sonin.mn
Бразил улсын ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт болж, Лула да Силва 50.8 хувийн санал, Жайр Болсонароу 49 хувийн санал авчээ. Ингэснээр 35 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лула да Силва улсынхаа 39 дэх ерөнхийлөгчөөр дахин ажиллахаар болжээ.
 
2003-2010 оны хооронд Бразилын ерөнхийлөгчөөр ажилласныхаа дараа улс төр, авлигын олон хэрэгт холбогдож, бараг хоёр жил шоронд хоригдож, дахин сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулж байсан 77 настай Лула ийнхүү улс төрд дахин ирж байна.
 
Гэвч саналын зөрүү маш бага учир 2019 оноос хойш Бразилийг удирдаж байгаа Жайр Болсонароу сонгуулийн дүнг эсэргүүцэх магадлал тун өндөр хэмээн “Aljazeera” мэдээлэв. Санал хураалтын дүн гарсны дараа Лула да Силва “Энэ бол манай Хөдөлмөрчний нам, намайг дэмжсэн багийн ялалт биш.Өнөөдрийн ялагчид нь бразилчууд, Бразилын ард түмэн юм. Улс төрийн нам, хувийн ашиг сонирхол, үзэл суртлаас ардчилсан хөдөлгөөн ямагт илүү гэдгийг баталсан ардчилсан ялалт байлаа. Надад санал өгсөн хүмүүсийг бус 215 сая Бразил иргэнийг би удирдана. Бид нэг улсын нэг үндэстэн иргэд” гэж ярьжээ.
 
Харин тэтгэвэртээ гарсан улс төрч 65 настай Луйз Карлос Гомес “Хөдөө орон нутаг, ядуу иргэдийн хувьд хамгийн зөв сонголт нь Лула да Силва байв. Бидэнд гагцхүү түүн шиг удирдагч дутагдаж байлаа” гэж ярьжээ. Тэрбээр Бразилийн зүүн хойд зүгт орших Маранхао хэмээх ядуусын тосгоноос иржээ.
 
Одоогийн ерөнхийлөгч нь дахин сонгуульд ялагдсан анхны тохиолдол гэдгээрээ энэ удаагийн санал хураалт онцлогтой юм. Хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү хоёр сар гаруй иргэн байгаа юм. Тус улс 2014 оны ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгчийн саналын зөрүү 3.5 сая байсан билээ.Бразилийн төрт ёсны уламжлал ёсоор ялагдсан Жайр Болсонароу ялагдлаа хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлэн үг хэлдэг. Үүнээс хэдэн цагийн дараагаар эрх баригчид Лула да Силваг ерөнхийлөгчөөр батламжлах ёстой. Гэвч даваа гарагийн байдлаар Болсонароу ялагдлаа хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэнгүй.
 
Энэ тухайд Лула да Силва “Жайр Болсонароу миний ялалтыг хүлээн зөвшөөрсөнгүй. Түүнийг ялагдлаа хүлээн зөвшөөрөх эсэхийг ч мэдэхгүй байна” гэв. Ройтерс агентлагийн мэдээлснээр Болсонароугийн дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж болзошгүй хэмээн үзэж аюулгүй байдлын бэлтгэлээ цагдаа нар хангаад байгаа аж.
 
Олон улсын харилцааны профессор Оливер Стуенкэл “Бразилчуудын тал хувь нь Лулаг дахин төрийн эрхийг барихаар болсонд эмээж байна. Учир нь Бразил бол хоёр өөр бүлэгт хуваагдсан, бухимдлаар дүүрэн маш ядуу орон. Хүн бүр огт өөр үзэл санаа, үнэт зүйлтэй. Сонгуулийг хууль ёсны эсэхэд олон хүн эргэлзэж байгаа учир Лула үгээ цэгнэх шаардлагатай” гэв.
 
Даваа гарагийн байдлаар Америк, Канад, Аргентин, Чилийн удирдагчид Лулад баяр хүргэжээ. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден маш шударга, найдвартай сонгууль боллоо гэсэн бол Канадын ерөнхийлөгч Жастин Трюдо Лулатай хамтран хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд ажиллана гэдэгтээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
 
Харин Чилийн ерөнхийлөгч “Латин Америкийн түүхэнд нэгэн шинэ эрин эхэллээ” гэжээ. 217 сая хүн амтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт, хүн амын хэмжээгээр долдугаарт эрэмбэлэгддэг Бразилын улс төрийн амьдрал бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд чухал нөлөөтэй юм.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин