sonin.mn
Ардын түр Засгийн газрын гишүүн, Дотоод яамны дарга, Ардын журамт цэрэг Хүрээг чөлөөлөхөөр мордоход хувьсгалын түшиц газрыг бэхжүүлэх зорилгоор Хиагт дахь төлөөний сайдаар Н.Билэгсайхан тохоогдсоноос үзэхэд энэ хүний үйл хэрэг, түүх намтар их өвөрмөц сонин. Бас нэгийг бодогдуулам ээдрээтэй гэж хэлж болно. Тэрбээр МАН-ын анхдугаар их хурлын төлөөлөгч. Өөрөөр хэлбэл,  өнөөгийн МАН-ыг байгуулж бодлого чиглэлээ тодорхойлсон гэх цөөн хэдэн хүний нэг юм. Ардын хувьсгал ялахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн гарамгай партизаны талаар МЗЭ-ийн нэрэмжит шагналт  орчуулагч, зохиолч, профессор  Н.Пүрэвдагва болон Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн Монголын түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Да.Эрдэнэбат нар сонирхолтой яриа өрнүүлснийг сийрүүллээ.    
 
Н.Пүрэвдагва:
 
-Туурга тусгаар амьдралын төлөөх тэмцлийн эхлэл, явцыг сур­гаар биш, шууд оролцож эхэлсэн нут­гийн­хан бол Сэлэнгийн ард түмэн. Хожим МАН-ын I их хурал гэх бол­сон Монголын хувьсгалчдын түүхт Зөвлөлгөөнд оролцсон 26 хү­ний до­лоо нь Эрдэнэ ван Намсрайн хошуу­ныхан буюу одоогийн Шаамар, Зүүн­­­бүрэн­гийн­хэн байдаг нь ч үүний но­­тол­­гоо. Суд­лаачийн хувьд та юу хэлэх вэ? 
 
Да.Эрдэнэбат: Монгол Улсын түүхэнд онцгой чухал үйл явдлууд тохиож байгаагийн нэг нь Ардын хувьсгалын (олон нийтэд хэлэлцэгдэж заншсанаар) 100 жилийн тэмдэглэлт ой юм. ХХ зууны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг нь харвал олон түүхэн зүтгэлтэн байдаг. Үүний нэгээхэн хэсэг нь Монголын умард хязгаарын нутагт оршдог Сэлэнгэ аймгаас гаралтай олон арван  улстөрч, эрдэмтэн мэргэд, цэргийн зүтгэлтнүүдийн төлөөлөл нь хувьсгалын өлгий нутагт төрж өндийж, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн төлөө амь биеэ үл хайрлан зүтгэж явсан юм. Үүний тулд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтад хүрэхэд том үүрэг гүйцэтгэсэн Эрдэнэ вангийн хошууны ноён, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайд М.Намсрайн талаар зайлшгүй ярих хэрэгтэй болно. Мөн түүнчлэн 10 жилийн дараа буюу Монголын 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтад хүргэхэд их үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн тухай өгүүлэх ч ёстой. XX зууны Монгол Улсын түүхэнд сэлэнгэчүүдийн оруулсан хувь нэмэр их. Шүүн таслах хэргийн бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Мижиддоржийн Намсрайн талаар судалгааны бүтээл, баримтын эмхэтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, тогтмол хэвлэлийн нийтлэл олны хүртээл болсон. Иймийн учир дэлгэрүүлэн дурдах шаардлагагүй байх. Энэ жил Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Тэгэхээр Ардын хувьсгалыг ялалтад хүргэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тус нутгийн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд, партизануудын талаар тухайн бүс нутагт олон үйл ажиллагаа явагдаж байгаа байх. Тухайлбал, Шаамар сумаас хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан партизануудын талаар сайхан хөшөө босгожээ. Түүнчлэн Алтанбулаг сумын Ханын хөндийд босгосон хөшөөг тус аймгийн ахмадын зөвлөлийн гишүүдийн хандив тусламжтайгаар сэргээн засварласан байна. Үндэсний ардчилсан хувьсгалын үйл хэрэгт Түшээт хан аймгийн Эрдэнэ ван М.Намсрайн хошуунаас гадна Сумъяа бэйсийн хошуу, Баатар ван Наваанюндэн, Ахай гүн Лувсанхайдавын хошууны ард иргэд их идэвхтэй оролцсон нь түүхэн судалгааны үр дүнд одоо нэгэнт тодорхой болжээ. Энэ хүмүүсийн нэг бол Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны захирагч, гүн Намсрайн Билэгсайхан юм. Миний бие гүн Н.Билэгсайхан судлалаар ажиллаж, 2013 онд нэгэн сэдэвт бүтээл бичсэн билээ. Энэ судалгааны хүрээнд тухайн бүс нутгаас төрж гарсан, хувьсгалт үйл ажиллагаанд Н.Билэгсайхантай хамт зүтгэж явсан, өнөөгийн цагт бол түүхэн гэрч болох 40 гаруй партизаны дурсамж, дурдатгал, МУҮТА-ын сан хөмрөгт буй баримт материалуудтай танилцсанаас гадна Сэлэнгэ аймгийн архивт сууж холбогдох баримтуудыг илрүүлсэн юм. Энэ дашрамд нэгэн зүйлийг дурдахгүй байж боломгүй байна. Түүхэн хүн судлал буюу намтрын судалгааг хийх явцад зарим судлаач өрөөсгөлөөр хандаж, зөвхөн ганц хүнийг магтан дуулахад чиглэгдэн ажиллаж байна гэж шүүмжилдэг. Үнэндээ бол тухайн түүхэн зүтгэлтний ард буй гэрэл сүүдрийг улс оронд өрнөж буй үйл явдал, нийгэм, эдийн засгийн байдал, улс төрийн чиг хандлагаар хамтад нь харж судалж буйг харахгүй өнгөц байдлаар харж байгаа хэрэг гэж би хувьдаа тэр өөнтөглөгчдийг хардаг. 
 
Н.Билэгсайхан гүн Ардын хувьсгалын өрнөлийн эхэн үеэс буюу хувьсгалчид түшиц газрыг сонгож цэрэг хуралдуулах, Хиагтын баруун, зүүн харуулуудаас цэрэг татах, тухайн бүс нутагтаа нэр алдар бүхий хүмүүсийг түших бодлогын хүрээнд түүний нэр зүй ёсоор эхэнд хэлцэгдэж байж. Энэ тухай олон партизан дурдатгалдаа өгүүлжээ. Тухайлбал, Ж.Дамдин, Ч.Доржпалам нар “Билэгсайхан гэдэг хүн бол бичиг эрдмийн чадвараар сайн, хошуу захирагч, улсад туслагч гүнгийн зэрэгтэй, хотол олондоо нэр хүндтэй, төлөв зантай” гэх зэргээр олны ам түүнийг ямагт сайнаар дурдсан байдаг. Н.Билэгсайхан бол МАН-ын анхдугаар их хуралд оролцож, Ардын түр Засгийн газрыг Д.Чагдаржаваар ахлуулан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Бодоо, Л.Сумъяа, Л.Дэмбэрэл нарын долоон хүнтэй байгуулахад тэрбээр нэгэн гишүүнээр сонгогдсон юм. Үүнээс үзэхэд хувьсгалыг түргэтгэхэд Эрдэнэ вангийн хошуу ноён, эрдэнэ засаг хошой чин ван М.Намсрай дэмжиж байснаас өгсүүлээд тухайн бүс нутагтаа харийн түрэмгийлэгчдийн эсрэг өмнө нь цусаа урсган тэмцэж явсан Сумъяа бэйсийн хошууны дайчин нөхөд, Хяраан харуулын занги Дамдинсүрэн, Чагтай харуулын Ёндон, Содномдаш, Хасбаатар, Буурын Данзан лам, Улаанбургасны Дэндэвдорж, тухайн үед Хиагтын Заргачийн яаманд ажиллаж байсан Н.Билэгсайхан гэсэн олон арван эх оронч идэвх зүтгэлтэй оролцсон билээ.
 
Эдгээрээс үзэхэд өнөөгийн хувьсгалын өлгий нутаг болсон сэлэнгэчүүд хувьсгалын үйл хэрэгт их үүрэг гүйцэтгэсэн юм. Монголын албан түүхэнд хувьсгалчид Эрдэнэ ван М.Намсрай, Н.Билэгсайхан нартай холбоо тогтоосон талаар тусгайлан оруулж өгсөн байдаг. Судлаачдын үзэж байгаагаар бол хувьсгалт үйл ажиллагаанд оролцсон партизануудын 47 хувь нь Түшээт хан аймгийнхан.Үүнээс 27-28 хувь нь Эрдэнэ ван, Сумъяа бэйсийн хошуу болон харуулын нутгаас дайчлагдсан цэрэг эрс байгаа юм. Алтанд хуралдсан 400 орчим цэргийн 200 нь Түшээт хан аймгаас дайчлагдсан бол Эрдэнэ вангийн хошуунд байрлаж байсан 70 орчим цэрэг гүн Н.Билэгсайханы шийдвэрээр журамт цэрэгт элсэн орсон билээ. Цэрэг элсүүлэх зарыг гүн Н.Билэгсайханы нэр дээр тархаасан нь нэгийг өгүүлнэ. Миний бие Н.Билэгсайханы үр удамтай уулзаж, түүний удам угсааны талаарх судалгаа хийж байна. Бидний судалгаанд тулгуурлан 2014 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын төвд Н.Билэгсайхан гүний хөшөөг босгосон билээ. 
 
Н.Пүрэвдагва:
 
- Яаж ч бодсон хувьсгал өрнөхөд нутгийн олны сэтгэл зүй их чухал биз? 
 
Да.Эрдэнэбат: Хэдэн хүн очоод хувьсгал хийчихээгүй. Суурь нь хэрхэн бэлтгэгдсэн буюу өнөөгийн хэллэгээр нийгмийн сэтгэл зүй яаж бүрдсэн  бэ (хувьсгалын тохироо бүрдсэн ч гэдэг -Да.Э) гэдэг асуудал их чухлаар тавигддаг. Иймийн учир хувьсгалыг ялалтад хүргэхэд тухайн газар нутгийг түшиц болгосны учир шалтгаан, ардын журамт цэрэгт бариулах зэр зэвсгийг яг хаагуур оруулсан, эхний тулгаралт болсон газар зэрэг, газар зүйн байрлалыг зөв тогтоох судалгааг явуулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг харуулж байгаа юм. Энэ нь юуг өгүүлж байна вэ гэвэл Хувьсгалыг ялалтад хүргэхэд тухайн газар нутаг нь монгол болон цагаантны цэрэгт бут цохигдсон Хятадын гамингийн хөлд ихээхэн нэрвэгдсэн, ард иргэдийг гэрт хорин галдан шатаасан, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн, алж талсан дээрэмч­дийн хөлд их талхигдсан явдал байсан юм. Энэ гарз хохирол, аллага нь тухайн бүс нутгийн ард иргэдийн хорсол заналыг төрүүл­сэн учир хувьсгалын үйл ажил­лагааг идэвхжүүлэхэд аль хэдийнэ тү­шиц газар болж бэлтгэгдсэн байсан гэх санал судалгааны явцад төрснийг нуух юун.
 
Н.Пүрэвдагва:
 
-Хажуугийн аймаг Булганд хувьсгалын үйл хэргээ үүтгэх нь арай дөхөм байж болно биз дээ. Яагаад заавал Сэлэнгэ рүү очсон юм бол?
 
Да.Эрдэнэбат: Монгол орон хоёрхон улс гүрэнтэй хиллэдэг, хувьсгалын хэрэг үүтгэгдэж байхад ч байдал ийм байсан. Ингээд бодвол хоёр, гурван зүйл бий. Нэгдүгээрт, хувьсгалчид ЗХУ-аас тусламж авах нь тодорхой болсон байсан. Хамгийн гол нь зэвсгээ хүлээж авах түшиц газар нь Эрдэнэ вангийн хошуу байсан юм болов уу гэсэн судалгаа бий. Энэ нь бодит үйл хэргээр батлагдсан. Нэгдүгээрт, өвөл цаг, зэвсгийг Сэлэнгэ мөрнөөр морин чаргаар тээвэрлэн оруулж ирсэн. Хоёрдугаарт, Монгол Хиагтыг чөлөөлөх тулалдаанд их бууг Орос Хиагтын цэргийн хорооноос тээж авчирхад дөхөм байсан (газар нутгийн хувьд), нарийвчилбал, галын дэмжлэгийг Тройцкосавскийн сүмийн тэндээс өгсөн. Гуравдугаарт, ардын журамт цэргүүдийг зэвсэглэх, дадлагажуулахад орос сургагч нар (халимагууд) сурган боловсруулахад оролцож байсан гэх мэтээр тайлбарлаж болох байх. Хоёрдугаарт, ардын хувьсгалын анхны долоогийн хувьсгалын үйл хэргээ түргэтгэх гол түшиц газар нь Хиагтын баруун харуулуудын нутаг гэж үзсэн нь зэр зэвсгийг хэрхэн авах вэ гэдэгтэй уялдаж байна. Энэ нь бидний дээр өгүүлсэн нэгдүгээрт өгүүлсэнтэй холбогдож байгаа юм. 
 
 
 
Эрдэнэ вангийн хошууны баруун харуулуудын нутаг нь, нэгдүгээрт, Монгол Хиагтад бүгж байсан гамин цэргүүдээс зайдуу, хоёрдугаарт, тэдгээр газарт, (тухайлбал Алтан хэмээх газарт) цэрэг хуралдуулах, сурган боловсруулах, умардын хөрштэйгөө харилцаа холбоо тогтоох, түүнчлэн Монгол нутгийн гүн рүү хувьсгалын хэргээр төлөөний түшмэдийг явуулахад тохиромжтой зэрэг олон талын ач холбогдолтой байж. 
 
 
 
Н.Пүрэвдагва: 
 
-Зэр зэвсгийн тээвэрлэлт их чухал байсан. 400 гаруй партизанд оногдох зэвсэг овор хэмжээний хувьд бага байж таарахгүй дээ? 
 
Да.Эрдэнэбат: Эхэндээ журамт цэрэгт элсэгчдэд зэвсгийн хүрэлцээ муу, сум хэрэгсэл, бууны оронд модон бороохой, шийдэм барьж ирэгсэд байсан тухай зарим дурсамж дурдатгалд өгүүлсэн байдаг. Одоогийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын баруун талаар Сэлэнгэ мөрөн, Орхон гол нийлэн хойшоо урсан оддог. Өвөл цагт хөлддөг болохоор мөсөн дээгүүр зэр зэвсгийг морин чаргаар тээвэрлэн оруулж ирсэн гэдэг. Тодруулбал, зэвсгээ өвөл нэгдүгээр сарын эх, хоёрдугаар сарын сүүлчээр Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр морин чаргаар оруулж ирсэн байдаг. Морин чарга гэхээр манай хүмүүс мэдэхгүй байж магадгүй л дээ. Уг нь хуучин манай цас, мөстэй хангайн аймгийн улс өргөн хэрэглэдэг тухайн үедээ хурдан түргэн ачаа тээврийн хэрэгсэл шүү дээ. Зэр зэвсэг бол маш чухал, маш шуурхай ч татан авах хэрэгтэй байсан байж таарна. Их буу бол тулалдааны явцад орж ирсэн болж таарч байна. Хувьсгалыг үүсгэх, бэхжүүлэх, зэр зэвсгийг татан авчирах, журамт цэргийг элсүүлэх үйл явцыг өргөжүүлэхэд Хиагтын баруун харуулын газрыг яагаад сонгосон юм бэ гэдэг асуудлыг бид өмнө нь дурдсан. Баруун харуулын нутгаар цэрэг элсүүлэх ажлыг Л.Дэмбэрэлд (Л.Сумъяа бэйсийн төрсөн дүү-Дэмбэрэлбилэгт. Да.Э) хариуцуулсан бол зүүн хэсгээр нь Сүхбаатар жанжин өөрөө явж цэрэг хуралдуулах үүрэг хүлээсэн байдаг. Чухамдаа зүүн харуулын нутгаас дайчлагсад Хятадын гамин цэрэгтэй хэд хэдэн тулгаралтыг Хяраан харуул хавьцаа хийсэн талаар судлаачид өгүүлсэн нь бий. Хэдийгээр тооны хувьд цөөн боловч гамин цэргийн эсрэг ухарч няцахыг мэдэхгүй тулалдаж байсан Хяраан харуулын мэргэн бууч, халуун эх оронч Содномдашийн амьдрал, тэмцэл энэ тулгаралтуудын гэрч болон үлдсэн байдаг.
 
Н.Пүрэвдагва: 
 
-Л.Дэмбэрэл, Л.Сумъяа нар Өвөрмонголоос ирсэн цахар монгол. Гамин цэрэг дөхөж очсон бол хамгийн түрүүнд хөнөөнө. Тэгэхээр хувьсгалын үйл хэрэгт хамгийн идэвхтэй оролцох ёстой сэтгэл зүйн бэлтгэл нь Сумъяа бэйсийнхэн дээр байж таарна биз?  
 
Да.Эрдэнэбат: Тэр үнэн. 1915 оны Хиагтын гурван улсын гэрээний дараа монгол үндэстнээ нэгтгэж, туурга тусгаар улс болох үйл явц саармагжсан, бүр зогссон гэж хэлж болно. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь нийгмийн өөрчлөлтийг авчирч, сэргэн мандалтын эхийг тавьсан гэж судлаачид үздэг. Үнэхээр ч тийм. Шинэ Монгол Улсын бүх салбарт шинэчлэлт, өөрчлөлтийг өрнүүлж, нийгэм, эдийн засгийн салбарт ч “Монгол” гэсэн тодотголт бодлого хэрэгжүүлж байсан юм. Гэвч их гүрнүүдийн хавчлага, дипломат заль мэхэнд унаж, монгол туургатны нэгдсэн төр улсыг байгуулах үйл ажиллагаа зогсон “Автономит Монгол Улс” буюу өмнөд хөршөөр эрхээ хязгаарлуулах болсон юм. Үүний улмаас олон зуун монгол туургатны төлөөлөл болох эх оронч, дэвшилт үзэлтнүүдийн олонх нь буцаж нүүсэн. Зарим нь харуулын нутгууд болон Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу болон бусад аймаг, хошуудын нутгуудад нүүдэллэн амьдрах болсон билээ. Үүний тод жишээ бол 1913 оны таван замын байлдаанд идэвх зүтгэлтэй оролцож байсан, Л.Сумъяа бэйсийн хошууныхан болон бусад олон цэрэг эрс юм. Тэд өмнө нь Хятадын хар цэрэгтэй тулалдаж явсан, дадлага туршлага бүхий бэлтгэл хүчин болох хүмүүстэй даруйн өмнө харилцаа холбоо тогтоох ёстойг хувьсгалчид тооцсон байж таарна. Л.Сумъяа бэйс өөрийн хошууны 70 гаруй цэрэг эрийг удирдан хувьсгалт үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нь ч үүнийг баталдаг. Зүүн харуулын нутгаас журамт цэрэгт элсэн орж, удирдан манлайлсан Ц.Хасбаатар ч бас дээрх жишээний нэг бодит дүр нь юм.
 
Үргэлжлэл бий.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин