sonin.mn

 

 Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голын бэлчир, Их байшинтын амны бэл хавиар нутаглаж байсан, Гончигийн Гонгор гэхээсэээ "модон Гонгор" хэмээн нутаг усандаа алдаршсан, нэгэн ид шидтэй ламын тухай эрэн сурвалжилснаа толилуулж байна.
 
 
Энэ хүний тухай бодит зүйлс гэвэл нутагт нь Тонгорын агуй", "Гонгорын худаг" гэж л хоёр зүйл үлдсэн. Улаанбаатар хотын "Далан давхар" хэмээх оршуулгын газрын дээхнэ талд "Гончигийн Гонгор" хэмээн түвдээр бичсэн хаягтай бэсрэг бунхан, хэдэн лам нарын оршуулга дунд бий.
 
 
Хорьдугаар зууны эхээр амьдарч байгаад өндөр наслаж таалал төгссөн энэ ламтны эгэлгүй сонин амьдрал түүхийг нутгийн өндөр настан Б.Даваадашийн "Тэнгэр эзэнтэй бурхан мод" түүвэрт орсон бэсрэг дурсамж, нутгийн болон нийслэлийн өндөр настнуудын яриа, шашны архив, "Далан давхарын" оршуулга зэрэгт тулгуурлан сийрүүлж байгаа минь энэ.
 
 
Гончигийн Гонгор бол нутгийн ядуу ард Гончигийн отгон хүү бололтой юм. 1900 оны орчим төрсөн болуу гэхээс биш, яг хорвоод мэндэлсэн он cap өдөр нь олдсонгүй. Түвдээр бичсэн пайлуур дээр ч төрсөн, таалал төгссөн он нь алга.
 
 
Г.Гонгор багын их сэргэлэн, тал бүрийн авьяастай хүүхэд байсан гэнэ. Арван хэдхэн настайдаа Утай-Гүмбэнд мөргөх мөргөлчдийг даган оргож, ээж аав нь нэг хэсэгтээ эрж сураглан уй гашуу болж байгаад үхсэнд тооцсон гэдэг.
 
 
Ийнхүү хэл чимээгүй алга болсон Гонгор зургаа долоон жилийн дараа, орхимж өмссөн лам хүн тэнгэрээс буув уу даа гэмээр гэнэт хүрээд ирж. Их хэрсүүжиж томоожсон, бас их номын хүн болсон байлаа. Морин тэргэн дээр баахан баринтагтай хуучны ном судар ачиж очсон гэх.
 
 
Тэрээр ярихдаа, Түвд оронд олон жил бурханы номд суралцсан. Шашны онол, нууц тарнийн ухаанд суралцсан гэдэг байж. Түвдийн, дээрээсээ гурав дахь их ламд шавь орж олон талын мэдлэг чадалтай болсон гээд, өглөө үдэшгүй шоголтой ном уншиж байдаг байсан гэнэ.
 
 
Бас үзэж хардаг, өвчин зовлонтой хүнийг анагааж эдгэрүүлдэг, гай барцадыг зайлуулдаг их эрдэмтэй хүн болсон байв. Мориноос ойчоод rap нь хугарч, гадна талын мах шөрмөс нь тасарсан хүүхдийн rap дээр хонины ахар ноос зулж тавиад нэлээн удаан барьж суусан чинь хэд хоногийн дараа, бараг сорвигүй шахам эдгэсэн байсан гэх.
 
 
Хүүхэд тогтдоггүй айлд ном гүрэм айлдсанаар олон хүүхэдтэй айл болсон гэхчилэн нутгийн ахмадууд бол бурханчлан шүтдэг байжээ. Ийнхүү Гонгор ламтан "шидийг олсон" гэдэг дагавар нэртэй болсон гэдэг юм.
 
 
Гонгор ламтан нэг зун өөрийн гэх бүх зүйлээ, өнөөх ачиж ирсэн номоо морин тэргэнд ачиж аваад Их Байшинтын амаар өгссөн гэнэ. Энэ хавийн газар бол дээр үед галт уул дэлбэрсэн ул мөртэй, байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий хад агуй ихтэй нутаг юмсанж.
 
 
"Гонгор ламын агуй" хэмээн нэрлэгдсэн хадан гэр нь Их байшинтын амны урд асган дотор одоо ч бий. Агуйн дотор тал гэр хэлбэртэй, дээрээ тоононы нүхтэй, их сонин л доо.
 
 
Баруунаас зүүн хана хүртэл 7,5м, хойноосоо орох гарах нүх (үүд) хүртэл 6,4м., шалнаасаа оройн цоорхой (тооно) хүртэл 3,2 м өндөр, орох гарах нүхэн хаалга нь шат хэлбэрийн довжоотой, байгаль цаанаасаа Гонгор ламтанд зориулсан гэмээр.
 
 
Хадан гэр нь битүү модоор хүрээлэгдсэн, хэр баргийн хүн олмооргүй газар аж. Энэ агуйд Гонгор ламтан долоон жил ганцаараа нямба хийж сууснаас Гонгор ламын агуй гэж нэрлэгдсэн юм билээ. Агуйн дэргэд ойрхон, арваад м газарт худаг байсан ул мөр бий.
 
 
Түүнийг "Гонгор ламын худаг" буюу Гонгорын рашаан гэнэ. Одоо ундрага ус нь татарсан боловч бороотой жил тогтмол устай байна. Гонгор ламыг нутгийнхан ихэд хүндэтгэж биширдэг байсан тул ойр хавийнхан, тэр байтугай зэргэлдээ сумын хүмүүс цагаан идээ, гурил будаа зөөж агуйд нь эргэдэг байсан гэх.
 
 
Тэр далимдаа асууж сурагладаг, үзүүлж харуулдаг байсан юм билээ. Агуйныхаа хойморт буюу толгойныхоо дэргэд судар ном, бурхан шүтээнээ залж өдөржин бясалгал хийдэг байсан.
 
 
Өглөө оройд хуурай мод түүж галладаг, цай хоолоо хийдэг байснаас агуйн дотор тал утаанд харласан, байнгын арц хүжний үнэртэй болсон гэх юм билээ. Агуйд долоон жил суухад Гонгор ламтанд янз бүрийн юм тохиолдож байсан гэдэг.
 
 
Нэг өдөр бясалгалаа хийгээд сууж байсан чинь агуйн үүдээр том чоно ороод ирсэн гэнэ. ("Гонгор лам огт хөдөлсөнгүй, залбираад номоо л чангахан уншаад байсан гэнэ.
 
 
Том дэл сэрвээтэй азарган чоно орж ирээд ламтны дэргэд ойрхон ирснээ нэг гүзээтэй тосны булан байсныг зууж аваачин агуйн хананд наалдуулж тавиад талыг нь идчихэж. Шар тостой балингуудыг нь хуу хамчихаж.
 
 
Тэгээд ойртоод ирэхээр нь "одоо л намайг ноолох нь дээ" гэж бодсон ч огт хөдлөөгүй гэсэн Чоно Гонгор ламыг зөв эргээд ирсэн нүхээрээ эргээд гарсан. Дахиж ирээгүй гэдэг юм. Харин тэр уул хаданд чоно байнгын улилдаг боловч ламтны агуйд дахин залраагүй юм билээ.
 
 
Бас нэг сонин гэвэл нэг шөнө баахан адуу уулнаас бууж байгаа бололтой хуйлран орж ирснээ, тоононы нүхээр нэг амьтан асар их дуу чимээтэй унасан гэнэ. Дэнгээ бариад харсан чинь нэг хөөрхөн унага ойчсон байж. Унага хаана ирснээ мэдэхгүй шөнөжин агуй дотуур пижигнүүлэн хонож.
 
 
Гонгор ламтан ч унтсангүй. Адуу ч сураггүй алга болсон гэнэ. Өглөө гэгээ орохоор харсан чинь хөөрхөн амьтан гэнэ ээ. Хамар нь сарталзаж дуугаран, тойрч давхиад баригддаггүй гэнэ. Арайчүү барин бүсээрээ аргамжин хэд хоноход хүн, адуу хоёр овоо дассан гэдэг юм.
 
 
Агуйнаас нялх унагыг гаргаад явуулчихаар чоно идчихнэ. Ямар ч байсан хамт байя гэж шийдээд, худгаасаа ус авчран усалж. Балингийн гурил, цагаан тос, өрөм зөөхий, ер нь л өөрийнхөө идэж уудаг бүхнээс хуваалцан хэд хонож байтал нутгийн малчин ирсэн гэнэ.
 
 
Түүнд унагаа өгөөд, сайн маллаж хурдан морь болгоорой гэсэнсэнж. Сүүлд нямба хийж дуусаад хөдөөнөө ирэхэд нөгөө унага сайхан цавьдар морь болчихсон, аймаг сумын наадамдаа хэд хэд айрагдчихсан, Гонгорын цавьдар нэртэй хурдан морь болсон байлаа.
 
 
Гонгор ламын тухай бас нэг сонин гэвэл, ламтан эргэж ирсэн хүмүүст нэг боодолтой юм өгөөд уул уснаасаа холхон аваачаад хаячихаарай гэдэг байж. Тэр нь өтгөнөө хатааж хурааж байгаад уул ус бохирдуулахаас хамгаалан, хүн амьтангүй хөдөө нутагт аваачиж хаяулдаг байсан хэрэг гэнэ.
 
 
Их цэвэрч нямбай, худгийнхаа усыг цэвэр шанаганаас өөр зүйлээр хутгадаггүй байсан гэдэг. Гонгор ламтан энэ агуйдаа долоон жил яг сууж нямба хийгээд бие эрүүл, нууц тарнийн ухаанд төгс боловсорсон эрдэмтэй хүн нутагтаа ирсэн гэдэг юм.
 
 
Хүмүүс ном айлтгуулах гэж залдаг, үзүүлж харуулах, элдэв гай түйтгэрийг аргалуулах гэж их хүсдэг байсан боловч хатуу хэцүү цаг үеийн аясаар байнгын нууц байдалд, аргалж чаргалдаг байсан юм билээ.
 
 
Тэр битгий хэл ном судраасаа цөөнхийг авчирч бараандаа нууж байж хэрэглэдэг, бусад ном судар, бурхан шүтээн нь хэзээ хойно хүртэл агуйд хадгалагдаж байсан гэдэг юм. Сүүлд нутаг усандаа жирийн иргэн болж мал малладаг, модоор их гоё зүйл хийдэг дархан хүн байсан юм билээ.
 
 
Багынхаа гарын уртай, хүний хүссэн болгонг яах ийхийн завгүй хийгээд өгчихдөг, нутаг нугадаа сайн дархан байсан учир "Модон Гонгор" нэрийг авч байсан болов уу гэж, нутгийн зарим өндөр настан ярьдаг юм.
 
 
Гонгор ламтан нас нэлээн дээр гарахын үед "толгой дээрээ хонхны дуутай үхнэ" гэж Улаанбаатар хот, Гандан хийдийг зорьж ирсэн юм билээ. Ингэж нүүдэл хийж явахдаа л агуй дахь ном судраа шуудайлаад ачиж явсан гэдэг юм.
 
 
Гонгор ламын агуй хэмээх тэр хадан гэрт сүүлд хүртэл бичиг номын хуудас, даавуу, хуучин хувцасны тасархай байдаг байсан аж. Бас ламтны модон орны банз модны өөдөс, түлш түлээ, гал түлж байсан гурван чулуу хүртэл байсан гэдэг.
 
 
Гонгор ламын хэрэглэж байсан тэдгээр зүйлээс, тухайлбал үнсийг нь хүртэл нутгийн хүмүүс хамж аваачаад бойпортоо хийчихсэн байдаг гэсэн. Ламтан 1960-аад оны үед Улаанбаатарт нүүж ирээд Гандангийн дэнжийн өмнө, одоо үйлдвэрчний эвлэлийн соёлын ордон байгаагийн орчимд гэрт амьдарч байсан аж.
 
 
Өвөрхангай аймгийн олон сумдаас таних танихгүй хүмүүс Гонгор ламтныг байнга зорин ирж үзүүлж харуулдаг, ач буяныг хүртдэг байсан гэх. Гонгор лам Гандан хүрээнд ойртож ирснийх хурал номд нь оролцдог, ер нь хийдээс зохиож байгаа ажил төрөлд их идэвхтэй ханддаг байж.
 
 
Би энэ эрдэмт хүмүүний талаар бага боловч баримт сэлт олох санаатай. шашны архивт зарим зүйлийг үзэж харсан юм. Тухайн цаг үед Гандантэгчинлэн хийдэд албан ёсны бүртгэлтэй, бүртгэлгүй гурван Гонгор байсан байх юм.
 
 
Доод зиндаанд хурдаг Юмчины Гонгор гэж хүн тухайн үед нэлээн залуу лам байсан бололтой. Дээд зиндаанд хурдаг Цэвэлийн Гонгор гэж их номтой, маарамба хүн байгаад тавиад оны үед таалал төгссөн юм уу, өөр нутаг орон, хийдэд шилжсэн юм уу сураг тасарсан аж.
 
 
Энэ хоёр Гонгор яавч Өвөрхангайн Гонгор биш бололтой юм. Дунд зиндаанд хааяа нэр гарахаас цаашгүй Гомбын Гонгор гэж нэр явсаар 1972 онд бурхан болсон гэсэн байх юм. Гончигийн гэхийг Гомбын гэж андуурсан юм болуу гэж би дотроо бодлоо.
 
 
Гомбын Гонгор гэх тэр ламтан, хүмүүсийн нас буяныг үздэг, эм барьдаг, өвчин анагаадаг, гарын ер бусын өндөр мэдрэмжтэй нэгэн байсан бололтой, зарим зүйлд тэмдэглэгдсэн байна. Тэхдээ энэ Гонгор гэж хүн Гандан-тэгчилэн хийдэд байнгын суудалтай лам хүн биш байсан бололтой.
 
 
Гонгор ламынхаар ирдэг, очдог хүн олон байсан гэнэ. Өвөрхангай аймгийн уугуул, Улаанбаатар хотын мод боловсруулах комбинатад ажиллаж байсан Лутын Насанжаргал гэж эмэгтэй хүүхэд ахуйдаа нутгийнхаа Гонгор ламыг харсан гэнэ.
 
 
Лут гуай Гонгор гэж өвгөн ламынхаар их очдог, хүүхдүүдээ ханиад томуу л хүрвэл авч очин аргалуулдаг байсан гэнэ. Насанжаргал тав зургаа орчим настай байхдаа бүх биеэр нь улаан юм туурч, халуурч, хоолой нь боогоод тун хүнд байхад аав нь Гонгор ламд бараалхаж үзүүлсэн гэнэ.
 
 
Их сайхан зантай тэр өвгөн охиныг нүцгэлж толгойноос хөл хүртэл хэд илж үзээд: "Зүгээрээ. Маргаашнаас эхлээд хатаж эхэлнэ" гэсэн нь ёсоор болсон гэж хуучиллаа. Лут гуай Гонгор ламтай их холбоотой, нэг жил гэртээ залж авчран ном гүрэм хуруулж байсан гэх.
 
 
Эднийхэн Гонгор ламтныг таалал төгсөхийг сайн мэддэг, ажил төрөлд нь голлож оролцсон хүмүүс гэнэ. Ламтныг таалал төгссөнөөс хойш Насанжаргалын аав ээж их харамсаж, хэд хэдэн удаа Далан давхарт оршуулгынх нь газарт очсон, тэр байтугай өөрсдөө болон хүүхдүүдээ өвчин тусах юмуу, зүүд нойр тавгүйтлээ, ламтан зүүдэнд ирлээ гэхээрээ оршуулгын газарт очиж булш бунханд нь гараа хүргэж, өвчтэй газраараа үрж илэхээр зүгээр болдог байсан гэж ярих.
 
 
Лут гуайн хүүхдүүд ч энэ ёсыг алдалгүй, саяхан хүртэл булш бунхныг сэргээж очдог байсан гэнэ. Ингээд Насанжаргалаар газарчлуулан түвд хэлний орчуулагч залууг дагуупан саяхан далан давхарын оршуулгын газрыг зорьсон юм.
 
 
Баруун дээд талд хэсэгхэн газар лам нарын булш бунхан байх. Цагийн саалтанд элж эвлрээд тэмдэг төдий л болж дээ. Насанжаргалын зааснаар их ламтны бунхныг олж үзлээ. Суурийн шавар дээр тэгшхээн чулуун хөшөө босгосон аж.
 
 
Нүүрэн талын тэгшхэн хэсэгт осолгүй л Түвдээр бичсэн бичээс байна. Орчуулагч залуу маань бараг л тодруулж тэмтэрч шахам уншаад Гончигийн Гонгор гэж тайлсан юм. Өөр он cap өдөр, ямар нэг бичээс алга.
 
 
Нэлээн дээд хэсэгт үсэг бичиг ч юмуу, нэгэн балархай зүйлийг орчуулагч залуу маань "Маанийн зургаан үсэг" байсан бололтой гэж билээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, буян номын их хүн Гончигийн Гонгор, аргагүй л тэнд нойрсож байгаа юм билээ.
 
 
Г.Жамъян /МУСГЗ/