг томилогдсонтой зэрэгцэн анхны гэсэн тодотголтой хоёр үйл явдал зэрэгцэн, түүнд туршлага хуримтлуулах нэг ёсны сорилт, нөгөө талаас боломж олджээ. Монгол Улсад анх удаа N1H1 шувууны томуу өвчин Алаг-Эрдэнэ сумын “Эрхэл” нууранд гарсан бол ОБЕГ-аас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт мөн л анх удаа зохион байгуулсан явдал байв. Энэ их айлын эд, эс нь болж ажиллах боломж олгосон тухайн үеийн удирдлага П.Даш генералд баярлаж, талархаж явдгаа тэрбээр хуучилсан юм. Хөвсгөл аймгийн хэмжээндтөрийн үйлчилгээг шуурхай хүргэх, ард, иргэдийн амь насыг авран хамгаалах бодлогын хэрэгжилтийн хүрээнд анги, салбарууд шинээр байгуулагдан,цаг үеэ даган техник хэрэгслийн шинэчлэлтүүд тогтмол хийгдэж байна. Анх 2005 онд хэлтсийн даргаар томилогдон ирэхэд нь 70 аад оны гал унтраах үндсэн албаны, шуурхай албаны 7автомашинтайгаар үйл ажиллагаа явуулдаг байж. Түүнээс хойш Герман, Орос, Солонгос, Хятад, Франц улсын өндөр хүчин чадалтай 30 гаруй автомашин, 4 катер завиар парк шинэчлэл хийж, алба хаагчид аюулгүй үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдсэн байна. Түүний хувьд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 5 анги, Эрэн хайх аврах салбар 1, Улсын нөөцийн салбарыг нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг. Эдгээр анги, байгууллагууд нь 1969-2020 оны хооронд байгуулагдсан. Анги, салбарууд нэмэгдэхийн хэрээр иргэдэд үзүүлэх үйлчилгээ ойртож, нутгийн залуус нь ажлын байраар хангагдсан гэдгийг онцоллоо. Мөн ирэх онд Ханх суманд “Эрэн хайх аврах бүлэг”-ийг байгуулахаар гал унтраах автомашин, шуурхай албаны автомашин, катер завь байрлуулах тавиулантай 2 давхар байрыг барьж дуусгажээ.
 
Монголын Швейцарь хэмээн нэрлэгддэг Хөвсгөл нутаг аялал жуулчлалын бүс гэдгээрээ онцлог. Үүнийгээ дагаад гадаад, дотоодын жуулчид тасрахгүй хөл хөдөлгөөн ихтэй. Гарч байгаа гамшиг, ослын дуудлагын давтамж ч буурдаггүй. Усны осол, үерийн аюул, эрэн хайх ажиллагаа, ойн түймэр, зам тээврийн осол, мөс цөмрөлт гээд дуудлагын тоо дөрвөн улирлынхаа онцлогоос хамаардаг байна. Үүнээс зонхилдог нь усны дуудлага. Автомашин техник хүрэх боломжгүй, хөвч тайгад ч түймэр гарна, хүнд даацын автомашин техник гол мөрөнд олноороо цөмөрч живнэ. Байгалийн эрс тэс уур амьсгал, газар усны онцлог ихтэй нутаг учраас ямар ч дуудлага ирсэн аль болох алба хаагчдадаа хань бараа болж, хамт явахыг хичээдэг. Тэднийхээ араас сураг чимээ тавин, санаа зовж суух шиг хэцүү зүйл байхгүй гэх. 2005 оноос хойш Онцгой байдлын газрын аврагчид “Хөвсгөл” нуурт живсэн 22 техник хэрэгсэл, 25 буцалтгүй нэрвэгсдийг гаргаж, 21 хүний амь нас, 398,6 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Энэ олон дуудлагаас 2011 онд Ренчинлхүмбэ сумын нутаг “Дүбэрлэгийн” ам гэдэг газарт Хөвсгөл нууранд живсэн 23 тн шатахуунтай Урал маркийн хоёр автомашиныг татан гаргах ажиллагааг онцоллоо. Татан гаргах ажиллагааг 10 хоног ахлан ажилласан. Хүн амьдралаас үргэлж суралцаж байдаг хойно. Алба хаагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжих хоол, хүнсийг зохицуулах асуудал хамгийн чухал. Хүйтний улиралд алба хаагчид даарч хөрөн, ханиад шуухиан хүрэх нь олон. Анхандаа ч хонины мах сайн гээд хар шөл хийж өгөөд л “догь” байлаа. Цэргүүдийнх нь ханиад томуу дарагддаггүй. Харин адууны махтай хоол хийж өгсөн, хэдэн цэргүүд нь сэргээд ирж. Хаданд ургаагаараа хөлдчихсөн үхрийн нүдийг навчтай нь хуурай модны холтостой хольж, буцалгаад уух ханиад томуунд маш сайн. Өвлийн цагт гол, мөрөн, нууранд живсэн автомашин, техник татан гаргах ажиллагаа мундахгүй. Алба хаагчдын гутал мөсөн дээр хальтраад явахгүй дээ. Мөсөн дээр хальтрахаас болгоомжилж бүгд хөлөө чирээд л явна. Сүүлдээ гуя руу чилж өвддөг болчихдог юм билээ. Ажиллагаанаас ирээд аврагчдынхаа гутланд тааруулж мөсөн дах хийж өгсөн. Мөс хагалахад зориулж дөрвөлжин үзүүртэй лоом хүртэл хийсэн. Мөсний доор нуурын ус хүчтэй урсгалтай байдаг гэдгийг анх мэдсэн. Ажиллагаа болгон шинэ дадлага, туршлага болдог доо” гэж хурандаа хуучилсан.
 
 
Бүтэн сар гаруй буюу 36 хоног Хөвсгөл далайд ажиллаж, “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргахад нутгийн аврагчдын байгуулсан гавьяа их. Удирдлагын арга барилаас гадна аврагчдын мэргэжлийн ур чадвар, багийн ажиллагаа олон хүний бахархлыг төрүүлж байсныг сэтгүүлч миний бие үүгээр уламжлахыг хүсч байна.
 
Зураг зурна, мод, ясаар бүтээл урлана, шүлэг бичих авьяастай. Хүүхэд байхын л янз бүрийн зүйл сэтгэж, оролдоод суучихдаг байж. Арван жилийн сурагч байхдаа ээждээ “Хорол” нэртэй зүү, утасны хайрцаг хийж бэлэг болгож байжээ. Нутаг орон, албаныхаа онцлогийг харуулсан бүтээлийн жагсаалт олон аж. Бүтээлүүдийнх нь түүхий эдийн дийлэнх нь малын яс. Тухайлбал, үхрийн чөмөгний ясаар шатар урласан бол хонины дунд чөмгөөр хөөрөг хүртэл хийжээ. Онцгой байдлын албаны 10 жилийн ойгоор Мөрөн сумын урд ууланд 90 метрийн өндөртэй 42 метрийн өргөнтэй “Соёмбо” байрлуулах санаачлагыг гарган, алба хаагчдынхаа хамтаар бүтээсэн байна.
 
 
Нэг содон бүтээл нь “Албаны нэг өдөр” зураг. Албаныхаа чөлөө завгүй нэг өдрийн амьдралыг зургандаа нэг бүрчлэн уйгагүй буулгасан нь сонирхолтой уран зохиол шиг, сонин. Эхнэртэйгээ оюутан ахуй насандаа танилцан, хоёр хүүхдийн аав, ээж болцгоосон. Эхнэр нь гадаад хэлний багш мэргэжилтэй. Том хүү нь “ДЦС-4”-д ажилладаг бол охин ШУТИС-д суралцдаг. Оны эхэнд бэртэй болж, хөөрхөн ач хүүтэй болжээ. Тэдний гар, гараасаа хөтлөлцсөн он жилүүдийн түүчээ аль хэдийн 30 жил болсон байна. Ойн баяраараа гэртээ буузаа жигнэж идээд, амьдралын сайхан дурсамжуудаа ярилцан тэмдэглэжээ.
 
 
Олон хоногоор хээр, хөдөө томилолтоор явахаас эхлүүлээд ханьдаа тэр бүр тус болоод хамжиж дэмжээд байж чаддаггүй. Энэ бүхнийг ажралгүй давж, түшиг тулгуур болж байдаг ханьдаа хайртай шүү хэмээн сэтгэлийн үгээ дайсан. Залуусдаа үлгэрлэж, хамтдаа суралцаж, хааяахан зэмлэнгүй аргаддаг түүний арга барил олон залуусын мөрөөдөлд түүчээ болж яваа. Ийм л өөрийн гэсэн сонин ертөнцтэй, энгийн атлаа энгийн биш “элдэвтэй” хурандаа хоймор нутгийнхаа аюулгүйн манаанд тангараг өргөсөн авралын эзэд залуусынхаа хамт нэгэн түүхийг бүтээж, босголцож явна.
 
 “Бурхан чөтгөр хоёр
Буруу зөвөө булаалдаж
Буян нүглийг тодруулах
Бооцоот шатрыг өрөхөд
Бурханы түлхсэн хүү нь
Бид байх болно” шүлгээр энэхүү нийтлэлээ өндөрлөж байна.
 
 
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин