sonin.mn
ВЕЛЛИНГТОН. /Anadolu/. Шинэ Зеландад коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан анхны тохиолдол пүрэв гарагт бүртгэгджээ.
“Германаас Дубай хотоор дамжин Окленд хотод 12 дугаар сарын 10-нд ирсэн хүнээс “омикрон” хувилбарын анхны тохиолдол илэрсэн” гэж Шинэ Зеландын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Тухайн өвчтөн “Pfizer”-ын вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байсан бөгөөд одоо Крайстчерч хотод тусгаарлагдаж байна. Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтан, доктор Эшли Блумфилд "омикрон" хувилбарын тохиолдол бүртгэгдсэнд “санаа зовниж” байгаа ч Шинэ Зеланд шинэ хувилбарын тохиолдлуудыг хяналтад авахад бэлтгэлтэй байгааг онцолжээ.
“Омикрон” хувилбар дэлхий даяар хэрхэн хурдацтай тархаж байгааг бид бүхэн мэдэж байгаа учраас хилээр нэвтэрсэн халдварын тохиолдол бүрийг яаралтай нарийвчлан шинжлэх нь чухал байна. Бид шинэ хувилбар анх илэрснээс хойш олон нийтийн дунд тархахаас урьдчилсан сэргийлэхэд бэлтгэж байна” гэж тэрбээр хэлжээ.
 
Шинэ Зеландад вакцинд хийлгэх насанд хүрсэн хүн амын 90 хувь нь вакцины хоёр тунд бүрэн хамрагдаад байгаа бөгөөд одоо иргэдийг нэмэлт тунд хамруулах хөтөлбөр үргэлжилж байгаа юм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын 13238 тохиолдол илэрч, 48 хүн нас баржээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, “омикрон” хувилбар илэрсэн зорчигчтой хамт олон улсын, дотоодын нислэгээр ирсэн хүмүүсийн дунд бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг тогтоон шинжлэх ажил үргэлжилж байна.
“Омикрон”-ыг 11 дүгээр сарын сүүлээр “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ хувилбар урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй үзүүлэлтээр тархаж, дэлхийн ихэнх оронд илэрсэн байж болзошгүйг анхааруулаад байгаа юм.  
Мөн Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Европт “омикрон” ирэх оны эхээр давамгайлан тархсан хувилбар болж болзошгүйг мэдэгдээд байна.  
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг