sonin.mn


Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын Газар орон нутагтаа л "Саарал ордон" хэмээгдэх их өргөө гэхэд болохоор. Өөрөөр хэлбэл төр улсын үйл хэргээ төвшин амар явуулж, ард иргэддээ үлгэр жишээ болох нэгэн том айл өрх гэсэн үг. Монголчууд бид ярьдаг даа, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас аа гэж. Тэгвэл Тамгын газрын эрдэм боловсролтой эрхмүүд маань биеэ зассан шигээ одоо гэр болох орд өргөөгөө утгаар нь нэг сайхан засахгүй бол болохгүй болжээ.
 
Өмнөөс нь харахад их л сайхан цагаан байшин харагдах авч цаагуур нь тойроод явангуут PC тоглоомын тохь муутайхан газар болон нэгэн дэн буудал архины мухлагийн хамт өдөр шөнөгүй шоу цэнгээн үргэлжлүүлэн бөөрөнд нь эрх дураараа амьдрах юм. Ядаж байтал захиргааны маань ар тал яасан ч царай муутай юм бэ.

Нураад унах гэж байгаа юм шиг шохой будаг нь халцарсан, хуучирч муудсан... За тэгээд орой үдшийн цагт ойрхон гарах ч ээлжгүй, хав харанхуй дунд хэдэн хөлчүү хүмүүсийн үл ойлгогдох дуу чимээ ноёлоостой. Саяхны нэгэн өдөр ЗДТГ-ын мэдээллийн танхимд сэтгүүлчдийн семинарт сууж байтал арын Жаргалангийн согтуу караокечид:

"Газар эхээс заяатай, Ганган цэцгийн дэлбээг, Хүн та өөрөө ,Хөндөж битгий таслаарай" гээд л чих дөжрүүлэн хангинуулж гарлаа. "Жаргалан" хэмээх нэртэй караоке, зочид буудлын үйл ажиллагаа хананы цаана үргэлжилж буй нь тэр аж. Гаднаас ирсэн хэдэн багш нараас ичсэн гэж тэрүүхэндээ манай хэвлэлийн хэд жуумалзацгаагаад л өнгөрсөн дөө.

Ийм юм байж боломгүй еэ. Амьтан хүний амны зугаа болж нутаг усны нэр гарвал хэн хариуцах болж байна. Холбогдох дарга цэргүүд маань хурдхан хураддаад энэ асуудлаа шийдчихвэл жинхэнээсээ гоё сайхан байшинд Тамгын газар маань ажиллаад, олон олон гэр бүлд гэрээ засахын том үлгэр дууриалал болох гээд байдаг. Ер нь нийгэм маань төр засгаа дууриаж хүмүүжиж төлөвшдөгийг энд хэлэх нь зүйтэй санагдана.

/Хэнтий/
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ"