sonin.mn
Миний хөндөж буй ХОГ нь Хөрөнгө оруулалтын газар гэсний хураангуй биш ээ. Товчлоогүй шууд утгаараа ХОГ-ны тухай санаа бодол юм. Бид Хэрэглэгчийн нийгэмд амьдардаг учраас үүнийг дагаж тэр хэмжээгээр ХОГ бий болдог аж. Нүдэнд харагдах ХОГ-оо бид цаг үргэлж орон гэрээсээ холтгон орчноо цэвэр ариун байлгахыг хичээдэг. ХОГ-доо дарагдсан арчаагүй нэгэн ч бий.
Дэлхийд хүн төрөлтөн оршин байгаа цагт ХОГ байсаар байх нь. 
 
 
 
ХОГ-н дундаа амьдрахгүйн тулд хүмүүс түүнийг ангилж, ялган, боловсруулж бүтээгдхүүн болгон хувирган эргээд түүнийгээ өөр хэлбэрээр хэрэглэж эхэлдэг. Бидний нүдэнд харагдах материаллаг ХОГ хэн нэгэн ашиг олох чухал түүхий эдийн нэг болжээ. ХОГ нэг талаар ХАЯГДАЛ, нөгөө талдаа МӨНГӨ юм. 
 
 
 
Харин бид өөр нэгэн ХОГ-ны талаар магадгүй бидний харж дадсан материаллаг ХОГ-ноос хэд дахин их ХОГ-ны тухай ярилцалгүй удаж.
Энэ ХОГ бол мэдээллийн ХОГ юм. Бид өөрсдийн оюун санаа, бодлын чиглүүлэгч уураг тархи руугаа мэдээллийн ХОГ-ийг хайр найргүй цутгаж байна. 
Энэ ХОГ бол бидний өдөр тутмын материаллаг ХОГ-ноос хамгийн аюултай нь юм. Тархинд хуримтлагдсан энэ ХОГ яван явсаар хичнээн уул овоо шиг болсныг хэн эс мэдлээ. 
Ийм их ХОГ-ноос ямар их муу үнэр, ялзрал, бохир заваан үйлдэхүй урган гарах бол? Өөрсдөөсөө асууж үзвэл...? Бидний эфирэн биеийг үнэрлэж болдогсон бол ямар айхтар юм ханхлах бол?
Мэдээллийг мэдлэг буюу “чулуу” болгож чаддагсан бол асар үнэ цэнэтэй эд гэдэг нь тодорхой. Өөрт хэрэггүй мэдээллийн цуглуулга нь яриад байгаа тархийг ялзруулах ХОГ юм. 
Хязгааргүй орчлон ертөнцийн нэгэн од-Дэлхий хэмээх гарагт бид ирээд буцахад дунджаар 70-80 жил болдог. 
Энэ хугацаа хязгааргүй орчлонтой харьцуулахад хоромхон зуурт тооцогдоно. Хоромхон зуур төдийд хайран саруул тархиа хэрэггүй ХОГ-оор дүүргэснээр анх төрөхдөө бурханлаг байсан ХҮН насан эцэслэх үедээ юу эсийг үйлдэн, харамсаад ч үл барам хайран цагаа ийнхүү үр ашиггүй өнгөрөхөд өнөөх тархины ХОГ шалтгаан нь байсныг хожуу ухаарна. 
 
 
Тархины энэ ХОГ-ноос амиа хичээх, хов жив хөөцөлдөх, эрх мэдэл рүү шунан дурлах, атаархах, өсөрхөх, хорлох, сүйрүүлэх, алан хядах зэрэг олон “бүтээгдхүүн”-ийг бид үйлдвэрлэдэг аж.  
 
 
 
Хэрвээ бид ирсэн газар луугаа буцаад очих нь ҮНЭН бол ийм муу ХОГ тархиндаа тээх хэрэгтэй гэж үү?
Бид материаллаг ХОГ-оо ангилж, ялгаж, хаяж сурсан шигээ тархины ХОГ-ноосоо мөн адил салах ёстой болох нь. Бүр ийм үүрэг хүлээх цаг ирж. 
Хариултыг Танд үлдээе.
 
 
Цэрэндоржийн ГАНХУЯГ
 
2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр