sonin.mn
Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй гэдэг. Энэ бол улс төрийн хүрээнийхэн, улстөрчдөд шууд хамаатай үг. Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явагдах нөхөн сонгуульд намууд нэр дэвшигчдээ тодруулсан байдлаас харахад дээрх үг орой руу оров. Аль нам нь ирж яваа цагийн дууг дуулж, аль нам нь  буцах цагийн аяз хөгжимдөж байгааг ялгаж салгах гэж зүдэх юмгүй. 
 
МАН-аас Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар гэсэн хоёр залууг сойжээ. АН залуустаа нар үзүүлдэггүй зангаа энэ удаа ч тавьсангүй, УИХ-ын гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг нөхөн сонгуульд зүтгүүлэхээр болсон. Шуудхан хэлэхэд тэд бол шахаад шахаад шар ус ч гарахгүй болсон хоёр. Нас 60 гарсан, үеэ өнгөрөөсөн улстөрчид. АН тэднийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн нь ирж яваа цагийн дуун харьж яваа хүмүүсээр аялуулах гэсэн хэрэг. Улстөрийн тогоонд 30 жил түлэгдэж язартлаа чанагдсан хоёроос шинэ үнэр, амт гарна гэж хүлээснээс цементэн дээр цэцэг ургахыг хүлээвэл дээр. 
 
65-тай ч 25-тай юм шиг сэтгэж чадна аа гэж АН-ын удирдлагууд хоёр нэр дэвшигчээ дөгөөж байгаа ч өнөө хоёр нь 25 жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөх байтугай байрнаасаа урагш хөдлөхөөсөө  өнгөрсөн гэдгийг ярьж хэлж байгаагаас нь харж болно. Тиймээс хэн хэн нь өмнөх сонгуулиудад Хэнтийд өвдөг шороодоод аль хэдийнэ “жагсаалаас гарчихсан” нөхөд. Энэ бүхнээс харахад АН-ын нэр дэвшигчдэд нөхөн сонгуулийн бариа хэт хол харагдана. 
 
Бусад намуудын нэр дэвшүүлэлт үнэндээ ямар ч сонголтгүй, байгаа ганц лидер гэгдэх олонд жаахан танигдсан нэгнийгээ л шатрын хөлөг дээр шалдан ноён шиг түлхсэн төдий.   
 
 
Д.Дандархүү