sonin.mn
Монгол Улсын Консерваторийн хамт олон өнгөрсөн онд “Дэлхийн хөгжмийн онлайн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан билээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй үед хүмүүсийн сэтгэлийг бүлээцүүлэх хөгжмийн бүтээлүүдийг өргөн дэлгэцээр болон цахимаар хүргэсэн нь олон нийтээс өндөр үнэлгээ авсан юм. Консерваторийн хамт олон энэ удаа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд дууны онлайн уралдаан зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Монгол Улсын Консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлтэй ярилцлаа.
 
-Монгол Улсын Консерваториос санаачлан “Алтан тайз руу” нэртэй уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
 
-Монгол Улсын Консерваторийн Хөгж­мийн ухаан дуулаачийн сургуулийн Дуулаачийн тэнхимээс санаачлан “Алтан тайз руу” нэртэй дууны онлайн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын нэрийг олон улсын тайзнаа дуурсгах ирээдүйн мэргэжлийн уран бүтээлчдийг тодруулах, ахлах ангийн сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх нь энэхүү анхдугаар дууны уралдааны зорилго юм. Уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой. Хоёр үе шаттайгаар явагдах дууны уралдааныг коронавируст халдварын нөхцөл байдалд тохируулан онлайн хэлбэрээр зохион байгуулна. Оролцогчид уралдааны нэгдүгээр шатанд хоёр монгол дуугаар оролцоно. Дууны төрөл, сэдвийн хувьд чөлөөтэй бөгөөд тухайн оролцогч сонголтоо өөрөө хийх юм. Нэгдүгээр шатны шалгаруулалтад оролцох дууны бичлэгийг ирэх сарын 20-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна. Хүүхдүүд дууныхаа бичлэгийг гар утас эсвэл камераар бичиж илгээх боломжтой.
 
Дууны бичлэгт ямар нэг шалгуур тавиагүй. Сонгосон хоёр дуугаа фонаграммтайгаар бичээд явуулж ч болно. Эсвэл ямар ч хөгжимгүйгээр дуугаа бичиж “Алтан тайз руу” уралдаанд оролцох юм. Харин дуу дуулахынхаа өмнө оролцогч овог нэр, аль сургуулийн хэддүгээр ангид сурдгаа, орон нутгаас оролцож байгаа бол аймаг, сум, сургуулийнхаа талаар нэмж танилцуулах шаардлагатай. Мөн ямар дуу сонгосноо хэлж дууны нэр, хөгжмийг нь бичсэн уран бүтээлчийн талаар танилцуулна. Уралдааныг зохион байгуулагчид фэйсбүүкийн “Алтан тайз руу” пэйж хуудас нээсэн бөгөөд оролцогчид дууныхаа бичлэгийг олон нийтийн тохиргоотойгоор шэйрлэх хэрэгтэй. Үүний дараа шүүгчид тавдугаар сарын 20-24-ний хооронд оролцогчдоос ирүүлсэн дууны бичлэгүүд дээр ажиллах юм. Улмаар тавдугаар сарын 24-нд уралдааны хоёрдугаар шатанд тэнцсэн сурагчдын нэрсийг “Алтан тайз руу” пэйж хуудсаар зарлана. Тэнцсэн хүүхдүүдийн дараагийн шалгаруулалт тавдугаар сарын 24-31-ний хооронд үргэлжилнэ. Энэ хугацаанд сурагчид хоёрдугаар шатанд өрсөлдөх гурван дууныхаа бичлэгийг дахин  “Алтан тайз руу” пэйж хуудсанд байршуулах ёстой. Энд нэг зүйлийг тодруулан хэлэхэд, оролцогчдын олон нийтээс авсан хандалт уралдааны шалгаруулалтад нөлөөлөхгүй. Зөвхөн мэргэжлийн шүүгчид шалгаруулалтаа хийж дүнгээ гаргана гэсэн үг. Уралдааны эцсийн дүнг ирэх зургаадугаар сарын 4-нд олон нийтэд танилцуулах бөгөөд нийт шагналын сан 15 сая төгрөг байна. Гэхдээ хүүхдүүдэд мөнгөн шагнал олгохгүй, мэргэжлийн хөгжмийн зохиолчдоор дуу бүтээлгэх, дуу бичлэгийн студиэр фонаграммаа үнэгүй хийлгэх зэрэг байдлаар шагналыг олгох юм. Уралдааны Гран-при шагналын эзнээр нэг хүүхдийг тодруулах бөгөөд таван сая төгрөгийн өртгөөр дуу бүтээлгэх эрхийн эзэн болно. 
 
-Эхний шатанд хоёр, дараагийн шатанд гурван дуугаар оролцогчид өрсөлдөнө. Гадаад дуугаар оролцох боломжтой юу?
 
-Уралдааны хоёрдугаар шатанд оролцогчид гурван дуугаар өрсөлдөнө. Гурван дууны нэг нь монгол, хоёр дахь нь гадаад дуу байх юм. Харин гурав дахь нь заавал дуулах гурван дуунаас хүүхдүүд аль нэгийг нь сонгож дуулна. Заавал дуулах дуунд Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын ая, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн шүлэг “Халуун элгэн нутаг”, Ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын ая, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Түмэнжаргалын шүлэг “Сургууль минь баяртай” гэсэн дуу багтаж байгаа. Уралдааны хоёрдугаар шатанд тэнцсэн хүүхдүүдийн нэрийг зарлахаар “Алтан тайз руу” пэйж хуудсандаа дээрх дуунуудын үг, ноот, фонаграммыг тавина. Үүнийг нь хүүхдүүд татан авч хоёрдугаар шатны шалгаруулалтдаа оролцох юм.
 
-Дууны уралдаанд оролцогчдыг мэргэжлийн болон сонирхогч гэсэн хоёр шалгуураар дүгнэх үү. Тодруулбал, мэргэжлийн сургалттай сургуулийн сурагчдыг өөр байдлаар шалгаруулах уу?
 
-Мэргэжлийн болон сонирхогч гэсэн шалгуураар ялган уралдааныг дүгнэхгүй. Мэдээж мэргэжлийн сургуулийн хүүхдүүд энэхүү уралдаанд оролцох боломжтой. Тухайлбал, Монгол Улсын Консерваторийн ахлах ангид хөгжмийн чиглэлээр суралцаж байгаа хүүхдүүд дууны уралдаанд оролцож болно. Учир нь, манай сургуулийн 10-12 дугаар ангид дуулаачийн анги байдаггүй юм.
 
-Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллах вэ?
 
-Мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, дуучдаас бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэйгээр шүүгчдийн баг ажиллана. Гэхдээ шүүгчдийн нэрийг нийтэд ил болгож зарлахгүй. 
 
-Уралдаанд амжилттай оролцож Гран-при шагналын эзэн болсон хүүхдэд цаашид ямар боломж нээгдэх вэ?
 
-Гран-при шагналын эзэн өөрт нь зориулан хийсэн дууны уран бүтээлтэй болохоороо давуу талтай. Мөн шинэ бүтээлийг нь олон нийтэд түгээж алдаршуулах юм. Хэрвээ энэ хүүхэд цаашид дуулаачаар сурна гэвэл мэргэжлийн багш нараас мэргэжил арга зүйн зөвлөмж зөвлөгөө авах боломж нь нээгдэнэ. Энэ нь уралдаанд шалгарсан бусад оролцогчдод ч хамаатай. “Алтан тайз руу” дууны онлайн уралдааныг зохион байгуулахад МҮОНРТ, C1 телевизтэй хамтран ажиллана. Гран-при шагнал хүртсэн болон нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарсан хүүхдүүдийг дээр дурдсан телевизийн нэвтрүүлэгт оролцуулан олон нийтэд танилцуулж, бүтээлийг нь дэлгэцээр цацах юм.
 
-Тантай ярилцсаных дууны уралдаанаас гадна нэг зүйлийн талаар асууя. Өнгөрсөн сард Соёлын сайд хөгжмийн салбарынхантай уулзсан. Энэ үеэр та бүхэн салбарын сайддаа ямар асуудлыг дэвшүүлэн тавьсан бэ?
 
-Би Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Өмнө нь холбооныхоо ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тиймээс Монголын хөгжмийн зохиолчдын холбоогоо төлөөлж Соёлын сайдтай хөгжмийн салбарынхан уулзахад оролцсон. Соёлын сайдтай Монголын хөгжмийн зохиолчдын холбооны хувьд тулгамдаж байгаа асуудлуудаа хэлсэн. Тухайлбал, Хөгжмийн зохиолчдын холбоо төрийн бус байгууллагын статустай. Орос, Хятад зэрэг өндөр хөгжсөн улсад хөгжмийн мэргэжлийн байгууллага нь төрийн байгууллага байдаг. Социалист нийгэмд Монголын хөгжмийн зохиолчдын холбоо төрийн байгууллага байсан. Төрөөс санхүүжиж, бодлогыг нь ард түмэндээ хүргэдэг байлаа. Тиймээс салбарынхаа сайдтай уулзах үеэр Хөгжмийн зохиолчдын холбоог төрийн мэдэлд авч болох эсэх талаар саналаа хүргүүлсэн. Мөн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын урын сангийн талаар ярилцсан юм. Тухайлбал, мэргэжлийн хөгжмийн сургалт явуулж байгаа Монгол Улсын Консерватори эсвэл СУИС-ийн сургалтад мэргэжлийн хөгжмийн шинэ зохиол бүтээл ихээхэн шаардлагатай байдаг. Ялангуяа европ хөгжмийн зэмсгүүдэд зориулсан монгол зохиол бүтээлүүд их дутмаг.  Мөн Улсын филармонид монгол хөгжмүүд шаардлагатай байна. Дуурь, бүжгийн эрдмийн театрт Монголын хөгжмийн зохиолчдын шинэ дуурь, бүжгэн жүжиг хэрэгтэй байгаа. Энэ талаарх санал бодлоо салбарын сайддаа хэлсэн. 
 
-Надад сонирхолтой санагдсан нэг сэдэв нь, ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн хөтөлбөрт уртын дууны талаарх бүлэг оруулахаар болсон явдал байлаа. Үүнийг ажил хэрэг болгож чадвал чухал гэж бодож байна?
 
-Мэдээж ерөнхий боловсролын дуу хөгжмийн хөтөлбөрт уртын дууны талаар оруулах хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ хөтөлбөрт оруулахаар болбол багш нарыг сайтар бэлтгэх шаардлагатай. Уртын дуу мэргэжлийн сургалтаар бэлтгэгддэг болсон. Монгол Улсын Консерватори болон СУИС-д уртын дууны ангитай. Хүүхдүүдэд уртын дууны талаар зааж сургах хүн өөрөө дуулах, эсвэл дуулах арга барилын талаар мэдлэгтэй байх ёстой. Ер нь хүүхдэд уртын дуу заах нь маш нарийн ажил. Тиймээс хэрвээ дээрх хөтөлбөрийг ажил хэрэг болговол багш нар мэдлэгээ нэмэх, сурах шаардлага үүснэ. Уртын дуу бол сонгодог хэв шинжээ олсон бүтээл бөгөөд сурагчдад энэ талаар заах нь бодлогын хувьд хэрэгтэй ажил гэж би хувьдаа бодож байна.
 
-Хувь уран бүтээлчийн хувьд олз омог арвин байна уу?
 
-Уран бүтээлийн олз омог арвин байна. Саяхан “Үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлүүд” нэртэй хоёр боть номоо хэвлүүллээ. Хөгжимчдийн гар дээр очоод сар ч болоогүй байна. Нийт 25 бүтээлээс бүрдсэн үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан хоёр боть гарын авлага байгаа юм. Энэхүү бүтээлүүд маань их ач холбогдолтой гэж бодож байна. Яагаад гэвэл, мэргэжлийн сургалтад хэрэгтэй. Ирэх жил Монгол Улсын Консерватори үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой тохионо. Энэхүү ойд зориулан номоо гаргаж буйгаараа онцлогтой юм. Хоёр ботид маань миний сүүлийн 25 жил бүтээсэн хөгжмийн бүтээлүүдээс дээжлэн авсан. Түүнчлэн он гарснаас хойш хөгжмийн шинэ бүтээл цөөнгүй хийлээ. Тухайлбал, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Тусгаар Монгол Улс” нэртэй симфони удиртгалаа бичлээ. Энэхүү бүтээлийнхээ нотыг Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдашид гардуулан өгсөн.
 
Ирэх намраас цар тахал намжихаар энэхүү бүтээлийг үзэгч, олон нийтэ хүргэнэ хэмээн найдаж байна. Үүнээс гадна “Бодол бодлын хэлхээс” нэртэй Морин хуурын чуулгад зориулсан дөрвөн ангит чуулбар хөгжим бичлээ. Энэ хөгжмийнхөө нотыг Улсын филармонийн уран сайхны удирдагч, морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан болон уран бүтээлийн албаны дарга, найруулагч З.Хосбаяр нарт гардуулж өглөө. Иймэрхүү бүтээлүүд он гарснаас хойш хийж амжлаа. Мөн ятга хөгжимд зориулсан гурван аяз, ёочин хөгжимд зориулан концертын аяз бичээд байна. 
 
-УДБЭТ-аас санаачлан зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурал ирэх сард болно. Та тэр хуралд оролцох уу?
 
-Дуурь, бүжгийн эрдмийн театраас санаачлан “Гурван цагийн хэлхээс” эрдэм шинжилгээний бага хурлыг ирэх сард зохион байгуулах гэж байна. Энэ нь хөгжмийн судалгааны ажил хийж байгаа хүмүүсийг идэвхжүүлэх, Дуурийн театрын түүхийг судлаачдаар судлуулах зорилготой томоохон ажил. Дуурийн театртай холбоотой ажилладаг дуучин, бүжигчин, хөгжимчин, мэргэжлийн судлаачаас гадна оюутнуудад ч энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцох боломж олгож байгаагаараа онцлогтой. Миний хувьд энэ хурлын зохион байгуулалтад нь оролцон ажиллаж байна. Түүнээс биш би эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихгүй.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин