sonin.mn
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаад МҮИС-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Мөнхбатыг урилаа.
 
 
 
100 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ ЯРИГДАНА
 
 
-Хоёулаа шууд уншигчид таны хариултыг хамгийн их сонирхож байгаа хэсгээс ярилцлагаа эхэлье. Л.Энх-Амгалан сайд танаас албан ёсоор уучлал гуйсан уу. МҮИС-ийн нэр хүндэд халдлаа гэсэн шүүхийн шийдвэр гараад нэлээд удлаа?
 
-Бид Монголын үндэсний их сургууль гэсэн нэрийг 2001 оноос авч явж байна. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд манай хамт олон МҮИС гэсэн нэрийг хөгжүүлж дэлхий даяар түгсэн маш үнэ цэнтэй брэнд болгосон. Дотоод, гадаадад харилцаа хамтын ажиллагаа маш өндөр түвшинд хүрсэн. Тийм ч учраас манай сургуулийг Монголын хамгийн том их сургууль гэж ард түмэн хүлээн зөвшөөрч, мэддэг болсон байна. Ингэж үнэ цэн, брэнд бий болж дэлхийн хэмжээнд хөгжих тусам булаацалддаг асуудал бий болж, У, Ү үсгэн дээр дөрөөлж байна. Монголчууд У, Ү үсгээ ялгахгүй байгаа юм шиг, эсвэл улс гэсэн үгнээс үндэсний гэдэг нь том учраас үндэсний гэдэг үгийг авах ёстой гэх байдлаар янз бүрийн л учир утгагүй асуудал яригдаж ирлээ. Нэр гэдэг бол улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаад давхцалгүй бол олгодог. Олгосноос хойш өөрчлөх эсэх нь тухайн нэрийг эзэмшигч байгууллагын бүрэн эрхийн асуудал болохоос хэн нэгэн хувь хүн, байгууллагын дураараа шийддэг зүйл биш л дээ. Бид МҮИС нэрийг авснаас хойш олон удаа шалгуулсан. Улсын бүртгэлийн байгууллагаар удаа дараа шалгуулж шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Мөн ШӨХТГ, Төрийн хэлний зөвлөлийн албан ёсны баримт бичиг бий. Энэ болгон дээр МУИС, МҮИС гэсэн нэр ямар ч давхцалгүй. Маргах шаардлагагүй гэдгийг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэгэнт төр бидэнд олгосон дэлхийд цор ганц нэр шүү дээ.
 
Салбарын сайд маань жилийн өмнө манай сургуулийн нэрийн талаар ярихдаа “Хулгай хийсэн нэрийг буцааж авна” гэсэн. Энэ нь сургуулийн ажил хэргийн нэр хүндэд халдсан байна гэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарч яамыг биднээс уучлал гуйхыг даалгасан. Одоогийн байдлаар уучлаарай гэж хэлээгүй байна. 
 
-Тэгвэл У, Ү үсэгнээс болж яг хэн хохироод байна вэ. Тухайлбал, салбарын сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор танай сургууль хохирсон уу?
 
-Наад захын жишээ нь манай оюутнуудын бичсэн шинжилгээ судалгааны ажил, оролцсон бүх тэмцээн уралдаан, диплом МҮИС-ийн нэрээр явж байна. Үүнээс гадна бид маркетингийнхаа зардалд жил бүр тэрбум гаруй төгрөг зарцуулдаг. Зөвхөн ингэж тооцвол байгууллага дээр 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдана. Мөн 20 гаруй мянган төгсөгч, одоо сурч байгаа 10 гаруй мянган оюутны хувь заяа, сургуульд ажиллаж байгаа эрдэмтэн багш нар, нэр хаягжилт, ном хэвлэл гээд тооцоод байвал маш өндөр хохирол гарна. Гэтэл “Ү” үсгийг авснаар хэнд ашигтай вэ гэдэг ямар ч утгагүй асуудал.
МУИС гэсэн 80 жилийн түүхтэй нэрийг 20 гаруй жилийн түүхтэй МҮИС гэсэн нэрээр солих гээд байгаа юм уу. МУИС-ийн нэр МҮИС-ээс юугаараа дор ороод байгаа юм гэдгийг үнэндээ ойлгохгүй байна. Тэгвэл солиод МУИС гэсэн нэрийг бидэнд өгье гэвэл сайхан л нэр гэж бодож байгаа. Гэхдээ нэр авч өгөлцсөнөөр ямар ч үр дүн гарахгүй. 
 
 
-Оюутнууд МУИС, МҮИС хоёрыг андуурч элсэж ороод байна гэдэг. Дотооддоо ялгаж болох ч гадаад хамтын ажиллагаан дээр танай сургуулийн нэрийг Монголын хамгийн том улсын сургууль гэж андуурагдаж ойлгож байна гэсэн шүү дээ?
 
-Манай сургуулийн оюутнууд МҮИС нэрийг сонгож орж ирсэн. Үндэсний гэдэг үг бол үндэс гэсэн язгуураас үүдэлтэй тодотгол шүү дээ. Гэтэл үндэсний гэдэг нь улсаасаа “том” юм бол улс мод, цэцгийн үндэснээс улс гүрэн гэсэн илэрхийлэл  дор ороод байгаа юм уу. МҮИС гэсэн дөрвөн үг нийлж байж брэнд болж байгаа. Үг, үсэг хүртэл уралддаг болчихвол яруу сайхан монгол хүний утга учир, мөн чанар алдагдана.
 
Монгол Улсын гэдгийг “state” гэж орчуулж төрийн өмчийн гэж ойлгодог. Тиймээс нэрэн дээр андуурдаг дотоодын битгий хэл гадаадын нэг ч хүн байхгүйг хариуцлагатайгаар хэлье. Харин ямар нэг байдлаар хувийн ашиг сонирхлынхоо төлөө булааж авах гэж байгаа хүмүүс л элдвээр яриад байгаа хэрэг.
 
Мөн улсын болон хувийн гэсэн ялгаатай. Сургуулийн нэр, лого,бичилт, байршил бүх зүйл өөр. МҮИС улаан цэнхэр бол МУИС цайвар цагаан цэнхэр өнгөтэй. Андуурагдах ямар ч боломжгүй. У, Ү үсгийг андуураад орж ирдэг хүүхэд гэж энэ цаг үед байхгүй. Ер нь у, ү үсгийг андуурна гэвэл уул, үүл, хоёрыг яах вэ, ус, үс хоёрыг бас андуурах уу гэдэг асуудал л даа.
Бидний хувьд нэрийн асуудлаар дотооддоо маргалдаж, төр хувийн хэвшил рүүгээ дайрч байгаа нь олон улсад муухай харагдуулж байгаа юм. Нэгэнт олгоод 20 гаруй жил болсон нэрээ гэнэт нэг өдөр булааж авна гэдэг байж болшгүй л зүйл. Монголчууд хөрөнгө оруулагчдаа итгэх нь битгий хэл үсгээ хүртэл буцаагаад авчих юм биш үү гэдэг ойлголт төрж байна. Манай нэрийн талаар гадна, дотнын хамтрагчид өчнөөн олон хүн сонссон байна лээ. Саяхан, ОХУ-ын Элчин сайдтай уулзахад “Танайх чинь яамтайгаа нэрийн асуудлаар маргаад байгаа сургууль уу” гэж асуусан. Энэ мэтээр бид их эвгүй байдалд орж байгаа. Үг үсэг буцааж авах үгүй нь хамаагүй, ийм яриа гарч байгаа нь ямар ч утга алга. Тиймээс хууль журам гэж байдаг бол нэрийн асуудлыг нэг мөр цэгцлэх ёстой.Дахиж ийм утга учиргүй асуудал гарахгүй байх ёстой.
 
-Яам бол үндэсний гэдэг үгээ заавал буцааж авна гээд байгаа. Та ч бас сая “Цэгцлэх ёстой” гэж яриандаа хэллээ. Төрийн байгууллагууд нь МҮИС-ийн бүртгэлийг хууль зөрчөөгүй гэж үзсэн юм байна. Магадгүй зөвшилцлийн ширээний ард сууя гэвэл та ямар шийдэл санал болгох вэ?
 
-Бид зөвшилцөхийг уриалж байгаа. БСШУ-ны сайд бидэнтэй ярилцъя гэвэл татгалзах зүйлгүй. Соёлт нийгэмд хэлэлцэж ярилцаад асуудлаа шийдвэрлэх нь зүй. Харин хууль ёсны дагуу өдийг хүртэл явж ирсэн хор холбогдлыг нь хэн төлөх вэ. Эцэстээ хэн хожиж, хэн хохирох вэ гэдэг л асуудал. Дахиад хэлье энэ нэрийг авах нь хэнд ч хэрэггүй, утгагүй зүйл. Манай сургуулийн жишээнээс харвал, цаашид брэнд гэж зүйл Монголд бий болох уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Аль нэг брэндийн нэр итгэл үнэмшил төрүүлдэг учраас үйлчлүүлдэг. Ийм үнэ цэнийг бүтээж, бий болгосон брэндийг зүгээр нэг үг, үсэг шиг ойлгож болохгүй. МҮИС гэсэн боловсролын салбар дахь оюуны брэндийн тухай ярих ёстой. Тиймээс салбарын сайдыг ч бас 25 жил бүтээсэн оюуны брэндийг маань яриасай, ийм байр сууринаас хандаасай гэж хүсэж байгаа.
 
-Яам дахиад шүүхэд хандаад эцсээ хүртэл явна гэвэл...?
 
-Мэдэхгүй юм. Эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг хуультай нь үнэн. Үнэндээ ийм утгагүй асуудлаар удаан маргахаас залхаж байгаа. Өөр нэр өгсөн байсан ч манай хамт олон өдийд яг л МҮИС шиг дэлхийд танигдсан брэнд болгож чадсан байх болно. Үүнд эргэлздэггүй. Өөр олон ч брэндийг бий болгож яваа хүчирхэг хамт олон. Уг нь шүүхээр нэг мөр шийдэгдсэн асуудал шүү дээ.
 
 
 
БИД ДОТООДДОО ӨРСӨЛДДӨГГҮЙ. ДЭЛХИЙН АМЖИЛТТАЙ ИХ СУРГУУЛИАС СУРАЛЦАЖ, ХӨГЖДӨГ
 
 
-Таны ярианаас олон улсын тавцанд өрсөлдөх том амбицтай хувийн сургууль гэж ойлголоо. Гадаад дотоодын 10 гаруй мянган оюутныг дэлхийд өрсөлдөх мөрөөдөлтэй болгох бааз суурийг хэрхэн бүрдүүлэв. Инновац хөгжлийн төвөөр ороход анхаарал татлаа?
 
-Бид дотооддоо өрсөлддөггүй. Тийм сонирхол ч байхгүй. Боловсрол даяаршсан учраас дэлхийд гарах, боловсролын экспортыг бий болгож валют оруулдаг. Сургалт, эрдэм шинжилгээ судалгааны аялал жуулчлалыг хөгжүүлж улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах том амбицыг агуулж байна. Тийм ч учраас сүүлийн үед дотоодын их сургуулиудтай өрсөлдөхөөс илүү дэлхий рүү олуулаа гарахыг уриалж байгаа. Боловсролыг МҮИС-д үү, эсвэл Харвард, Стэнфордод эзэмших нь нээлттэй болсон нийгэмд амьдарч байна. Жишээлбэл, Хятадад хэдэн арван жилийн өмнө л сургуулиуд нь тийм ч хүчирхэг байгаагүй. Гэтэл 20-30 жилийн дотор дэлхийн топ-100 сургуульд 10 гаруй нь багтдаг боллоо. Нийтээр дэлхий рүү харж, тэмүүлж байгаа цаг үед бид ч гэсэн хөгжлөөс хоцормооргүй байна. Энэ чиглэлд салбарынхан маань сайдаасаа эхлээд оюун ухаан, мэддэг чаддаг бүхнээ зориулаасай. Энэ зорилгын төлөө боловсролд зүрх сэтгэлтэй хэн бүхэнтэй хамтарч дэлхий рүү гарахад бэлэн гэж хэлмээр байна. Ярилцаад, ойлголцоод, зөвшилцөөд явахгүй бол Монголын боловсролын талаар таагүй мэдээлэл гадагшаа тархах тусам эцэстээ Монгол л хохирно. Тиймээс боловсролын талаар дуугардаг хүн бүхэн арай өөрөөр сэтгэж, харж явах юмсан гэсэн бодолтой явдаг.
 
Их сургууль бол залуучуудыг төлөвшүүлэхээс гадна боломж бий болгох, тэр боломжоо олгох ёстой гэж ойлгодог. Тиймээс манай сургуулийн оюутнууд өрөө болгондоо гал тогоо, шүршүүр, ариун цэврийн өрөөтэй цогцоор нь зохион байгуулсан орон сууцанд амьдардаг. Энэ нь сурч амьдрахад тав тухтай байдлыг бий болгодог гэж хэлж болно. Нөгөө талаас Инновац хөгжлийн төвөөр дамжуулж өөрийн гэсэн гарааны компани, бизнес, технологитой байх боломжийг олгодог. Номын сан 24 цагаар ажиллах зэргээр сургуулийнхаа орчинд сурах арга барилыг бүгдийг нь багтааж өгдөг. Номын сан зөвхөн уншдаг газар байсан бол мэтгэлцдэг, сонсож, сууж сурдаг, сурч мэдсэнээ ярилцдаг газар болж хувирч байна.
 
 Их сургууль бол хүний хөгжлийн газар гэдэг утгаараа оюутан залуучуудад магадгүй ирээдүйн амьдралынх нь баталгаа болсон боломжийг бий болгохыг зорьсон ур чадварыг олгож байгаа. Энэ талаараа дотоодын их сургуулиудаас хөгжлөөрөө арай өөр түвшинд очсон гэдэг нь харагдах байх. Өөрөөр хэлбэл, дотоодын их сургуулиудыг дуурайдаггүй. Зөвхөн дэлхийн амжилттай их сургуулиас суралцаж, тэнд хийгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн боломж технологиуд дээр суурилж хөгждөг. Ийм л хөгжлийн концепци, технологи, зорилготой хамт олон болж бэхэжлээ.
 
Оюутнууд мөрөөдөлтэй, зорилготой, бизнестэй болоод төгсөж байна. Мэргэжил сонголтоо ч олон улсын хандлага руу чиглүүлж гадаадад хамгийн үнэ цэнтэй ажиллах боломжийг байнга эрэлхийлж ирлээ.
Манайх анагаахын сургуулийнхаа дэргэд 400 ортой нэгдсэн эмнэлэгтэй. Ковидын үед 800 гаруй ор дэлгэж улс орондоо туслалаа. Олон ч сайшаал магтаал хүртлээ. Энэ мэтээр суралцахаас гадна практикаа хослуулж, гадаад хэлийг эх хэл шигээ сургахад анхаарч байна. Анагаахын сургууль гэхэд Стэнфордын агуулгаар хичээлээ явуулж, тогтмол хянуулж шалгуулдаг. Сувилагчаар төгссөн бол Японд очоод мэргэжлээрээ ажиллах зэргээр гадаадын компаниудтай гэрээ хийж, тэдний тавьдаг шаардлагын дагуу боловсон хүчнээ бэлтгэж, мэргэжлээрээ ажиллах боломжийг бий болгож өгч байгаа нь давуу тал болдог. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монголд биш гадаадад мэдлэг мэргэжлээрээ тэнцэх боловсон хүчнийг бэлтгэх том зорилго дор ажиллаж байна. Манай сургууль 700 гаруй эрдэмтэн багштай. Багш нар маань дотооддоо ажиллахаас гадна гадаадад очиж суралцаж, магистр доктороо хамгаалж байна. Зарим нь гадагшаа явж эрдэм шинжилгээ судалгааны ажлаа хийж байгаа. Энэ ч утгаараа гадаад, дотоодын олон эрдэмтэн докторууд зочин багшаар ажилладаг.
 
 
 
БОЛОВСРОЛООР ДАМЖУУЛЖ СОЁЛ, ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ГАРЦЫГ ДЭЛХИЙД ГАРГАЖ БОЛНО
 
 
-Цааш нь хийдэг цаасан дипломоос илүү бодит амьдрал дээр ямар хандлагатай иргэнийг бэлтгэх вэ. Өнөө үед хандлагыг ажилд авч ур чадварыг эзэмшүүлнэ гэдэг боллоо?
 
-Их сургууль гэж ямар газар юм бэ гэдгийг бодох ёстой. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орж ирэнгүүтээ аливааг ухаж ойлгодог, өөртөө хэрэгцээтэй мэдлэгүүдээ олж авах аргыг сурдаг. Үүн дээр нэмээд төлөвшдөг орон зай. Цаг баримтлахаас эхлээд биеэ авч явах, харилцаа, шударга өрсөлдөөнд төлөвшдөг. Монголчууд бол хөвгүүд яах вэ хар бор ажил хийж болно гээд охидоо дээд боловсрол эзэмшүүлдэг ард түмэн. Эмэгтэйчүүд боловсролтой байхыг эрхэмлэдэг учраас илүү төлөвшсөн, аль ч салбарт амжилттай, харилцаа хандлага зөв байна. Гэтэл төлөвшчихсөн сэхээтэн эмэгтэйчүүд маань эргээд төлөвшөөгүй эрчүүдтэй нэг гэрт амьдрахаар юу болох вэ. Гэр бүлийн хүчирхийлэл, салалтын шалтгаан энэ байж мэдэх. Тиймээс их сургуулийг зөвхөн сурахаас гадна төлөвшдөг, хөгждөг, амьдрах арга ухаан, мэргэжлийн ур чадвар олгох үүднээс нь арай өөр өнцгөөс харах болсон байна. Дэлхий нийт ч ямар боловсрол, төлөвшилтэй хүн бэ гэдгийг хардаг болсон.
 
Их сургууль амьдралынхаа гараан дээр зогсож байгаа залуучуудын орчин шүү дээ. Тиймээс хариуцлага үүрэх чадвартай хүмүүсийг бэлтгэдэг байх ёстой. Мансууруулах бодисны хэрэглээ ихэслээ, залхуурал, ажилгүйдэл нэмэгдлээ гэж ярьж байна. Энэ асуудлууддаа хамтарч ширээний ард сууж гарц гаргалгааг нь ярихгүй бол ирээдүйд улам хүнд байдалд орж мэднэ. Төр, эрдэмтэн багш нар ярилцах цаг болсон гэж ойлгож байгаа.
 
Залуучууд маань төрийн албанд орохоос илүү олон улсын тавцанд үе тэнгийнхэнтэйгээ өрсөлддөг байгаасай. Залуустаа энэ мөрөөдлийг суулгахын тулд их сургууль хэр хэмжээндээ зүтгэж байна. Гэтэл өрсөлдөгчид маань гадаадад хэдэн мянган га газар дээр бааз сууриа байгуулж, улс орон нь хэдэн тэрбум ам.долларын төсөл өгч дэмжиж байна. Улс орон нь ингэж дэмждэг, нэг зүгт хардаг учраас зарим нь дэлхийн удирдагчдыг сургадаг газар болчихлоо. Боловсролоор дамжуулж өөрсдийнхөө соёл, технологи, эдийн засаг, худалдааны гарцыг дэлхийд гаргаж байна. Монгол Улс ч гэсэн их, дээд сургуулиудаа яг ингэж хардаг болоосой гэж хүсдэг. Их сургууль зүгээр нэг ном уншдаг газар биш Монголын соёлыг дэлхийд түгээдэг, Монголын боловсролоор дамжуулж худалдаа эдийн засгийн боломжийг бий болгодог газар гэж хараасай гэж хүсэж байна. Залуучууддаа итгэх ёстой. Тэгж байж улс орондоо орлого оруулдаг хөдөлмөрч, оюунлаг хүн ардыг бий болгоно. Ингэж чадвал ард түмнээ огт өөр зүйлд хандуулдаг улс орон болох цаг ойрхон байх аа.
 
 
 
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ОРЧИН ТОДОРХОЙГҮЙ, ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА
 
 
-Сургуулийн нэрийн маргаан дуусаагүй байтал Дугуй цагааны тохижилттой холбоотой асуудал дэгдэж та олны анхаарлын төвд орж ирлээ. Олон нийт таныг салбарын сайд, Хотын дарга хоёртой “үзэлцээд” байна гэж харж магадгүй. Хотын даргатай учраа олсон уу?
 
-Ойлголцсон гэж хэлж болно.
 
-Танай компанийн өмчлөлийн шавар гэрүүдийг нэг л өглөө хотын захиргаанаас нураасан. Нөхөн төлбөр яригдсан уу?
 
-Олон нийт харсан. Байгууллагын, хувийн өмчид халдсан нь буруу жишиг тогтоох вий гэдгийг нийтээрээ ойлгосон байх. Хийж бүтээж байгаа бол хуулийн дагуу шийддэг нийгэм байгаасай гэж хүсэж хууль эрхзүйт төрийг үндэслэн байгуулсан. Бүгд хуулийн дор амьдрах учиртай.
 
Хотын даргатай уулзсан. Нэгэнт гарсан алдааны араас уйлж унжих биш зөвшилцөөд явах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Зарим нэг асуудал хууль шүүхийнхээ журмаар шийдвэрлэгдэх байх. 
 
-Дугуй цагааны тэр хөндийд яг юу баригдах, ямар орчин бүрдүүлэх юм бэ. Тэр нь улс оронд ямар өгөөжтэй байх вэ?
 
-Эрдэм шинжилгээ судалгааны аялал жуулчлал хөгжүүлэх буюу судалгаанд суурилсан их сургуулийн кампус байгуулах зорилттой ажиллаж байгаа. Төсөл бүрэн хэрэгжвэл гадаадаас маш олон технологи оруулж ирнэ. Эрдэм шинжилгээний чиглэлээр судлаачид орж ирж хамтран ажиллаж Монголын хөгжилд хувь нэмрээ оруулна. Ер нь боловсролтой чадалтай хүн болгон бидний байгуулах эрдэм шинжилгээ судалгааны төвийг зорьж өөрийгөө хөгжүүлэх боломжтой орчин үеийн хүний хөгжлийн газар болно гэж төсөөлж байгаа. Яг л энэ загвараараа ажлаа төлөвлөөд явж байна.
 
-Таны хувьд 30 гаруй жилийн өмнөөс бизнес хийж эхэлсэн. Үзэж туулсан замналаасаа харахад тэр үеийн бизнесийн орчныг өнөөгийнхтэй харьцуулахад ямар санагдаж байна вэ?
 
-1990-ээд онд анх гадаад зах зээл рүү хөл тавьж бизнес хийж мөнгө олно гэж явлаа. Тэр үед улс орон маань бизнесменүүддээ итгэдэг, дэмждэг, хүн ард нь нэгэндээ халуун дулаанаар ханддаг байжээ. Хэн хэндээ ч тусалдаг байлаа. Жишээлбэл, ОХУ-руу бараа гаргаж, оруулахад тоо заадаг байсан. Гэтэл тэр тоонд нь тааруулж вагон даяараа бараагаа солилцдог, буцаагаад цуглуулж авдаг ийм л цаг үе байсан. Их мөнгөгүй мөртлөө маш том итгэл, зорилго, мөрөөдөлтэй явлаа. Үүнээс хойш эдийн засаг их тэллээ. 1990-ээд онтой харьцуулшгүй болж гоё машинтай, том орон сууцанд амьдарч байна. Сая орчим машинтай боллоо шүү дээ.
 
Эдийн засаг тэлэх тусам төр засаг маань бие дааж цалин олгож, нэмүү өртөг бий болгож байгаа хүнээ, салбараа дэмждэг байх нь чухал гэдгийг ойлгуулж байна.  Сүүлийн үед хүн хүндээ итгэх итгэл алдагдаж байх шиг. Энд тэнд харж байхад бизнес хийхдээ мохдог болсон байна. Хүн бүхэн төрд ажиллаж байж сайхан амьдарна гэсэн хандлага бий болж байна. Төр ажиллаж байгаа хүн нэмэгдэх тусам нэмүү ашиг бий болгож Монголын эдийн засгийг хүчирхэгжүүлэх бодлого алдагдана. Нэгэнт л зах зээлийн жамаар хөгжиж байгаа учраас нэмүү ашиг олдог, түүнийхээ төлөө зүтгэдэг, бизнес хийх сонирхолтой хүмүүсээ олноор төрүүлэхгүй бол цаашлах тусам эдийн засаг хүндэрнэ. Гэтэл дэлхий нийт эсрэг зүг рүү хөгжиж байна. Технологи бий болгох, эдийн засгаа тэлэх, улс гүрэн дамнасан хүчирхэг брэнд, аялал жуулчлалыг бий болгохыг зорьж байна.
 
Монголчууд төр рүү хошуураад байвал төсвийн хүндрэлээс гадна баялаг бүтээдэг хүмүүс багасна. Саяхны буюу хэдэн зуун жилийн өмнөх түүхийг сөхөхөд л Манж үндэстэн цөмөөрөө төрд ажиллаж байгаад Хятадад ууслаа шүү дээ. Энэ түүхээс харсан ч хөдөлмөрлөдөг, технологи бий болгодог, нэмүү ашиг бүтээдэг хэсгийг олноор бий болгох ёстой. Гэтэл хөдөлмөрч хамт олныг бий болгож чадахгүй байгаа энэ байдлаа нэг сургууль руу юм уу, боловсрол руу чихнэ гэдэг утгагүй асуудал юм л даа. Боловсролтой хүн хэзээ ч залхуурахгүй. Мөрөөдөлтэй хүн хөдөлмөрлөдөг. Тэгэхээр мөрөөдлийг бий болгож, төлөвшүүлж өгдөг их, дээд сургуулиудаа яалт ч үгүй дэмжих ёстой. 16-17 настай залуус төлөвшөөгүй, зөв бурууг бүрэн гүйцэд таньж ойлгоогүй насан дээрээ гадагшаа сургуульд яваад янз бүрийн зүйлд уруу татагдаж хохирох тохиолдол их гарч байна.
 
Бизнесийн орчны төсөөллийг 20  гаруй жил болсон их сургуулийн нэрийн асуудлаас харахад л брэнд бий болгож болохгүй хэрэг үү гэж бодогдож, хүнд байдалд орж байна. Ганцхан энэ жишээнээс харахад л хууль эрхзүй, маргаан, бизнесийг бий болгох орчин нөхцөл талаасаа ямар ч тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь харагдаж байна. Бий болгосон брэндийг нь булааж авна гэвэл гадныхан гайхна. Зүйрлэвэл, Япон улс Тоёота гэдэг нэрийг булаацалдах уу.
 
МҮИС гэдэг нэрийг тойрч гарч байгаа маргаан, энэ нэрийг заавал авна гэж яриад байгаа нь Монголыг гадаадад ойлгомжгүй, утгагүй харагдуулж буйгаа ухаарах учиртай. Монголд нэг брэнд бий болгоход дараа нь хэн ч хамаагүй булаагаад авах юм байна гэсэн ойлголт төрүүлж байгаа нь туйлын харамсалтай. Гадны хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг мохоож байгааг ойлгох хэрэгтэй.
 
С.УЯНГА
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин