sonin.mn
Шинэ долоо хоногийн эхний зочноор нэгэн сонирхолтой эрхмийг урилаа. Түүний бүжиг­лэхийг хэдэн жилийн өмнө харж, уран бүтээлчийн дотоод ертөнцтэй танилцахыг хүсэж байсан юм. Ярилцлагын зочныг маань Ё.Дамчаабадгар гэдэг. Монголын цагдаагийн “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч, цагдаагийн дэслэгч цолтой тэрбээр энэ цаг мөчид зохион байгуулж байгаа олон улсын бүжгийн цахим наадмын салхийг хагалж уран бүтээлээ толилуулсан юм. Тэрбээр мөн “Монголын балетын хөтөлбөр”-ийн бүжиг дэглээчээр ажилладаг ажээ.
 
-Өчигдөр эхэлсэн “Моушин Монголиа”олон улсын бүжгийн наадмын нээлтэд та “Хотын хэмнэл”-ээ мэдрүүллээ. Бүжгийн ямар төрлөөр их хотын өнгө аясыг илэрхийлсэн бэ?
 
-“Моушин Монголиа” олон улсын бүжгийн цахим наадмын нээлт өчигдөр боллоо. Нээлтийн бүжиг болох “Хотын хэмнэл”-ээрээ бид орчин үеийн залуус хэрхэн хөгжиж, дэвшиж байгааг илэрхийлэхийг зорьсон юм. Солонгын долоон өнгө байдаг. Харин миний хувьд үндсэн долоон өнгөөс гадна өөр олон өнгө байдгийг бүжгээрээ илэрхийлэхийг хичээсэн. “Хотын хэмнэл” бол контемпорари бүжиг. Энэхүү  бүтээлийг “Монголын балетын хөтөлбөр”-ийн чадварлаг бүжигчидтэй хамтран үзэгчдэд хүргэсэн. “Монголын балетын хөтөлбөр”-ийн бүжигчид нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчдээс бүрдсэн байдаг. Ийм чадварлаг хамт олонтойгоо хамтран олон улсын бүжгийн наадмын нээлтийг амжилттай хийсэндээ баяртай байна.
 
-Та олон улсын бүжгийн наадамд өөрийн бүтээлийг хүргэхээр дэглэсэн үү?
 
-Бүжгийн наадам уралдаант хэсэгтэй. Мэргэжлийн бүжигчдийн дунд зохион байгуулж буй энэхүү хэсгийн эрэгтэй гоцлол болон бүжиг дэглээчийн төрөлд миний бие өрсөлдөнө. Наадамд зориулан дэглэсэн шинэ бүтээлийг маань удахгүй дэлгэцээр цацаж эхэлнэ. Шинээр дэглэсэн  бүжгийн тухайд “Бүүвэй, бүүвэй” нэртэй контемпорари бүтээл бий. Цар тахлын үеийн сэдвийг хөндсөн бүжиг байх юм. Мөн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчин Ч.Дүүрэнжаргалд зориулан дэглэж өгсөн бүжгээр энэ удаагийн “Моушин Монголиа” наадамд мөн оролцож байна.
 
-Бүжиг бол үндэс угсаа, хэл соёл үл харгалзан ойлголцох хил хязгааргүй урлаг. Энэхүү урлагт та хэдэн настайгаасаа дурласан бэ?
 
-Мэргэжлийн бүжигчний гараа­гаа 12 настайдаа эхлүүлсэн. Надад хамгийн анх хичээл заасан хүн бол Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын бүжгийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Алтанцэцэг юм.
 
-Монгол бүжгээр хязгаар тогтоолгүй олон төрөлд хүчээ сорих эхлэлийг хэдэн настайдаа тавьсан бол. Хамгийн анхны “туршилт” амжилттай болж байв уу?
 
-Ц.Алтанцэцэг багш маань мэргэжлийн бүжигчин ганц нэг бүжгийн төрлөөр дагнах бус бүгдийг мэддэг, чаддаг байхад анхаарч зааж сургасан. Үүнээс гадна миний бүжиг дэглээч болох суурийг багш маань сайн тавьсан гэж боддог. Мэдээж анх удаа хийж, туршиж байгаа бүхэн амжилттай болдоггүй. Цаг хугацааны явцад туршлага хуримтлуулж явсаар 2013 онд бүжиг найруулагч, дэглээч мэргэжлээр СУИС-д элсэн орсон. Сургуульдаа элсээд Соёлын тэргүүний ажилтан Х.Гансүрэн багшийн удирдлага дор бүжгийн найруулагч мэргэжлээр үргэлжлүүлэн сурсан. Түүнээс хойш хоёр жилийн дараа олон улсын уралдаанд бүжиг дэглээчээр оролцож, гуравдугаар байрт шалгараад маш их урам авч билээ. Тухайн үед багш нар маань “Олон улсын анхны тэмцээндээ амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарч байгаа нь их бэлгэшээлтэй. Цаашид амжилтаа ахиулж дэвжихийг бэлгэддэг юм, баяр хүргэе” гэж хэлж байсан. Одоо бодоход тэр үед би амжилтынхаа эхлэлийг тавьж байж дээ.
 
-Ер нь бүжгийн үндсэн элементийг эзэмшсэн хүн аль ч төрлөөр нь хичээллэх боломжтой санагддаг. Таны хувьд хамгийн дуртай, онцлох төрөл аль нь вэ. Яагаад?
 
-Миний хувьд, бүжгийн сууриа монгол бүжгээр тавьсан. Харин мэргэжлийн бүжигчин болохын тулд сонгодог бүжиг сонирхон хичээллэж байлаа. Дараа нь олон үндэстний бүжгээр хичээллэж зорилгодоо хүрэхийн тулд их ч хөдөлмөрлөсөн. Тэдгээрээс хамгийн дуртай нь бий биелгээ болон контемпорари бүжиг. Мөн үүн дээр нэмээд жааз бүжгийн төрлөөр дагнан мэргэшиж байна.
 
 
 
Сүүлийн үед би контемпорари этник бүжгийн төрлийг Монголдоо дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилго­той­гоор бүжгээ дэглэж байгаа. Энэхүү бүжгийн төрөл Ази, тэр дундаа олон улсын томоохон бүжгийн уралдаанд багтдаг төрөл юм.
 
 
 
Контемпорари бүжиг Монголд төдийлөн сайн хөгжөөгүй байна. Бүжгийн энэ төрлийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө одооноос илүү хичээж багш нараасаа болон гаднын олон мэргэжилтний туршлагаас судалж байгаа.
 
-Бүжигчин хүн бүжиглэх нэг хэрэг. Харин бүжиг дэглэх амаргүй ажил байх. Таныг бүжиг дэглээч болоход ямар хүмүүс тус дэм болсон бэ?
 
-Бүжиг дэглэнэ гэдэг мэдээж амаргүй. Толгойноос эхлээд биеийн бүхий л хэсэг бүжиг дэглэхэд ажилладаг гээд хэлчихэд буруудахгүй байх. Өмнө нь дурдсанчлан бүжиг дэглэж чадна гэдэг итгэлийг Ц.Алтанцэцэг багш маань надад өгсөн. Харин СУИС-д элсэхэд өлгийдөж авсан хүн бол бүжиг дэглээч Х.Гансүрэн багш минь юм. Би Монголынхоо бүжиг дэглээчдээр бахархаж, үлгэр дуурайл авдаг. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Гавьяат жүжигчин Д.Энхгэрэл, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг багш нарыгаа мөн дурдахгүй өнгөрч болохгүй. Эдгээр хүний найруулсан бүтээлийг үзэж, суралцдаг. Мөн гадаадын бүжиг дэглээчдээс шинэ санаа, урам зориг авдаг юм. Тэдгээрийн нэг нь “Моушин Монголиа” олон улсын бүжгийн цахим наадамд шүүгчээр оролцож буй бүжиг дэглээч Акрам Хан. Энэ хүн бол “Контемпорари бүжгийн домог” гэж хэлж болохоор бүжиг дэглээч. Тиймээс түүний дэглэсэн бүжгийг үзэх дуртай. Мөн Оросын бүжиг дэглээч Александр Акмен, Хятадын Шиа Мин болон Америкийн бүжиг дэглээчийн бүтээлийг үздэг.
 
-Сүүлийн үед бүжиг дэглээчийн хувьд ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
 
-Энэ жил Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулах хүндэтгэлийн тоглолт дээр ажиллана. Мөн “Монголын балетын хөтөлбөр-ийн бүжгийн шинэ төсөл болох “Уран хас” балетыг контемпорари бүжгийн жүжиг болгохоор зорьж, бэлтгэл ажилдаа ороод байна. Дээр нь би контемпорари болон контемпорари этник бүжгийн контент хийдэг. Түүндээ бэлтгээд ажил ундарч байна. 
 
-Контемпорари…  Энэ бүжгийн төрлийг улсдаа хөгжүүлэхэд та ихээхэн анхаарал хандуулдаг. Үүний шалтгааныг асууж болох уу?
 
-Нэн сүүлийн үеийн бүжгийн хөгжил контемпорари бүжгээр илэрч байгаа. Ямар нэг зүйлд баригдахгүйгээр илүү чөлөөтэйгөөс гадна бүжгийн ямар ч төрөлтэй уусан нэгдэж баяждаг бүжиг бол контемпорари. Энэ бүжгийн миний сэтгэлийг хамгийн ихээр татсан зүйл нь мэдрэмж. Мөн амьсгалын техник, өргөлт, хөдөлгөөн нь хязгааргүй, чөлөөтэй байж чаддаг учраас би контемпорари бүжгийг сонгосон юм. 
 
-Таныг ажиглахад бусад улс оронд хөгжүүлж байгаа бүжгийн талаар судалдаг юм шиг санагдлаа. Энэ талаарх мэдлэг мэдээллээсээ хуваалцаж болох уу?
 
-Аливаа санааг бүжгээр илэрхийлэхэд хөдөлгөөн чухал биш. Гоё хөдөлгөөн гэхээсээ илүүтэйгээр хамгийн чухал зүйл нь мэдрэмж байдаг. Хүнд маш сайхан мэдрэмж, сэтгэлийн таашаал төрүүлэх нь урлагийн хамгийн том зорилго гэж боддог. Тиймээс контемпорари бүжгийг Монголд хөгжүүлэхийн төлөө хичээж байгаа юм. Дээр нь бид ардын урлагаа хөгжүүлэх ёстой. Үүний дүнд дараа дараагийн үедээ илүү хөгжүүлж, баяжуулсан өвийг үлдээж чадна. Нөгөө талаараа бид өв соёлоо өвлөж ирсэн байдлаар нь авч үлдэх ёстой ч цаг хугацаагаа даган хөгжлийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Ингэснээр урлагийн үнэт өв маань илүү удаан насалж, үнэ цэн нь хэвээр хадгалагдана. Тиймээс контемпорари бүжгийг Монголд хөгжүүлэхийн төлөө хичээж ажилладаг юм. Мөн бий биелгээгээ олон улсад таниулан сурталчлахыг зорьж байгаа бол дэлхийн бүжгийн чиг хандлагаас суралцаж, судлах хэрэгтэй. Тиймээс би сүүлийн үед бий биелгээний дасгалыг контемпорари бүжгийн техниктэй хослуулан баяжуулсан бүжгийн дасгал бий болгохоор зорьж байна.
 
-Хэдэн арав, зуун жилийн өмнөөс тогтсон хөдөлгөөнтэй болсон бүжигт монгол бүжгийн элемент оруулах хэцүү юү?
 
-Бүжгийн төрлүүдийг хооронд нь зөв бөгөөд эвээр холбож чадвал хослуулах боломж бий. “Хийх хүнд арга олддог, хийхгүй хүнд шалтгаан нь олддог” гэдэг дээ. Үнэхээр хийе л гэж байгаа бол болохгүй, бүтэхгүй зүйл цөөхөн. Тэгэхээр бүжгийн элементийг хослуулах бүрэн боломжтой. Монгол бүжиг ч гэсэн. Яагаад бид бусдыг дуурайж бүжиглэх ёстой гэж. Харин ч тэднээс үлгэр дуурайл авч өөрсдийнхөө өв соёлоо хөгжүүлэн гаднын хүмүүст түгээн дэлгэрүүлэх ёстой шүү дээ. Ингэснээр бид олон улсад Монголын бүжгийн урлагийг харуулах боломж бүрдэнэ.
 
-Бүжиг дэглэхдээ Монголын үндэсний дуу хөгжмийг хэр ашигладаг вэ?
 
-Сүүлийн үед контемпорари бүжиг дээр ажиллахдаа ардын хөгжмийн өнгө аясыг шингээхийг хичээдэг болсон. Би 2019 онд Германд болсон олон улсын уралдааны шилдгүүдийн тоонд багтаж, хилийн чанадад тоглолтоо үзүүлж байлаа. Тухайн үед монгол ардын хөгжмийн элементийг шингээж өгснөөрөө гадаадын хүмүүст илүү сонин содноор хүрсэн гэж боддог. Өмнө нь хэлсэнчлэн контемпорари бүжигт мэдрэмж чухал. Монгол ардын урлаг маш гоё мэдрэмж төрүүлдэг. Би багаасаа уртын дуу, монгол ахуйтай илүү ойр байсан болохоор контемпорари бүжиг дээр ажиллахад тэр мэдрэмжийг миний дотоод хүн нэхээд байдаг юм. Гэхдээ энэ ганцхан надад байдаг чанар биш байх л даа. Хүний нутагт байгаа монгол хүн бүрд тийм мэдрэмж төрдөг болов уу. Тийм болохоор бий биелгээ, цуур, хурган чих зэрэг өөр улсад байдаггүй зүйлээ контемпорари бүжигтэйгээ уялдуулан хөгжүүлэхийг хичээдэг.
 
-Олон орны бүжигчидтэй туршлага солилцох боломж хэр их олддог бол?
 
-Манай улсад бүжигчдийг чадавхжуулахад чиглэсэн арга хэмжээг төр засаг болон Соёлын яамнаас зохион байгуулдаггүй. Боломж байсан ч алдартай хүмүүс хамрагдах нь элбэг тохиолддог. Бидэн шиг залуу бүжигчдэд хамрагдах боломж хомс байдаг гэсэн үг. Би өнгөрсөн хугацаанд есөн удаа олон улсын уралдаан тэмцээнд оролцсон. Надаас хүмүүс “Чи олон улсын уралдаанд яагаад оролцоод байдаг юм. Нэр алдарт дуртай юм уу” гэж асуудаг. Нэр алдарт дуртайдаа бус олон улсын шилдэг бүжигчдээс суралцахын тулд, тэдэнтэй танилцахын төлөө уралдаан тэмцээнд илүү оролцохыг хичээдэг юм. Үүнээс гадна бүжигчин хүн биеэ хэрхэн авч явах ёстой, бүжгийн хувцаслалтын талаар мэдэж авдаг. Манай улсад бүжгийн хувцаслалтын соёл, бүжгийн хөгжим зохиодог хүн байдаггүй учраас гаднын зүйлийг хамаагүй аваад хэрэглэчихдэг. Тиймээс олон улсын бүжигчид хувцас, хөгжмөө хэрхэн бэлтгэдэг вэ гэдэг асуултад хариулт авдаг. Дахин хэлэхэд, уралдаанд оролцоно гэдэг нэр алдарт хүрэхдээ бус танилын хүрээгээ нэмэх зэрэг олон давуу талыг надад бий болгодог. Би бүжгийн клубээ нээгээд удаагүй байгаа. Клубт хичээллэх хүүхдүүдээ чадавхжуулахын тулд солилцооны хөтөлбөрт хэрхэн хамруулах зэргийг мөн олон улсын уралдаанд оролцсоноор мэдэх боломжтой.
 
-Өнгөрсөн хугацаанд гаднын байгууллагатай хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж чадсан уу?
 
-Өмнөд Солонгосын Бусан хотод байдаг контемпорари бүжгийн компанитай холбоо тогтоосон. Одоогоор хамтарч тоглолт хийхээр ярилцаж байна. Цаашид сурагч солилцох ажлын хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэнэ хэмээн найдаж байгаа. Ер нь бид ингэж өөрсдөө л арга хайдаг юм.Төр засгаас дэмжихгүй байна гээд дэмий сууж, цаг хугацаа алдаж болохгүй. Гаргалгааг өөрсдөө л эрж хайх нь чухал. Тэгээд ч хүн хичээвэл болохгүй, чадахгүй зүйл цөөхөн шүү дээ.
 
-Хил нээхээр хамгийн түрүүнд хийхээр төлөвлөж байгаа зүйл бий юү?
 
-“Дэлхий тойрсон биелгээ” бүжгийн контентоо хоёр хөрш улсдаа үргэлжлүүлэхээр зорьж байна.
 
 
 
Миний эцсийн зорилго бол энэтхэг, латин америк бүжиг шиг Монголынхоо бий биелгээг дэлхий нийтэд танил болгох явдал юм. Үүнээс гадна хил нээгдэхээр олон улсын уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа.
 
 
 
-Хэдхэн хоногийн дараа Дэлхийн бүжгийн өдөр тохионо. Энэ өдрийн хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
 
-Дэлхийн бүжгийн өдөрт зориулан манай Бүжгийн холбооныхон болон СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд мэргэжлийн урлагийн театрынхан ч оролцоно. Миний хувьд “Моушин Монголиа” олон улсын уралдаанд оролцсон “Бүүвэй, бүүвэй” бүжгээрээ та бүхэнтэйгээ мэндчилнэ. Мөн шавь нар маань бүжгээ хүргэхээр бэлтгэж байгаа. Би бий биелгээг хөдөөний эсвэл хөгшин хүн бүжиглэдэг гэсэн ойлголтыг өөрчилж, залуучуудын хичээллэх, хөгжүүлэх ёстой урлаг гэдгийг харуулахыг зорьж, бүжгийнхээ бичлэгийг хийдэг. Дөрөвдүгээр сарын 29-нд цацагдах бичлэгээ ч гэсэн шинэлэг байлгахаар зорьж байна.
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин