sonin.mn
Хүүхдүүдийн таргалалт санаа зовоосон асуудал болж, оновчтой арга хэмжээ авахгүй бол ирээдүй болсон үрсийн эрүүл мэндэд ноцтой аюул учрах талаар “Зууны мэдээ” сонин цуврал нийтлэлийг хүргэсээр байгаа билээ. Бяцхан үрс илүүдэл жинтэй болоход тэдний идэж байгаа хүнсэнд агуулагдах хэт их сахарын хэмжээ нөлөөлж байгааг удаа дараа хөндөж бичиж байв. Тодруулбал, “Хүүхдийн хүнсэнд хүүхэлдэйн киноны баатруудыг зөв ашиглая”, “Чихрийн хэрэглээ стандартаас 2.6 дахин их байна”, “Та хүүхэддээ нэг дор 200 гр сахар өгч чадах уу?”, “Сахарын хэрэглээгээ саванд нь түгжье” гэсэн цуврал нийтлэлийг хүргэсэн. Харин энэ удаа чихэрлэг ундааны зохисгүй хэрэглээ болоод эрүүл бус хүнсний хяналтгүй зар сурталчилгааг хөндөж байна.
 
ТЕЛЕВИЗИЙН СУРТАЛЧИЛГААНЫ 90 ГАРУЙ ХУВИЙГ ЭРҮҮЛ БУС ХҮНС ЭЗЭЛЖ БАЙНА
 
Сүүлийн долоон жилд 7-11 насныхны таргалалт долоо дахин нэмэгдсэн судалгаа гарчээ. Үүнээс үүдэн УИХ-ын эмэгтэй гишүүд Онцгой албан татварын тухай хуульд чихэрлэг ундааны онцгой албан татварыг нэмэх нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Ингэснээр үйлдвэрлэгчдийн чихэрлэг ундааны сахарыг багасгаж, экспортыг бууруулан, эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжинэ гэдгээ гишүүд илэрхийлсэн юм. Тэгвэл чихэрлэг ундааны хэрэглээг багасгахад эрүүл бус хүнстэй холбоотой зар сурталчилгааг хязгаарлах нь хамгийн оновчтой шийдэл гэдгийг судлаачид онцолж байна.
 
 
Тухайлбал, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 30 сургуулийн эргэн тойрон дахь 500 метр зайд байрлах хүнсний зар сурталчилгааны 92 хувийг эрүүл бус хүнсний сурталчилгаа эзэлж байна. Үүнээс гадна нийт сургуулийн 67 хувь нь эрүүл бус хүнсээр үйлчилдэг жижиглэн худалдааны цэг, цайны газар, дэлгүүртэй байгаа нь хүүхдүүд илүүдэл жинтэй болоход голлон нөлөөлж байна. Сүүлийн 10 гаруй жилд илүүдэл жинтэй хүүхдийн тоо тогтмол өсөж, тархалт хурдацтай нэмэгдлээ.  
 
Энэ талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа “10 орчим жилийн өмнө 6-11 насныхны нэг орчим хувь нь таргалалттай байсан бол 2017 оны судалгаагаар зургаан хувь болж тав дахин нэмэгдсэн. Тиймээс хүүхдийн таргалалтад нөлөөлж байгаа хүчин зүйлсийг судлахдаа 0-5 хүртэлх насны, 5-18 насныхан гэж хоёр хувааж үзлээ.  Ингэхэд тав хүртэлх насныхны 10 орчим хувь нь илүүдэл жинтэй байна. Үүнийг бүс нутгийн түвшинд өндөр тархалттай гэж үздэг. Эрүүл бус хүнсний үйлдвэрлэл, зар сурталчилгаа их байгаа нь үүнд нөлөөлж байна. Олон улсад хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний зар сурталчилгааг хязгаарладаг. Гэтэл манай улсад телевизийн сурталчилгааны 90 гаруй хувийг эрүүл бус хүнс эзэлж байна.  Мөн түргэн хоолны салбарууд огцом нэмэгдсэн боловч  хүүхдүүдийн дасгал хийх, спортоор хичээллэх боломж нь хязгаарлагдмал байна. Энэ бүхнээс илүүдэл жин, таргалалт үүсгэх орчны нөлөө их байна гэсэн үр дүн гарсан” гэв.
 
Азийн есөн орны хүүхдэд чиглэсэн телевизийн сурталчилгааны өнөөгийн байдлын харьцуулсан судалгааны урьдчилсан дүнгээр хүүхдэд чиглэсэн телевизийн сурталчилгааг эрүүл болон эрүүл бус хүнс гэж ангилж үзвэл эрүүл бус хүнсний сурталчилгаа 3-5 дахин их байна. Телевизийн оргил цагаар /18:00-23:00/ нэвтрүүлж байгаа хоол хүнсний сурталчилгаа бусад үеэс 1.5-2 дахин их байгаа судалгааны үр дүнг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар танилцууллаа.
 
 
Тэрбээр  “Телевизүүдийн оргил цагийн эрүүл бус хүнсний сурталчилгаа гурав дахин их байна. Азийн хөгжиж буй орны хүүхдүүдийн таргалалт 2030 онд 30 хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргасан. Харин Европын орнууд хүүхдүүддээ багаас нь эрүүл, зөв хооллолтын талаар мэдлэгийг олгодог. 
 
Хууль эрх зүйн бодлого арга хэмжээг маш сайн хэрэгжүүлдэг. Эрүүл бус хүнсэнд хязгаарлалт тавьж, эрүүл хүнс үйлдвэрлэлийг дэмждэг. Эдгээрийг цогцоор нь хэрэгжүүлснээр хүүхдийн илүүдэл жингийн асуудлаа шийдвэрлэж чадсан” гэсэн юм. Илүүдэл жинтэй хүүхэд өөрийгөө дорд үзэж, үе тэнгийнхний дарамтад өртөхийн сацуу сэтгэл гутралд ордог. Улмаар насанд хүрээд халдварт өвчинд өртөх, эрт нас барах эрсдэлтэйг НЭМҮТ судалгаагаар тогтоожээ.
 
ХҮҮХДҮҮД САРД 30 МЯНГАН  ТӨГРӨГИЙГ ЧИХЭРЛЭГ УНДААНД ЗАРЦУУЛДАГ
 
Сахар их хэмжээгээр агуулсан амттан, идэвхигүй хөдөлгөөнөөс гадна чихэрлэг ундаа нь хүүхдүүд илүүдэл жинтэй болоход нөлөөлж байгаа нэн тэргүүний эрсдэлт хүчин зүйлд тооцогдож байна.
 
Тухайлбал, өдөр бүр 500 мл чихэрлэг ундаа хэрэглэх нь  биеийн жингийн индексийг нэг нэгжээр нэмэгдүүлдэг гэдгийг ДЭМБ-аас мэдээлэв. Гэтэл манай улсад хүүхдүүд долоо хоногт дунджаар 500 грамм элсэн чихэрийг зөвхөн чихэрлэг ундаанаас авч байгаа нь хэрэглээг нь хязгаарлах зайлшгүй шаардлага ирснийг баталж байна.
 
Энэ талаар АШУҮИС-ийн багш, доктор М.Ундрам “Чихэрлэг ундааны хэрэглээг нарийвчлан судлахад хүүхдийн таргалалтад нөлөөлдөг үндсэн бүтээгдэхүүн  гэсэн үр дүн гарсан. Энэ асуудлыг шийдвэрлэх олон шийдэл байгаагаас гурван зүйлийг онцлоё. Нэгдүгээрт, чихэрлэг ундаа нь хүний эрүүл мэндэд ямар ч сайн нөлөөгүй, хэрэглэх шаардлагагүй хүнс учир эдийн засгийн аргаар хэрэглээг хориглох нь богино хугацаанд үр дүнгээ өгөх арга юм. Хоёрдугаарт, хүүхдэд чиглэсэн чихэрлэг хүнсний сурталчилгааг бодлогын түвшинд хязгаарлах нь маш чухал. Гуравдугаарт, хүнсний бүтээгдэхүүний шошгоны мэдээллийг сайжруулах юм. Монгол хүүхдүүд долоо хоногт  дунджаар 7000 төгрөгийг чихэрлэг ундаа авахад зарцуулж байна. Хэт их хэрэглээтэй хүүхдүүд үнэ нэмэгдсэн ч хэрэглэсээр байна гэсэн хариултыг өгсөн. Энэ нь чихэрлэг ундаа уух нь дадал болсныг харуулж байна. Тиймээс дан ганц үнийг нь нэмээд хэрэглээг нь багасгаж чадахгүй. Олон арга хэмжээг хамт хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ” гэв. Чихэрлэг хүнсний хэрэглээ  Монгол шиг хөгжиж байгаа орнуудад сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, монгол хүүхдүүд сард 30 мянга орчим төгрөгийг зөвхөн чихэрлэг ундаа авахад зарцуулж байгаа юм.
 
 
 
Энэ нь чихрийн шижингээр өвдөх нас залуужих суурь болж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн эмч М.Нармандах манай сонинд өгсөн ярилцлагадаа “20 нас хүрээгүй жаахан охин чихрийн шижин өвчнөөс болоод хараагүй боллоо гэвэл та итгэх үү. Тухайн өвчтөнг судалж үзэхэд багаасаа чихэрлэг ундаа, амттан, түргэн хоолыг тогтмол хэрэглэдэг байсан нь энэ өвчний суурь болчихсон. Ингээд бодохоор бид эрүүл мэндээ хамгаалъя л гэвэл ходоодоо зөв захирч, аль болох чихэрлэг зүйл, түргэн хоолноос татгалзах хэрэгтэй” гэж ярьсан юм.
 
 
 
Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахарын хэрэглээ 25 гр байдаг. Гэтэл “Хүүхдийн баяр”-т зориулан багцалсан нэг уут бэлэгт ойролцоогоор 412 гр сахар агуулагдаж байгаа нь нэг өдрийн сахарын хэрэглээнээс 16 дахин их байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байв. Тиймээс өмнөх нийтлэлүүдээрээ бид сургуулийн цайны газарт хийжүүлсэн ундаа, чихэр зарахгүй байхыг уриалж байсан энэ удаа энхрий үрсийнхээ гэрэлт ирээдүйн төлөө чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгааг хязгаарлахыг уриалж байна.
 
 
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин