sonin.mn
НЭГ. МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ НӨӨЦ, ОЛБОРЛОЛТ БА ЭКСПОРТ
 
Монгол Улс эрдэс түүхий эдийн нөөцөөр арвин улсын нэг. Өнөөгийн байдлаар Монголын нүүрсний нийт тогтоогдсон нөөцийг 33,4 тэрбум тонн, зэсийн баяжмалын нөөцийг 70 орчим сая тонн, төмрийн хүдрийн нөөцийг 1,9 тэрбум тонн хэмээн геологийн эрэл, хайгуул судалгааны байгууллагууд үздэг. 2020 оны байдлаар Монгол Улс нийт 33,8 сая тонн чулуун нүүрс, 6,6 сая тонн эрчим хүчний хүрэн нүүрсийг олборлосон. Нүүрсний экспорт 2019 онд 36,467 мянган тоннд хүрсэн. 2020 онд 28,587 мянган тоннд хүрч 7,870 мянган тонноор буурчээ. 
 
 
 
Нүүрсний экспортоос олсон орлого 2020 онд 2,123.7 сая ам.долларт хүрч, өнгөрсөн 2019 оны орлогоос (2019 оны орлого 3,074.4 сая ам.доллар) 950.7 сая ам.доллараар буурсан байна. 2021 оны эхний долдугаар сард 9,936 мянган тонн нүүрсийг экспортод гаргаж 1.1 тэрбум ам.долларын орлого олсон.
 
 
 
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан үзвэл экспортод гаргасан нүүрсний биет хэмжээ 1,3 сая тонноор буурч, үнийн өсөлтийн үр дүнд орлогын хэмжээ 221,4 сая ам.доллараар нэмэгдэв. Энэ онд ковидын эрсдлийн улмаас Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн боомт хэд хэдэн удаа хаагдсан. Цаашид ч үйл ажиллагаа нь доголдох эрсдэл хэвээр байгаа тул энэ оны эцэст манай улсын нүүрсний экспорт өмнөх оноос буурч 20 сая орчим тонноос хэтрэхгүй байх төлөвтэй байна. Хэрэв энэ оны эцэст экспорт ийнхүү буурвал 2019 оны экспортын хамгийн дээд хэмжээтэй харьцуулснаар 45 орчим хувиар буурах эрсдэлтэй байна гэсэн үг юм.
 
 
Өнгөрсөн 2020 оны дунд үеэс эхлэн БНХАУ болон Австрали улсын хооронд үүссэн улс төрийн үйл ойлголцлын улмаас БНХАУ, Австрали улсаас авах нүүрсний экпортыг эрс бууруулж, улмаар энэ оны эхний хагас жилд эрчим хүчний нүүрсний экспортыг зогсоосон. Энэ нөхцөл байдал нь БНХАУ-д коксжих нүүрс экспортолж буй улс орнуудад ихээхэн давуу талыг олгосон боловч бид энэхүү боломжийг ашиглаж чадалгүй, нүүрсний экспорт хурдтай буурсаар байна.
 
ОХУ-ЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БОЛОН ЭЛЬГИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН ОЙРЫН ЖИЛҮҮДИЙН ЗОРИЛТ
 
ОХУ-ын Сахагийн БНУ-ын нутагт орших Эльгийн нүүрсний уурхайн тогтоогдсон нийт нөөц 2,2 тэрбум тонн ажээ. Тус уурхайг ОХУ-ын Мечель компани 2020 он хүртэл эзэмшиж ирсэн. 2019 оны жилийн эцсийн байдлаар тус компани санхүүгийн хүндрэлд орж Сбербанк, Внешэконом зэрэг банкуудад төлөх ёстой өрийн үлдэгдэл нь ихээхэн нэмэгджээ. Ийнхүү санхүүгийн хүндрэлд орсон. Цаашид тус уурхайд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай тул Мечель компани Эльгийн уурхайн хувьцааныхаа 51 хувийг “А-Проперти” гэсэн компанид 2020 оны 4-р сард худалджээ. Энэхүү арилжаанаас удалгүй буюу 2020 оны намар БНХАУ болон Австрали улсын хоорондын үл ойлголцол, таагүй харилцааны улмаас Австрали улсаас авах нүүрсний хэмжээг эрс бууруулсан нь ОХУ-ын нүүрс экспортлогч компаниудад томоохон боломжийг олгосон.
ОХУ-ын Засгийн газар, Эрдэс баялагийн яамны зүгээс ч Номхон далайн чиглэлд экспортод гаргах нүүрс болон бусад түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьж байсан нь одоо үр дүнгээ өгч эхэлж байна. Нүүрсний зах зээлийн мэдээллийн SXCoal-ийн мэдээний эх сурвалжаас үзвэл 2021 оны 5-7 дугаар саруудад БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээгээр ОХУ тэргүүлж түүний дараа Канад, АНУ, Монгол Улс удаалж байна. Өнөөгийн байдлаар Элгийн уурхайгаас жилдээ 15,0 хүртэл сая тонн коксжих нүүрсийг экспортод гаргаж байгаа гэсэн мэдээлэл байна.
 
Зураг. ОХУ-ын Саха улс, Алс Дорнодын хязгаар, Хабаровскийн хязгаарын ашигт малтмалын нөөц
 
БАМ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ӨРГӨТГӨЛ БА ОХУ-ЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ЦААШДЫН ТӨЛӨВ
 
ОХУ-ын дэд бүтцийг 2035 он хөгжүүлэх стратегийн баримт бичигт БАМ-ын төмөр зам, Номхон далайн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилт тусгагдсан. Энэхүү зорилтын хүрээнд 2021 оны хавар ОХУ-ын засгийн газраас БАМ-ыг хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, энэ үйл ажиллагаанд РЖД-гээс гадна ОХУ-ын Батлан хамгаалах яамны харъяа барилгын цэргийн ангиудыг ч дайчлан ашиглахаар шийдвэрлэсэн. Өнгөрсөн 2020-2021 онуудад Байгаль нуурын хойгуур өнгөрөх хэсэгт хоёр дахь туннелийг барьж саяхан ашиглалтад оруулаад байна. Мөн Эльгийн уурхайн БАМ-ын төмөр замтай холбох 340 км урт бүхий төмөр замыг байгуулахаар бүтээн байгуулалтын үйл ажиллагааг 2021 оны наймдугаар сарын эхээр эхлүүлэн үүнд ОХУ-ын Батлан хамгаалах яамны анги, нэгтгэлүүд оролцож уг төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгах зорилт тавьж байгааг Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн.
Энэхүү 340 км шинэ төмөр замын өртөг нь гурван тэрбум рубль болно гэж тооцоолж байна. Уг төмөр замыг ашиглалтад оруулсны дараа Эльгийн уурхайгаас экспортод гаргах нүүрсний хэмжээ хоёр дахин нэмэгдэж жилдээ 30 сая тоннд хүрнэ гэж төсөөлж байгаа. Номхон далайн боомтоор БНХАУ, Япон, Тайваны зах зээлд эрчим хүчний болон коксжих нүүрсийг экспортлож байгаа бөгөөд цаашид эдгээр зах зээлд эрэлт өсөн нэмэгдэх тул ОХУ ийнхүү нүүрсний экспортоо эрчимтэй нэмэгдүүлэхээр зорьж байна. “А-Проперти” компанийн хувьд Алс Дорнодын хязгаарын Ванино боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй нүүрсний экспортыг тус боомтоор дамжуулан тээвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.
 
 
Зураг. Байгаль-Амурын төмөр замын маршрут
 
ЦААШИД МАНАЙ НҮҮРСНИЙ ЭКСПОРТОД ЯМАР ОРОН ЗАЙ ҮЛДЭХ ВЭ
 
ОХУ Ази-Номхон далайн бүсийн зах зээлд шатдаг хий, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх талаар тавьж буй зорилтоо амжилттай хэрэгжүүлсээр байна. Тухайлбал энэ оны 1-р улирлын байдлаар ОХУ-аас хилийн боомтуудаар, төмөр замаар БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ (бүх төрлийн нүүрс) 5,8 сая тн-оор нэмэгдэж 51,0 сая тоннд хүрч, +12,8 хувиар өссөн байна. Мөн Номхон далайн боомтоор дамжуулан тээвэрлэж буй нүүрсний хэмжээ 2,2 сая тонноор нэмэгдэж 23,9 сая тоннд хүрч +10.0 хувиар нэмэгдэв. Ийнхүү ОХУ түүхий эдийн экспортоо нэмэгдүүлэх, үүнд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй, амжилттай хэрэгжүүлж байгаа бол манай улсын хувьд нөхцөл байдал эсрэгээр байна. 
 
Зураг. БАМ төмөр зам ба түүний дагуу орших ашигт малтмалын орд газруудын байршил
 
Монгол Улсын нүүрсний экспортын дэд бүтэц ямар байна вэ:
 
-Одоо ашиглаж буй Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудын нэвтрүүлэх чадвар тааруу,
-Ковидын халдварын улмаас гэсэн шалтгаанаар хилийн боомтын үйл ажиллагаа удаа дараа тасалдаж нүүрсний экспорт буурч байна,
-Тавантолгойгоос хилийн боомтууд хүртэл автомашинаар нүүрс тээвэрлэсэн хэвээр авто замын даац, хүчин чадал тааруу,
-Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомтын чиглэлд өргөн царигийн төмөр замыг барих ажил үргэлжилж байгаа боловч уг төсөл хэзээ дуусах нь тодорхойгүй,
-Дээрх төмөр замын хилийн боомтод уулзах цэгийн асуудлаар өмнөд хөршийн холбогдох байгууллагуудтай эцэслэн тохиролцож чадсан эсэх нь бүрхэг хэвээр,
-Ихээхэн хөрөнгө, хүч зарцуулан ТавантолгойСайншандын чиглэлд өргөн царигийн төмөр зам барьсан нь ойрын жилүүдэд нүүрсний экспортод төдийлөн тус нэмэр болохгүй, цаашид ч уг төмөр зам экспортод ямар хувь нэмэр оруулах нь тодорхойгүй хэвээр байна. 
 
Үндсэндээ Монгол улс дэд бүтцийн хувьд асар их хоцрогдолтой, байгаа асуудлаа шийдвэрлээгүй хэвээр байгаа тул кокжсих нүүрсний экспортын хувьд ОХУ-ын компаниуд манай улсын экспортын зах зээлд өрсөлдөж биднийг аажмаар шахаж эхлэх нь тодорхой. БАМ-ын төмөр замын болон Ванино боомтын өргөтгөлийн ажил дуусаж ашиглалтад орсны дараа Номхон далайн боомтоор экспортод гаргах ОХУ-ын эрчим хүчний болон коксжих нүүрсний экспортын хэмжээ хурдацтай нэмэгдэх нь тодорхой болж байгаа тул Монгол улсын нүүрсний экспортын өрсөлдөх чадвар суларч, ирээдүй нь бүрхэг л байх төлөв ажиглагдаж байна. Экспортын 90 хувийг бүрдүүлж буй түүхий эдийн экспорт, үүний дотор 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа нүүрсний экспортыг цаашид хэрхэн нэмэгдүүлэх талаар төр засгаас дорвитой бодлого боловсруулж, тууштай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
 
 
Эдийн засагч Н.Энхбаяр