sonin.mn
Орос, Зөвлөлтийн аугаа зохиолчдын нэг Максим Горькийн 1922 онд Берлинд хэвлүүлсэн эсээ-өгүүллийг товчлон орчууллаа. Анхлан “Орос тариачин” нэрээр хэвлэгдсэн энэ эсээ тэр дороо олон хэлээр орчуулагдан гарсан ба мөн товчилсон, дэлгэрүүлсэн, шүүмжлэлтэй, тайлбартай хувилбаруудад янз бүрийн нэр өгсөн байдгийн зарим нь "Орос араншин", “Орос хэрцгийлэл” юм.
 
Горький Оросын хөдөөг магтан дуулагч биш төдийгүй тэнд шингэсэн орос араншин, ёс суртахууныг хүчтэй шүүмжлэгч байжээ. Орос бол үе үеийн турш тариачны орон байсан. ХХ зууны эхээр тун цөөн тооны анхны ажилчид төрсөн боловч тэд бараг бүгдээрээ хөдөө тосгонд төрж өссөн тариачин-ажилчид байв. Тиймээс тэднийг орос тариачнаас юугаараа ч ялгагдахгүй гэж зохиогч үздэг байв. Нийт хүн амдаа туйлын бага хувь эзлэх тухайн үеийн орос сэхээтний давхрага зөвхөн Санкт Петрбург, Москва гэсэн хоёрхон хотод үүрэлдэг байсан тул Оросын ард түмэнд тун шалихгүй нөлөөлж байв. Иймээс Горький энэ өгүүллээрээ ерөөс орос хүний араншин, түүхээс тохоогдсон авирыг тодорхойлсон байна.
 
Баабар
 
 
 
 
Орос араншин
 
 
Хүндэлж заншсан хүмүүс маань надаас Оросын тухай юу гэж боддогийг минь асуудаг. Уг нь энэ асуултад огт хариулахгүй байх нь надад хавьгүй дээр л дээ, учир нь би тэнд хэтэрхий ихийг туулж, тэднийхээ тухай дэндүү сайн мэдэх учир ярихгүй байх эрх ч надад бий. Зүгээр л миний сэтгэгдэл ямар болсныг хэлье, хэнийг ч шүүхгүй, шалтаг хэлэхгүйг минь та бүхэн зөвөөр ойлгоорой миний бодол буруу байвал би гонсойхгүй ээ. 
Аль ч ард түмний хүмүүс анархиг амьтад юм. Хүмүүс аль болох их идэж, аль болох бага ажиллахыг хүсдэг. Ямар ч хариуцлага хүлээлгүй бүрэн эрхтэйгээр амьдрахыг хүсдэг. Хуулиас гадуур амьдраад сурчихсан ард түмэн тэрэндээ дасаж засаг захиргаагүй адгууслаг шинжтэй болдог. Европын ард түмэнтэй харьцуулахад илүү харгис, удаан хугацааны боолчлолын дарлалд өртсөн Оросын тариачдад ийм байдал маш гүнзгий нөлөөлсөн юм. Хувь хүний хүсэл зорилго, ажил үйлд нөлөөлдөггүй тийм төрийг орос тариачин зуу зуун жил мөрөөджээ. Хязгааргүй эрх чөлөөг хүссэн гэнэн мөрөөдөлд автсан Оросын ард түмэн нь хүн бүхэн Запорожийн Сечи[1] хэмээх козакууд шиг хэлбэрээр зохион байгуулагдаж, тийм маягаар бүгд тэгш эрхтэй болох гэж хичээсээр ирсэн. 
 
"Дэлхийн хязгаарт" хаа нэг газар оршсоор буй "антихристын мунхаглал" болох хотыг огт мэдэхгүй ч, соёлын бүтээлч сэтгэлгээгээр шахаж зовоодоггүй ямар нэгэн үлгэрийн мэт "Опоны вант улс"-ын[2] тухай төсөөлөл өнөөдрийг хүртэл Оросын шашны харанхуй сэтгэлгээнээс арилсангүй. Оросын тариачны хувьд нүүдэлчин хүний зөн совин нь арилаагүйгээс анжисчин хүний хар ажлыг там гэж үзэж, "газар сэлгэх хүсэл"-ээр шаналдаг. Түүнд учирсан газартаа аль болохоор төвхнөж, орчиндоо өөрийн ашиг сонирхлыг тэлэх эрмэлзэл байхгүй, байлаа ч тэр нь хөгждөггүй. Хийе гээд зүтгэхэд үр дүн нь харагдахгүй бэрхшээлтэй тулгарна. Тосгоны амьдралд шинэ зүйл бүтээхийг хичээсэн хүмүүсийг хөршүүд нь үл итгэж дайсагнах ба нутгаасаа шахаж зайлуулдаг. Гэхдээ тосгоны ягшмал үзэлтэй тулгарсан шинийг санаачлагчид ихэвчлэн өөрсдөө тэндэхийг орхидог. Хаашаа явах вэ? Эргэн тойрон нүд алдам хоосон нутаг тэднийг даллан дуудах шиг.
 
 
 
Оросын авъяаслаг түүхч Костомаров хэлэхдээ "Төрийг эсэргүүцэх үзэгдэл ард түмний дунд байсан. Гэхдээ тэмцэл нь төрөөс ард түмэнд тулгадаг дарамт руу чиглэж чаддаггүй, газар зүйн хэт том орон зайн улмаас оргох төдийгөөр дуусдаг байв." Цагийн явцад Оросын тал нутгийн хүн ам өсөж, "газар зүйн орон зай" нягтарсан боловч сэтгэл зүй нь хэвээр үлджээ. Энэ тухайгаа зүйр сэцэн үгсээр илэрхийлэхдээ "Ажлаас бүү зугт, зүгээр л юу ч хийлгүй суугаад бай" хэмээсэн аж. Орос тариачин ажил хийх дургүй.
 
 
 
Өрнөдийн орнуудад хүн хүүхэд насандаа дөнгөж хөл дээрээ босмогц дээдсийнхээ хөдөлмөрийн гайхамшигт үр дүнг эргэн тойрондоо хардаг. Голландын сувгуудаас эхлээд Италийн Ривьерагийн хонгилууд, Везувийн усан үзмийн цэцэрлэгүүд хүртэл; Английн аугаа бүтээлүүдээс эхлээд Силезийн хүчирхэг үйлдвэрүүд хүртэл Европ тив бүхэлдээ хүмүүсийн зорилготой хүслээр бүтсэн гайхамшгаар дүүрсэн байдаг. Хүмүүний өмнөө тавьсан оновчтой бодлогын ачаар байгалийн сүр хүчит төрхийг захирах гэсэн бадрангүй зорилго биелсэн нь харагдана. Хорвоо хүний гарт бөгөөд түүний захирагч нь үнэхээр хүн гэх омогшил бий болдог. Ийм сэтгэгдэл барууны хүүхдүүдэд шингэж, хүний үнэ цэнэ, тэдний бүтээсэн гайхамшигт бишрэх, дээдсийнхээ хөдөлмөр, бүтээлч чанарын ач холбогдлыг мэдэрснээр залгамжлагч болох ухамсарыг төлөвшүүлдэг.
 
Ийм сэрэл, мэдрэмж, үнэлгээ орос тариачны сэтгэлд хэзээ ч төрсөнгүй. Хоорондоо алсарч алдалсан бөртийх төдий сүрлэн дээвэрт дарагдсан модон оромжтой тосгонууд сэтгэл санаа унагах хорлонгоос цаашгүй. Тариачин тосгоноос гарч хаяа хярхаггүй хоосныг хараачилж, хэсэг хугацааны дараа энэ хоосон зай түүнд заяагдсаныг мэдэрнэ. Хөдөлмөр, бүтээлийн сэтгэл сэргээх ул мөрийг хаанаас ч олж харахгүй. Газар эзэмшигчдийн эдлэн бий. Тэд цөөхөн бөгөөд дайснууд нь тэдгээрт амьдардаг. Хотууд уу? Хот хол бөгөөд тосгоноос соёлоор илүүрхээд гавихгүй. Эргэн тойрон хязгааргүй тал, төв хэсэгт нь хар ажилд нухлагдахаар хаягдсан хэнд ч хэрэггүй уйтгарт бяцхан эр. Хүн сэтгэн бодох, туулж мэдэрснээ тунгаах, сурснаа лавшруулан хөгжүүлэх чадвараа алдах хайхрамжгүй мэдрэмжид цөхөрсөн байдаг! Оросын соёлын түүхч тариачдын шинж чанарыг тодорхойлж, энэ тухай "Ямар ч сэдэлгүй үй олон мухар сүсэг" гэж хэлжээ. Энэ гунигийг Оросын бүх аман зохиол баталдаг.
"Өргөн талын амьд гоо үзэсгэлэн" болсон зуны улирал гайхамшигтай нь маргашгүй ч намар шалдан газартаа дахин үйлээ барах ажил ундардаг. Дараа нь хахир хатуу өвлийн зургаан сар залгаж, дэлхийг нүд гялбам цагаан нөмрөг нөмөрч, цасан шуурга исгэрэн хуйларч, давчуу бохир оромжиндоо оролдох юмгүй уйдсан хүн амьсгал давчдан гиюүрнэ. Түүний бүтээсэн гэх зүйл гэвэл сүрлээр хучигдсан овоохой, гэхдээ тэр нь залгамж үе бүрийн амьдралд гурван удаа түймэрт үгүй болдог. Орос тариачин ажил хийе гээд ч чаддаггүй.
Болхи техниктэй хөдөө орон нутгийн хөдөлмөр хэтэрхий хүнд бэрх учир энэ хар ажлаа тариачид "зовох" (страдать) гэсэн үйл үгнээс "зовлон" (страда) гэж нэршсэн аж. Үр дүн ач холбогдол багатай хөдөлмөрийн хүнд нөхцөл нь орос тариачны зөн совинд нөлөөлсөөр, эцэст нь энэ зөн билэгтээ автагдсаар хүмүүний бүх нүглийг тайлбарладаг сургааль ном түүнд бараг нөлөөлдөггүй.
 
 
Орос улсад анхны хувь заяаны хүн болох Иван Болотников гэж нэгэн байсан. Багадаа Москвагийн хаант улсын захад хийсэн татарын дайралтын үеэр олзлогдсон, Түрэгт боолчлогдож байгаад тэндээс чөлөөлөгдөн Венецэд хэсэг амьдарч байгаад Орост буцаж иржээ. 
 
 
 
1606 онд Москвагийн боярууд авъяаслаг хаан Борис Годуновыг алж, Догшин Иваны үхсэн хүүгийн нэрийг зээлдэгч хуурамч Дмитрий гэх сэнтийд залрагчийг мөн хороожээ. Ингэж зальхай Шуйский хунтайж Василий нэрээр хаанд сонгогдов, Хоёр дахь хуурамч Дмитрий гарч ирэн мөн л өөрийгөө Догшин Иваны хүү гэж зарлав. Орос улсад улс төрийн задралын цуст эмгэнэлт явдал болсныг түүхэнд тодорхой тэмдэглэжээ. Иван Болотников хоёр дахь хуурамч Дмитрийтэй нэгдэж, багахан отрядыг удирдан Москва руу явж, “Бояруудыг зодож, эхнэрүүд болон бүх эд хөрөнгийг нь ав. Худалдаачид, баян хүмүүсийг зодож, өмч хөрөнгөө өөр хоорондоо хуваа" гэж хамжлага, тариачдад уриалав. Энэхүү эртний коммунизмын сэтгэл татам хөтөлбөр Болотниковт хэдэн арван мянган боол, тариачин, тэнэмэл хүмүүсийг татан авчирсан бөгөөд зэвсэглэсэн тэд Царь Василийн цэргүүдийг, тэднээс илүү зохион байгуулалттайгаар удаа дараа цохиж байв. Эцэст нь тариачдын анхны хүчирхэг үймээн самуун цусаар үерлэж, олзлогдсон Болотниковын нүдийг ухаж усанд живүүлэн алжээ.
Болотниковын нэр тариачдын ой санамжид хадгалагдаагүй, түүний тухай дуу шүлэг, домог үлгэр алинд нь ч үлдээгүй. Гэтэл Италид домогт Фра Долчиногийн тухай дурсамж хадгалагдан үлдсэн, чехүүд Жан Жижкаг, Германы тариачид Томас Мюнцэр, Флориан Гэйер нарыгаа, францчууд хэлмэгдсэн Жаккэрийгаа, англичууд Вот Тэйлорыгоо мартдаггүй. Эдгээр хүмүүс дуу, домог, туульд мөнхөрчээ. Харин орос тариачид хайр, шударга ёсны төлөө өмнөөс нь өшөө авсан өөрсдийн баатрууд, удирдагчидаа мэддэггүй.
 
Болотниковоос 50 жилийн дараа Доны козак Степан Разин бараг бүхий л Ижил мөрний мужийн тариачдыг өөртөө татаад, тэднээ дагуулан улс төр, эдийн засгийн тэгш эрхийн төлөө Москва мордсон. Гурван жилийн турш түүний бүлэг боярууд, худалдаачдыг дээрэмдэж, хаан Алексей Романовын цэрэгтэй байнга тулалдаж байсан. Бүх Оросыг хаант төрийн эсрэг босгоно гэж заналхийлж байлаа. Түүнийг баривчлаад мөчилж алсан. Степан Разины тухай хоёр, гурван дуу байдаг ч үнэхээр ардын дуу мөн эсэх нь эргэлзээтэй, XIX зуун гэхэд хүмүүст утга нь ойлгогдохоо больжээ.
Екатарина хатан хааны үед Ураалын козак Пугачёвын бослого дутуугүй өргөн хүрээг хамарсан. Түүхч С. Платоновын тодорхойлсноор энэ нь "төрийн дэглэмийн эсрэг козакуудын хийсэн хамгийн сүүлчийн тэмцэл, оролдлого байсан". Пугачёвын тухай тод дурсамж ард түмэнд үлдээгүй. Эдгээр бүх бослого хөдөлгөөн юу ч өөрчлөөгүй, төрийн механизмд ямар ч өөрчлөлт гараагүй, оросуудын хүсэл эрмэлзлэл ёс суртхуун хуучин хэвээрээ л үлдсэн. Оросын ард түмнийг сүрхий анзаарсан нэгэн гадаад хүн “Энэ үндэстэнд түүхэн дурсамж байхгүй. Тэд өнгөрсөн үеэ мэддэггүй, мэдэж авах хүсэл ч үгүй юм шиг билээ”.
Харин оросуудын харгислал, хэрцгийлэл огт өөрчлөгдөлгүй зуун зууныг туулсан. XVII зууны сударт хүнийг эрүүдэн шүүхдээ аманд нь юмуу хошногонд нь дарь чихээд асаах, эмэгтэйчүүдийн хөхийг огтлох, шарх руу нь олс чихэн цоолоод тэрүүгээрээ дүүжлэх зэргээр тамалдаг байсныг бичиж үлдээжээ. XVIII, XIX зуунд ч Донд ч, Ураалд ч хэрэгтнийг тэсрэх бодис дээр суулгаж байгаад дэлбэлдэг зугаа байсаар л байсан. 
 
 
 
Англи хүний онцлог бол хошин шогийн мэдрэмж юм гэдэг шиг орос хүний онцлог бол адын харгислал, хэрцгийллээс таашаал авах мэдрэмж юм шиг санагддаг. Хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг судлан сонирхож байгаа юм шиг мөс шиг хүйтэн сэтгэлээр аюумшигт тарчлаалт бодож олдог. 
 
 
 
Орос тамлалыг чөтгөр шулам л зааж өгсөн гэлтэй, тийм аюумшигт нарийн ажилбартай. Энэ авирыг төрлөхийн “психоз”, “садизм” гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Архинаас үүдэлтэй удамшил уу? Оросууд архинд европчуудаас илүү хордоно гэж баймааргүй юм. Орос хүний иддэг хоол архинд илүү хордуулдаг учир тархинд нь илүү муугаар тусдаг юм болов уу? Алслагдсан тосгодод бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн хамгийн их шохоорхон уншдаг зүйл нь алдартай алуурчдын амьдрал байдаг тул энэ нь харгис хэрцгий араншинг нь улам өдөөдөг байж ч болох.
Хэрэв харгис хэрцгий энэ баримтууд цөөн хэдэн хүмүүсийн гажиг сэтгэлгээний илрэл бол тэдний тухай яриа өрнүүлээд хэрэггүй, мэдэрлийн эмч, сэтгэл судлаач нарт хамаатай асуудал. Энд хүнийг тарчлаан зовоодог хамтын зугаа цэнгэлийн тухай ярьж байна.
 
Сибирьт тариачид нүх ухаж олзлогдогчийг зөвхөн өвдөг хавьцаа нь газрын гадаргаас дээш цухуйлган толгойг нь уруу харуулан мөнөөх нүхэн дотроо дүүжлэнэ, тэгээд нүх рүүгээ аажмаар шороо хийн булж, яаж үхэх, хэн нь хамгийн сүүлд амь тасрахыг шохоорхон харцгаана. 
Тамбовт олзлогдогчийг газраас метрийн зайн өндөрт зүүн гар хөлийг нь төмөр замын хадаасаар хадан цовдлоод хэрхэн тарчилж буйг ажиглацгааж байх юм. Байгалын чанадад козакууд олзлогсодыг хэрхэн амттай тамлахыг залуучуудад зааж өгч байна. Олзлогдсон дайсныхаа гэдсийг хүүлэн нарийн гэдэснийх нь үзүүрийг шонгийн модонд хадчихаад хөөрхий тамлуулагчийг ороолгон туухдаа гэдэс дотроо хэрхэн цувуулсаар үхэж байгааг нь харж зугаацна. Олзлогдсон офицерийн мөрдөс байдаг газрын арьсыг дөрвөлжлөн огтолж хуулаад, цол илэрхийлэх тэмдэг байсан газарт нь хадаас хадна, тэгээд дүрэмт хувцасны оёдлын дагуух арьсыг нь хуулах ба энэ тамлалаа “формыг нь өмсүүлэх” гэж нэрлэнэ. Ийм тамлал бодож олоод гүйцэтгэхэд их хугацаа, нарийн урлал шаарданаа даа.
Хэн илүү харгис юм бэ, цагаантан уу, эсвэл улаантан уу? Адилхан байхаа, яагаад гэвэл аль алин нь оросууд. Гэхдээ хамгийн идэвхтэй нь илүү харгис хэрцгий байдаг. “Чөтгөрөөс биш хүнээс айж бай”, “Өөрийхнийгөө сайн зодвол бусад нь айдаг болно” гэх мэт сэцэн мэргэн зөвлөлгөөг хүн бүр мэднэ.
 
 
 
Оросын хөдөө тосгоныхон шиг эмэгтэйчүүдийг хайр найргүй, аймшигтайгаар зоддог газар хаана ч байдаггүй байх. 
 
 
 
“Эхнэрийг сүхдэж унагаад цээжин дээр нь чих тавин чагнахад амьсгаатай байвал цаадах чинь худлаа баашилж байна гэсэн үг, нэмээд гөв”, "Эхнэр хүн хоёр л удаа аятайхан харагддаг, эхнийх нь гэртээ анх авчирахад, дараагийнх нь оршуулахаар авч явахад", "Эмэгтэй хүн, үхэр хоёрыг авч хэлэлцдэг шүүх гэж байдаггүй", "Эмэгтэй хүнийг зодох тусам хоол улам амттай болдог". Өөр бусад үндэстэнд ийм увайгүй ардын мэргэн хэлц байдаггүй байх.
Олон зуун жилийн турш олж авсан хүмүүсийн “мэргэн ухааныг” агуулсан ийм үй түмэн хэлц хөдөө тосгодоор тархаж, эдгээр зөвлөгөөг сонсож өссөн үр хүүхэд яг л тэр хүмүүжлээр торнисоор. 
Хүүхдүүдийг бас маш их зоддог. Москва мужийн хүн амын гэмт хэргийн шинж байдалтай танилцахаар "Москвагийн шүүхийн тайлан"-ын 1900-1910 оны хоорон дахь бичиг баримтыг үзэхэд хүүхдийг эрүүдэн шүүсэн, тамлан зовоосон элдэв төрлийн гэмт хэргийн материалд дарагдсан байв. Ер нь Орос улсад хэнийг ч хамаагүй зодох дуртай. "Ардын мэргэн ухаан"-аар эр хүн олон удаа зодуулж байж л жинхэнэ хүн болдог гэнэ. Үхтлээ зодуулж явсан хүнийг зовлон үзсэн эр гэж сайшаан үнэлдэг. “Алганы амт үзээгүй хоёр үхээнцээс жанчуулж өссөн ганц эр хамаагүй дээр” гэж ардын мэргэн үг сургана. Амьдралаа бүрэн дүүрэн утга учиртай өнгөрөөе гэвэл байнга зодоо хийж байх хэрэгтэй гэсэн санаа бүхий "Ээ дээ, амьдрал уг нь болж л байна, зодчихмоор хүн олдвол бүр хөгжилтэй болохсон" гэх ардын мэргэн үг байдаг.
Орост байнга аймшигт өлсгөлөн болсоор ирсэн. Хэдэн арван мянгаас эхлээд саяараа өлбөрч үхнэ. Тэр байтугай Орост дайсагнаж ханддаг гадныхан ч үүнийг хараад сэтгэл нь шимширнэ. Нэгэн америк хүүхэн “Энд эсвэл хижиг өвчин, эсвэл хувьсгал л болж байх юм” гээд толгой сэгсэрч байсан. Гэтэл үүнийг хэсэгтээ цатгалан байгаа орос тариачин “Псковт ургац алдсаны төлөө Рязаньд уйлж унждаггүй юм” хэмээн ардын эртний сэцэн үгээр жишим ч үгүй тайлбарлана. “Хүмүүс олноор үхэх тусам амьд үлдсэн бидний зам дардан болно” гэж хотод цэргийн сургуульд сурдаг залуу улам тодотгоно. 
 
 
 
“Энд тэндгүй л гамшиг болж хүмүүс олноороо үхэж л байна. Гэтэл яг хэн үхээд байгаа билээ? Сул доройчууд л үрэгдэж байна. Ингэснээр амьд үлдсэнүүдийн амьдрал тав дахин дээшилж байна шүү дээ”. “Хэн гартаа талхтай байна, түүнд л хүч чадал эрх мэдэл байдаг”.
 
 
 
Хэдийгээр адгийн тэнэглэл нь хүний ёс биш гэлээ ч тэдэнтэй хүн ёсоор хандаж байгаагүй үүх түүхээс болж увайгүй шаар болон хувирсан тэднийг юу юугүй үзэн ядаад байх хэрэггүй л дээ. Оросын хувьсгалын эмгэнэл, түүнийг тойрсон орчинг л тоймоллоо. Энэ бол хагас зэрлэг хүмүүсийн амьдрах орчин юм.
Улс төрчид бол энэ дэлхийн хараалт нүгэлтнүүдээс хамгийн нүгэлтэй хүмүүс гэдгийг үгүйсгэх аргагүй, гэхдээ үзэл санааныхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг хүмүүс бий боловч бусдын сайн сайхны төлөө гэх сэтгэлээр жинхэнэ бодлоо санаатайгаар гуйвуулдаг. Энэ нь ялангуяа Оросын идэвхтэй сэхээтнүүдийн ихэнх хэсэгт хамаатай. Явж явж тэд оюун санаанд гэхээсээ амьдралын өнөө маргаашийн хэрэгцээ болох ахуйд илүүтэй санаа тавьснаар хүй нэгдлийн бүдүүлэг хүмүүсийн сонирхол, шаардлагад зорилгоо нийцүүлсээр ирсэн.
Үе үеийн турш Орост хуримтлагдаж ирсэн оюуны эрчим хувьсгалд зарцуулагдан тариачдад уусан шингэжээ. Оюуны талх бий болгогч сэхээтнүүд, хотын соёлын механизмыг бүтээгч ажилчдаас тэд өнгөрсөн дөрвөн жилд их юм сурсан. Сэхээтнүүд болон ажилчин ангийн зарлагаар оросын тариачид сэхэл авч өөрчлөгдөнө гэж итгэж байна. Зэрлэг хэрцгий тариачны өмнө шинэ зам бий болж байна, гэхдээ өнөөдөртөө тэд үүнийхээ өртгийг төлөөгүй яваа болохоор гамшиг дуусах болоогүй.
 
Оросын ард түмний тухай миний сэтгэгдэл, бодлын цараа ийм байнам.
 
 
Максим Горький