sonin.mn

Саяхан Монголын хүүхдийн ордны дууны дугуйлангийн авъяаслаг хуүхдүүд оролцсон "АХА" танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлгийг үзэж суулаа. Тэд ухаантай "хөөрхөн" байна аа. Гэвч одоогийн хүүхдуүд ном уншихаа больж дээ гэж харамсан сууснаа нуух юун. Тэдний ихэнх нь өнөөдөр PC, computer тоглож, орой бүр олон телевизийн сувгаар солонгос кино, зодоон цохион үзэж, Justin bieber, Lady Gaga нарыг шүтэн биширч , багшийг өгсөн даалгаврыг хагас дутуу хийж бараг л өглөө оройгоо мэдрэхгүй, өнөр сайхан Монголынхоо өсөх ирээдүй гэдгээ ч мэдэхгүй явах нь бий

 

. Гэвч энэ бүхэнд эмзэглэж суухын оронд эрдэм оюуны ундраа болсон эрхэм найз НОМ-ын тухай хөөрөлдье. Бидний багад уран зохиолын олон ном хэвлэгддэг. Тэр ч бүү хэл хөдөөгийн бяцхан сууринд сурагч үеэ өнгөрөөсөн би болон миний үеийнхэн сумын номын санд карт нээлгэн, гэрээр олон, олон ном авч уншиж оюун бодол, ой ухаанаа "тэрхэндээ" хөгжүүлж уран зохиолын номын амтат бал бурманд шигдэн орж, зарим үед ээж, ааваасаа " хичээл хийлгүй, уран зохиолын ном шагайлаа" гэж зэмлүүлж явсан цаг саяхан мэт санагдана.

 

Эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн "Хорвоотой танилцсан түүх" Төрийн шагналт Д.Гармаагийн "Хөгжөөнтэй туужууд" " Усны эргүүлэг буюу борзооны явдал" " Үл мэдэх ба түүний нөхөд" "Нөлөөт толины вант улс" гээд л хичнээн олон хичнээн сайхан ном байдаг байв аа. Энэ бүхнийг нуршихын учир "одоогийн" хүүхдүүд олж уншсан болов уу? гэмээр Ч.Айтматов, Р.Гамзатов, А.П.Чехов, М.С.Шолохов, Лерментов, Островский, Б.Ренчин, Лодойдамба... эдгээр суутнуудыг сонсоогүй дуулаагүй хүн гэж үгүй бизээ. Гэвч эднийг огт мэдэхгүй, сонсоогүй хүүхдүүд ч байсаар байгаа нь харамсалтай.

 

Уран зохиол унших нь бүү хэл урдах хичээлээ ч давтахгүй ирэх нь цөөнгүй. Сайн багшийн сайхан заасан хичээл хэний ч сэтгэлээс хэзээ ч мартагдадаггүй ээ. Намайг 9 дүгээр ангид байхад Ломбын Нямаа багш: Италийн гүн ухаантан зохиолч, одон орны судлаач Д.Жорданна Бруногийн тухай сонирхолтой заасан 45 минутын лекц... Одод бол алс холын наран орчлон ертөнц хязгааргүй уудам... түүнийг галдан шатаажээ... гэсэн мөрүүд одоо ч гэсэн миний сэтгэлд тодхон үлдэж дээ. Батноровын сургуульд багш Ренчинбаатар Буянтогтох нар чөлөөт цагаараа "Аивенго" "Монте Кристо гүн"-г бид нарт ярьж өгдөг байсан юм.

 

Сурагчийн зуны даалгаварт: уран зохиолын ном 10-аас доошгүйг унших гэдэг сэн. Тэр ч харин хамгийн амархан биелэгдэх зүйлийн нэг. Номноос бид олон зүйлийг олж мэднэ. Хүүхдүүд минь, номтой нөхөрлөе. Номноос бидний бахархан дууриах ахмад үе, туүхт ялалтын баатрууд, эх орон ард түмнийхээ төлөө цогтой тэмцэгчид, хөдөлмөрийн сайчууд, хамт олон, орд харш, үйлдвэр уурхайг сүндэрлүүлэн босгогчид од гариг сансарт дүүлэгчид орчлон ертөнцийн үй түмэн сонин хачин, амьдралын баяр гуниг, зовлон зүдгүүр, хайр сэтгэлийн тухай мэдэх болно.

 

Номноос бид сурч мэдэхийн ухаан ажилч хичээнгүй чанар, хүнтэй харьцах чадвар, сайн муу, сайхан муухайг, баярлаж бахдах, жигшин зэвүүцэх, урам нэмэх, уйлж дуулахыг мэдрэх болно. Номтой нөхөрлөхийн тухайд сургууль, багш эцэг, эхчүүд ч анхаарах нь зүйтэй. Гэвч аймгийн номын санд хүүхдийн уншлагын танхим бий бөгөөд тэнд хүүхдүүд өдрийн цагаар ном уншиж байдгийг нь үгүйсгэх гээгүй ээ.

 

"Халуун хөнжил" уншиж суухаас, хамаагүй... хайр дурлалын тухай ном унш. Явуухулангийн " Би хаана төрөө вэ?" шүлгийг унш. Лодойдамбын " Манай сургуулийнхан" "Хугараагүй ноён нуруу"-г унш. Уншихад хязгаар үгүй, Ойлгож уншвал ухаан тэлнэ. Өнөөдөр арван хоёр, гуравтай "ардын аж ахуйн" төрдгөөс, арван настай ундаа зардаг "наймаачин" бий болсон нь тэдэнд ном унших боломж олгохгүй байна.

 

Хэнд юу зарж хэдэн бор төгрөгөө арвижуулах вэ гэсэн бодол тэдний санаанд орохоос өөрийг үл сэтгэнэ. Саяхан насанд хүрээгүй хүү хүчингийн хэрэгт холбогдон шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн юм. Шүүгч түүнээс: чи эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ийм харьцааг анх хаанаас мэдсэн бэ" гэж асуухад "Хэрлэн" кино театрт ноднин зун видео кино үзэж, анх мэдэрсэн гэж хариулсан юм.

 

Энэ бяцхан хүүгийн гэмт хэрэгт хальтран орох болсон шалтгаан ч " нэг л юм" хэлээд байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан. Ахмад багш, сурган хүмүүжүүлэгч А.Таравжавтай би энэ сэдвээр ярилцсан юм. Багшийнхаа сэтгэгдлийг уншигч танаа толилуулья. Эв аргаа олбол эдийн засгийн ядуурлаас улс орноо амархан аварч болох авч, оюуны хоосролын орон зайг нөхөхөд "Азоны давхаргын цоорхойг нөхөхийн дайтай юм болох вий.

 

Номын ертөнцөөс хүүхдийг тусгаарлах шиг нүгэлт үйл байхгүй. Ахмад багш миний бодлын хэлхээнд байнга байдаг нэгэн чухал асуудлыг цагийг нь ончтой бичсэнд санал нэгдэж "уухай" нэмж байна. Хүн уншихаа боливол тэр сэтгэхээ болино гэж нэгэн ухаантан өгүүлсэн нь өнөөдөр үнэний үнэн болоод байна. Хүүхдийн цэвэр тунгалаг сэтгэхүйг шилдэг уран зохиолын шим шүүсээр ундаалж, танин мэдэхүйн зөрчил ухаарал, тайлалын амтыг амсуулах юмсан даа гэж хэлсэн ухаант багшийнхаа үгээр энэ "эргэцүүллээ" өндөрлөе.... Мангасыг дарсан тэр хүү чинь үнэхээр миний найздаа, зурагтай ном, зугаатай ном. Тийм ч учраас номдоо би хайртай....


Эх сурвалж: “Хэнтийн мэдээ”