sonin.mn
ВАШИНГТОН. /Associated Press/. АНУ-ын Гимнастикийн холбоо (USAG) болон Үндэсний олимп, паралимпийн хороо (ҮОХ, USOPC) эвлэрлийн хэлэлцээрийн хүрээнд бэлгийн хүчирхийллийн хохирогчдод 380 сая ам.доллар төлөхийг зөвшөөрчээ.
Хохирогчдын 90 гаруй хувь нь буюу 500 нь өнгөрсөн есдүгээр сард байгуулсан урьдчилсан хэлэлцээрийг дэмжсэн санал өгсөн байна. Өмнө нь 425 сая ам.доллар байсан нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс өөрчилж, 380 сая ам.доллар болгожээ. Үүнээс гадна, хэргийг шийдвэрлэх хүрээнд хохирогчдын зарим нь АНУ-ын Гимнастикийн холбооний удирдах зөвлөлийн гишүүн болох юм.
 
 
 
Хохирогчдын 300 гаруй нь спортын эмч Ларри Нассарын хэрэгтэй холбоотой бөгөөд түүний хүчирхийлэлд өртсөн бол бусад нь Гимнастикийн холбоотой ямар нэг байдлаар холбоотой хүмүүс аж. Үүнтэй холбогдуулан USAG, USOPC нь тамирчдыг цаашид дарамт шахалтаас хамгаалах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээжээ.
 
 
 
Нассар нь 1996-2015 онд гимнастикийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг бэлтгэлээ хийдэг байсан Мичиган муж улсын их сургуульд спортын эмчээр ажиллаж байжээ. Тэрбээр мөн Олимпийн дөрвөн наадамд Америкийн багийн физик эмчилгээний эмч байсан бөгөөд залуу тамирчидтай удаан хугацаанд ажилласан байна.
Нассарыг тойрсон дуулиан 2015 онд түүнийг бэлгийн хүчирхийлэлд буруутгасны дараа дэгдэж, АНУ-ын Гимнастикийн холбооны тэргүүн Стив Пенни албан тушаалаасаа огцрох шалтгаан болсон юм.  2018 онд Нассар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 175 жилийн хорих ял авсан байна. Тэрбээр 11 гимнастикчийг дарамталж, бэлгийн харьцаанд орсон гэдгээ хүлээсэн бөгөөд 150 гаруй эмэгтэй түүний эсрэг мэдүүлэг өгчээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг