sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн Энтони Фаучи “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан америкчуудад нэмэлт тунд хамрагдахыг ням гарагт уриалжээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, АНУ-д вакцинд бүрэн хамрагдсан 196 сая хүний 34.5 сая нь нэмэлт тунг тариулаад байна. Харин 60 сая орчим хүн вакцинд хамрагдаагүй хэвээр байна.
 
Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн тэргүүн, доктор, мөн Ерөнхийлөгч Жо Байдены зөвлөх Э.Фаучи “ABC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “вакцины үйлчлэл цаг хугацааны явцад суларч байгаа тул вакцины нэмэлт тунг тариулах хэрэгтэй” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн, нэмэлт тун вакцины үйлчлэлийг хадгалах ч вакцинд хамрагдсан хүмүүс ирээдүйд зургаан сар эсвэл жил тутам өдөөгч тунг үргэлжлүүлэн хийлгэх хэрэгтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байна, цаашид энэ талаарх судалгааг үргэлжлүүлэн хийнэ гэж хэлжээ.
 
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг 18-аас дээш насныханд тарихыг зөвшөөрсөн юм. АНУ-д сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдлын тоо дахин нэмэгдэж, өдөрт 90 мянга гаруй хүнээс халдвар илрэх болоод байна.
Э.Фаучийн хэлснээр, өвлийн улирал ойртон ирж, хүмүүс битүү орчинд илүү их цагийг өнгөрүүлэх үед өвчлөл нэмэгдэж болзошгүйг урьдчилан таамаглаж байжээ. Гэхдээ энэ пүрэв гарагт болох талархлын баярыг вакцинд бүрэн хамрагдсан гэр бүл, найз нөхдөөрөө цуглан амны хаалтгүй тэмдэглэх боломжтой хэмээн хэлсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг