sonin.mn
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. 
 
Хэвлэлийн хурлын эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2021 оны үр дүн болон 2022 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бид 2021 оныг “e-Mongolia”-д 600 үйлчилгээг нэвтрүүлснээр үдэж байна. Энэ жил хамгийн түгээмэл авч буй олон шатлалт үйлчилгээг онцолбол:
Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох – 94,325
Иргэний үнэмлэх дахин авах – 50,385
Гадаад паспорт дахин авах – 14,471
Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа – 3021
Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал – 1844 зэрэг үйлчилгээнүүд байна.
Онцлох үйлчилгээнүүд гэвэл хуулийн этгээдийг онлайнаар байгуулах боломжтой болсон  бөгөөд тус үйлчилгээ нэвтэрснээр хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээдийг “e-Mongolia”-р дамжуулан байгуулсан байна.
 
 
 
Түүнчлэн Цэргийн бүртгэлийг бид цахимжуулж, e-Mongolia-д оруулсан байгаа. Цэрэгт явахгүй иргэд заавал өөрийн биеэр очиж, бүртгүүлдэг асуудал байхгүй болж, онлайнаар бүртгүүлэх боломжтой болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах үйлчилгээг энэ 7 хоногт цахимжууллаа.
 
 
 
Манай баг өнөөдөр ч гэсэн орон нутагт ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг  цахимжууллаа. Цаашид 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг цахимжуулж, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. “e-Mongolia” системээс давхардсан тоогоор нийт 6.5 сая үйлчилгээг иргэд авсан байна. Үүний 56 хувь нь нийслэлийн иргэд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм.
Нийт цахимжсан 600 гаруй үйлчилгээнээс 1 шатлалт үйлчилгээ буюу лавлагаа тодорхойлолт 140, 2 ба түүнээс дээш олон шатлалт 466 үйлчилгээ “e-Mongolia” системд нэгтгэгдээд байна. Лавлагаа тодорхойлолт авахад 2 цаг зарцуулдаг байсан бол emongolia-с 2 минут зарцуулж байна.
Иргэдийн хувьд өдөрт 800-1200 санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Үүнээс харахад, E-Mongolia бол зөвхөн төр хийж буй төсөл бус иргэдийн хамтын оролцоотойгоор хийж буй төсөл гэж хэлж болно. Бид e-Mongolia фэйсбүүк хуудас, харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын вебсайт, 1111 төвд санал хүсэлт гомдлыг авч буй. Иргэдийн саналыг бид үргэлж хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаг хэмнэлтийн хувьд компани байгуулахад ажлын 5 өдөр тус ажлыг хөөцөлддөг байсан бол өнөөдөр 1-2 хоногийн дотор цахимаар тус асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон.
 
 
“e-Mongolia”систем нэвтэрснээс хойш 65 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.Бид удахгүй тус статистик судалгааг ямар аргачлалаар хийсэн талаар мэдээллийг хүргэх болно.
 
 
 
Та бүхэн сайн мэдэж байгаачлан, 2021 оны 10 дугаар сард бид “e-Mongolia” шинэчилсэн хувилбараа танилцуулсан. Ингэснээр иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь иргэдийн хувьд бага ч гэсэн чирэгдлийг багасгасан байх гэж найдаж байна.
2022 онд бид иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 100 гаруй төрийн байгууллагын 1000 гаруй үйлчилгээ цахимжуулна. Үйлчилгээний байгууллагууд иргэдийн цахим бичиг баримтыг хүлээн зөвшөөрдөг болох асуудал яригдаж байна. Гадаадад суугаа Монгол улсын иргэн, Монгол улсад буй гадаадын иргэн e-mongolia-р үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хотын захын дүүрэг, хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд үйлчилгээгээ хүргэх чиглэлд зорьж ажиллана. Үүний тулд бид нэмэлт хөгжүүлэлт хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.
 
 
УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд цахим засаглалын суурь болсон багц хуулиуд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн талаар тайлбар өглөө. Тэрбээр дээрх таван хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
Тэрбээр “Технологийг хэдийгээр хуульчилж болохгүй ч гэсэн эрхзүйн орчныг нь бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учраас төрийн нэгдсэн систем гэж юуг хэлэх үү, төрийн дагнасан систем гэж юуг ойлгох уу, үндсэн систем гэж юу гэж ойлгох вэ зэрэг тодорхой системүүд буюу дэд бүтцийгээ хуульчилж өгсөн хуультай боллоо. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бид нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн хязгаартай мэдээлэл, хаалттай мэдээлэл гэдэгт ямар мэдээллийг хамруулах вэ гэдгийг тодорхой болгосон. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдан гарснаараа өнгөрсөн хугацаанд цахимаар үйлчилгээ авахад давхар цаасан баримт шаарддаг байсан үйлчилгээ зогсож байна. Цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдлээ.
 
Харин хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд ард иргэдийн зүгээс нэлээд гомдол санал гаргадаг, нийгэмд иргэдийн ялгаварлах байдлыг бий болгодог дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгох, энэхүү дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хүний эрхийн үндэсний комиссын саналыг үндэслэн Засгийн газраас холбогдох төрийн захиргааны байгууллага журам гаргаж, тэр журмын дагуу байгууллагууд хэрэглэх, хаана дууны төхөөрөмжийг нийтийн зориулалттай байршуулах зэрэг зохицуулалтыг хуульчилж өгсөн. Гол үзэл баримтал нь өмнө нь хүн өөрөө хувийн мэдээллээ хамгаалдаг байсан бол шинэчлэгдсэн хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. Мөн хүний эмзэг мэдээлэл болон хувийн мэдээллийг ангилж, эмзэг мэдээллийг нууцад хамруулсан.
 
 
 
Сэтгүүлчид болон  иргэдийн зүгээс байгууллагууд нууц гэдэг тамга дараад иргэдэд нээлттэй байх мэдээллийг нууцалж байна гэдэг гомдол нэлээн ирүүлдэг. Дээрх хуулиудаар нууцлаад буй 67 мэдээллийг ил тод болгож байна. Ажил олгогч, төрийн байгууллага болон бусад байгууллагын зүгээс аливаа хуулийн этгээд түүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол тухай мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй мэдээлэл хариуцагч хариуцлага хүлээнэ.
 
 
 
Цахим гарын үсгийн хуулиар “e-Mongolia” дээр нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. Өнгөрсөн хугацаанд бид цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж байсан ч хувийн байгууллагаар дамжуулан цахим гарын үсгийг олгосон бөгөөд нийт 30,000 хүн цахим гарын үсэгтэй болсон нь л маш хангалтгүй тоо гэж үзсэн. Тиймээс иргэн бүрт цахим гарын үсэг нэвтрүүлж өгөх нь маш чухал. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Мөн хувийн байгууллагууд болох үүрэн холбооны оператор компани, сим карт, клауд орчинд бусад USB хэрэгслээр дамжуулж, цахим гарын үсгийг хэрэглэх боломж бүрдэж байна. Цахим гарын үсэг дээр нэг зүйлийг онцлон хэлэхэд энэ хууль зөв хэрэгжээд амьдрал дээр биеллээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хамгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түгжрэл бол төрийн үйлчилгээг авах гэж нэг цонхноос нөгөө цонхонд дараалалд зогсдог, төрийн байгууллага хооронд мэдээллээ зөөж гүйдэг иргэдийн бухимдал зэргээс үүдэлтэй. Тиймээс цахим гарын үсгийн хууль хэрэгжсэнээр гэрээсээ, гар утаснаасаа интернэт орчноос цалингийн зээлээ авдаг, нийгмийн даатгалын тайлангаа мэдүүлдэг, төрийн 600 гаруй үйлчилгээг  цахимаар хүлээн аваад, дээрээс нь өөрийгөө цахим гарын үсгээр баталгаажуулах боломж бүрдэж байгаа. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ утгаараа бид Кибер аюулгүй байдлын тухай хуулийг энэ цагт баталлаа. Тус хууль нь Монгол Улсад анх удаа батлагдаж буй. Монгол улс кибер аюулгүй байдлын тухай хуультай боллоо. Ингэснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болж байна. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой болж байна.
 
 
 
Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ.
 
 
 
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хуулийн хувьд биржүүдийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхой болгосон, стандартыг нь өндөр түвшинд барьсан, төрийн байгууллагуудын хяналтыг тодорхой болгосон хууль. Бид олон улсын ФАТФ-ын зөвлөмжийн дагуу бүртгэх, зөвшөөрөх, хориглох гэсэн сонголтоос Монгол Улс бүртгээд хянах гэдэг сонголтыг нь хийсэн. Тиймээс Монгол Улс виртуал хөрөнгийг хуулиар зөвшөөрч байгаа. Гэхдээ тавигдах шаардлагуудыг тодорхой болгож, мэргэжлийн холбоодын дүгнэлтийг гаргах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн.