sonin.mn
  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны  11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн төрийн айлчлал нь ХКН-ын XX их хурлын дараах ойрын чухал хөрш орны удирдагчийн анхны айлчлал, хөрш орнуудын уламжлалт харилцаа өндөр дээд түвшинд хөгжиж байгааг илтгэн харуулсан айлчлал гэдгээрээ ихээхэн онцлогтой байв. 
     Энэхүү айлчлал нь Монгол, Хятадын харилцааг шинэ шатанд дэвшүүлсэн, хөрш орнуудын харилцааны цар хүрээг тэлсэн, чухал үр дүнтэй айлчлал боллоо хэмээн Монголын талын албаны хүмүүс дүгнэж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсны яриа хэлэлцээний үеэр, “Хятад улс ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу хүртээмжтэй байх үзэл баримтлал болон сайн хөрш байх, сайн түнш байх хөрш орнуудтай харилцах гадаад бодлогын чиг шугамыг баримтлан, Хятад, Монголын найрамдал, харилцан итгэлцэл болон эрх ашгийн нийцлийг гүнзгийрүүлэхийг дээд зэргээр чухалчилж байна” хэмээн онцолсон байна.
 
     Тэгвэл БНХАУ-ын хөрш зэргэлдээ орнуудтай харилцах гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрхэн тодорхойлдог вэ? 
 
     БНХАУ-ын хөрш зэргэлдээ орнуудтай харилцах гадаад бодлогын үзэл баримтлалыг “Ши Жиньпин Төр улсыг засах тухай” бүтээлийн I ботид  дурдсан байдаг. 
 “Ши Жиньпин Төр улсыг засах тухай” хэмээх энэхүү чухал бүтээл одоогоор нийт 4 боть хэвлэгдэн гарсан бөгөөд хэвлэлийн мэдээнээс үзвэл, дэлхийн 30 гаруй хэлээр орчуулагдан, 170 гаруй улс орон болон бүс нутагт түгэж байгаа бөгөөд Монгол Улсын хятад судлаач, орчуулагчдын баг эхний 3 ботийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр монгол хэлээр орчуулаад байна. 
 Энэхүү бүтээлийг дэлхий дахинаа үнэлэхдээ, эртний үг хэллэгээр учир ёсыг тайлж өгүүлсэн, Хятадын түүхийг эх сурвалж болгосон, практик үйл хэргээр Хятадын туршлагыг түгээж тайлбарласан чухал бүтээл, “Хятад улсын тухай асуултад хариулах түлхүүр”, “Хятад улсыг таньж мэдэх чухал цонх” гэхчлэн онцолж байна. 
 
 Хятад улсын хөрш зэргэлдээ орнуудтай харилцах гадаад бодлогын үзэл баримтлалыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 оны 10 дугаар сарын 24-нд Хөрш зэргэлдээ орнуудтай харилцах гадаад бодлогын ажлын зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ анх дурджээ. Тэрхүү үзэл баримтлалыг “чинь, чэн, хуй, рун” гэсэн хятад хэлний 4 ханз үсгээр илэрхийлдэг бөгөөд үүнийг “ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу хүртээмжтэй” гэж оноож орчуулж байна.  
 
 Ши Жиньпин уг ажлын зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ, “Манай улсын хөрш орнуудтай харилцах гадаад бодлогын үндсэн чиг шугам бол сайн хөрш байх, сайн түнш байх явдал бөгөөд сайн хөрш, амгалан хөрш, баян хөрш байх зарчмыг баримтлан, ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу хүртээмжтэй байх үзэл баримтлал тодорч байх ёстой. Хөрш орнуудтай сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх нь манай улсын хөрш орнуудтай харилцах гадаад бодлогын тууштай чиг шугам мөн” хэмээн онцолсон байна. 
     Энэхүү үзэл баримтлал нь эдүгээ Монгол, Хятад хоёр улс хоорондын улс төр, эдийн засгийн харилцаанаас гадна, нийгэм, соёл, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй харилцааг багтааж байна. 
     “Ойр дотно байх” үзэл баримтлал нь “Сайн хөршийн найрамдалтай байж, цаг ямагт харилцан туслах зарчмыг баримтлан, эрх тэгш байдлыг эрхэмлэн, сэтгэл санааг нь хүндэтгэн, үргэлж уулзаж, байнга харилцан айлчилж байх, хүн ардын сэтгэлд хүрсэн, хүмүүний сэтгэлийг дулаацуулсан хэрэг үйл ихийг бүтээж, хөрш орнуудыг илүү найрсаг, илүү ойр дотно ханддаг, илүү талархаж, илүү дэмждэг болгож, өөртөө татах хүчийг, эвийн хүчийг, нөлөөлөх хүчийг нэмэгдүүлэх” явдлаар илэрч байх ёстой ажээ. 
 
 Эдүгээ Монгол, Хятад хоёр улсын хооронд сайн хөршийн найрамдалтай байх, шаардлагатай үед харилцан бие биедээ туслах, хүн ардын сэтгэлд хүрсэн, хүмүүний сэтгэлийг дулаацуулсан хэрэг үйл ихийг бүтээх үзэл баримтлал хэрэгжиж байна гэж хэлж болно. Үүний нэг тод жишээ бол КОВИД цар тахлын хүнд хэцүү үед Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд 30000 хонь бэлэглэсэн явдал юм. Монголчууд хонийг “халуун хошуут мал”, сайн санааны бэлэг гэж бэлгэшээдэг. Тэгээд ч БНХАУ-ын дарга Ши Жиньпин бэлгийг хүлээж аваад, “Дусал ус мэт ач хүргэвээс, дундрашгүй булаг мэт хариу барьюу” гэсэн эртний хятадын мэргэдийн үгийг иш татаж дурдсан байдаг. Хятад улс хариуд нь Монголын ард түмэнд цай бэлэглэсэн билээ. Хятадад “Цайгаар ёслол журмыг үйлдэнэ, цайгаар хүндлэл сэтгэлийг илтгэнэ” гэсэн үг байдаг.
    “Чин сэтгэлийн” үзэл баримтлал нь “Хөрш орнуудад чин сэтгэлээс хандаж, илүү олон найз нөхөд, илүү олон түнштэй болох” явдлаар илрэх ёстой гэдгийг дурджээ. 
     “Харилцан ашигтай” үзэл баримтлал нь “Харилцан ашигтай байх зарчмын дагуу, хөрш орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлэн, нийтлэг эрх ашгийн илүү ойр нягт сүлжээ буй болгож, хоёр талын эрх ашгийн нэгдлийг илүү өндөр түвшинд хүргэж, хөрш орнуудад Хятад улсын хөгжлөөс үр ашиг хүртээж, Хятад улс бас хөрш орнуудын хамтын хөгжлөөс үр шим, дэмжлэг тусалцаа хүртэх ёстой” хэмээн заажээ. 
 
    “Уужуу хүртээмжтэй байх” үзэл баримтлал нь “Ази, Номхон далайн бүс нутаг уужуу хүртээмжтэй байж, хамтын хөгжилд хүрэх, илүү нээлттэй, уудам талбиу санаа сэтгэл, илүү идэвхтэй хандлага нь бүс нутгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх ёстой” хэмээн дурдсан байна. 
 
 Хоёр улсын төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалтын үеэр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хоёр улсын бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн, батжиж, улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж байна. Тогтворгүй, тодорхой бус байдал өдрөөс өдөрт даамжирч байгаа олон улсын орчин байдлыг сөрөн, Хятадын тал Монголын талтай хамтран, хоёр улсын хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох явдлыг удирдлага болгон, Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны урт удаан хугацааны тогтвортой хөгжлийг урагшлуулан, хоёр орны ард түмэнд илүү их аз жаргалыг цогцлоохыг хүсэж байна” хэмээн онцолжээ. 
 
 “Хятад, Монгол хоёр тал үндэсний сэргэн мандал болон улс орны орчин үеийн шинэтгэлийн замд гар гараасаа барилцан урагшилж, нийцтэй хөгжил, хувь заяагаа хамтатгах үлгэр жишээг үзүүлэн, шинэ хэв маягийн олон улсын харилцааг цогцлоох явдлыг урагшлуулах, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох хэрэгт хамтдаа хүч чадлаа зориулж бүрэн болно” гэж дурдсан байна. 
 
    БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 оны 9-р сарын 7-ны өдөр БН Казахстан Улсад Н.Назарбаевын нэрэмжит Их сургууль дээр хэлсэн үгэндээ “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн тухай үзэл санаачилгыг анх дэвшүүлж, “Энэ бол зам дагуу орших улс түмний аз жаргалын төлөө хийж буй том үйл хэрэг мөн” хэмээн дурдсан байдаг. 
2013 оны 10-р сарын 3-ны өдөр тэрбээр Индонезийн Парламентад хэлсэн үгэндээ XXI зууны “Далайн торгоны зам”-ын үзэл баримтлалыг анх дэвшүүлжээ. 
      Тийнхүү “Торгоны замын эдийн засгийн бүс” болон XXI зууны “Далайн торгоны зам”  хэмээх энэхүү хоёр бүтээн байгуулалтыг нэгтгэн “Нэг бүс нэг зам”  хэмээн томъёолдог. 
     “Нэг бүс нэг зам” хэмээх энэхүү стратегийн хамтын ажиллагааны хамрах цар хүрээ, эзлэх орон зай асар том, өргөн уудам юм. Хэвлэлийн мэдээнээс үзвэл, “Нэг бүс нэг зам”-ын дагуу орших 65 улс, 4.4 тэрбум орчим хүн ам энэхүү бүтээн байгуулалтад шууд хамааралтай бөгөөд энэ нь дэлхийн хүн амын 63 хувийг эзлэх ажээ. Түүнээс гадна зөвхөн зам дагуу орших 65 улс оронд хамаатай төдийгүй, бүх Ази тив, Америк, Латин Америк хүртэл хамааралтай гэж үзэж байна. 
 
    2015 онд Хятадын Хайнаньд болсон “Боаогийн Азийн форумын 2015 оны хуралдаан” дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Ази тив бол дэлхийн Ази юм. Ази тив нийтлэг хувь заяаны цогц нэгдэл өөд зорьж, Азийн шинэ ирээдүйг нээхийн тулд дэлхийн урагшлах алхаатай хамт урагшилж, дэлхийн хөгжлийн чиг урсгалтай хамт хөгжих ёстой. Хүн төрөлхтөн ганцхан дэлхийтэй, улс орнууд нэгэн дэлхийд зэрэгцэн оршиж байна. Дэлхий сайхан байваас Ази сайхан байх болно. Ази сайхан байваас дэлхий сайхан байх болно. 
 “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт нь хамтдаа хэлэлцэх, хамтдаа бүтээх, хамтдаа хүртэх зарчмыг баримтална. Хаалттай бус харин нээлттэй, уужуу хүртээмжтэй байна. Дан ганц Хятад улсын гоцлол биш, харин зам дагуух улс орнуудын их найрал байна” хэмээн онцолсон байдаг. 
 
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл” гаргаж, уг мэдэгдэлд “Талууд цар тахлын дараах эдийн засгийг түргэн сэргээхэд анхаарч, “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, цахим эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр тохиролцов” хэмээн дурджээ. 
 БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Энэхүү гурван том хөдөлгүүрээр дамжуулан, Хятад, Монголын харилцаа гүнзгийрэн хөгжихөд хүчтэй эрч хүч нэмэх болно” хэмээн онцолсон байна. 
 
                                                              Доктор (Ph.D), хятад судлаач, орчуулагч
                                                                                                             М.Чимэдцэеэ