sonin.mn
Манай улсын экспортод гаргаж байгаа боловсруулсан катодын зэсийн 83 хувийг “Ачит-Ихт” компани дангаараа эзэлдэг. Тиймээс боловсруулах үйлдвэрт тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх ямар гарц байгаа талаар“Ачит-Ихт” компанийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Ц.Ариунжаргалтай ярилцлаа.
 
-Хувийн хэвшлийн “Ачит Ихт” компани Монголоос анх удаа Лондон хотын металлын биржийн гишүүн болсон.Тус биржийн гишүүнээр элсэх шаардлага өндөр байдаг уу?
 
-Манай компани үйлдвэрлэлийн чиглэлээр, бүр тодруулбал катодын зэс үйлдвэрлэдэг.  Катодын зэсийн үйлдвэр ашиглалтад ороод ес дэх  жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд эрдэс баялгийг сорчлохгүй ашиглах зарчмыг баримтлан ажиллаж ирлээ. Боловсруулалтаас эцсийн бүтээгдэхүүнд шилжих, ингэхдээ дэлхийн жишигт хүрсэн үйл ажиллагаа эрхлэх алсын хараатай ажиллаж байна. Алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд өндөр ур чадвартай, мэргэжлийн инженер, ажилтнуудаас бүрдсэн бүтээлч хамт олон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангаж ажилладаг. Лондон хотын металлын биржид одоогоор Монгол Улсаас ганцхан манай “Ачит Ихт” компани гишүүнээр элсээд байна. Дэлхийн эрдэс баялгийн зах зээлийн хамгийн том бирж болох энэ байгууллага нь гишүүнээр элсүүлэхдээ манай компанийг гурван жил судалсан. Мөн олон өндөр шалгуур давж, тус биржийн гишүүн боллоо. Энэ нь манай үйл ажиллагаа, засаглал, ил тод байдал, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар олон улсын түвшинд хүрснийг илэрхийлж байгаа юм.
 
-Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд тус салбарынхан таван өдөр хуралдсан. Ямар үр дүн гарсан бэ. Тэр дундаа “Ачит Ихт” компанийн хувьд хэр ач холбогдолтой хурал болов?
 
-Уул уурхайн салбарынхан цуглаж нэгэн зууны ажлаа дүгнэж, амжилт бүтээлээ хуваалцахаас гадна тулгарч буй бэрхшээл болон тэдгээрийг хэрхэн давах тухай яриа, хэлэлцүүлэг өрнүүллээ. Манай компанийн хувьд Монгол Улсад үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл авсан анхны байгууллага учраас цаашид боловсруулах салбарт манлайлан  түүчээлэх зорилготой. Ийм зорилгын хүрээнд “Үүсмэл ордын ашиглалт” онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг УУХҮЯ-тай хамтран зохион байгуулж, туршлага хуваалцсан. Мөн Монгол Улсын өрсөлдөх чадвар, хууль, эрх зүй, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлын талаар илтгэл хэлэлцүүлснээс гадна бодлого боловсруулагч, салбарын зохицуулагч байгууллагуудтай хамтран олон чухал сэдэв хөндсөн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Түүнчлэн боловсруулах салбарт олж авсан туршлагаа бусадтайгаа хуваалцсан нь бидний хувьд ч цаашдын хөгжилд хөг нэмсэн ажил  байлаа.
 
-Манай улсын экспортод гаргаж буй түүхий эдийн 1.1 хувийг боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг. Боловсруулах салбар төдийлөн сайн хөгжөөгүйг үүнээс харж болохоор байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд боловсруулах салбарын өнөөгийн дүр зургийг хэрхэн тодорхойлох вэ?
 
-Энэ салбарт асар их нөөц, боломж бий. Бодлогын хувьд тогтвортой, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх бас татварын бодитой дэмжлэг шаардлагатай санагддаг. Өнгөрсөн жилүүдэд АНУ-Хятадын худалдааны дайн, COVID-19 цар тахал, Орос-Украины хурцадмал асуудал гээд олон улсын нөхцөл байдал урьдчилан таамаглах боломжгүй болж байна. Ийм үед монголчууд дотроо эвтэй байж энэ чухал салбараа улам хөгжүүлээсэй гэж боддог.
 
-Экспортод гаргаж байгаа боловсруулсан катодын зэсийн бүтээгдэхүүний 83 хувийг “Ачит-Ихт” компани дангаараа эзэлж байна. Тиймээс боловсруулах салбарын үлгэр жишээ гэж танай компанийг ярьдаг. Түүхий эдээ боловсруулж гаргах арга барил болон давуу талын талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
 
-Боловсруулсан гэдэг нь Монголдоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдэг баталгаа болж байна. Өмнө нь хилийн чанадад боловсруулдаг байсан бол өнөөдөр дотооддоо, эх орондоо боловсруулснаар олон зуун ажлын байрыг шууд ба шууд бусаар бий болгож байна. Мөн татвар, төлбөр нь улсдаа шингэж байна. Мэдлэг, инновац, нөү-хау нь Монголд нутагшиж өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойоор бие даан хөгжиж байна. Гидрометаллургийн аргаар боловсруулсан зэс нь эрчим хүчинд хэмнэлттэй учраас “ногоон зэс” гэж нэрлэдэг. Анх үйлдвэрийг ашиглалтад оруулах, тохируулга, зүгшрүүлгийг хийхэд гадны өндөр ур чадвар, мэдлэгтэй мэргэжилтэн, шинжээчдийг ажиллуулж, өөрсдийн ажилтнаа сургаж, дадлагажуулж авснаар өнөөдөр үйлдвэрийг 100 хувь монгол инженер, ажилчид амжилттай ажиллуулж байна.
 
-Олборлолтоос боловсруулалтад шилжинэ гэж Засгийн газар зарласан. Ер нь боловсруулах үйлдвэрийг цогцоор нь  хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?
 
-Төр, засгийн зүгээс “олборлолтоос боловсруулалтад” шилжих бодлого, шийдвэр нь цаг үеэ олсон, зайлшгүй шаардлагатай алхам гэж бодож, дэмжиж байна. Энэ бодлого амьдрал дээр биеллээ олоход цахилгаан эрчим хүчний найдвартай, тасралтгүй хангамж үнэхээр чухал. Үүнээс гадна хууль эрх зүйн орчин энгийн, ойлгомжтой,тогтвортой байх нь нэн тэргүүний зорилт гэж бодож байна. Мөн гаргасан хууль тогтоомжоо хууль тогтоогчдоосоо эхлээд бүх шатанд мөрддөг, хэрэгжүүлдэг байвал сайн.
 
-Уул уурхайн компаниуд бүтээг­дэхүүнээ боловсруулж зах зээлд гаргахад саад болж байгаа хүчин зүйлсийг хэрхэн тодорхойлох вэ?
 
-Манай улсад татварын ачаалал харьцангуй өндөр байна. НӨАТ, АМНАТ зэргийг давхардуулж өгдөг байдлыг өөрчилбөл олон үйлдвэр ашиглалтад орох боломжтой. Төгрөгийн ханш хэлбэлздэг, тогтворгүй байгаа нь том бэрхшээл болдог. Роялтитай холбоотой асуудал байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрдэс баялаг ашигласныхаа төлөө эзэнд нь буюу төрд төлдөг татварыг “royalty” гэдэг. Энэ нь дэлхий нийтийн жишиг. Гэтэл 2019 оноос хойш АМНАТ-ыг олборлосон, боловсруулсан дараагийн хоёр дахь, гурав дахь компаниуд нь давхар төлөх эрсдэл үүссэн. Ийм тохиолдолд  Монгол Улсад боловсруулах салбарын тухай бодож төсөөлөхөд хэцүү байна. Мөн боловсруулах салбарын том төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил хамтарч ажиллах хэрэгтэй. Боловсруулах үйлдвэрүүдийн зарим нь химийн бодис, тодорхой түүхий эд болон тоног төхөөрөмжөө гаднаас импортолдог. Ханшны алдагдал, тээврийн өртөг үнэхээр өндөр. Ийм нөхцөлд үндсэн хөрөнгө худалдан авсан НӨАТ-ыг нь буцаан олгож дэмжлэг үзүүлмээр байгаа юм. Эсвэл импортын татвар төлөлтийг хойшлуулах ч юм уу, хөнгөлөх ч юм уу, ямар нэг байдлаар дэмжихгүй бол Монголын компаниуд хямд өртөг зардал, санхүүжилтийн эх үүсвэртэй гадаадын үйлдвэрүүдтэй өрсөлдөхөд тун хүнд байна.
 
-“Ачит-Ихт” компани  “Олборлолтоос боловсруулалтад, боловсруулалтаас бүтээгдэхүүнд” уриагаар юу илэрхийлэхийг зорьж байна вэ. Уриагаа хэрэгжүүлэхэд төрийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ?
 
-Бид зөвхөн катодын зэс үйлдвэрлээд зогсохгүй, цар хүрээгээ өргөтгөн дараагийн шатны үйлдвэр болох нунтаг төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороход дэмжин ажиллаж, бусад төмөрлөгөөс нунтаг гаргах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр ажиллаад эхэлсэн. Бидэнд хангалттай туршлага, нөү- хау шингэсэн мэдлэг, чадварлаг хүний нөөцийн баг байна. Төр үйл ажиллагааны чиглэлээр олгодог тодорхой зөвшөөрөл, төлөвлөгөө батлах, тайлан хүлээж авах зэрэг ажлуудыг давхардалгүй түргэн шуурхай зохицуулж өгч эрсдэлийг бууруулдаг болоосой гэж хүсдэг.
 
-Боловсруулах салбарыг хөгжүүлэхэд танай компани ямар санал санаачилга дэвшүүлж байгаа вэ. Мөн та бүхэнд тулгарч байгаа бэрхшээл, сорилт гэвэл юу байна?
 
-Зэс нунтгийн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа. Гэвч гэрээгээр ашиглаж байгаа нөөц  шавхагдан дуусаж байгаа тул нөөцийг өсгөх тал дээр дэмжлэг хэрэгтэй байна. Бид салбарын хөгжлийнхөө төлөө төр ба бусад үйлдвэртэй хамтран ажиллахад бэлэн байгаа.
 
-Боловсруулах үйлдвэрүүдээ төрөөс дэмжсэнээр ямар эерэг өөрчлөлтүүдийг Монгол Улсад бий болгох вэ?
 
-Экспортын үйлдвэр нэмэгдсэнээр гаднаас орж ирэх орлого буюу валютын урсгал нэмэгдэнэ. Үүнээс гадна техник технологийн асар их мэдлэг туршлага хуримтлагдана. Манай улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар эрс сайжирч, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гарна гэсэн үг. Үүнийг дагаад гинжин үндэсний үйлдвэрлэлүүд бий болж экспортын нэр, төрөл зүйл олширч, түүхий эдийн үнийн савлагаа,  циклийн нөлөөлөлд бага автаж зах зээл өргөжинө. Түүхийгээр нь гаргаж байсан эрдэс баялаг дотоодоо үйлдвэрийн түүхий эд болсноор эцсийн бүтээгдэхүүн болж зах зээлд нийлүүлэгдэх боломжтой болно. Ингэснээр хөдөлмөр эрхлэлт, ажлын байр шууд болон шууд бусаар нэмэгдэнэ. Мөн нөү-хау нутагшуулснаар хүний нөөцийн ур чадвар өндөр хөгжинө. Уул уурхайн салбарт ажилладаг хүн өөр салбарт шилжин ажиллахад төвөгтэй байдаг бол судалгаанаас харахад боловсруулах үйлдвэрт ажилладаг ажилтны хувьд бусад салбарт шилжиж ажиллах чадвартай, мэдлэгтэй болдог.
 
-”Ачит-Ихт” бол үүсмэл орд ашигладаг том төлөөлөл. Үүсмэл ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн хугацааг ТЭЗҮ-ийн хугацаатай уялдуулан олгодог эрх зүйн орчин бий болгох шаардлагатай талаар “Үүсмэл ордын ашиглалт” онол, практикийн хуралдаан дээр оролцогчид ярьсан. Энэ мэт үүсмэл ордын салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт хэрэгтэй вэ?
 
-Энэ төрлийн үйлдвэрүүдийн хувьд судалгаа, хөгжүүлэлт, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, хаалт гээд мөчлөг нь урт байдаг. Уул уурхай нь эрсдэлтэй салбар учир хөрөнгө оруулагчид их болгоомжтой ханддаг. Иймд хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд тусгай зөвшөөрөл нь өөрөө баталгаатай, найдвартай, урт хугацаатай байх нь зүйтэй гэж үздэг.
 
-Танай компанийн удирдлага болоод ажилтнуудын ихэнх нь эмэгтэйчүүд гэж сонссон.Эмэгтэйчүүдийн ажиллах арга барилын давуу талыг та хүний нөөцийн хувьд хэрхэн тодорхойлох вэ?
 
-Удирдлагын түвшинд эмэгтэйчүүд олонтой. Ер нь бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог тэнцвэртэй хангахад анхаардаг. Эмэгтэй хүмүүс ажилдаа илүү хариуцлагатай, нямбай ханддаг. Мөн ажлын байрны эмх цэгц, аюулгүй байдлыг хангахад түлхүү анхаардаг санагдсан. Нөгөө талаас олон улсад удирдлагын түвшинд хүйсийн тэнцвэрийг зөв хангаж чадвал эрсдэл бага, үр дүнтэй гэсэн судалгаа байдаг нь эмэгтэйчүүд нийгмийн асар том хөдөлгөгч хүч болсны илрэл болж байна.Манай хамт олон их найрсаг, бүтээлч, аливаад сэтгэлээсээ ханддаг. Тэр ч утгаараа компанийн үнэт зүйл нь манай ажилтнууд байдаг бөгөөд бид хамтдаа суралцаж, хамтдаа өсөж, хөгжих бодлого барин ажилладаг.
 
-Тантай уулзсаных нэг зүйл тодруулъя. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрдэнэтийн овоолгыг төрд авах тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Зарим гишүүд энэ тогтоолыг зөвхөн танайд зориулж санаачилсан гэх хардлагыг илэрхийлж байсан. Эрдэнэтийн 34 хувийг өгөхгүй байгаа гэсэн утгатай зүйл ярьсан. Энэ ямар учиртай вэ?
 
-Энэ  нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан үүсмэл ордын эрх зүйн харилцааг Улсын Их Хурлын гишүүн “Тогтоол” санаачлаад хуулийг өөрчлөх гээд  байна уу гэж харж байна. Мөн дөнгөж хөгжих гэж буй боловсруулах үйлдвэрийн салбарыг  хөл дээр нь босгохгүй унагах үйлдэл болчих вий гэж санаа зовж байна. Үүгээрээ маш олон хүний ажлын байр, амьдралын баталгааг хөндөж, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулалтыг үргээсэн Монгол улсын боловсруулах үйлдвэрийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх аюултай.
 
Энэ тогтоол нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа 2050” болон тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай нийцэхгүй  харагдаад байна.  Мөн Монгол Улсын Үндсэн хуульд хувийн өмчийг ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт бий.
 
Асар их эрсдэл гаргасан төслүүдийг сонгууль угтсан улс төржилтийн уршгаар унагаад байвал Монгол Улс маань л хөгжихгүй, хохирох байх даа. Хүндэлж явдаг УИХ-ын гишүүн маань чуулганы танхимд дэндүү худал мэдээлэл өгч, бусдыг гүтгэж суугааг харахад маш харамсалтай санагдсан.
 
 
Б.Од
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин