sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Япончууд оны эцсээр тухайн жилийн онцлогийг илэрхийлсэн ханз үсгийг тодруулж тэр оны бэлгэ тэмдгээр тодорхойлдог уламжлалтай. Ингэхдээ Японы ханз үсгийн холбооноос уралдаан зохион байгуулдаг. Энэ жилийн онцлох ханзаар “алт”-ыг илэрхийлсэн ханз тодорчээ. Уг ханз нь мөн "мөнгө" гэсэн утгыг илэрхийлдэг байна. 
 
 
 
Энэ ханзыг сонгосон нь энэ зун болсон Токиогийн олимпоос Японы тамирчид хамгийн олон алтан медаль хүртсэнтэй холбоотой юм. 
 
 
 
“Алт”-ыг илэрхийлсэн ханзыг Киото хотын буддын шашны хамгийн алдартай сүм болох Киёмизүгийн 81 настай лам Сэйхан Мори 130 х 150 см-ийн хэмжээтэй, цагаан будааны цаасан дээр уран бичлэгээр бичжээ. Тэрбээр жил бүр оны бэлгэ тэмдэг ханзыг 33 см-ийн урттай бийрээр уран бичлэгээр бичдэг уламжлалтай бол энэхүү ёслолын ажиллагаа нь Киёмизү сүмийн хашаанд Японы бүх томоохон телевизийн компаниудын камерын өмнө болдог байна. 
Өнгөрсөн онд япончууд коронавирусний дэгдэлтийн үеэр халдвар авах эрсдэл нэмэгддэг давчуу, агааржуулалт муутай, хөл хөдөлгөөн ихтэй газруудаас зайлсхийхийг тал бүрээс уриалж байсан тул оны бэлгэдлээр "давчуу" гэсэн утгатай ханзыг сонгожээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг