sonin.mn
Олигархиа гэдэг нь цөөнхийн засаглал гэсэн утга санааг илэрхийлэх грек үг юм байна. Ингэхдээ цөөнх гэдэгт баян чинээлэг, дээд зиндааныхныг хэлсэн утга агуулдаг аж. Орос хэлэнд олигархия гэж мөнгө санхүүгийн эзэд төр засгийг эрхшээлдээ оруулахыг хэлэх бөгөөд олигарх гэвэл энэхүү цөөнхийн бүлэгт хамрагдах этгээдийг хэлж байна. Англиар бол oligarchy. Дашрамд хэлэхэд манай монгол хэлний мэргэн эрдэмтэд энэхүү үгийн оновчтой зөв монгол орчуулгыг тогтоох нь зүйтэй болов уу. 
 
Өнөөдөр Монголд ардчилсан төр буюу ардын засаглал огт алга. Олигархи төр л ноёрхож байна. Мөнгөтэй цөөнх л төр засгийг эрхшээлдээ оруулан өөрсдийнхөө эрх ашигт үйлчлүүлж байна. Худлаа гэх арга алга.
 
Өнөөдөр манай төр засагт байгаа эрх мэдэлтнүүд бүгд л баян чинээлэг, хөрөнгөтнүүд, эсвэл төдний гар хөл-төлөөлөл байх юм. Тэдний хөрөнгө, орлогын мэдүүлгийг харахад л тодорхой. Тэд бас хөрөнгө, орлогоо зөндөө нуун дарагдуулж байгаа нь ойлгомжтой. Тэдний ихэнхи нь л өчнөөн их өмч хөрөнгөтэй, хувийн бизнестэй байх юм. Тэгээд тэд яагаад төрийн эрх мэдэл рүү чичрээд дайраад байна вэ? Зөвхөн УИХ-д нэр дэвшихийн тулд л намдаа 100 сая төгрөг өргөдөг ч гэх шиг. Үнэмшмээргүй. Энэ их мөнгөөр чинь жирийн нэгэн иргэн амьдралынхаа бүх наад захын хэрэгцээг хангах байх. Орон байр унах унаа гээд л.... 
 
Яагаад тэд ингэж төрийн эрх мэдэл рүү зүтгээд байна гэхээр төрийн алба, эрх мэдэл нь бохир бизнес, хулгай, луйвар, авилга, хээл хахуулийн талбар болж хувирсанд байгаа юм. Төрийн эрх мэдэлд хүрэх нь хамгийн хурдан, хэмжээгүй их баяжих боломж болон хувирчээ.Манай төр гэдэг маань хэрэг дээрээ олигархиудыг төрүүлдэг үүр уурхай болсон байна. Өчигдөрхөн л солиод өмсөх олигтой хувцас ч үгүй байсан хүмүүс л төрийн эрх мэдэлд хүрмэгц л учиргүй их баяжин олигархи болон хувирч байна. Бид энэ заваан ялзарсан олигархи төрөөс салах цаг болсон. Эс бөгөөс бид үндэсний тусгаар тогтнолоо алдахад хүрээд байна. 
 
Яагаад бид ийм олигархи төртэй болчихов оо? гэвэл 1990 онд юу хийхээ мэдэхгүй, мэдлэг чадваргүй залууст төрийн эрх мэдлийг олгож, тэд нар нь гадныхны заавраар хуурамч ардчиллаар халхавчилсан, улс орныг маань гадныхны эрхшээлд оруулах дэс дараатай бодлого хэрэгжүүлсний үр дүн юм.
 
Үүнд Монгол улсад олон намын тогтолцоог бий болгож ард түмнийг үзэл бодлоор нь хагалан бутаргаж, тархи угаалт хийж оюун санааг нь мунхруулсан, мөнгөнөөс асар их хамааралтай шударга бус сонгуулийн систем тогтоосон нь гол шалтгаан нь болж байна.
Мөнгө гэдэг нь өөрөө маш их хүчтэй тул мөнгөний засаглал гэж байна. Мөнгөний засаглал, улс төрийн эрх мэдэлтэй нэгдэхээрээ олигархи болж байна. Бид олигархи төрийг устгахын зэрэгцээ, эрдэм мэдлэггүй хүмүүст төрийн эрх мэдлийг огт өгч болохгүй. “Ихийг санасан хүнд төрийн жолоог бүү атгуул”- гэж эзэн Чингэсийн айлдсаныг бүү март. Ихийг санана гэдэг нь өөрийнхөө хэр хэмжээнээс хэтэрснийг хүсэхийг хэлж байна гэж мунхаг би ойлгоно. 
 
Энэ бол нэн тэргүүнд эрдэм чадвартай холбоотой бөгөөд бас шунахайн сэтгэлээс хамаарна. 
Урд чинь гараад уриалж байгаа болгон зөв удирдагч биш гэдгийг санаарай. Учир нь хүн бүр байгалиас заяасан өөр өөр хэмжээний авъяас чадвартай байдаг болохоор хүн болгон төрийг жолоодох чадвартай байх боломжгүй. Зөв удирдагчаа сонгож, даган дэмж! Хүнээ зөв таньж сур. Тэднийг танихын тулд бодлого төлөвлөгөөг нь сонсож ойлго! Монголын сэхээтнүүд сэрэхтүн! Сэхээрэхтүн! Бүх монголчууд нэгдэгтүн! ....Цөөнхийн ноёрхлыг устгаж ард түмний засаглал бүхий дэлхийд анхдагч, жинхэнэ ардчилсан нийгмийг байгуулъя!
 
 
Нийтлэлч Гочоогийн Ламжав (Эрдэнэт)