sonin.mn
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнгийн энэ өвлийн цаг уурын шинж, төлөв байдлыг тодорхойлсныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
"Өвлийн нар өвөлдөө дулаахан, өвөлжөөндөө буусан хүү минь наддаа ойрхон" гэж дуулдагсан. Энэ өвлийн нар ч үнэндээ дэндүү дулаахан байна даа. Саравч хашаанд байдаг малд бол маагуутаж мэдэхээр дулаахан байна. Өвлийн дунд сар гарч байхад ингэж дулаан байх нь бэлчээрийн мал аж ахуйн хувьд тийм ч сайхан зүйл биш. Гэвч байгалийг бид загнаж зандраад дийлэх биш, гагцхүү дасан зохицох л хэрэгтэй болж байна. Зулын 25-аас өмнө идэш гүнцэгээ базаах гэж бужигнаж бужигнаж өчигдөр сүүлчийн хутагаа арчив. Бидний идэш хоол болох тэр олон мал дээд төрлөө түргэн олох болтугай. Гарч буй арванхоёрдугаар сар бас л ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, хур цас ч бага унахаар гарчээ. Байтаг богд, Булнайн нуруу, Хөвсгөлийн уулс, Дарьгангын тал гээд зах хязгаарын нутагт арай ахиу цас унаж мэдэх аж. Бусад нутагт бол ховоо л их хэрэгтэй болох шинжтэй. Саяхан би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хоёр хоноод ирлээ. Бас л зулын хорин тавантай "өрсөлдөж" яваа хэрэг. Ерөө голын сав бол Монголдоо хүйтэн газрын нэг гэхэд шөнөдөө -20 хэм дөнгөж гараад өдөртөө -10 градус хүрэхгүй дулаахан байна. Ерөө гол хөлдсөн мэт харагдавч бүрэн хадаалаагүй ёстой "эмзэг" дээрээ байна. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргадаг урт болоод дунд хугацааны прогнозоос үзвэл гарах сарын 4-5-ны үеэр нэг үл мэдэг хүйтрээд харин 8-9-ний үеэр л арай чангарах төлөвтэй.
 
Өвлийн өнгийг урьдчилж шинждэг гол гол завшаант өдрүүд, тухайлбал цагаан морь, цагаагчин хонь, харагчин тахиа, өвлийн тэргүүн сарын шинийн 2-ны сар, арван тавны сар мичидийн тохиол бүгд "өөлөх юмгүй" өнгөрлөө. Өвлийн тэргүүн сарын арван тавандаа сар хагас хиртсэн ч маш түргэн "угааж" дийлэнх нутагаар "шувууны мөр" төдий л юм уналаа. Хамгийн их нь Баянхонгорт 7 мм гэх шив.
 
Өнөөх их цастай, их хүйтэн байдаг Завханы Отгон, Баянтэс мэтээр 2-3-хан см цастай л байгаа бололтой. Одоо өвлийн дунд сарын 13-ны сар мичидийн тохиол 14-нийхөө 2 цаг 44 минутад болно гэж хувраг Түвдэн Довдангийн тооцоолсон цаг тооллын бичигт дурдсан байна. Монголчуудын цаг улирлыг шинждэг "бага хорин дөрвөн улирлын ёсоор" арванхоёрдугаар сарын 7-нд “Их цасан" хэмээх улирал эхлэх юм байна. Энэ улирлын нэр тийм сүрдмээр боловч хүйтний эрч л нэмэгдэх болохоос цас их ордоггүй билээ. Ингээд өвлийн дунд сар ч айхавтар цас шуургагүй шиг өнгөрчихвөл өвлийг "нугалчихлаа" л гэсэн үг. Харин хавар л сунаж өгөх байх даа.
 
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Дамбын Шагдарсүрэн