sonin.mn
“Зууны мэдээ” сонин “Өөр зочин” буландаа “Artwave Mongolia” агентлагийг үүсгэн байгуулагч Ц.Нямдуламыг урилаа. Тэрбээр “Хохирогч” олон ангит кино, “Ганцхан шалтгаан” кинонд хувцасны стилист, дизайнераар ажилласан. Мөн өөрийн хувцасны брэнд болон агентлагаа нээсэн хөдөлмөрч эмэгтэй юм.
 
-Та “Шидэт бийр” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Төслийн явц ямар байна. Анх ямар үйл ажиллагаагаар эхлүүлж байв?
 
-Төслийн зорилго нь урлагаар дамжуулж нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох. Тусгай хэрэгцээт хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд зориулсан арт терапи буюу урлагийн сэтгэл заслын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
 
Өнгөрсөн нэгдүгээр сард Монголын аутизмын холбоотой хамтран ээжүүдэд зориулсан урлагийн сэтгэл заслын өдөрлөгөөр анхны үйл ажиллагаа маань эхэлсэн. Тухайн үед үр дүн сайн байсан учир өдөрлөгт оролцсон ээжүүд сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдсан.
 
Бид сэтгэл зүйчийн зөвлөгөөг сонсож, сэтгэлээ бэлдсэний дараа бийр будаг нийлүүлэн зурагаа зурж эхэлсэн. Зураг зурахыг бясалгалтай зүйрлэж болно. Учир нь яг энэ агшинд өдөр тутмын амьдралтай холбоотой зүйлсээс анхаарал бага ч гэсэн холддог учраас гайхалтай мэдрэгддэг. Дотоод сэтгэлдээ өөртэйгөө уулзах мөч гэж хэлсэн ч болно. Зурагаа зурж дуусаад тойрч суугаад ярилцдаг. Энэ хэсэг хүмүүст их хүрсэн. Учир нь бидний амьдралд хэн нэгэнтэй ярилцах, зөвлөх, сэтгэлээ нээх хэрэгцээ гардаг. Тиймээс хүмүүс хоорондоо ярилцаж, халуун дулаан уур амьсгал дүүрэн өдөрлөг болсон. Энэ өдрөөс хойш би хийж буй зүйлээ дэлгэрүүлж, цаашид илүү ихийг хийх урам зориг авсан.
 
-Та “Урлагийн давлагаа” агентлагийнхаа зорилгоос бидэнтэй хуваалцахгүй  юу?
 
-Дүрслэх урлаг, хувцас загварын салбарын уран бүтээлчдэд хэрхэн тус, дэм болох талаар багагүй хугацаанд бодсон. Уран бүтээлчид болон тэдний бүтээлийг олонд таниулах, дүрслэх урлаг, хувцас загвар хоёрын хоорондын гайхалтай зохицлыг харуулах бүтээлч төслүүд хийхээр зорьж байна. Манайд олон улсын тавцанд өрсөлдөх чадварлаг уран бүтээлч, загвар зохион бүтээгч олон бий. Харин тэдний гадаад харилцаанд гүүр нь болох агентлаг харьцангуй цөөн. Энэ мэт асуудалд өөрийн зүгээс багахан шийдэл гаргах хүсэл маань “Artwave Mongolia” агентлагийг нээх шалтгаан болсон.
 
-Одоогоор ямар уран бүтээлчидтэй хамтарч байна?
 
-Ойрын хүрээлэлд маань орчин үеийн урлагийн уран бүтээлчид байдаг болохоор тэдэндээ л эхэлж хамтран ажиллах санал тавьсан. Хамтран ажиллах уран бүтээлчдийн бүтээлийн агуулга, өгүүлэмж чухал санагддаг. Агентлагийн үйл ажиллагаа эхэлж байгаа учир хөгжүүлэлт хийх шаардлагатай. Тиймээс намайг ойлгож, дэмжих уран бүтээлч найзуудаасаа эхэлж байна. “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн гишүүн уран бүтээлчид болон “Байгалийн уран бүтээлчдийн холбоо”-той хамтран ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаа өргөжихийн хэрээр хамрах хүрээ ч дагаад тэлнэ.
 
-Та цаг ямагт хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлдэг эмэгтэй юм билээ?
 
-Одоо хийж буй зүйлсээ заавал сурах ёстой гэж өөрийгөө хүчлээгүй. Магадгүй  надад байсан өгөгдлүүд байх. Түүнийгээ л хөгжүүлж явна. Аль нэгийг нь хийхгүй удахаар надад дундуурхан мэдрэмж төрдөг. Хүн үргэлж өөрчлөгддөг учраас цаг хугацаа өнгөрөхөд миний хийж буй зүйлсийн аль нь чин хүсэл вэ гэдэг нь танигдана гэж бодож байна. Мэдээж  эрч хүч, цаг хугацаа хязгаартай учраас олон юм зэрэг хийхэд заримдаа тарамдах үе бий. Гэхдээ дуртай зүйлээ хийж байгаа гэж бодохоор цаанаа л гоё байдаг. Хүмүүс дуртай зүйлээрээ амьдралаа авч явах нь тийм ч элбэг биш. Гэтэл би хүсэл мөрөөдлөөрөө амьдарч яваа хүн. Тиймээс өөрийгөө азтай гэж боддог. Цаашдаа дүрслэх урлаг, хувцас загвараар дагнана гэж төлөвлөсөн.
 
-“Хуучны шувуу” брэндээ гаргасан. Хувцас загварын ертөнцтэй холбогдсон түүхийг тань сонирхмоор байна?
 
-Хувцас загвар миний бага настай салшгүй холбоотой. Охид ихэвчлэн хүүхэлдэйгээр тоглож, түүндээ хувцас хийж өгдөг. Би энэ охидын л нэг. Ихэнх хүн багадаа тоглодог байсан зүйлээ орхидог. Харин миний хувьд хувцас үнэхээр чухал зүйл болж үлдсэн.
 
Өөрийнхөө хувцсаа өөрчилж, янз бүрийн чимэглэл хийгээд анх байснаас нь шал өөр хувцас шиг болгодог байсан. Одоо эргээд бодоход өмсөхөө больсон хуучин хувцаснуудынхаа загварыг өөрчилдөг трэнд бий. Түүнтэй төстэй юм хийгээд байсан юм билээ. Ингээд л багаасаа хувцас загварыг амьдралдаа оруулсан. Тиймээс өөрийн гэсэн хувцасны марктай болохыг хүсдэг байлаа.
 
Олон жил бодсон хүслээ энэ жил биелүүлж “Vintage bird” маркныхаа эхний цуглуулгыг өнгөрсөн хавар агентлагийнхаа нээлтээр танилцуулсан. “Vintage bird”, “Cashmere line”, “Сlassic line”, “Тraditional line”, “Sport line” гэсэн дөрвөн line-тайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хавар ноолууран хувцаснуудаа танилцуулсан. Би дизайнераар нь ажиллаж байгаа. Миний хүсэл мөрөөдөл, гоо зүйн урлагийн мэдрэмж шингэсэн хувцсаар хүмүүс гоёод явж байхыг харах хамгийн сайхан. Нэрнээс нь л ойлгогдож байгаа байх. “Хуучны шувуу” гэсэн нь хуучны дуу хөгжим, кино, хувцас атмосферьт намайг татах увдис байдаг. Тэгээд л хуучны загвартай хувцас хийхээр болсон. 10 гаруй жилийн өмнө брэт малгай тавиад бөмбөлөгтэй даашинз өмсөхөөр хуучинсаг гэж шоолдог байлаа. Юм хийх гэхээр материалын сонголт ч ховор. “Хуучны шувуу”-г ганцхан хувцас биш урлаг гэж төсөөлж хийж эхэлсэн.
 
-Өөрийн нэрийн хуудас болсон давтагдашгүй загвараа хэрхэн гаргадаг вэ?
 
-Өөрийн дурсамж, дотор мэдрэгддэг зүйлээ ил гаргадаг. Тиймээс миний хувцаснуудыг танихад амархан гэж бодож байна. Цаашдаа ч өөрийн өнгө аястай хувцаснууд гаргахыг эрмэлзэж байна.
 
-Өөрийнхөө хувцаслалтыг хэрхэн бүрдүүлдэг вэ?
 
-Би багадаа эмээтэйгээ байдаг байсан. Тухайн үед хивс, аравчны хээний дүрснүүдийг их хардаг байлаа. Эмээ маань их донжтой чамин хүн байсан. Гоё гутал, цүнхнүүдтэй. Одоо ч би эмээгийнхээ дээл, цүнхээр гоёдог. Гоо зүйн мэдрэмжид маань эмээ, аав хоёрын нөлөө их бий. Хувцаслалтын чухал зүйл нь хүн өөрийгөө мэддэг байх нь чухал. Дуртай, дургүй зүйлээ мэдэх хэрэгтэй. Өөрийгөө ойлгодог хүн гадаад байдлаа ч яаж илэрхийлэхээ мэддэг. Хувцаслалт бол хэлбэр төдий зүйл биш. Хувцас бол боловсрол юм.
 
-Та найруулагч мэргэжилтэй гэсэн. Мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?
 
-Мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг. Гэхдээ мэргэжлээрээ ажилласан туршлага хомс учраас төсөөрсөн. Кино хийхсэн гэсэн хүслийг минь Г.Жигжидсүрэн найруулагч өрдөж өгсөн. Надад хандаж “Хүүхдээ чи богино хэмжээний киноноос эхлээд хийгээд л бай. Хийж байж юм сурна шүү дээ” гэсэн. Түүнээс хойш анх удаа хоёр богино хэмжээний кино хийж урамшсан. Бүрэн хэмжээний кинонд харин хувцсаар дамжуулж орсон. Сүүлд “Хохирогч”, “Ганцхан шалтгаан” кинонд стилистээр ажилласан. Олон ангит дэлгэцийн уран бүтээл нь ур чадвар, хичээл зүтгэл шаардсан ажил байдаг юм байна. Энэ нь нэг талаараа сорил туршлага болсон.
 
-Та ажил, амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
 
-Бүх зүйл дээр үнэн байхыг боддог. Багахан зүйлд худал хандвал үнэн байх хэцүү. Нэг удаа худал ярьсан хүн дахин худал ярихаас аргагүй болдог. Яагаад гэвэл өмнө нь би худлаа ярьсан гэж хэлж чадахгүй учраас.
 
-Үеийн залуусаа ямар байгаасай гэж боддог вэ?
 
-Өөрийгөө хайрлаж, санаа тавих хэрэгтэй. Завгүй амьдралын хэв маяг хүнийг өөрөөс нь холдуулдаг юм шиг санагдсан. Тиймээс өөрийгөө анхаарчихвал бусдад ч санаа тавьж чадна.
 
-Цаашдын зорилго, мөрөөдөл тань юу вэ?
 
-Олон зүйл хийгээд өөрийгөө хэт шахахаар дарамтад ордог. Бүгдийг хийж амжихгүй байгаадаа өөрийгөө голж эхэлнэ. Тиймээс өөртөө хэт өндөр шаардлага тавилгүй хааяа ч гэсэн амрах хэрэгтэй. Бүгдийг нарийн төлөвлөхгүйгээр ерөнхий зургаар хараад төсөөлж байя гэж бодсон. Би бага байхаасаа их мөрөөдөмтгий хүүхэд байлаа. Өнөөдрийг хүртэл хийсэн бүхэн маань мөрөөдөж байсан зүйл. Магадгүй хэдэн жилийн дараа дүрслэх урлаг, хувцас загварын агентлаг маань өөрийн гэсэн орон зайгаа олсон байх болов уу. Урлагаар дамжуулж нийгэмдээ эерэг өөрчлөлт түгээнэ гэсэн хүслээ биелүүлээд явж байна.
 
 
Б.Нямсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин