sonin.mn
ХАРТУМ. /Reuters/. Суданы цэргийнхэн Ерөнхий сайд Абдулла Хамдукийг албан тушаалд нь эргэн оруулснаа мэдэгджээ. Ингэснээр А.Хамдук одоо шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах ажээ. 
Шилжилтийн үед А.Хамдук Засгийн газрыг тэргүүлэх тухай тусгасан гэрээний талаар генерал Абдель Фаттах аль-Бурхан ням гарагт мэдэгджээ. Суданд өрнөсөн ардчиллын төлөөх жагсаал хөдөлгөөн 2019 онд автократ засгийн газрыг түлхэн унагааж, А.Хамдукийн тэргүүлсэн засгийн газрыг байгуулсан байна.
 
 
 
Гэвч энэ оны 10 дугаар сард цэргийнхэн засгийн эрхийг гартаа авч, тус засгийн газрыг тараасан юм. Түүнээс хойш ардчиллыг дэмжигч хүчнүүд эсэргүүцлийн жагсаал өрнүүлсээр байгаа бөгөөд АНУ Суданд үзүүлэх эдийн засгийн тусламжаа түр зогсоосон билээ.
 
 
 
Цэргийнхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсний улмаас олон хүн амиа алдаж, шархдан эмх замбараагүй байдал үүсээд буй энэ үед А.Хамдук нийслэл Хартум хотноо дээрх гэрээнд гарын үсэг зуржээ. Тэрбээр улс орондоо ардчиллыг эргүүлэн авчирч, залуучуудын цус урсах явдлыг таслан зогсоохын тулд энэхүү гэрээг хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдэгдсэн байна.
Гэвч Суданы шийдвэр гаргах хамгийн дээд байгууллага болох Бүрэн эрхт зөвлөлийг цэргийнхэн хяналтдаа байлгах юм байна. Ардчиллыг дэмжигч томоохон хүчнүүдийн хувьд уг гэрээнд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд А.Хамдукийг өөрсдөөс нь урвасан гэж үзэж байгаагаа илэрхийлээд, эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг