sonin.mn
НЭГ. ТАРВАГАН ТАХЛЫН ГОЛОМТОД
 
Д.Чимидноров өчигдөр дуудлагаар ирсэн олон өвчний хам шинжтэй хүндхэн өвчтөний эмчилгээний тактикийг боловсруулахаар ном үзэж суутал больницийн дарга дуудав. Яваад ортол Дуламсүрэн дарга нэлээд албархуу байдлаар “За хө, тарвага өвчиж байгаад гараа эсгэсэн жирэмсэн бүсгүй аймгийн төвд орж ирээд өндөр халуурч байна гэсэн дуудлага ирлээ. Халдвартаар мэргэшсний хэрэг юу билээ, тэр дуудлагад чи л явах болж  дээ. Тарваган тахал байх өндөр магадлалтай учир  яаралтай оношлох хэрэгтэй. Буруу оношилбол ямар их хор хохирол гарахыг чи мэдэж байгаа. Тахал болох нь батлагдвал  хорио цээр тогтоож, хавьтлуудыг илрүүлж, голомтыг ариутгахаас эхлээд ажил ундарна шүү дээ. Осолтой бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээлгэж байна шүү” гэж анхааруулаад явж болно гэх шиг өмнөө овоорсон цаас руу хараа шилжүүлэв. 
Д.Чимидноров зам зуурт олон юм бодож явлаа. Тэрбээр эмч болоод 10 гаруй жил ажиллахдаа ийм ноцтой юмтай нүүр тулж  байсангүй. Тарваган тахлын голомт руу орно гэдэг ямар их аюултайг тэр сайн мэдэж байлаа. Ажлын завсар чөлөөгөөр хувийн жижиг орон сууц барьж дуусгаад маргааш байрныхаа найрыг хийхээр баахан хүнсний зүйл цуглуулж, амьтан ах дүүгээ урьчихаад байснаа ч нэг их юманд бодсонгүй. Гагцхүү тахал мөн эсэхийг яаж тогтоох мөн бол ямар арга хэмжээ авах тухай л бодож явлаа. Түүний хажуугаар бас яаж яваад эмч болсон тухайгаа ч нэхэн санаж байлаа. 
 
Ээж минь халдвартын сувилагч хүн байв. Би ээжийгээ дагаж эмнэлэг дээр нь байнга очдог байсан. Нэг удаа өвөө маань мэс ажилбар хийлгэснийхээ дараа  яагаад ч юм надаар боолтоо солиулж байхдаа “Миний охин чинь ямар сайхан зөөлөн гартай юм бэ. Ёстой л эмч болбол таарах хүүхэд юм. Чи заавал эмч болоорой” гэв. Тэгээд зогсохгүй монгол, төвд бичигтэй хүн байсан болохоор надад Эмийн судар, Эрүүл мэндийн дөрвөн үндэс гэсэн уламжлалт анагаах ухааны ном судраас гадна хүмүүжлийн агуулгатай ном дэвтрээс хэрэгтэй гэсэн бүхнийг уншиж өгдөг байв. Энэ бүхэн намайг эмчийн мэргэжилд дуртай болгосон байх. Тэгээд л Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж 1989 онд сургуулиа төгсөж эмчийн тангараг өргөсөн дөө. Тэр үед одоогийнх шиг сургууль төгсгөөд зөнд нь орхичихдог биш, заавал аль нэг газарт хуваарилдаг байлаа. Би Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хүн эмнэлгийн салбарт ажиллах томилолт авч билээ. “Шинэ эмчээс ширгээсэн ус” гэдэг үг байдаг. Сургууль төгсөнгүүт хөдөөгийн эмнэлгийг толгойлж эмчилгээ үйлчилгээний аливаа шийдвэрийг бие дааж гаргана гэдэг амаргүй даваа байсан. Тийм үед  ангийн багш Хишигдорж тэргүүтэй эрдэмтэн багш нарын хэлж захиж байсан үг сургааль санаанд орж, оюутан ахуйдаа үзэж байсан хэдэн халтар ном  нөхөр болдог юм билээ. Бага залуу байсан болоод ч тэр үү, өвчтөн хүндэрч эндэхээс их айна. Эмнэлэгт хүнд хүн байгаа үед их төлөв сахиж хононо. Унтъя гэсэн ч санаа зовоод нойр хүрэхгүй. Хажуугаар нь дуудлага тасарна гэж үгүй. Өвлийн тэсгим хүйтэн шөнө ч, нүд чиггүй цасан шуургатай өдөр ч амиа хоохойлж хойш суух эрх тангараг өргөсөн эмч хүнд байхгүй. Нойр хоолоо ч мартаж, эмэгтэй хүнд ахадсан гэмээр асуудалтай тулгарах үе зөндөө гарна. Ийнхүү сумын эмчээр ажилласан хоёр жил хэдийгээр хүнд хэцүү байсан ч надад их юм сургасан даа. 
Тэндээсээ Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжиж ирээд 10 гаруй жил болоход ийм аюултай, хариуцлагатай даалгавар авч байсангүй гэхчлэн бодож явтал зорьсон газраа хүрсэн байв.
 
 
 
Д.Чимидноров өвчтөнд үзлэг хийж, ам мэдүүлэг авч, хавьтал болсон хүмүүстэй уулзаж судалсны эцэст тарваган тахал мөн гэсэн онош тогтоож өвчтөнийг аварч, халдварын тархалтыг таслан зогсоох  ажлыг нөхдийн хамт амжилттай хийжээ. 
 
 
ХОЁР. АМЬД ЯВАА МИНЬ ГАВЬЯА
 
Д.Чимидноровын нөхөр Энхбат насаараа армид алба хаасан цэргийн хүн. Эднийх хоёр сайхан хүүтэй. Том хүү Э.Цэрэннолсон нь эцгийнхээ мэргэжлийг өвлөж ОХУ-д цэргийн сургууль дүүргээд НҮБ-ын энхийг сахиулах албанд алба хаасан офицер. Харин бага хүү Э.Оргилболд нь  ээжийнхээ үйл хэргийг залгамжлахаар мэс заслын эмч болсон. Ийнхүү Энхбатынх гэдэг айл олны жишигтэй сайхан аж төрж  байлаа.  Хүний амьдралд хүнд хэцүү үе тулгарах нь байдаг л зүйл. Тийм хэдий ч  Д.Чимидноровт хорвоо хэт хатуурхсан мэт он жилүүд нүүрлэв. Эрүүл саруул тэвхэлзэж явсан нөхөр нь 2018 онд гэнэт хамар залгиурын хорт хавдар гэдэг хүнд өвчинд нэрвэгджээ. Д.Чимидноров нөхрөө аврахын төлөө мэргэжил нэгт нөхдийн хамт чадах бүхнээ хийж эхэллээ. Онош тодруулахаар гадагшаа ч явж үзлээ. Хоёр жил гаруйн турш нөхрөө асарч сувилах, ажлаа хийх, ар гэрээ авч явах гээд бүсгүй хүнд ахадсан ачааг үүрч туйлдав. Гэвч бэрхшээлийн өмнө бууж өгсөнгүй. Нөхөр нь 12 удаа химийн эмчилгээ, 32 удаа туяа эмчилгээ хийлгэж, хоёр жил гаруй шаналсны эцэст аюулт өвчний ард гарсан ч тамир тэнхээ орж, хүний асаргаанаас гарах болоогүй байтал 2018 онд Д.Чимидноров өөрөө өвчлөв. Нойр булчирхайн хорт хавдартай болжээ. Эмч болсны хэргийг гаргаж элдвээр оролдсон ч өвчин улам хүндэрсээр байлаа. Эцэст нь мэс засал хийлгэхээс өөр аргагүй болов. Чинбүрэн тэргүүтэй алтан гартай эмч нарын ачаар мэс засал амжилттай болж үхлийн аюулаас мултарсан ч хавдар л болсон хойно хими, туяа эмчилгээ хийлгэж хүч тамир, мах мариагаа барлаа. Эмч, өвчтөн хоёр өвчнийг хамтарч ялдгийг тэрбээр сайн мэднэ. Тэр тусмаа угийн зоримог, тууштай зан чанар нь хүнд бэрхийг даван туулахад тус болсон нь мэдээж. Ээж нь ид залуу дөчин хэдтэйдээ нас барж, дүү нараа авч явах үүрэг Д.Чимидноровт оногдсон билээ.
 
 
 
Тэрбээр хар багаасаа хатуу хөтүүг туулж өнгөрүүлсэн болохоор хэр баргийн зовлон бэрхшээлд бууж өгөх дургүй. Давна, чадна, ялна гэдэг бол түүний амьдралын философи юм.  
 
 
Эрүүл мэндийн салбарт 32 жил зүтгэснийхээ 16 жилд нь тасгийн эрхлэгчээр ажиллах хугацаанд юуг эс үзсэн гэх вэ. Олон жил ажиллаад ирэхээр хатуу, зөөлөн хоёрыг хослуулах болдог ажээ. Д.Чимидноров ажил дээрээ бол хатуу хүн. Юмыг тултал нь хийхийг эрхэмлэнэ. Аргацаах, нүд хуурахыг цээрлэнэ. Энэ зарчмаа баримтлахыг хамт олноосоо нэг адил шаардана. Хариуцлага алдсан заримд нь хатуухан үг хэлчихнэ. Тийм зангаасаа болж зарим хүнд адлагдах үе ч гарна. Тэр бүхнийг үл тоож өөрийн зарчимдаа үнэнч явсаар өнөөг хүрчээ. Харин тэрээр өвчтөнүүддээ бол туйлын уян зөөлөн хүн. Сүүлийн хэдэн жилд өвдөж шаналахын хэцүүг хань ижил төдийгүй өөрийн биеэр мэдэрсэн цагаас хойш өвчтөнд улам ч өр зөөлөн болсон. Яаж амийг нь аврах вэ гэж хамаг хүч мэдлэгээ шавхана. Хүнд өвчтөн нас барчихвал ах дүү, аав ээжийгээ алдсан мэт харуусна. Гэртээ байсан ч хүнд өвчтөндөө санаа зовж, сувилагч нараасаа биеийн байдлыг нь асууж, хэрхэн асарч сувилахыг зааж өгнө. Түүний бас нэг эрхэм чанар нь шулуун шударга зан. Бусдад атаархах, нэр төр хөөцөлдөх зангүй. Ямартаа л “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнагдсаныг нь нийгмийн сүлжээнд тавих гэсэн хүүхдүүдээ тас хорьж байх вэ. Удирдлага нь гавьяатад тодорхойлолтоо гаргахыг санал болгоход “Хэрэггүй ээ. Амьд явж байгаа минь л наддаа гавьяат” гэж хэлсэн удаатай аж. 
 
ГУРАВ. УЛААН БҮСЭД НАЙМАН САР
 
2020 оны арваннэгдүгээр сарын 11. Хятадын Ухань хотоос үүсэлтэй короновируст халдварт өвчнийг дотооддоо алдалгүй найман сар тэссэн амжилт талаар болж Монгол Улсад уг өвчний анхны тохиолдол илэрч, улмаар дэлхий нийтийг хамарсан цар тахал болон нийгмийг айдас түгшүүрт автууллаа. Эрүүл мэндийн салбарынхан аюулт цар тахалтай нүүр тулж “Улаан бүс” хэмээх халдварын голомтод  хүний амь аврахаар  тэмцэж эхэллээ. Тэр тэмцлийн галын цэг нь мэдээж Халдвар судлалын үндэсний төв. Эмнэлгийнхэн бүх хүч бололцоогоо цар тахалтай тэмцэхэд зориулж эхлэв. Чимидноровын эрхэлдэг Гэдэсний халдварын дөрөвдүгээр тасгийг ч COVID-ийн хүнд болон хүндэвтэр хэлбэрийн өвчтөнүүдэд зориулах болов. Өөрөөр хэлбэл, сэхээний өмнөх эмчилгээ хийдэг гэсэн үг. Эднийх 20 шахам эмч, сувилагчтай. Тэд салхи нэвтрүүлдэггүй материалаар хийсэн цагаан нөмрөгөөр бүх биеэ хуяглаж 14 хоног өвчний голомтод нойр хоолгүй шахам ажиллаад зориуд бэлтгэсэн байранд мөн төдий хоног тусгаарлагдсаны дараа дахин өвчний голомтдоо очно. Халдвар хамгааллын дэглэмээ хэчнээн сайн баримталсан ч өөрсдөө халдвар авах магадлал өндөр. Цөөнгүй эмч, сувилагч бусдын амь насыг аврах гэж яваад өвдсөн. Эдүгээ зуугийн талыг насалж яваа энэ дайчин эмэгтэй хүнд өвчний ард гараад бүрэн тэнхэрч чадаагүй ч гэсэн цар тахлын улаан бүсэд хамт олноо хошуучлан ажиллаж, залхаж шантарсан заримд нь урам дэм өгч өнөөг хүрчээ.
 
 
 
Эмч, сувилагч нар олон хоног, сараар эмнэлэг дээр хувцсаа тайлалгүй хонож ядарч туйлдлаа, авдаг цалин амьдралд хүрэлцэхгүй байна хэмээн жагсаж байхад Д.Чимидноров “Би ажлаа л хийх ёстой” гэсэн ганцхан бодол тээж, хүнд хэцүү цаг үеийг тэвчээртэй туулж явна. 
 
 
 
2021 оны зургадугаар сараас эхлэн эмнэлгийн байгууллагууд энгийн горимоор ажиллах болсон нь вакум орчинд олон хоног, цагаар ажиллаж байсан эмч, сувилагч нарт чөлөөтэй амьсгалах боломж олгожээ. Бас сүүлийн саруудад төр, засгаас эрүүл мэндийн салбарынхны цалин хөлс, нийгмийн асуудалд боломжийн хэрээр анхаарах болсон нь тэдний ажилд урам дэм болж байгаа аж. 
Д.Чимидноровыг аливаа халдварт өвчинтэй тэмцээд сурчихсан хүн гэж хэлж болно. Улаан бурхан, шувууны томуу, гар хөл амны өвчин, халдварт гипатит гээд бүгдийг үзэж өнгөрүүлсэн болохоор түүний хувьд COVID-ийн өмнө барьц алдаад, айж сандраад байх зүйл байсангүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хатуу мөрдөж, өөрийн орны эрдэмтдийн багуудтай хамтран ажиллаж ирсэн нь цар тахалтай тэмцэхэд түшиг тулгуур болж иржээ. “Нэг үеийг бодоход манай эмч, сувилагч нар цар тахалтай тэмцэх сэтгэл зүйн бэлтгэлтэй болчихсон. Эмчилгээнийхээ тактикийг ч олоод авчихсан болохоор  аюулт өвчнийг даван туулах итгэл төгс ажиллацгааж байна” гэж тэрбээр хэлсэн юм. Ийнхүү элдэв өвчин тахалтай тэмцэх ажлын тэргүүн эгнээнд явж “Улаан бүсийн Д.Чимидноров” гэгдэх болсон эгэл жирийн эмч өөрийн зовлонг умартан өрөөлийн жаргалыг эрхэмлэж явна.
 
 
Л.Норовсүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин