Оны эхнээс болон Хятад улс ковидын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээсний дараачаас нэг тонн зэсийн үнэ тасралтгүй өссөөр өнгөрсөн баасан гарагт 9324 долларт хүрлээ. Энэ бол 3 сарын дараа нийлүүлэх фьючерс гэрээний үнэ бөгөөд 2022 оны 10 дугаар сард 7300 доллар, оны эцэст 8255 доллар байсантай харьцуулахад даруй 12-27 хувиар өсчээ. Харин долоо хоногийн турш үргэлжлэх Хятадын Цагаан сарын баярын үеэр тус улсад эдийн засгийн идэвхжил саарсан тул үнийн өсөлт түр зогслоо.
Зэсийн үнэ цойлсон гол шалтгаанууд
Хятад улс хилээ нээнэ гэдэг нь өнгөрсөн оны 12 дугаар сард сүүлчээр тодорхой болсноос хойш, мөн тус улс зэсийн стратегийн нөөцөө 80-100 мянган тонноор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дараа зах зээл сэргэж, үнэ өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн билээ. 2022 оны 2-7 дугаар сард Лондонгийн металлын биржид хийсэн фьючерс хэлцлийн үнэ 10648 доллароос 7164 доллар хүртэл унаж байсан бол 7-10 дугаар сард 7300 – 8100 долларын хооронд тогтворжоод байв. Үнэ даруй 30 гаруй хувиар огцом унасан нь Хятад улсад зэсийн эрэлт буурч, улс орнуудын төв банкууд мөнгө-зээлийн бодлогоо чангатгасантай холбоотой байлаа. Өнгөрсөн 2022 оны туршид америк долларын ханш чанга хэвээр байсан нь зэсийн үнэ буурахад нөлөөлсөн гол шалтгаануудын нэг юм. Гэтэл зах зээлд 200 мянган тонн зэсийн хомсдол үүсээд байлаа.
Долларын ханш чангарсан нь бусад төрлийн валютыг эзэмшиж буй трейдерүүдийн хувьд доллароор зэс худалдан авах нь илүү үнэтэй тусаж байв. Харин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн мессеж цацагдаж байгаа нь зэсийн үнэ өсөхөд бага зэрэг нөлөөлсөн болов уу.
Нөгөөтэйгүүр, зэсийн томоохон олборлогч Перу улсад Ерөнхийлөгч ба Конгрессыг огцруулах, шинэ Үндсэн хуулийг батлахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал цуглаан, бүх нийтийн ажил хаялт бараг 2 сарын турш үргэлжилж байгаа нь зэсийн уурхайнуудын үйл ажиллагааг доголдоход хүргэлээ. Зэсийн нөөцөөр /14%/ дэлхийд Чилийн дараа 2 дугаарт, зэс олборлолтоор 3 дугаарт /1,3 сая тн/ ордог Перу улс 1 дүгээр сарын 3-наас хойш дэлхийн зах зээлд зэс нийлүүлэхгүй байгаа нь хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж, үнэ ханш өсөхөд нөлөөлөв. Үүнтэй зэрэгцээд зэсийн хамгийн том олборлогч улс болох Чилийн уурхайнуудын олборлолт энэ онд 6 хувиар буурна гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлсэн нь нөлөөлсөн байх талтай.
Түүнээс гадна, Лондонгийн металлын бирж, Шанхайн металлын биржийн агуулахууд дахь зэсийн нөөц 186,4 мянган тонн болж буурчээ. Энэ бол дэлхий даяар хоёрхон хоногт хэрэглэх нөөц юм. Блүүмбэргийн мэдээнд дурдсанаар, энэ 2023 оны хувьд зэс нь алт, эрдэнэшиш ба түүхий нефтиэс илүү ашигтай бүтээгдэхүүн байх болно гэж хөрөнгө оруулагчид найдаж байгаа ажээ.
"Goldman Sachs" хөрөнгө оруулалтын банкны хийж буй таамаглалаар, 2023 онд нэг тонн зэсийн үнэ 11 мянган доллар, 2024 онд 12 мянган долларт хүрч шинэ дээд амжилтуудыг тогтоох ба 2023 оны дундаж үнэ 9750 доллар байна гэсэн тун өөдрөг таамаглалыг дэвшүүллээ.
Нүүрсхүчлийн хийн хаягдлыг бууруулахад чиглэсэн Олон улсын эрчим хүчний агентлагийн зорилтыг хэрэгжүүлнэ гэж үзвэл, 2030 он хүртэлх хугацаанд нийлүүлэлтийн хомсдол 50 сая тоннд хүрнэ гэсэн таамаглалыг дэлхийн томоохон зэс олборлогч Glencore корпораци дэвшүүлж байна. Учир нь, Хятад болон бусад улс орнууд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд, түүний дотор салхин цахилгаан барихад үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан ганцхан тоо дурдахад, 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс үйлдвэрлэхэд 9 тонн зэс ордог байна.Өөрөөр хэлбэл, зэс бол ногоон эрчим хүчинд шилжихэд хамгийн ихээр шаардагдаж буй металлуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд экологийн шаардлагууд улам чангарч байгаа учраас улс орнууд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт ирэх жилүүдэд гарцаагүй өснө. Жишээ татахад, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс ордог бол цахилгаан автомашин үйлдвэрлэхэд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 3 дахин их зэс шаардлагтай ажээ.
Өөдрөг таамаглал ба зэсийн өгөөж 2023 онд
Цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ оны эхнээс 10 гаруй хувиар өсөж, цаашдаа өсөлт хадгалагдах төлөвтэй байгаа нь засгийн газраас баталсан “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон дэм үзүүлэх нь лавтай. Ялангуяа Оюутолгойн далд уурхай 2023 оны эхний улиралд багтан ашиглалтад орж, тогтвортой олборлолт явуулахаар төлөвлөж буй энэ үед зэсийн үнэ 9 мянгаас давсан нь монголчуудын хувьд тун сайн мэдээ. Ойрын жилүүдэд Оюутолгойн ил ба далд уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд хагас сая орчим тонн зэс /баяжмал хэлбэрээр/ олборлон экспортлох ба үүн дээр Эрдэнэтийн зэсийг нэмбэл 600 мянган тонн болно. Энэ нь дэлхий даяар жилд олборлож буй зэсийн 2-оос дээш хувийг эзэлснээр Монголын зэс дэлхийн зах зээлд жин дарж эхлэх болно.
Харин энэ 2023 оны хувьд Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орсноор зэсийн баяжмалын экспортын хэмжээ нэмэгдэж, 1.4 сая тоннд хүрнэ гэх төсөөллийг Сангийн яам гаргасан ба зэсийн дундаж үнийг 8400 доллар орчимд байхаар улсын төсөвт тусгажээ.
Харин Голдман Саксын таамагласан оны дундаж үнээр тооцвол энэ онд зэсийн баяжмалын экспортоос /АМНАТ болон бусад татвараар/ улсын төсөвт орох орлогын хэмжээ нүүрсний салбарын орлогоос давах төлөвтэй байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0
Чихэнд чимэгтэй мэдээ байлаа. Аманд нь шар тос түрхэё. Хурай хурай.
Зэсийн үнэ нэмэгдээд монголд наалдах нь бага байгаа нь манайхан монголын ард түмний баялгийг гадаадуудад үнэгүй шилжүүлээд байгаатай холбоотой. Лиценз зардаг хувь хүн гэр бүл монголын асар их баялгийг зараад өөрсдийгөө л болгочихдог. Монголын баялгийг лицензээр авсан гадны хүн тэр баялгийг гадагш нь гаргаад монголын эдийн засагт орохгүй учир монголчуудад наалддаггүй. манайх ҮНБ-тэй тэнцүү хэмжээний баялаг хилээр гаргадаг. гэтэл ҮНБ нь ерөөсөө нэмэгдэггүй. Яагаад? Яагаад гэвэл тэр гарсан баялгийн ихэнх мөнгө эргэж орж ирдэггүйд байгаа. Монгол 12 тэрбумын ҮНБ-тэй, 12 тэрбумын баялаг жил бүр зарж байдаг. Уг нь хэрэв монгол хүн гаргаж байсан бол монголын ҮНБ 24 тэрбум шууд болох ёстой. Гэтэл тэгдэггүй. ОТ татвар төлсөн мөнгөө төдөн тэрбум гэж монгол мөнгөөр бичдэг, харин гаргасан баялгаа хэдээр зарсан хэд болсныг ерөөсөө мэдээлдэггүй. Хэдэн тонн баяжмал гаргаад байгааг ч мэдээлэхгүй байгаа. Хэн ч хойноос нь явж учрыг нь олохгүй байгаа. Яг үнэндээ 35 их наяд буюу Монголын 1 жилийн ҮНБ-тэй тэнцэх мөнгөөр уурхай ухчихсан. 12 гаруй жилийн хугацаанд. Монгол мөнгөө гаргаад технологи худалдаж аваад ухаж болох л байсан байдаг. Харин тэд 1500 их наядын баялгийг үнэгүй авчихсан.
Буу түрээслэнэ.
or yax uu? $38 ter bum yana daa
Хөөрхий ард түмэнд оногдох биш дээ
Харин тийм. харанхуй ард түмнийг шилний цаанаас чихэр долоолгож байна.
Хулгайчид нь дундуур нь ажиллачихгүй бол чихэнд чимэгтэй мэдээ байна.Одоогийн схемээр мөнгө их бол хулгайчид олшрох байх. Засаг төр хулгайчтай зэс хичнээн үнэд ороод нэмэргүй.
Нүүрсний хулгай баахан сэвлээ. Одоо зэсийн хулгайгаа шалгаруул