sonin.mn
Намрын налгар сайхан цагаар, 10 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд ХКН-ын XX их хурал Бээжин хотноо амжилттай хуралдаж, өндөрлөв. Энэ өдрүүдэд дэлхий дахины хараа анхаарал Хятад улсын зүг хандаж байлаа. 
   Одоогоос 5 жилийн өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын дундуур хуралдсан ХКН-ын XIX их хурлын үндсэн сэдэв нь “Анхны зориг санаагаа эс умартан, үүрэг зорилгоо хатуу санаж, Хятадын онцлогтой социализмын аугаа их тугийг өндөрт өргөн, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн бүтээн байгуулах үйл хэрэгт шийдвэрлэх ялалт байгуулж, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын аугаа их ялалтыг байлдан олж, Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх явдал мөн” хэмээн онцолж байсан билээ.
 
   Тэгвэл ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын XX их хурлын илтгэлдээ, тус их хурлын үндсэн сэдэв нь “Хятадын онцлогтой социализмын аугаа их тугийг өндөрт өргөн, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг иж бүрэн хэрэгжүүлж, намыг бүтээн байгуулах аугаа их үзэл санааг бадруулан, өөртөө итгэлтэй байж, өөрийгөө бэхжүүлж, үндсэн зарчмыг баримтлан, инновацыг хэрэгжүүлж, эрч хүчтэй, урам зоригтой, эрс шийдвэртэй урагшлан, социалист орчин үеийн улсыг иж бүрэн бүтээн байгуулж, Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлыг хэрэгжүүлэхийн төлөө эв нэгдэлтэй зорин тэмцэх явдал мөн” хэмээн онцолсон байна.  
   ХКН-ын XX их хурлын илтгэлд “ХКН-ын XX их хурал бол нам даяар, бүх Хятадын олон үндэстэн ард түмэн социалист орчин үеийн улсыг иж бүрэн бүтээн байгуулах шинэ аянд алхан орж, хоёр дахь 100 жилийн тэмцлийн зорилго өөд урагшилж байгаа зангилаа үед хуралдаж байгаа туйлын чухал их хурал мөн” хэмээн дурджээ. 
Өөрөөр хэлбэл дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн бүтээн байгуулах эхний 100 жилийн тэмцлийн зорилго үндсэндээ хэрэгжсэн бөгөөд хоёр дахь 100 жилийн тэмцлийн зорилго болох социалист орчин үеийн улсыг иж бүрэн цогцлоон байгуулах шинэ аянд дэвшин орж байгааг тийнхүү тунхаглажээ. 
 
                        ХЯТАД МАЯГИЙН ОРЧИН ҮЕИЙН ШИНЭТГЭЛ 
 
ХКН-ын XX их хурлын илтгэлд дурдагдсан нэгэн шинэ зорилт бол “Хятад маягийн орчин үеийн шинэтгэл” юм. 
Дэлхий ертөнц дээр орон бүхэнд яв цав таардаг хөгжлийн нэг хэв загвар гэж үгүй, бас тогтсон ганц хэв маяг бүхий шинэтгэлийн хэмжүүр гэж үгүй. 
Хятад маягийн орчин үеийн шинэтгэл нь Хятадын газар нутаг дээр суурилж тогтсон, Хятад улсын бодит байдалд нийцсэн, социалист бүтээн байгуулалтын зүй тогтол, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн зүй тогтлыг илтгэн харуулсан шинэтгэл мөн бөгөөд Хятад улсын өвөрмөц онцлог, соёлын уламжлал, түүхэн үйл явц зэрэг нь БНХАУ өөрийн онцлогт нийцсэн шинэтгэлийн замаар урагшлах зайлшгүй шаардлагатай гэдгийг нотолж байна хэмээн эрдэмтэн судлаачид онцолж байна. 
ХКН-ын XX их хурлын илтгэлд “Одоогоос эхлэн, ХКН-ын гол цөм зорилт бол бүх Хятадын олон үндэстэн ард түмнийг эв нэгдэлтэй удирдан жолоодож, социалист орчин үеийн хүчирхэг улсыг иж бүрэн цогцлоон байгуулж, хоёр дахь 100 жилийн тэмцлийн зорилгыг хэрэгжүүлж, Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлыг Хятад маягийн орчин үеийн шинэтгэлээр урагшлуулах явдал мөн” хэмээн заажээ. 
Хятад маягийн орчин үеийн шинэтгэл нь хэд хэдэн онцлогтой ажээ.  ХКН-ын XX их хурлын илтгэлд дурдсанаар, энэ нь:
---“Хятад маягийн орчин үеийн шинэтгэл бол хүн амын цар хэмжээ асар том шинэтгэл мөн. Хятад улсын 1.4 тэрбум хүн ам нийт цогцоороо орчин үеийн нийгэмд алхан орж байгаа нь цар хэмжээгээрээ одоогийн хөгжингүй орнуудын хүн амын тооны нийлбэрээс давж байгаа бөгөөд урьд өмнө байгаагүй хүнд бэрх, нарийн төвөгтэй байдал, хөгжлийн зам болон урагшлах арга маяг нь өөрийн онцлогтой байх нь зайлшгүй. 
 
---Хятад маягийн орчин үеийн шинэтгэл бол бүх ард түмэн нийтдээ баян чинээлэг болох шинэтгэл мөн. Нийтээрээ баян чинээлэг болох нь Хятадын онцлогтой социализмын мөн чанарын шаардлага, түүнчлэн урт хугацааны түүхэн үйл явц мөн.  
 
---Хятад маягийн орчин үеийн шинэтгэл бол материаллаг болон оюуны соёл харилцан зохицсон шинэтгэл мөн. Эд баялаг элбэг дэлбэг, оюун санаа өвч дүүрэн байх нь социалист шинэтгэлийн язгуур шаардлага юм. 
---Хятад маягийн орчин үеийн шинэтгэл бол хүн хийгээд байгаль зохирч орших шинэтгэл мөн. Хүн хийгээд байгаль бол амь амьдралын цогц нэгдэл мөн бөгөөд байгаль дэлхийгээс хэмжээ хязгааргүй авч хүртэх, тэр ч байтугай байгалийг эвдлэн сүйтгэх аваас  байгаль дэлхийн хариу гэсгээлийг амсах нь гарцаагүй. Байгаль дэлхий болон экологийн орчныг нүдний цөцгий мэт хайрлан, үйлдвэрлэл хөгжсөн, амьдрал баян чинээлэг, экологийн орчин таатай сайхан соёл иргэншлийн хөгжлийн замаар замнаж, Хятадын олон үндэстний өнө мөнхийн хөгжлийг хэрэгжүүлнэ.
---Хятад маягийн орчин үеийн шинэтгэл бол энх тайванч хөгжлийн замаар замнах шинэтгэл мөн. Хятад улс нь зарим улс орнуудын дайн, колоничлол, булаан дээрэмдэх зэрэг арга маягаар шинэтгэлийг хэрэгжүүлж ирсэн тэр замаар явахгүй бөгөөд амин хувиа хичээж бусдыг хохироосон, цус урсгасан тэрхүү хор хөнөөлтэй хуучин зам нь өргөн олон хөгжиж байгаа орнуудын ард түмэнд асар их гамшиг бэрхшээл учруулсан юм. Бид түүхийн үнэний талд, хүн төрөлхтний соёл иргэншил, дэвшлийн талд тууштай зогсож, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хожих тугийг өндөрт өргөн, дэлхийн энх тайван, хөгжлийн дунд өөрийн улсын хөгжлийг эрэлхийлэхээс гадна, өөрийн улсын хөгжлөөр дэлхийн энх тайван, хөгжлийг сахин хамгаалах болно” хэмээн их хурлын илтгэлд дурджээ.
 
Эдгээрийг “Хятад маягийн орчин үеийн шинэтгэл”-ийн Хятадын 5 онцлог хэмээн нэрлэж байна.  
ХКН-ын XX их хурлын илтгэлд дурдсанаар, “Социалист орчин үеийн хүчирхэг улсыг иж бүрэн цогцлоон байгуулах ерөнхий стратегийн төлөвлөлт нь хоёр алхмаар хэрэгжих бөгөөд энэ нь: 2020-2035 онд социалист шинэтгэлийг үндсэнд нь хэрэгжүүлж, 2035 оноос энэ зууны дунд үе гэхэд Хятад улсыг баян, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эе зохиролтой, үзэсгэлэнтэй сайхан социалист орчин үеийн хүчирхэг улс болгон цогцлоон байгуулах” ажээ.  
“Шинэтгэлийг үндсэнд нь хэрэгжүүлсэн суурин дээр, цаашид зорин тэмцэж, энэ зууны дунд үе гэхэд Хятад улсыг улс орны цогц хүчин чадал болон олон улсад нөлөөлөх хүчин чадлаараа тэргүүлсэн социалист орчин үеийн хүчирхэг улс болгон цогцлоон байгуулах” зорилт дэвшүүлжээ. 
 
                            АРД ТҮМНИЙГ ДЭЭДЭЛСЭН БОДЛОГО
 
Эртнээс нааш, Хятад улсын төр улсыг засах үйл хэрэгт ёс суртлыг эрхэмлэх, төрийн хэргийг түмэн олны үйл болгох, засаглахуй нь иргэн олныг тэтгэхүйд орших, мэргэдийг сонгон, чадвартныг хэрэглэх, ард түмнийг алив бүхний тэргүүнд тавих зэрэг баялаг үзэл санаа уламжилж ирсэн түүхтэй юм.  
Эртний Хятадын их сэтгэгчдийн нэг Мэнз олон түмний сэтгэлийг олж, эгэл иргэнийг эш үндэс болгохын чухлыг сурган, "иргэн олон эрхэм зэрэг", "эгэл хүмүүн болбоос эрхэм чухаг гурван эрдэнийн нэг” болох тухай өгүүлсэн байдаг. 
 
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын XX их хурлын илтгэлдээ, урагшлах замдаа хатуу чанд баримталбаас зохих таван чухал зарчмыг онцлон дурдсан бөгөөд тэдгээр чухал зарчмын нэг нь “Ард түмнийг гол төв болгосон хөгжлийн үзэл санаа” юм. 
 
Илтгэлд шинэ аянд “Ард түмнийг гол төв болгосон хөгжлийн үзэл санааг баримтлах ёстой. Ард түмний язгуур эрх ашгийг сахин хамгаалж, иргэдийн амьжиргаа, сайн сайхан байдлыг сайжруулан, хөгжил нь ард түмний төлөө байх, хөгжил нь ард түмэнд түшиглэх, хөгжлийн үр шимийг ард түмэн хамтдаа хүртэх явдлыг тасралтгүй хэрэгжүүлэн, орчин үеийн бүтээн байгуулалтын үр шимийг илүү ихээр, илүү тэгш шударгаар бүх ард түмэнд хүртээх ёстой” хэмээн заажээ. 
“Эрин үе шалгаж, бид шалгалтад хариулж, ард түмэн дүнг нь тавьдаг” гэсэн үг байдаг.
 Эртний мэргэдийн нэгэн сургаалд “Улс орон болбоос иргэн олныг үндэс болгомуй, улс орон болбоос иргэн олны тулд тогтмуй” хэмээн сургажээ. 
Аливаа улс төрийн нам, аливаа засаглалын ирээдүй, хувь заяа нь эцсийн эцэст ард түмний сэтгэлийг олж чадсан эсэхээс шалтгаална. Гагцхүү ард түмэнд гүнзгий суурилж, ард түмнийг нягт түшиглэх аваас шавхагдашгүй эрч хүчийг олж, хүнд бэрхийг даван туулж, хөгжин урагшлах болно.  2021 онд Хятад улсын эдийн засгийн нийт хэмжээ 114.4 их наяд юань хүрч, даян дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хэмжээ 18.5 хувьд хүрчээ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 80.0 мянган юаныг давсан байна. Хөдөө тосгоны бараг 100.0 мянган ядуу бэрхшээлтэй хүн амыг ядуурлаас ангижруулж, үнэмлэхүй ядуурлыг арилгах хүнд бэрх зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн байна.   
ХКН-ын XX их хурлын илтгэлд “Гагцхүү ард түмнийг гол төв болгосон хөгжлийн үзэл санааг баримтлан, хөгжил нь ард түмний төлөө байх, хөгжил нь ард түмэнд түшиглэх, хөгжлийн үр шимийг ард түмэн хүртэх явдлыг баримтлах аваас, сая хөгжлийн зөв үзэл, шинэтгэлийн зөв үзэл болно” хэмээн заажээ. 
Ард түмнийг гол төв болгох хөгжлийн үзэл санаа нь хийсвэр, гүн чанадын үзэл ойлголт бус, харин ард түмний амьдралд, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд илэрч хэрэгжиж байх ёстой үзэл санаа гэдгийг судлаачид онцолж байна. 
 
ХКН-ын XX их хурлын илтгэлд “Бид ард түмнийг гол төв болгосон хөгжлийн үзэл санааг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, хүүхэд багачууд нь хүмүүжилтэй, хүн ард нь боловсролтой, хөдөлмөр хийж олдог, өвдөж зовбол эмчлүүлдэг, өндөр настныг тэтгэдэг, суух орон гэртэй, сул доройг нь өргөж туслах талаар хүчин чармайлт тавьж, ард түмний амьдрал бүх талаар сайжирч байна. Хүн амын жишсэн дундаж наслалт нэмэгдэж 78.2 болоод байна. Иргэдийн ашиглах боломжтой дундаж орлого 16500 юань байснаас 35100 юань болж нэмэгдэв. Хот суурины шинээр нэмэгдсэн ажил эрхлэлт жилд дунджаар 13 саяас дээш хүнээр өсөж байна. Дэлхий дээр цар хэмжээгээр хамгийн том боловсролын тогтолцоо, нийгмийн хамгааллын тогтолцоо, эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцоог буй болгож, боловсролын түгээлтийн түвшин түүхэн үсрэлт хийж, өндөр настны халамжийн суурь даатгалд 1.04 тэрбум хүн хамрагдаад байгаа нь эмнэлгийн суурь даатгалд хамрагдагсадын коэффициент тогтвортой 95 хувь болоод байна. Төрөлтийн бодлогыг цаг тухайд нь зохицуулж байна. 42.0 сая гаруй шавар бүрх байшинг шинэчилж, хөдөө тосгоны нурах аюултай 24.0 сая гаруй байшинг шинэчлэн, хот хөдөөгийн оршин суугчдын орон сууцны нөхцөл мэдэгдэхүйц сайжирч байна. Интернет хэрэглэгчдийн тоо 1.03 тэрбумд хүрээд байна. Ард түмэн, олон нийтийн хүртэх мэдрэмж, аж жаргалын мэдрэмж, аюулгүй байдлын мэдрэмж улам бүр мэдэгдэхүйц, улам бүр баталгаатай, улам бүр тогтвортой болж, нийтдээ баян чинээлэг болох явдал шинэ амжилтыг олоод байна” хэмээн онцлон дурдсан байна. 
Энэ бүхэн бол ард түмнийг дээдлэх, ард түмний сайн сайхан амьдралын төлөө хүсэл тэмүүллийг бодит хэрэг болгох бодлогын бодитой үр дүн юм. 
 
ХКН-ын XX их хурлын илтгэлд “Улс орон бол ард түмэн мөн, ард түмэн бол улс орон мөн. ХКН ард түмнээ удирдан, улс орноо байлдан олж, улс орноо сахин хамгаалж, ард түмнийхээ сэтгэл зүрхийг сахин хамгаалж байна. Улс орныг засахуйд тогтсон хууль журам байх боловч, олон түмэнд ашиг тустай байх нь язгуур үндэс нь болой. Ард түмэнд аз жаргалыг цогцлоох нь нийт олны төлөө намыг байгуулж, ард түмний төлөө эрхийг барих язгуур шинж чанарын шаардлага мөн. Хөгжлийн дунд ард иргэдийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулан, сайн сайхан амьдралыг цогцлоон бүтээх хамтын тэмцэлд зоригжуулан, ард түмний сайн сайхан амьдралын төлөө хүсэл тэмүүллийг тасралтгүй хэрэгжүүлэх ёстой” хэмээн дурджээ.  
 
    ДЭЛХИЙН УЛС ТҮМЭНТЭЙ ГАР ГАРААСАА БАРИЛЦАН,  ХҮН ТӨРӨЛХТНИЙ
                       ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙГ ЦОГЦЛООХ БОДЛОГО
 
ХКН-ын XX их хурлын илтгэлд “Хятад улс нь улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, улс орныг том жижиг, хүчтэй сул, баян ядуу гэж үл ялган, нэгэн адил эрх тэгш байх зарчмыг баримтлах бөгөөд улс түмний хөгжлийн зам болон нийгмийн байгууллыг өөрөө эзэн мэдэж сонгох явдлыг хүндэтгэн, аливаа хэлбэрийн жанжлах үзэл, хүчээр тулгах улс төрийг шийдвэртэй эсэргүүцэн, хүйтэн дайны сэтгэлгээ, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, давхар стандарт хэрэглэхийг эсэргүүцнэ. Хятад улс батлан хамгаалах шинжтэй улсыг батлан хамгаалах бодлого хэрэгжүүлэх болно. Хятад улсын хөгжил бол дэлхийн энх тайвны хүчний өсөлт мөн бөгөөд  хөгжлийн ямарч түвшинд хүрсэн гэсэн, Хятад улс хэзээ ч жанжлахгүй, хэзээ ч гадагшаа тэлэх бодлого явуулахгүй” хэмээн тов тодорхой заажээ. 
Эртний ном бичигт “Их ёс суртлыг эрхэм болговоос, төр улсын хэрэг түмэн олны үйлс болдог” хэмээн өгүүлсэн байдаг. Эрин үеийн туламдсан асуудалд зөв хариулт өгч, түүхэн зөв сонголт хийх нь дэлхийн улс түмний эрх ашиг хийгээд хүн төрөлхтний ирээдүйн хувь заяатай салшгүй холбоотой юм. 
 
ХКН-ын XX их хурлын илтгэлд “Дэлхий ертөнц дахин түүхэн замын уулзар дээр тулж ирээд байна. Аль замаар хаашаа явах нь дэлхийн улс түмний сонголтоос шалтгаална” хэмээн дурджээ. 
 
Хятад улс “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга” зэргийг дэвшүүлж, өнө бат энх тайван дэлхий ертөнц, бүх нийтийн аюулгүй дэлхий ертөнц, хамтдаа цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнц, нээлттэй, уужуу багтаамжтай дэлхий ертөнц, цэвэр ариун, үзэсгэлэнтэй сайхан дэлхий ертөнцийг хамтын хүчээр бүтээн байгуулахыг зорьж байна. 
  ХКН-ын XX их хурлын илтгэлд “Дэлхийн улс түмэн энх тайван, хөгжил, тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бадруулж, улс түмний харилцан ойлголцол, харилцан дотносолд тус дөхөм үзүүлж, дэлхийн соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэн, соёл иргэншлийн харилцаа солилцоогоор соёл иргэншлийн хол хөндий байдлыг даван туулж, соёл иргэншлийн харилцан хүртээлтэй байдлаар соёл иргэншлийн мөргөлдөөнийг даван туулж, соёл иргэншил зэрэгцэн орших байдлаар нэг соёл иргэншил бусдын дээр гарахыг даван туулж, даян дэлхийн шинжтэй янз бүрийн  сорилтыг сөрөн зогсохыг чин сэтгэлээсээ уриалж байна” хэмээн дурджээ.
 
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин их хурлын илтгэлдээ “Бид сорилтоор дүүрэн эрин үед оршиж байна, бас итгэл найдвараар дүүрэн эрин үед оршиж байна. Хятадын ард түмэн дэлхийн улс түмэнтэй гар гараасаа барилцан, хүн төрөлхтний илүү сайхан ирээдүйг цогцлоохыг хүсэж байна” хэмээн онцолжээ. 
ХКН-ын XX удаагийн Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүд Хятадын болон гадаадын сурвалжлагчидтай уулзах үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Бид дэлхийн улс түмэнтэй хамт энх тайван, хөгжил, тэгш байдал, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бадруулж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, дэлхийн хөгжилд тус дөхөм үзүүлж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг цогцлоох явдлыг цаашид урагшлуулах болно. Хятад улсын хөгжил дэлхий ертөнцтэй салшгүй холбоотой, дэлхий ертөнцийн хөгжил бас Хятад улсад шаардлагатай” хэмээн онцолсон байна.    
 
                                                         
М.Чимэдцэеэ ( Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, доктор, Хятад судлаач, орчуулагч)