sonin.mn
Хотын мээрийг Д.Сумьяабазар гэдэг. Тэрбээр 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүнээс бууж энэ албан тушаалд очсон. Түүнээс хойш яг хоёр жил ажиллаж байна.
 
Д.Сумьяабазар Улаанбаатар хотын 35 дахь мээр ажээ. Түүнээс өмнө 34 мээр энэ албыг залгуулж иржээ. Хотын 383 жилийн ойн өдөр маргааш тохионо.
 
Ер нь Д.Сумьяабазарыг хөндлөнгөөс харж байхад Хотын мээр гэдэг хүсээд байх албан тушаал биш ажээ. Хотод хог, утаа, түгжрэлээс эхлээд хорвоогийн бүх асуудал байна. Мээр бүгдэд нь хүрч ажиллах ёстой. Тиймээс тэр явна, ажиллана. Гэхдээ урмын нэг ч үггүй. Харин шүүмжлэл, доромжлолд илүүтэй нүдүүлж явдаг юм билээ. Өмнөх 30 гаруй жилийн лайг л үүрч буй хэрэг л дээ. Нэг үгээр хэлбэл, утаа өнөөдөр, түгжрэл өчигдөр үүсчихсээн юм биш л дээ. Өчигдөр байх аа, цахим сүлжээнд “.:.Алдарт натурын хавцал” гэчихсэн нэг зураг тууж явна. Дундуур нь явган хүн гарах төдий шахаж барьсан хоёр өндөр барилгын зураг байна. “Натур” худалдааны төвийн урд талд тэгж барьсан байгаа юм. Гайхаад байх юм биш, байж л байдаг төрх л дөө. Ийм л болгочихсон юм.
 
Өнөөдөр хотод “...Үе дамжиж ирсэн” гэчихэд шоолж, шоглосон хэцүү хэдэн асуудал бий. Эхлээд утааг ярих ёстой. Хотын утаа бол үндэсний асуудал болсон. Тэр утгаараа Байгаль орчны яам хариуцна. Үндсэндээ “утаагүй түлш”-ийг тэр яамны сайд хариуцдаг гэсэн үг. Хот харин тэр түлшний түгээлтийг хариуцдаг аж. Цаг хүйтэрч эхэллээ. Утаа ч үнэртэж эхлэв. Өнгөрсөн хавар Н.Уртнасан сайд утаагүй түлшнээс болж огцорсон. Оронд нь Б.Бат-Эрдэнэ очсон. “..Алдааг нь засна” гээд ажлыг нь авсан. Одоо тэр ажлаа хийж эхэлнэ.
 
Дараа нь түгжрэлийг ярих учиртай. Улаанбаатартын төв зам, ер нь бүх л зам “тэг” зогсолттой. Ялангуяа өглөө ажил хичээл цуглах, орой тарах хоёрт бол бүр нам түгжирнэ. “...Зам барья гэхээр газар байдаггүй” гэж дээр хэлсэн дээ. Байгаа жаахан замыг өргөтгөх ч боломжгүй. Шахаад тулгаад, явган хоёр хүн ч зөрөхөөргүй барилга, өргөтгөл барьчихсан. Угтаа энэ замын түгжрэлд Улаанбаатарын иргэдийн “тархины түгжрэл” бас нөлөөтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хөдөлгөөнд оролцож буй жолооч нар бие биеэ хүндэтгэх, хоорондоо ойлголцох тал дээр “тэг зогсчихсон” байдаг. Тэндээс л түгжрэл эхлээд байгаа юм, уг нь. Дээрээс нь агаар, хөрсний бохирдол, хот төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн үндсэн, хог новш, хүмүүсийн соёл гээд “хоёрдугаар түвшин”-ий асуудлууд бас бий. Уг нь энэ хэдэн асуудлыг шийдчихэд Улаанбаатар улсын нийслэл шиг болчихно.
 
Тиймээс Д.Сумьяабазарын баг нийслэлийн салбар бүрт цахим шилжилтийн ажлыг эхлүүлэх шийдлийг боловсруулжээ. Ингээд үндэсний мэдээллийн технологийн тэргүүлэх 70 гаруй компанитай хамтран 2021-2024 онд хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ.
 
Тодруулбал, олон улсын жишигт тулгуурлан өөрийн орны онцлог, иргэдийн соёл уламжлал, байгаль орчны эрс тэс уур амьсгал, төрийн байгуулалтын онцлогт тулгуурлан Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийн төлөвлөгөөг Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем, Аюулгүй хот гэсэн гурван дэд бүлэг, дараах зургаан зорилттойгоор боловсруулан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь замын хөдөлгөөний менежментийг сайжруулах, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албаны хяналт, хариуцлагыг сайжруулах, хөрөнгө оруулалт, төсвийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилготой юм байна.
 
Тэрбээр алдарт түгжрэлийг бууруулахаар 36 багц ажил төлөвлөсөн байна. Энэ онд үүнээс 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд дуусч буй аж. Түгжрэл дээр статистик ярихад, хотын замын хөдөлгөөнд 665 мянга орчим тээврийн хэрэгсэл оролцдог. Жилд 70-80 мянгаар нэмэгддэг байгаа юм. Тэгэхээр дэлхийн бусад улс орны хотуудын жишгээр замын хөдөлгөөнийг хянах, удирдах, бүртгэхэд дэвшилтэт технологийн шийдлүүдийг ашиглаж эхэлж байгаа аж.
 
Энэ хүрээнд RFID систем, Газрын зургийн суурь систем, Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний “Smartcar” нэгдсэн систем, Шалган бүртгэх товчоодын төлбөрийн систем, Видео менежментийн систем, Нийслэлийн дата төв, Авто зогсоолын нэгдсэн систем, Нийтийн тээврийн систем, Мэдээлэл солилцооны дэд систем зэрэг есөн дэд систем бүхий төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.
 
Мөн 376 байршлын 20.2 км газар чөлөөлөх ажлыг 2022 оны тавдугаар сарын 9-нөөс хэрэгжүүлж эхэлжээ. Ажлын явц нь 90 орчим хувьтай яваа юм байна. Бас 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгах ажлыг гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. 146 байршилд 3719 гарааш буулгасан. Үүнээс гадна 13 байршил дахь нийт 16.6 км гудамжинд 80 мянган мкв  явган хүний болон дугуйн замын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс найман байршилд 41,000 мвк явган хүний замыг засаж, шинэчилжээ.
 
Түүнчлэн 2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 22 байршилд 26.95 км автозам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр барихаар төлөвлөжээ. Тэдгээр автозамыг шинээр тавьснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурах тооцоо гарчээ. Гэхдээ эдгээрийн ес нь төсвийн тодотголоор хасагдаж, үлдсэн 13 байршилд ажил хийгдэж байгаа юм байна. Иймэрхүү ажлуудыг нь жагсаагаад байвал ихээхэн урт болно. Гэхдээ эдгээр нь маргааш гэхэд бүтээд, баригдаад, хотын хэдэн том асуудал өргөс авсан юм шиг гэнэт илааршчихгүй. Юу үнэн, энэ үнэн. Д.Сумьяабазар ч ингэж хэлээд нүдүүлж байгаа харагдсан. Яахав дээ, Улаанбаатарын 1.6 сая хүн бараг 100 хувь интернет ашигладаг. Угаасаа монголчууд энэ хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт жагсдаг. Тиймээс Д.Сумьяабазар өмнөх мээрүүдээс илүү их шүүмжлүүлж, нүдүүлдэг бололтой юм билээ.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин