sonin.mn
УДБЭТ-ын гоцлол дуучин Г.ДАШЧАНРАВТАЙ ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жавзандуламын нэрэмжит “Опера” дээд сургуульд элсэн орж, 2011-2014 онд Хөгжим бүжгийн коллежийг Гавьяат жүжигчин А.Бүтэд багшийн удирдлага дор дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгссөн юм. 2015 оноос УДБЭТ-ын найрал дууны ангид ажиллаж байсан тэрбээр өдгөө гоцлол дуучин болжээ. Түүнийг уншигчид “Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчийн нэг болсноор нь андахгүй билээ.
 
-“Voice of Mongolia” шоу нэвтрүүлгээс хойш та дуучин Э.Дашнямтай хамтран уран бүтээл хийх болжээ. Олз омог арвин байна уу?
 
-Э.Дашням бид хоёр Д.Отгонбаяр дасгалжуулаг-чийнхаа багт орж хамт дуулснаас хойш бараг жилийн хугацааг үджээ. Энэ хооронд “Өнө мөнх орон” дуунаасаа авахуулаад олон уран бүтээлийг хамтдаа дууллаа. Мөн дасгалжуулагчтайгаа хамтран “Хоёр Даш” цомгоо гаргаж ард олондоо хүргээд байна. Бид сайн анд нөхөд болсон. Хамтдаа Д.Отгонбаяр ах дээр очиж яриа өрнүүлэх сайхан байдаг юм.
 
-Та дуурийн дуучин. Харин Э.Дашням бол уртын дуучин. Хоёр өөр жанрыг хоршуулахад бэрхшээл тулгарах юм уу?
 
-Аливаа зүйлийг анхлан хийхэд хэцүү зүйл тулгаралгүй яах вэ. Гэхдээ хичээвэл бүтэхгүй зүйл гэж үгүй. Дуугаа судалж, арга эвээ олчихвол болоод л явчихна. Одоо ч анх хамтран дуулж байснаа бодоход нэг нэгийгээ ойлгодог болсон байна.
 
-Дуурийн дуучид өөр жанрын дууг төдийлөн дуулдаггүй. Харин таны хувьд дэглэмээ алдахаас эмээхгүй юм?
 
-Дуурийн дуучин байнгын бэлтгэлтэй байх ёстой. Тиймээс би хоолойныхоо дасгалыг байнга хийдэг. Миний хувьд, өөрийгөө шинээр нээхийн тулд эрэл хайгуул хийх дуртай. Тийм ч учраас ямар нэгэн шинэ зүйл туршихаас эмээдэггүй байх.
 
-Та УДБЭТ-ын гоцлол дуучин. Хүссэн мэргэжлээ эзэмшиж, сонгодог театрын нэг гишүүн болохын төлөө ихээхэн зүтгэсэн байх. Зорилгодоо хүрэхэд тань хамгийн их тусалсан хүн хэн байсан бэ?
 
-Тийм ээ, мэдээж энэ сайхан театрынхаа тайзан дээр гарч дуулж яваагаа хувь тохиол гэж боддог. Театрынхаа гоцлол дуучин болоход намайг дэмжиж, урмаар тэтгэсэн гэр бүлийнхэн, ажлын хамт олон болон багш нартаа баярлаж явдаг. Ер нь талархах хүн цөөнгүйбийл дээ. Би яг одоо ид хийж бүтээх үе дээрээ явж байна. Тиймээс “Зорилгодоо хүрсэн” гэж сэтгэл амар хэлэх болоогүй. Зорилго бол хүнийг хөгжихөд хамгийн их хэрэгтэйхарах цэг болж өгдөг.
 
-ШУТИС-д суралцаж байсан та яагаад дуучин болох замыг сонгосон юм бэ. Урлагийн хүн, тэр дундаа дуурийн дуучин болох тийм ч хялбархан даваа биш шүү дээ?
 
-Хүний амьдрал энгийн гуравхан дүрэмтэй. Хамгийн түрүүнд мэргэжлээ зөв сонгосон бол ажлын найман цаг жаргалтайөнгөрнө. Дараагийнх нь ханиа зөв олсон бол түүнтэйгээ өнгөрөөх найман цаг жаргалтай байна. Удаах нь, хүн үлдсэн найман цагтаа амарч, унтаж өнгөрөөдөг. Өөрөөр хэлбэл, 3*8=24 гэсэн үг. Үүнийг л би хүний амьдралын энгийн дүрэм гээд байгаа юм. Хүн мэргэжлээ зөв сонгоход ажил нь хобби болчихно. Тиймээс мэдрэмж минь намайг урлагийн хүн болох замд хөтөлсөн гэж боддог. Би чинь тэс өөр мэргэжлээр сурч байсан хүн шүү дээ. Тухайн үед шийдэмгий байж дуурийн дуучин болох алхмаа хийсэндээ одоо хүртэл баярлаж явдаг. Миний хувь тавилангийн эргэлт, гэнэтийн бэлэг шиг байсан юм.
 
-Та Монгол Улсын Гавьяат жүжигчин А.Бүтэд багшийн шавь. Монголын шилдэг дуурийн дуучдыг бэлтгэн гаргасан энэ хүнд тоогдохдоо хэр баярлаж байв даа?
 
-Мэдээж маш их баярласан. Энэ чинь өөрөө маш бахархам зүйл, үнэт дурсамж шүү дээ. Би урлагийн гэр бүлд төрж өсөөгүй, бас өөр мэргэжлээр сурсан. Гэсэн хэдий ч гайхамшигтай дуурийн урлагийг сонгож, зорилгоо биелүүлэхийн төлөө ухарч буцахгүй байхад тусалсан хүн бол ачит багш минь юм. А.Бүтэд багш маань өөрөө дуу хөгжим гэлтэй, гайхалтай сайхан энэргитэйхүн. Ийм гайхалтай хүний шавь болсондоо би өөрийгөө азтайд тооцдог.
 
-Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
 
-Би айлын бага хүүхэд, нэг эгчтэй. Их эрх өссөн шүү.
 
-Хүүхэд насны дурсамжаасаа хуваалцаж болох уу?
 
-Хүүхэд насны бүх зүйл гоё, гэгээлгээр дурсагддаг. Багадаа гэрийнхэнтэйБатсүмбэрт очиж амардаг байлаа. Бас их хөөрхөн хав нохойтой. Амьтанд хайртай хүүхэд байсан болохоор сайн тэжээх гэж их хичээдэг байжээ. Тухайн үед авч байсан зургуудаа үзэхэд тэр дурсамжууд сэргэдэг юм.
 
-Мэдээж хүн л хойно алдсан зүйл олон байгаа байх. Тэдгээрээс хамгийн сургамжтай нь юу байв?
 
-“Түүхэнд алдаа байдаггүй” гэсэн үг байдаг. Өнгөрсөн үед тэгвэл ингэдэг байж гэж бодох зүйл байдаг ч бүх зүйл тухай бүрдээ хүнд заах зүйлээ зааж сургаад явах учиртай болов уу. Хүн чинь үхэн үхтлээ сурдаг гэдэг биз дээ.
 
-“Voice of Mongolia” шиг нэвтрүүлэг хийвэл дахин оролцох уу. Яагаад ингэж асууж байгаа вэ гэвэл, энэ шоу нэвтрүүлэгт оролцох нь таны хувьд эрсдэлтэй байсан шүү дээ. Хэрвээ шүүгчид эргэж хараагүй бол танд амаргүй байх байсан болов уу?
 
-Эрсдэл хүлээх зоригтой бол түүнийг үүрэх тэнхээтэй байх ёстой. Шүүгчид эргэж хараагүй тохиолдолд мэргэжлийн хүн гэдэг үүднээс хүмүүсээс шүүмж ирэх байсан байх. Гэхдээ эхний шатаа амжилттай давж, дөрвөн шүүгч бүгдээрээ эргэж харсан.
 
-Цар тахлын улмаас урлаг соёлын байгууллагууд ажиллахгүй байгаа. Энэ цагийг та хэрхэн үр дүнтэйгээр өнгөрүүлж байна вэ?
 
-Хөл хорионы улмаас ажил үйлс нэлээд удаан хугацаанд завсарласан ч энэ хооронд хувийн урын сандаа дуу нэмсэн. Түүнээс гадна гэр бүлийнхэнтэйгээ хамт байна гэдэг хамгийн аз жаргалтай, үр дүнтэй цаг хугацаа шүү дээ.
 
 
Г.ДАШЧАНРАВЫН БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:
 
Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Зэлмэ
 
Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн үсчин
 
Ж.Пуччинийн “Богема” дуурийн Парпиноль
 
В.А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн Моностатос
 
И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн Блинд
 
Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн дуганч зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний дуурийн туслах дүрийг чадварлагаар бүтээсэн авьяаслаг залуу уран бүтээлч юм.
 
 
Б.Сийлэн
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин