sonin.mn
Энэ асуултад Нобелын шагналт эдийн засагч Роберт Шилер “Ихэнх эдийн засагчид санхүүгийн хямралуудыг урьдчилан тааж чаддаггүй.  Яг л эмч нар өвчнийг урьдчилж мэддэггүй шиг. Гэхдээ эдийн засагчид яг л эмч нар шиг хүний амьдралын чанарыг илэрхий сайжруулж, улс орны тамир тэнхээг нэмж чаддаг” хэмээжээ. 
Түүний энэ тодорхойлолтыг олон улсад хүлээн зөвшөөрч эдийн засагч нарт итгэж амьдралын чанар, улс орныхоо бодлогыг тэдний гарт атгуулсаар байна. Үр дүнгээ өгч үсрэнгүй хөгжилд хүрч буй жишээ ч олон бий. 
 
Тэгвэл Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд эдийн засагчид ямар хэрэгтэй вэ?  Маш их үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тал талдаа хүлээн зөвшөөрч байна.  Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөө Монгол Улс төдийгүй олон улсын эдийн засгийн нөхцөл байдлыг нэлээд муутгалаа. Улс орнууд цар тахлын үед эдийн засгаа хэрхэн дэмжиж, вакцинжуулах тухай толгой гашилгаж байна.
 
  Монгол Улсын төр засгийн удирдлагуудын зүгээс ч эдийн засгийн арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн.
Тухайлбал, Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагч нартай уулзаж, төр засгийн удирдлагуудын өмнөөс тэднээс уучлал хүсч, цаашид Засгийн газрын зүгээс эдийн засгаа сэргээхэд ягт хамтран ажиллахаа илэрхийлсэн. 
Энэ нь эдийн засгийн эргэлт, сэргэлтийн асуудал Монгол Улсын одоогийн нөхцөл байдалд ямар чухал болохыг батлан харуулсан үйл явдал байв. 
Түүний дараахан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж, олон чухал санаануудыг хэлэлцэв.  Бизнес эрхлэгчид зовлон жаргалаа хуваалцаж, бодлого боловсруулж шийдвэр гаргагчид нь түүнийг сайтар бичиж тэмдэглэж авч байгаа харагдсан. 
 
Харин бизнес эрхлэгч, шийдвэр гаргагч нарын шийдэл санааг уялдуулан хямралын үеийн гарц гаргалгааг нь хэлээд тайлбарлаад хэлэлцүүлэх эдийн засагчдын байр суурь хэлэлцүүлэг дээр дутагдаж байна лээ.  
 
Удахгүй намрын ээлжит чуулган эхэлнэ.
Энэ чуулганаар эдийн засаг улс орны хөгжлийг тодорхойлох олон чухал хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн ковидын үед эдийн засгаа хэрхэн авч үлдэх гарц гаргалгааг хэлэлцэх нь тодорхой. Тиймээс чуулганы танхимд ч сайн эдийн засагчийн онолын мэдлэг судалгаа харьцуулалт чухал байна.
Цаашид Ковидын дараах эдийн засгийн сэргэлтэд эдийн засагчдын хувь нэмэр, тэдний “толгой” хэрэгтэй байна.   
Сонгогчид маань парламентад төлөөлөх хүнээ уран цэцэн үгээр нь дүгнэж сонгох биш тэдний эзэмшсэн мэргэжил, ирээдүйг харж сонголтоо хийдэг болоосой. Нобелын шагналт эдийн засагч Роберт Шилер: “Эдийн засагчид яг л эмч нар шиг хүний амьдралын чанарыг илэрхий сайжруулж, улс орны тамир тэнхээг нэмж чаддаг” гэх дүгнэлтээ зүгээр ч нэг хэлчихээгүй нь лавтай. 
 
Х.Цэцэнноров