sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимын Бүгд найрамдах намын /БНН/ бүлгийн даргаар Митч Макконнелл лхагва гарагт улиран сонгогджээ.
Сенатын танхим дахь БНН-ын бүлгийн даргын албыг олон жил хашиж буй Кентукки муж улсын сенатч М.Макконнелл Флорида муж улсын сенатч Рик Скоттыг 37-10 саналын харьцаагаар ялсан байна.
 
 
 
Өдгөө 80 настай М.Макконнелл уг албанд улиран сонгогдсондоо баяртай байгаагаа “Twitter” хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Ардчилсан намынхны /АН/ хувьд Сенатын танхимд олонхын байр сууриа хадгалах төлөвтэй байна.
 
 
 
Харин завсрын сонгуулиар бүх 435 гишүүнийг сонгодог Төлөөлөгчдийн танхимд аль нам хяналтаа тогтоох нь тодорхойгүй хэвээр байна. БНН-ынхан одоогоор 217 суудалд ялалт байгуулснаар олонх болоход ердөө нэг суудал дутуу байгаа бол АН-ынхан 207 суудал аваад байгаа бөгөөд үлдсэн 11-д нь аль нам ялалт байгуулах нь тодорхойгүй байна.Мягмар гарагт Төлөөлөгчдийн танхимын БНН-ынхан одоогийн цөөнхийн бүлгийн дарга Кевин Маккартийг танхимын дараагийн даргын албан тушаалд нэр дэвшүүлжээ. Харин ирэх хоёр жилд Конгрессын доод танхимын АН-ын бүлгийг хэн даргалах нь одоогоор тодорхой болоогүй байна.
 
 
 
Шинэ Конгресс 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр анхны хуралдаанаа хийнэ.
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг