sonin.mn
Өнөр бүл кинон дээр үйлдвэрийн дарга Чоймбол гэж ажилтнуудынхаа ар гэр, амьдрал ахуйд үргэлж санаа тавьж, тусалж дэмжиж явдаг нэг сайхан хүний тухай гардаг. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон тэр дүр үе үеийн олон сайхан дарга, удирдлагуудыг санагдуулдаг байх. Хувь тохиолоор ч гэх үү, миний дарга ч бас яг тийм хүн. 
Ажил үүргийн онцлогоос шалтгаалаад миний бие хамгийн том захиралтайгаа их ойр ажилладаг юм. Хөрөнгө оруулагч нарын хурал, банкны удирдлагуудтай хийх уулзалт зэрэгт хөрөнгө оруулалт, төсөл хариуцсан ажилтны хувьд захирлыгаа дагаж оролцох нь олонтаа. 
 
Одоогоос хэдэн сарын өмнө манай компани Нью Йоркийн нэлээн том санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг байлаа. Тэд бидний хувьд их чухал хамтрагч байсан. Гэтэл захирал маань нэг л өдөр хугацаанаасаа өмнө гэрээгээ цуцалсан юм. 
 
Шийдвэр гэнэтийн байсан ч би дотроо битүүхэн баяртай байв. Учир нь тэндхийн оффисын манайхтай хамтарч ажилладаг гол хүн болох нэг Ирланд эмэгтэй миний үйлийг үзэж, үсийг минь цайлгадаг байлаа. 
Төслийн материалаа сайтар шалгаад явуулахаар “алдаатай байна, буруу байна, наадахаа зас” гээд л буцаагаад явуулчихдаг байв. Тэгсэн хэрнээ хаана, юун дээр алдсаныг минь хэлж өгөхгүй. Захидал бичихээр бас хариу өгөхгүй. Утсаар ярихаар түүний гүйцэгдэшгүй хурдан яриа, сонсож дадаагүй Ирланд аялга намайг хэлэх үггүй болгодог байв. Заримдаа түүний буруу байсан ч хүлээн зөвшөөрдөггүй тийм л хүн байлаа. 
Цагийн зөрүүнээс болж ажилдаа эрт ирэх, зарим үед амралтын өдрөөр ч ажиллах үе байсан. Харин үүнийг анзаарсан захирал маань шууд л хамтын ажиллагаагаа зогсоосон. 
 
Хожим сураг сонсоход тэрээр “Манай Монгол ажилтан хэтэрхий их ачаалалтай ажиллаж байна. Тэр гэр бүлтэй бас хүүхэдтэй. Тэдэндээ зориулах цагаа ажилдаа зориулаад байгаа тул бид ажилтнаа бодоод гэрээгээ цуцалж байна” гэсэн тайлбар өгсөн байсан. Намайг дарамтнаас чөлөөлсөн хэрэг л дээ. Бахархмаар байгаа биз. Компанийхаа эрх ашгаас илүү миний эрх ашгийг, миний гэр бүлийг нэн тэргүүнд тавьсанд нь би үнэхээр их баярлаж байлаа.
Ийм үед хүнд даврах сэтгэл төрдөггүй юм билээ. Харин ч сэтгэл сайтай хүний дэргэд ажиллаж байгаагийнх илүү их итгэл дааж, хичээж ажиллах ёстой шүү гэж өөрийгөө зоригжуулдаг юм билээ. 
Сүүлийн үед дарга маань намайг туслах ажилд ав, ажлын ачааллаа багасга гэж хэлэх боллоо. Бүтэн цагаар ажиллаад бас хажуугаар нь сурч байгаа миний хувьд ачаалал ихтэй байгаа нь үнэн л дээ. Гэсэн ч чимээгүй л яваад байлаа. Үнэнийг хэлэхэд Монголд байхдаа удирдах ажил хийж явсан туршлагатай ч туслахтай байж үзээгүй болохоор жаахан эвгүй байсан хэрэг л дээ. 
Гэтэл миний ажлын өрөөг дээд давхар руу нүүлгэн, хөл хөдөлгөөн багатай, илүү чимээгүй орчинд ажиллуулахаар болж, ажлын нөхцлийг минь сайжруулж байгаа гэнэ. Бас ирээдүйн туслахад маань өрөө гаргаж өгөх болжээ. Ингээд би туслах ажилд авахаар зар тавьж, хүмүүсийн анкет цуглуулж эхэлсэн.
Үүнийгээ би сайн талаас нь тунгааж, нэг ч гэсэн хүний амьдралд өөрчлөлт авчрах онцгой боломж юм гэж харж байгаа. Учир нь Америкад мэргэжлээрээ ажиллана гэдэг тийм ч амар хялбар зүйл биш. Сургууль төгссөн ч ажилд орж чадаагүй хүмүүс хэдэн мянгаараа байдаг. Тиймээс хэн нэгэнд боломж олгож, сурсан мэдсэнээ харамгүй зааж сурган, маш сайн мэргэжилтэн бэлдэхэд өөрийн хувь нэмрээ оруулъя гэж шийдсэн. 
Эцэст нь хэлэхэд сайн удирдагч л сайн ажилтныг бий болгодог юм байна, бас хүнийг сайн хүн болгож төлөвшүүлдэг юм байна. 
Аливаа сайн сайхан бүхэн бие биенээсээ улбаатай байдаг юм байна
 
Н.Болортуяа