sonin.mn
Энэ үг монгол хэлэнд анх орж ирэхдээ “эмч” гэсэн утгатай байлаа. Удалгүй монгол үг нь түрэн ирж, харин эрдмийн зэргийн дээд мяндагтныг “доктор” гэцгээх болов. Эмч ч бай, эрдэмтэн ч бай тэднийг эрхэмлэн хүндэтгэх нэр нь “доктор” л юмдаг.
Монголчууд эрдэм боловсролыг ёс журмаар нь эзэмшиж эхэлсний дараа эрдмийн зэрэг цолыг шат дараалан хүртэж ирсэн богинохон түүхтэй. Дээд сургууль төгссөний дараа судалгаа хийж, аспирантур хэмээх сургуульд нэмэн суралцаж, судалгааны зохиол бичин “дэд эрдэмтэн” хэмээх зэргийг хүртэж эхэлсэн нь мянга есөн зуун дөч тавиад оны л үе юм. Дэд эрдэмтэн болсны дараа түүний дээд шат болох докторын зэргийг бас тусгай зохиол бичин хамгаална гэсэн ойлголтыг анхнаасаа авсан юм. Энэ нь манайхны ярьдгаар оросын боловсролын систем билээ.
Гэтэл ерээд оны эхэн үеэс дэд эрдэмтэн гэх нэр томьёог хууль ёсоор хэрэглэхээ болив. Дэд доктор гэж нэг хэсэг нэрлэв. Гэтэл дуурайгаад байгаа өрнөдийн боловсролын системээр нэг шатны докторын зэрэг байх тул хуучин цагийн дэд эрдэмтэн, доктор хоёр нь ижил зиндаанд хэмжигдэх болов. Ингэснээр хуучин докторууд нь өөрсдийгөө бусдаас арай дөнгүүр гэдгээ харуулахын тулд “шинжлэх ухааны доктор” гэдэг нэр томьёог гаргаж ирэв.
 
 
 
Ингэж үхэн хатан тэмцэх болсон нь дэд эрдэмтэн нь цалин дээрээ цөөн хувийн нэмэгдэл авдаг байсан бөгөөд доктор нь түүнээс илүү хувийг авдаг байснаас үүдэлтэй. Арай илүү хэмжээний пүнлүү хүртэх учиртай гэдгээ санаад л арга сүвэгчилсэн нь тэр.
 
 
 
Гэтэл ScD хэмээн товчилж бичдэг шинжлэх ухааны доктор гэдэг нь өрнөдийн боловсролын системээр нэг шатлалын л доктор хэмээх зэрэг юм. Угаасаа докторын зэрэг олгох хоёр шатлал байхгүй. PhD гэдэг нь нийгмийн ухааны докторыг хэлж байгаа хэрэг.
Тэгэхлээр PhD гэдэг нь бага хэмжээний доктор, ScD гэдэг нь их хэмжээний буюу орой цоорхой мэргэн доктор гэсэн монгол ойлголт өрнөдийн боловсролын системд байхгүй гэсэн үг. Энэ хоёр нь угаасаа “Нийгмийн ухааны доктор”, “Байгалийн ухааны доктор” гэсэн ерөнхий ойлголтыг агуулсан байгаа юм. Анагаах ухааны доктор цолтон, эмч нарыг анхнаасаа тусад нь нэрлэж хэвшсэн байдаг.
 
 
Цөөнгүй албан тушаалтны нэрийн хуудсан дээр ScD, PhD, профессор гэсэн үг байгаа. Махчлан ойлговол Байгалийн ухааны доктор, Нийгмийн ухааны доктор гэсэн үг болно.
 
 
 
Манай анхны эрдэмтэд ихэвчлэн оросод эрдмийн зэрэг хамгаалжээ. Эрдэмжсэний хүчинд дотооддоо ч зэрэг хамгаалуулах чадавхитай болов. Орост дэд эрдэмтний зэрэг хамгаалсан цөөнгүй хүн хэдийгээр социалист чиг баримжаатай ч гэлээ боловсролын чиг хандлага нь өрнөдийн буюу хуучин тогтолцоогоо олон талаар хадгалсан ардчилсан герман, унгар, польш зэрэг улсуудад очиж, дахин хамгаалаад PhD хэмээх дипломыг авчирдаг байлаа. Энэ нь оросуудын тавьдаг шаардлагаас хамаагүй сул болзолтой гэсэн үг. Харин манайд дэд эрдэмтнээс дээгүүр доктор хэмээн хүндэлж угтдаг байв.
Одоо манайх докторын асуудлыг цэгцлэх цаг болжээ. Үүнтэй хамт профессорыг ч ярих ёстой. Профессор гэдэг нь улс орнуудад олон янзаар хэрэглэгддэг. Зарим нь манайд огт зохицдоггүй. Цаашлаад академичийн асуудлыг бас сөхөн ярих хэрэг гарна. Академич, доктор, профессор гэдэг нэр цолондоо даруулсан хүмүүс чинь ихэвчлэн тухайн салбартаа олон жил зүтгэсэн гэдэг тодорхойлолттой, нэгэн цагт гялалзаж явсан нь үнэн боловч ерөнхийдөө хоцрогдсон, шинэ залуу мэргэжилтнүүдэд саад тотгор бологчид байдаг. Тэгсэн мөртөө цалин урамшууллын ихийг авна, тэтгэвэрт гарахыг мэдэхгүй, ёстой л төрийг мөлжигчид юм.
 
За тэгээд академи гэдэг нь ч юу болоод байна вэ. судалгаа шинжилгээний гол цөм нь их дээд сургуульдаа шилжих зүй тогтол хэзээ хэзээгүй тогтоно буй заа.
Өнөөдрийн доктор хэмээх зэрэг цолтонгуудын ихэнх нь энэ хэмжээндээ хүрэхгүй хүмүүс байгаа нь тодорхой. Барим тавим жишээгээр ярих нь ч бий. Энэ асуудлыг анхаарч Боловсролын хууль, Шинжлэх ухааны хуулиар зохицуулах цаг болжээ. Шинжлэх ухааныг нь хөгжүүлж гийгүүлдэггүй юмаа гэхэд түүгээр гул барьж сул мөнгө цохигчдыг цөөлөх эдийн засгийн цаг цохих болоод байна.
 
 
 
Я.БААТАР